Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2016/00144/И |
Дугаар | 146/ШШ2016/00128 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 146/ШШ2016/00128
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1966 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, “Улаан ам” гэх газар оршин суух, ЙБ66081404 дугаарын регистртэй, Аш овгийн Оригийн Цэрэндолгорын
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Цэрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Цэрэндолгор шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие О.Цэрэндолгор нь 1983 оны 01 дүгээр сараас эхлэн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хоньчноор томилогдон орсон. Тус нэгдэлд 1992 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд хоньчин, саальчин адуучин зэрэг ажлуудыг тасралтгүй хийсэн. Гэвч ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Иймд 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 05 дугаар сарыг хүртэл “Батзам” нэгдэлд ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Цэрэндолгор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч О.Цэрэндолгор нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №128 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1984 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн нэгдлийн зөвлөлийн хурлын дотоод журам, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Аш овгийн Оригийн Цэрэндолгорыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчин, саальчин, адуучинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч О.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Аш овгийн Оригийн Цэрэндолгорын Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчин, саальчин, адуучинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Цэрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА