Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 018

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би, Бугат сумын 3 дугаар багийн оршин суугч Ө.Тиянахаас, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаартай тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Өмирхан овогтой Тиянах аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан билээ. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлсөн, тус хэлтсийн Хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилсон тухай шийдвэр гаргав.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар шинээр томилогдсон Х.Тилеген 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөх, шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэр гаргах гэж байгаагаа амаар хэлсэн ба миний бие тус шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй тухайгаа хэлсэн. Гэтэл үүнийг үл харгалзан надтай тохиролцсон мэтээр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 17.1, 22.1 дэх заалтыг тус тус үндэслэн шилжүүлэн ажиллуулах тухай шууд шийдвэр гаргав. Тус шийдвэр дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэгдүгээрт: Шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон байх ёстой. Гэтэл шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага, нөхцөл байхгүй байсан.

Хоёрдугаарт: Төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, түүний зөвшөөрлийг авсан байх ёстой. Шилжүүлэн ажиллуулах тухай надтай тохиролцоогүй, миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шийдвэр гаргасан.

Гуравдугаарт: Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах үйл явц байгууллага дотор бус төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах тухай асуудал юм.

Дөрөвдүгээрт: Монгол улсын хувьд Төрийн албаны тухай хуулиар төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх буюу мерит зарчмыг гол үндэс болгодог. Өөрөөр хэлбэл тус зарчим нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрөөс нь үл хамаарах асуудлыг иш үндэс болгож ажлаас нь халах чөлөөлөх, өөрчлөхгүй байхад оршдог.

Дээрх байдлаас үзэхэд шилжүүлэн ажиллуулах тухай 180 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэсэн заалт, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан төрийн албан хаагч мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг зөрчсөн хууль бус шийдвэр юм.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ө.Тиянахыг ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай 180 дугаар тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ө.Тиянах шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч Өмирхан овогтой Тиянах миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ө.Тиянахыг ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай 180 дугаар тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд тус хэргийг нэхэмжлэгчийн татгалзсанаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. Нэхэмжлэлээсээ татгалзсанаар гарах хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгож байгаа болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Тиянах нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 180 дугаартай тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ө.Тиянах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэхүү захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Тиянахын нь тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Ө.Тиянахыг ажлаас нь чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн томилох тухай 180 дугаар тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ө.Тиянахын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША