Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/Ма2023/01632

 

 

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01632

 

 

Ч.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02091 дугаар шийдвэртэй,

Ч.У-ын нэхэмжлэлтэй,

П.З-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Л, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Ч.У нь Т 210 маркийн, 2*-5* У** улсын дугаартай автомашиныг С.Н-д худалдсан.

1.1.Харин С.Н оронд 18,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 22,000,000 төгрөгт Л Эс 450 маркийн, 8*-0* У** улсын дугаартай автомашиныг оролцуулж өгөхөөр тохиролцсон. Уг тохиролцоог Ч.У-ын найз Д.М зуучилж өгсөн. 2020 оны 10 дугаар сард С.Н нь Ч.У од 8*-0* У** улсын дугаартай автомашины улсын бүртгэлээр эрхийг шилжүүлж өгөлгүй явсаар 2020 оны 10 дугаар сард нас барсныг нь олж мэдсэн. Ийнхүү нас барсан учраас өв залгамжлах эрхийн гэрчилгээ авч чадалгүй 2021 оны 01 дүгээр сард Ч.У-ыг хулгайн автомашин ашиглаж байна гэж цагдаагийн газраас дуудсан. Тухайн үед Баянгол дүүргийн Прокурорын газраас гэмт хэргийн шинжгүй, иргэний хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлнэ үү гэж хэрэг хаагдсан. Тэр үед 8*-0* У** улсын дугаартай автомашинаа хэрэглээд явж байсан.

1.2.Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүрэгт Ч.У-ын дүү уг автомашиныг унаад явж байхад цагдаагийн газраас хулгайд алдагдсан машин байна гэж саатуулсан. П.З дуудлага өгсөн бөгөөд машинаа хулгайд алдсан гэж тэмдэглүүлсэн байсан. Ингээд Прокурорын газраас шалгаад С.Н сайн дураараа Ч.У-д автомашинаа шилжүүлсэн нь тогтоогдсон тул хэргийг хаасан. Нэхэмжлэгч Ч.У нь П.З-тай хэд хэдэн удаа автомашинаа нэр дээрээ шилжүүлэхээр холбогдсон боловч автомашиныг өгөхгүй гэсэн байр суурьтай байсан. 2022 оны 04 дүгээр сард цагдаад хандахдаа тухайн аювтомашиныг журмын хашаанд орхисон бөгөөд нэхэмжлэгч түлхүүрээ өөрөө авч үлдсэн байсан. Гэтэл П.З журмын хашаанд байсан машинд түлхүүр тааруулж, хууль бусаар авч яваад худалдан борлуулсан нь түүний тайлбараар нотлогддог.

1.3.Бид өвлөгч П.З нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нөхөр С.Н-гийн эд хөрөнгийг бүхэлд нь буюу 8*-0* У** улсын дугаартай Л Эс 450 маркийн автомашиныг өвлөж авсан учир хариуцлага хүлээх ёстой гэж үзэж П.З-гаас 22,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний нөхөр С.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өвчний улмаас нас барсан юм. С.Н-гаас 8*-0* У** улсын дугаартай Л Эс 450 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан мэтээр нэхэмжлэл гаргажээ.

2.1.С.Н г кроун 210 маркийн тээврийн хэрэгслийг худалдан аваагүй энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй бөгөөд С.Н нь өөрийн 8*-0* У** улсын дугаартай Л Эс 450 маркийн тээврийн хэрэгслийг хэн нэгэн хүнд худалдан борлуулаагүй гэж үзэж байна.

2.2.Талийгч С.Н нь хэзээ хэрхэн хэнтэй ямар гэрээ хэлцэл хийсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд нөхөн маань нас барахын өмнө автозасвраны газарт эвдэрсэн засуулах гээд өгсөн байсан 8*-0* У** тээврийн хэрэгслийг Д.У нь Вьетнам засварын газраас аюсч өөр хүнд шилжүүлсэн болох нь Сонгинохайран дүүргийн цагдаагийн газарт өргөдөл өгч тогтоогдсон болно.

