Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1219

 

“ХХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03573 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 59 652 324 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ-д 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №ЗГ2014/12/02 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ байрны ХХ тоотод байрлах 59.56 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн ХХХХХХХХХХ, улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. ХХХ нь гэрээ байгуулсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж хугацаа хэтрүүлсээр байсан. Иймд барьцаа хөрөнгийг албадан борлуулсан үнийн дүн болон бусад орлогоос үндсэн зээл 39 943 000 төгрөг, үндсэн хүү 12 088 199 төгрөг, нийт 52 031 199 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотойгоор 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 7 621 124 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна гэжээ.

 

Хариуцагч ХХХ, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би “ХХХХ” ХХК-д өөрийн эзэмшлийн ХХХХХХХ дүүрэг, ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХ байрны ХХ тоот  59.56 м.кв байрыг барьцаалж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 40 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж, эхний 8 cap хүү төлж, дараагийн 4 сард нь үндсэн зээлээ төлөхөөр тохиролцсон. 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 07 дугаар cap хүртэл 13 640 550 төгрөг төлснөөс зээлийн хүүд 12 720 000 төгрөг, алданги, торгуульд 920 550 төгрөг төлсөн. Энэ хугацаанд зээлийн хүүг уян хатнаар харгалзан үзэж 3.5 хувь болгох тухай удаа дараа хандсан, мөн 7 cap алданги, хүү төлж одоо их хүү төлж чадахгүй, үндсэн зээл 40 000 000 төгрөгөө төлж барагдуулъя гэж хүссэн. Одоогийн байдлаар 52 031 199 төгрөг, үүнээс үндсэн зээл 39 943 000 төгрөг, хүү 12 088 199 төгрөгийг надаас нэхэмжлэн 2015 оны 11 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хүү тооцохгүй гэж ойлгож байна. Зээлийн хүүд 12 088 199 төгрөг нэхэмжилснийг ойлгохгүй байна, хэрхэн тооцсон нь ойлгомжгүй байна. Хүү болох 12 088 199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Гэрээний дагуу 40 000 000 төгрөг болон 8, 9 дүгээр сарын төлбөр нийт 43 660 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бусад төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХгаас 55 829 316 төгрөгийг гаргуулан “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 823 008 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554 993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХгаас 437 096 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч ХХХ-ээс татгалзсан гэж дүгнэжээ. Хариуцагч ХХХ хамтран хариуцагчаас итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хамтран хариуцагчаас татгалзсан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Нэг талаас зээлдэгчид зээл олгох үйлчилгээ үзүүлэх үүрэг, нөгөө талаас зээлийн үйлчилгээ авах хэрэглэгчийн эрхийн харилцаа бүхий бизнесийн гэрээ” байна, ... ХХХ нь зээлийг хэрэглээний зориулалтаар зээлсэн тул хэрэглэгч гэж үзнэ, ... үйлчилгээний талаар, гэрээний үр дагаврын талаар хангалттай, үнэн зөв мэдээлэл олж авах боломжоор зээлдүүлэгч тал хангах үүрэгтэй байна, ... гэрээний 3.6-д заасан гэрээний нөхцөл нь зээлдэгч тал гэрээнээс татгалзах эрхийг хязгаарласан, ... гэрээний талуудын хувьд тохиролцсон нөхцөл боловч хэрэглэгчийн эрхийн хувьд түүний эрхийг хязгаарласан нөхцөл болсон байна, ... Зээлдэгч гэрээнээс татгалзах эрхгүйгээр үргэлжилж байгаа нь зээлдэгчид нэмэгдүүлсэн хүү тооцон оногдуулж буй хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн” гэж үзжээ. Банк болон банк санхүүгийн байгууллага нь иргэн хуулийн этгээдийн өмнө зээл олгох үүрэг хүлээдэггүй бөгөөд зээлийн үйчилгээ үзүүлэх ёстой тухай Банкны тухай хуулийн 6 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар тодорхой ойлгогдоно. Банк болон банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйлчилгээтэй холбоотой хэрэглэгч бус үйлчлүүлэгч, харилцагч гэж тухайн салбартаа нэршдэг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хуулийн шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Банк бус санхүүгийн байгууллага нь Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20, 21, 22 дугаар зүйлүүдэд заасан үүргээ биелүүлж ажиллаж байхад өөр хууль хэрэглэн тайлбарлаж, хэрэглэгчийн эрхийг хязгаарласан байна гэж үзэж нэмэгдүүлсэн хүү болох 3 823 008 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк; зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар зээлийн үйл ажиллагааг эрхлэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу зээл олгохоор зохицуулсан болно. Мөн шүүх “2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ2014\12\02 дугаар гэрээ байгуулах үед тусгай зөвшөөрөл аваагүй байсан үйл баримт тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байна гэж маргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ биш талаар тайлбар гаргасан байхад уг гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дуусах байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ2014\10\02 дугаар зээлийн гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байхад шүүхээс зээлийн гэрээнээс татгалзаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 9-11 дүгээр сард гэрт нь ирж, утсаар ярьж, зээлийн гэрээнээс татгалзаж байгаагаа хэлж, барьцаа хөрөнгийг шилжүүлэхийг шаардсан байхад гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хариуцагчийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №ЗГ2014/10/02 дугаар зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг төлнө. Мөн зээлийн гэрээнээс нэхэмжлэгч, хариуцагч татгалзсан 3 660 000 төгрөг, нийт 43 660 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад заасан хариуцагч ХХХгаас гаргуулахаар шийдвэрлэсэн 55 829 316 төгрөгөөс 12 169 316 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй, зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 59 652 324 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч, хэрэгт нэхэмжлэгч байгууллагын банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авагдаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, үндсэн зээл 40 000 000 төгрөг болон 8, 9 дүгээр сарын хүүгийн төлбөр нийт 43 660 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэсэн тайлбар гарган маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 40 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар, 30 хоногийн 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэх агуулгатай зээлийн гэрээ байгуулагдсан байх /хх.4-5/ бөгөөд уг гэрээний 1.1-д “... Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг, ... зэргийг үндэслэн” гэж заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэдэг нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар “банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх” гэдэгт эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусдад олгохыг ойлгох ба нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос зохих тусгай зөвшөөрөл, эрх авсан буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд” болох талаар хэрэгт авагдсан баримт байхгүй боловч талуудын хооронд гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлгүй байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй болно.

Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх нь тодорхойгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээл олгох гэрээний харилцаа үүсээгүй, харин мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан энгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргаж байхад шүүх гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар хариуцагч талаас маргаагүй гэж хариуцагчийн тайлбарыг үнэлэхдээ алдаа гаргажээ.

Маргааны үйл баримт, гэрээний агуулгыг тодорхойлоход ач холбогдолтой нөхцөл байдал болох нэхэмжлэгч байгууллага нь уг үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд болохыг тогтоох шаардлагатай байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад “зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх, сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гэж тодорхойлсон байхад анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Энэ шаардлагатай холбоотой хэргийн оролцогчид мэтгэлцсэн гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна шүүх нэхэмжлэлийн нэг шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/03573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас төлсөн 76 120 төгрөг, хариуцагч ХХХгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

                                                                  ШҮҮГЧ                             Д.БАЙГАЛМАА

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