Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01633

 

 

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01633

 

 

Б.Н, Н.Н нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02492 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Н, Н.Н нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Н ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 403,323,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, Ү.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Бид Н ХХК-тай харилцан тохиролцож, Дундговь аймгийн Сайнцагаан сумаас ямааны ноолуур нийлүүлэх, Компани ямааны ноолуурыг 1 кг-ыг нь 126,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар болсон.

1.1. Гэрээний дагуу Б.Н, Н.Н нар 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5,369.6 кг ноолуурыг Н ХХК-д хүлээлгэн өгч, хариуцагч 676,569,600 төгрөгийг нарт төлөхөөр болсон. Тухайн үед Н ХХК нь ямааны ноолуурын үнийг 3 хоногийн дараа өгнө гэсэн боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 18,500,000 төгрөг, 07 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, 09 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, нийт 80,000,000 төгрөгийг Н.Н-д, мөн 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 27,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг, 62,000,000 төгрөгийг Б.Н-д шилжүүлсэн.

1.2. Нэхэмжлэгч нар Н ХХК-тай үлдэгдэл төлбөрөө авахаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр уулзаж, хариуцагч нь банкнаас зээл хөөцөлдөж байгаа, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны дотор үлдэгдэл төлбөрийг төлнө, тус өдрөө 28,500,000 төгрөгийг Б.Нгийн дансанд шилжүүлнэ гэж тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурсан. Гэвч 28,500,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Б.Н-д 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 14,000,000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөг, 10 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 17-ны өдөр 44,246,000 төгрөгийг төлж, нийт 273,246,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 403,323,600 төгрөгийг төлөөгүй.

1.3.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н ХХК-аас 403,323,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч, хариуцагч нар 113 шуудай, 5,369.6 кг бохир ноолуурыг 1 кг бүрийг 114,000 төгрөг буюу нийт 612,168,600 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

2.1. Хүлээн авсан ноолуурыг О ХХК-д хүлээлгэн өгч угаалга, ялгалт, самналт хийлгэсэн. О ХХК шуудайнаас ноолуурыг гаргаж ялгах ажиллагаанд бэлэн болгоход бохир ноолуур 5,369.6 кг-аас 5,230.6 кг болж, шуудайны жин 139 кг хасагдсан. Ноолуур боловсруулах ажиллагааны ялгалтад бохир 5,230.6 кг ноолуур орж, угаалгад орох 5,054.26 кг ноолуур ялгагдсан. Энэхүү шуудайнаас гаргаж, өнгөөр ялгах ангиллын үед том чулуу, мод зэрэг хаягдлууд хасагддаг. Иймд хүлээж авсан угаалгад орох бохир ноолуурын хэмжээ 5,051.26 кг байсан. Дараагийн дамжлага болох угаалгад 5,051.26 кг ноолуур орсноос цэвэр ноолуур 3,543.30 кг ноолуур гарч, бодит гарц 70,15 хувь, шороо, лаг хаягдал 1,507.96 кг гарсан.

2.2. Монгол Улсын стандартын ангиллын код 65.130 ноос ноолуур, түүхий эд бэлтгэл, ямааны ноолуур техникийн шаардлагын 3.3-т Хог, хогт хольцын хэмжээ ноолуурын нийт жингийн 10 хувиас ихгүй байна гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан 5,369.6 кг ноолуурыг угаасны дараа 3,543.3 кг ноолуур гарсан байна. Өөрөөр хэлбэл, нийт өгсөн ноолуураас 65,9 хувийн гарцтай байжээ. Стандартад зөвшөөрөгдсөн хэмжээнээс даруй 24,1 хувиар илүү хог хаягдал гарсан учир хариуцагчийн хүлээн авсан ноолуурын ашиг шимийн харьцаа хэт зөрүүтэй тул тийм хэмжээний ноолуур хүлээж аваагүй гэж төлбөр төлөхөөс татгалзаж байна.

2.3. Анх нэхэмжлэгчээс санал болгосон 5,369.6 кг ноолуурыг худалдан авахаар тохиролцсон боловч угаалгын явцад 3,543.3 кг ноолуурыг өгсөн болох нь тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь чанар байдлын доголдол бус хүлээлгэн өгч байгаа ноолуурын хэмжээ бодит байдалтай нийцээгүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Н ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 364,438,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н, Н.Н нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,884,620 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,174,568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,980,145 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй, гагцхүү худалдаж авсан бараа бүтээгдэхүүний хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх тухайд маргаантай байдаг юм.