2.3.Миний бие нөхөртэйгээ байнгын хамт амьдарч харилцаа холбоотой байсан бөгөөд нөхөр амьд байхдаа Д.У-той машин худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй харин бидний үй гашуутай байдлыг далимдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

2.4.Л Эс 450 маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд уг автомашины өмчлөгч нь Б.Б, Н.Б, М.М гэх мэтээр өөр өөр хүний өмчлөлд шилжсэн болно. Маргалдаж буй тээврийн хэрэгслийг биет байдлаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.4-т зааснаар П.З-д холбогдуулан гаргасан 8*-0* У** улсын дугаартай Л Эс 450 маркийн тээврийн хэрэгслийн төлбөр хохиролд 22,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.У-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Т-210 маркийн автомашиныг худалдаж, төлбөрт 18,000,000 төгрөг дээр нэмж Л Эс-450 маркийн автомашиныг өгөхөөр тохиролцсон тохиролцоо нь хангалттай нотлогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

4.1.а. Би, хариуцагчийн нөхөр С.Н-тай 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Т-210 маркийн автомашиныг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож төлбөрт 18,000,000 төгрөг дээр нэмээд Л эс-450 маркийн автомашиныг Вьетнам автозасварын газар засварлуулж дууссаны дараа шилжүүлэн өгсөн. Бид анх 22,000,000 төгрөг дээр нэмээд Л Эс 450 маркийн автомашиныг өгнө гэж тохиролцож С.Н Т-210 маркийн автомашиныг барьцаалан банк бусаас 22,000,000 төгрөг зээлэх хүсэлт гаргасан боловч 17,000,000 төгрөгийн зээл гарсан тул 18,000,000 төгрөгийг автомашин худалдаж, худалдан авахад зуучилж өгсөн Д.М ын данс руу норов гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Д.М-ын дансруу шилжүүлсэн учир нь С.Н дансыг нь мэддэг байсан, Ч.У-той утсаар ярьж байгаад Д.М-ын данс руу 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Д.М болон Ч.У нарын хооронд төлбөр тооцооны асуудал байсан тул Д.М нэхэмжлэгчид мөнгийг цааш шилжүүлээгүй бөгөөд 18,000,000 төгрөгийн төлбөр нэхэмжлэгчид төлөгдсөн. Энэхүү бартерт тооцож авсан 8*-0* У** улсын дугаартай Л Эс-450 маркийн автомашиныг хариуцагчийн нөхөр нэхэмжлэгчид шилжүүлэн өгч, нэхэмжлэгч хүлээн авсан болох нь С.Н-гаас 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан зээлийн өргөдөл /хх-77 дахь тал/, Б ХХК болон С.Н нарын хооронд байгуулагдсан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2003083 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-78-81/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөгдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн гэрч Д.М-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-19/, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэрч Ч.У-оос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-23-24/, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч Т.Т-аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-25/, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр худалдан авагч С.Н гаас 18,000,000 төгрөгийг Д.М ын Х ХХК-ийн дансны хуулга /хх-33/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Д.М-ын өгсөн мэдүүлэг /хх-85-88/-ээр нотлогдож байна.

4.1.б. С.Н гаас 8*-0* У** улсын дугаартай Л Эс-450 маркийн автомашин нь Ч.У надад худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бодитоор шилжсэн, уг машиныг хууль бусаар шилжүүлж аваагүй. Худалдан авагч С.Н нь 8*-0* У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид өөрийн сайн дурын үндсэн дээр шилжүүлэн өгсөн болохыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1421 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор тогтоосон байдаг. /хх-5-8/ Хэргийн 27-28 дахь талд авагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ-г 10,000,000 төгрөгөөр байгуулсан нь талууд нотариатын зардлыг багаар төлөх зорилготой, хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, автомашины өмчлөлийг шилжүүлэх, нөгөө талаас хүлээн авах байсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэх тухай маргаагүй. 2013 онд үйлвэрлэгдсэн 2020 онд Монгол Улсад орж ирсэн Т 210 маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 38,000,000-40,000,000 төгрөгийн хооронд байдаг, талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр юм. Т-210 маркийн автомашины зөрүүнд авсан 8*-0* У** улсын дугаартай Л Эс-450 маркийн автомашиныг нэхэмжлэгч нь өөрийн эзэмшилдээ бодитоор авч ашиглаж байсан нь хариуцагч П.З-гийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /хх-21-22/, 15,500,000 төгрөгийн дансны хуулга /хх-32/, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрч Т.Т-ийн мэдүүлэг /хх-25/-гээр Л эс-450 маркийн автомашин Ч.У-ын эзэмшилд байсан бөгөөд Т.Т-д худалдсан болохыг харуулж байна.