4.1.Манай байгууллага өөрийн ашиглах боломжтой, байх ёстой хэмжээний ашиг шимийн харьцаатай бараа бүтээгдэхүүний үнийг төлөх ёстой гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нар 113 шуудай, 5,369.6 кг бохир ноолуурыг 1 кг бүрийг 114,000 төгрөг буюу нийт 612,168,600 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Хүлээн авсан ноолуурыг О ХХК-д хүлээлгэн өгч угаалга, ялгалт, самналт хийлгэхэд бохир ноолуур 5,369.6 кг байснаас 5,230.6 кг болж шуудайны жин 139 кг хасагдсан. Дараагийн дамжлага болох угаалгад 5,051.26 кг ноолуур орсноос цэвэр ноолуур 3,543.3 кг гарч, бодит гарц 70.15 хувь гарсан бөгөөд шороо, лаг хаягдал 1,507.96 кг гарсан юм. Манайд нийлүүлсэн ноолуурт бодит байх ёстой стандартад нийцэхгүй, санаатайгаар жин дарах зорилгоор байх ёсгүй хог, шороо, хаягдал хольсон байна гэж үзэхээр байдаг.

Мөн Монгол Улсын стандартын ангиллын код 65.130 ноос ноолуур, түүхий эд бэлтгэл, ямааны ноолуурын техникийн шаардлагын 3,3-т Хог, хогт хольцын хэмжээ ноолуурын нийт жингийн 10 хувиас ихгүй байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан 5,369.6 кг ноолуураас угаасны дараа гарсан 3,543.3 кг ноолуурт 10 хувийн хог хольцын хэмжээ, шуудайны 139 кг дүнг хасуулан тооцуулах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хуулийн хүрээнд маргасан. Үүнээс гадна талуудын 1 кг ноолуурын үнийг анхан шатны шүүхээс Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн ханшийн мэдээлэл бүхий албан бичгүүдийг үндэслэн тогтоосон нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Талуудын маргаан бүхий үнийг бодит нөхцөл байдалд хамааралтай талаас нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцүүлэлгүй үнийг тогтоосонд гомдолтой байна.

4.2.Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах хууль зүйн дүгнэлт хийсэн. Бид тухайн ноолуурын гарцын тухайд мэдсэн даруй нэхэмжлэгч болон О ХХК нартай маргаан үүсгэсэн. Энэ нь Баянгол дүүргийн Прокурорын газраас ирсэн баримтаар тогтоогддог боловч шүүх ач холбогдол өгөөгүйд гомдолтой байна. Манай тал шийдвэрийн үндэслэл болсон Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн ноолуурын ханшийн мэдээлэл 1 кг тутмын ханш нь 5,051.26 кг ноолуур 123,000 төгрөг, 130 кг цагаан ноолуур 124,000 төгрөгөөр тооцоо гаргахад төлбөрийн үүргийн хэмжээ шийдвэрт дурдсан үнийн дүнгээс зөрүүтэй байгаа юм. Харин Түүхий эд бэлтгэл, ямааны ноолуурын техник шаардлага MNS0038:2007 стандарт-н 3.3-т заасан нийлүүлсэн гэх ноолуурын хэмжээний тухайд 5,051.26 кг ноолуур угаалганд орсноос 3,543.3 кг гарсан бөгөөд 70,15 хувийн гарцтай гарсан. Үүнийг тооцон төлбөрийн үүргийн хэмжээг 130 кг цайвар ноолуур 1 кг нь 124,000 төгрөгөөр бодоход 16,380,000 төгрөг, самналтанд орсон ноолуураас стандартад нийцсэн 3,543.3 кг ноолуур бөгөөд үүнд 10 хувийн байх ёстой хэмжээний хаг, хог хаягдал, шороо оруулан тооцоод 3,936 кг ноолуурыг хүлээн авсан гэж үзээд 123,000 төгрөгөөр тооцон 484,128,000 төгрөгийн үүрэг үүснэ. Эдгээр хүлээн авсан гэх стандартад нийцсэн ноолуурын төлбөрийн үүрэгт 500,508,000 төгрөгөөс нэхэмжлэгч нарт төлсөн 273,246,000 төгрөгийг хасаж тооцон, үлдэгдэл 227,262,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 364,438,980 төгрөг гэж заасныг 227,262,000 төгрөг болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Б.Н, Н.Н нар Н ХХК-тай худалдах-худалдан авах гэрээний дагуу түүхий ноолуур Дундговь аймгаас авчирч хүлээлгэж өгсөн.

5.1. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 5369,6 кг ноолуурыг хүлээж авсан. Анх 1кг ноолуурыг 126,000 төгрөгөөр худалдаж авъя, ноолуурын төлбөрийг 3 хоногийн дотор төлж барагдуулна гэж тохиролцсон. Түүхий ноолуур худалдан авч, боловсруулах нь дараагийн асуудал байсан. Анх худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байсан. Хариуцагч үнийн талаар тохиролцсон зүйл байхгүй гэж тайлбарладаг. Бид тухайн үеийн хөрөнгийн биржээс ноолуур 114,000 төгрөгийн ханштай байсан талаар мэдээлэл авсан тул энэ ханшнаас давуулж ноолуурыг 126,000 төгрөгөөр худалдаж авсан. Бид түүхий ноолуурыг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байна.

5.2. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 2. Нэхэмжлэгч Б.Н, Н.Н нар нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 403,323,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг 227,262,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч үндэслэлээ стандартад нийцсэн ноолуурын жингээр тооцно гэж тайлбарлан маргажээ.

 3. Хэргийн үйл баримтын талаар:

3.1. Б.Н, Н.Н нар Н ХХК-тай ямааны ноолуур худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ямааны 5,369.6 кг ноолуурыг Н ХХК-д нийлүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан Н ХХК-ийн орлогын баримт, Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023 дугаартай тогтоол, Г.С-ын Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан гомдол, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. Гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй учир хэн аль нь нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

3.2.Нэхэмжлэгч нар 5,369,6 кг ноолуурыг хариуцагч талд нийлүүлсэн, хариуцагч нь ноолуурын үнээс 273,246,000 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, зохигчид маргаагүй. Харин нийлүүлсэн ноолуурын чанар, хэмжээ, нэгжийн үнийн дүнгийн талаар маргажээ.

 4. Анхан шатны шүүх Хөдөө аж ахуйн биржээр арилжигдсан ноолуурын үнийн мэдээллийг үндэслэн 1 кг бараан ноолуурын үнийг 123,000 төгрөгөөр, цагаан ноолуурын үнийг 126,000 төгрөгөөр тус тус тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй. Учир нь дээрх биржийн үнэ нь угаасан, самнасан ноолуурын үнэ байхаас гадна талууд биржийн үнээр тооцож ноолуурыг худалдах-худалдан авахаар тохиролцож, төлбөр тооцоог гүйцэтгэж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

4.1. Талууд нийлүүлж буй барааны нэгжийн үнийн дүнд маргаж байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хүлээнэ. Хэрэгт нэхэмжлэгчийн тайлбарыг нотолсон баримтгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр 1 кг ноолуурын үнийг 114,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.

Иймд 1 кг ноолуурын үнийг шүүхээс Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн ханшийн мэдээллийг үндэслэн тогтоосон нь Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсгийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан О ХХК-аар 5,051.26 кг бохир ноолуур угаалгасан гэх баримтыг үндэслэн нэхэмжлэгч нарыг хариуцагчид 5,051.26 кг бараан ноолуур, 130 кг цагаан ноолуур, нийт 5,181.26 кг ноолуур хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. /1хх 222-224/

5.1. Б.Н, Н.Н нар Н ХХК-д 5,369.6 кг ноолуур хүлээлгэн өгсөн, хүлээн авч гарын үсэг зурсан орлогын баримт хэрэгт авагдсан байна. Энэ талаар талууд маргаагүй.

Хэрэгт авагдсан орлогын баримтад түүхий ямааны ноолуур гэж /1хх-7/, тооцоо нийлсэн актад /1хх-8/ түүхий ноолуурын төлбөрийн тооцоо гэж тус тус тэмдэглэснээс үзвэл цэвэр ноолуурын жингээр төлбөр хийхээр талуудыг тохиролцсон гэж дүгнэх боломжгүй байна.

5.2.Нөгөөтэйгүүр, хариуцагч Н ХХК нь ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж зааснаар ноолуурыг анх хүлээж авахдаа нэн даруй шалгах үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй учир доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй.

 Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзээд нэхэмжлэгчээс 5,369.6 кг ямааны ноолуурыг хариуцагчид нийлүүлсэн гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40 2 дахь заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.

 Иймд нэхэмжлэгчээс нийлүүлсэн 5,369.6 кг ноолуурыг 1 кг-ыг нь 114,000 төгрөгөөр тооцоход 612,134,400 төгрөг болох бөгөөд үүнээс хариуцагчаас 273,246,000 төгрөгийг хасаж, гүйцэтгээгүй үүрэг болох 338,888,400 төгрөгийг хариуцагч Н ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Н, Н.Н нарт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/02492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...364,438,980... гэснийг 338,888,400 гэж, ...38,884,620... гэснийг 64,435,200 гэж,

2 дахь заалтад ...1,980,145... гэснийг 1,852,392 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 843,840 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 Д.БЯМБАСҮРЭН