Иймд дээрх байдлаар 2*-5* У** улсын дугаартай Т-210 маркийн автомашины зөрүүнд авсан Л эс-450 маркийн автомашиныг би С.Н-гаас худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан хэдий ч хариуцагч тухайн машиныг хулгайд алдсан машин" хэмээн цагдаад дуудлага өгч тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанаас хууль бусаар эзэмшилдээ авч цааш бусдад зарсан байгааг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би өөрийн 40,000,000 төгрөгийн үнэ бүхий машинаа С.Н-д зарж 18,000,000 төгрөгийг бэлнээр авсан ч үлдэгдэл төлбөрт тооцож авсан машин ч үгүй мөнгө ч үгүй өнөөдрийг хүртэл хохирсоор байгаа тул ийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан болно. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ болон 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээнд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй байхад шүүх бичгээр байгуулсан гэрээнд тусгагдаагүй байна гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

4.2. Нэхэмжлэгч анх 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргах үед уг автомашиныг хулгайд алдсан гэж мэдүүлсэн П.З-гийн гомдлоор цагдаад хураагдаад тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байсан. Уг автомашины түлхүүр нэхэмжлэгч надад байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авахуулах хүсэлт шүүхэд гаргаагүй. Ингээд П.З /хх-14-15/-гийн тайлбар, автомашины лавлагаа /хх-37-39/-наас автомашин 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөр хүний өмчлөлд бүртгэгдсэнийг мэдсэн.

Нэхэмжлэгч нь С.Н-гаас 18,000,000 төгрөгийг бэлнээр Д.М-ын дансаар, Л эс 450 маркийн автомашины нэр шилжүүлэлгүй эзэмшилдээ авч худалдах, худалдан авах гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн хэдий ч хулгайд алдсан машин хэмээн худалдан авагчийн эхнэр цагдаад худал гомдол гаргаж уг автомашин хураагдаж, сүүлд нь хариуцагч өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, гэрчилгээ үзүүлэн машиныг авч бусдад худалдсан болох нь дээрх баримтаар мөн хариуцагч П.З-гийн Хулгайд машинаа алдсан гэх дуудлага худал байсан нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, энэ 8*-0* У** улсын дугаартай Л Эс 450 маркийн автомашин нь иргэд хоорондын гэрээ, хэлцлийн үндсэн дээр нэхэмжлэгч Ч.У-д шилжсэн болохыг тогтоосон.

Уг тээврийн хэрэгслийг биет байдлаар нь хүлээн авах боломжгүй болсон тул 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 8*-0* У** улсын дугаартай, Л эс-450 маркийн тээврийн хэрэгслийн төлбөрт 22,000,000 өгрөг гаргуулахаар өөрчилсөн. Нэхэмжлэгч болон С.Н нар анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа 22,000,000 төгрөг дээр нэмж 8*-0* У** улсын дугаартай Л эс 450 маркийн автомашиныг өгнө гэж тохиролцсон бөгөөд тодорхой үнэ тохиролцоогүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа С.Н-гаас гэрээгээр тохиролцсоны дагуу 22,000,000 авсан гэж бичсэн хэдий ч хэргийн 33 дахь талд авагдсан С.Н-гаас Д.М-ын дансанд 18,000,000 төгрөг шилжиж орсон баримтаас 18,000,000 төгрөг шилжсэн болохыг мэдсэн. Энэ үйл баримттай хариуцагч тал маргадаггүй бөгөөд талуудын маргааны гол зүйл биш юм. Гэтэл шүүх талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийж, шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Хэдийгээр талууд бичгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд машиныг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч тухайн үеийн худалдсан машины зах зээлийн үнэ, машин худалдахаар зуучилсан гэрч Д.М ын мэдүүлэг, машины бодит эзэмшил нэхэмжлэгчид шилжсэн байсан, Хөрөнгийн үнэлгээний мэдээлэл, Банк бусаас хүссэн зээлийн өргөдөл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар талууд 2*-5* У** улсын дугаартай Т-210 маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдсан гэх талуудын хүсэл зориг бүрэн тогтоогдож байна. Үүнээс үзвэл талуудын гэрээ байгуулах хүсэл зориг нь 2*-5* У** улсын дугаартай Т-210 маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр худалдах, хариуд 18,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр өгч, үлдсэн 22,000,000 төгрөгт 8*-0* У** улсын дугаартай Л эс-450 маркийн автомашиныг тооцож шилжүүлсэн гэрээний хүсэл зоригийг хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхад шүүх огт үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчаас анхан шатны шүүх хуралдаанд тээврийн хэрэгсэл болон худалдах-худалдан авах гэрээний талаар тайлбарласан. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлсэн. Тухайн үед 8*-0* У** дугаартай тээврийн хэрэгслийг манайд шилжүүлж өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан.

5.1.Нэхэмжлэгчийн Т 210 маркийн тээврийн хэрэгслийг нотариатаар орж шилжүүлж авч болж байна. Нэхэмжлэгчийн тайлбарласан тус тээврийн хэрэгслийн үнэд 8*-0* У** дугаартай тээврийн хэрэгслийг оролцуулж байгаа бол тухайн нотариат дээр гэрээ байгуулах боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлогдохгүй байна.

5.2.С.Н , Ч.У нар хэлцэл хийх үедээ хамт гэрч Д.М байсан гэж шүүхэд мэдүүлэг өгөхдөө тайлбарласан. Д.М нь тээврийн хэрэгслийг ямар үнэтэй талаар мэдэж байсан гэрч мөн бол мэдэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч 40,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Уг гэрч 38,000,000 төгрөгөөр, үүнээс 16,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон мэдүүлэг биш юм.

5.3. Хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар 8*-0* У** дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон тохиролцоо хэргээс харагдахгүй байна. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3-т төлбөр тооцоо бүрэн дууссан тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөгөөр тохирсон гэдгийг бичиж тэмдэглэсэн байна. Иймд шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 43 дугаар зүйлд заасныг үндэслэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Ч.У нь хариуцагч П.З-д холбогдуулан Л эс 450 маркийн 8*-0* У** улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 22,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний бие 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С.Н-д Тоёото кроун-210 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж, уг машины үнэд С.Н-гийн 8*-0* У** улсын дугаартай Л эс-450 маркийн тээврийн хэрэгслийг авч, зөрүү 18,000,000 төгрөгийг С.Н Д.М ын дансанд шилжүүлсэн. С.Н-г нас барсны дараа түүний эхнэр П.З 8*-0* У** улсын дугаартай Л эс-450 маркийн тээврийн хэрэгслийг буцаан авсан тул уг тээврийн хэрэгслийн үнэ 22,000,000 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлжээ.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ Т маркийн тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд 8*-0* У** улсын дугаартай Л эс-450 маркийн тээврийн хэрэгслийг машины төлбөрт оролцуулах талаар заагаагүй гэж тайлбарлажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоож, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

4.1. Хэрэгт авагдсан гэрч Д.М-ын 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд тус тус өгсөн ...2020 оны 03 дугаар сард С.Н-тай манай найз Ч.У аман тохироо хийж, 2*-5* У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8*-0* У** улсын дугаартай автомашинаар сольж, зөрүүнд нь 22,000,000 төгрөгийг нэмж өгөхөөр болж, 2*-5* У** улсын дугаартай автомашиныг С.Н-д шилжүүлсэн талаар надад утсаар хэлсэн. Тэр өдрөө С.Н миний данс руу 18,000,000 төгрөгийг Ч.У-д өгөөрэй гэж шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хэргийн 19, 33, 86/ болон 8*-0* У** улсын дугаартай Л эс-450 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг С.Н нь гэрч Д.М-ын дансанд norov гэх гүйлгээний утгатай 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгч, улмаар нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг 2 жилийн хугацаанд эзэмшиж байсан үйл баримттай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ч.У нь өөрийн эзэмшлийн 2*-5* У** улсын дугаартай Т маркийн тээврийн хэрэгслийг худалдахдаа 18,000,000 төгрөгийг Д.М-ын дансаар авч, зөрүү төлбөрт 8*-0* У** улсын дугаартай Л эс-450 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид худалдан авагч С.Н шилжүүлэн өгсөн боловч уг 8*-0* У** улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч П.З нэхэмжлэгчээс буцаан авсан, С.Н 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан, хариуцагч П.З С.Н-гийн эхнэр болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

4.2. Т-210 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 03 дугаар сарын 08-ны ны өдөр Х ХХК нь 38,000,000 төгрөгөөр, Л Эс-450 маркийн тээврийн хэрэгслийг 27,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Иймд Х ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон үнэлгээ 38,000,000 төгрөгөөс С.Н-гийн төлсөн 18,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч П.З-гаас 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.У-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 5. Хэргийн 27-31 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Ч.У болон С.Н нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд 2*-5* У** улсын дугаартай Тоёото кроун маркийн тээврийн хэрэгслийг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэжээ.

Х ХХК-ийн хураангуй тайлангаар дээрх автомашиныг 38,000,000 төгрөгөөр үнэлсэн /хх-75/, С.Н нь Б-аас авсан 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх автомашиныг өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан /хх 78-81/, гэрч Д.М-ын хураамж нь их өндөр болоод С.Н өөрөө багаар тавьчихвал нотариат дээр төлөх мөнгө бага гарна гэж байсан гэх мэдүүлэг /хх-86/, С.Н-гаас дээрх тээврийн хэрэгслийг 42,000,000 төгрөгөөр худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч Б.А-ын мэдүүлэг /хх132/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд талууд нотариатын зардлыг багаар төлөх зорилготой бичгээр байгуулсан гэрээнд тээврийн хэрэгслийн үнийг 10,000,000 төгрөг гэж бичсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

 6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02091 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.З гаас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.У од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг ...56.1... гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, ...7.1.2... гэснийг хасан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 Д.БЯМБАСҮРЭН