Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 83

 

 

Т.Серикболадад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                   

          Прокурор Ш.Баярбилэг,                                        

          Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Баярбилэгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлээр Т.Серикболадад холбогдох 2016 0100 0154 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шибарайгар овгийн Тогторын Серикболад, 1984 оны 3 дугаар сарын 31-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Компьютер, өндөр технологийн “Цахим” дээд сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, “Проперциональ системс” ХХК-д мэдээлэл техникийн ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 40б байрны 8 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18-67 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦА84033178/,

Т.Серикболад нь өөрийн фэйсбүүк дэх цахим хаяг болох “Ноён Гал Өвгөнхүү” гэх хаягаар 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Энхзаяагийн фэйсбүүк цахим “Enkhzaya Burged” гэх хаяганд түүний нөхөртэйгээ авахуулсан зургийг илгээж “энэ хүнтэй хийсэн анал, порно ...санаандгүй үзэж байгаад харсан, харин эмэгтэй нь та өөрөө байх юм” гэж захидал бичиж, 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр уг бичлэгийг Б.Энхзаяагийн цахим хаяганд илгээж “сэтгүүлч надаас гайгүй үнэ хэлээд авах байх даа”, “интернетэд тавьж мөнгө олно” гэх зэргээр нэр хүндийг нь гутаасан бичлэгийг олон нийтэд тараахаар заналхийлэн 50.000 ам.доллар буюу 103.732.000 төгрөг, онц их хэмжээний мөнгийг авахаар шаардан далайлган сүрдүүлж, 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Б.Энхзаяагаас урьдчилгаа болгон 500.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Т.Серикболадын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт байцаан шийтгэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна гэж заажээ. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-60-64/ латин үсгээр бичсэнийг крилл үсгээр хөрвүүлэн бичиж баталгаажуулаагүй байна”.

Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд хэргийн гол нотлох баримт гэж үзвэл хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байхыг шаардана. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “үзлэгийн үед тогтоосон байдал, баримтыг гэрчилж байгаа бөгөөд энэ хуульд заасан журмаар үйлдсэн тэмдэглэл нь нотлох баримтын эх сурвалж болно” гэж заасан байна.

Иймд яллагдагч Т.Серикболадад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, түүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Баярбилэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “байцаан шийтгэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч этгээд нь монгол хэл мэддэггүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл бичгээр, хараагүй, хэлгүй, дүлий этгээд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх, гомдол гаргах, шүүх хуралдаанд үг хэлэх, хэргийн холбогдох материалтай бүрэн танилцах эрхээр хангагдана” гэж заажээ.

Мөрдөн байцаагч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 126, 127 дугаар зүйлд заасныг удирдлага болгон “гэмт хэрэг гарсан байдал, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг олох, гэмт хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах” зорилгоор хохирогч Б.Энхзаяагийн “Enkhzaya Burged” фэйсбүүк цахим хаягт болон яллагдагч Т.Серикболадаас хураан авсан “НТС” загварын гар утсанд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд төрийн албан ёсны хэл болох Монгол хэл, бичгээр үзлэгийн явц, илэрсэн нөхцөл байдлыг тэмдэглэл болгон үйлдэж, тэмдэглэлд хохирогч, яллагдагч нарын латин үсгээр бичигдсэн тэмдэгтийг өөрчлөлгүй хэвээр нь тэмдэглэлд тусгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Учир нь Монгол хэлний тайлбар тольд орчуулагч гэдгийг ямар нэгэн бичиг, хэлийг өөр хэлэнд хөрвүүлдэг хүн, хэлмэрч гэж аливаа хэлний үгийг өөр хэлэнд орчуулан хэлэх хүнийг хэлнэ гэж заасан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч этгээд нь монгол хэл мэддэггүй бол өөрийн эх буюу мэддэг хэл, бичгээр, хараагүй, хэлгүй, дүлий этгээд дохио зангаа, тусай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх, гомдол гаргах, шүүх хуралдаанд үг хэлэх, хэргийн холбогдох бүх материалтай танилцах эрхээр хангагдана”, мөн хуулийн 47.1 дэх хэсэгт “энэ хуулийн 19.2-т заасан тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилох тухай шийдвэр гаргаж уг этгээдэд танилцуулна” гэж заасан ба хэрэгт хохирогч яллагдагч нарын хооронд монгол хэлээр латин үсэг, тэмдэгтээр бичиж харилцсан зурвасуудад орчуулагч, хэлмэрч томилох үндэслэлгүй юм.

Түүнчлэн мөрдөн байцаагч хэрэгт хохирогч Б.Энхзаяагийн “Enkhzaya Burged” фэйсбүүк цахим хаягт болон яллагдагч Т.Серикболадаас хураан авсан “НТС” загварын гар утсанд үзлэг хийж үзлэгийн тэмдэглэлд хохирогч Б.Энхзаяа болон яллагдагч Т.Серикболад нарын хоорондоо латин үсгээр харилцаж байсан зурвасуудыг өөрчлөлгүй латин үсгээр нь бичиж тэмдэглэсэн байхад шүүгч захирамждаа зөвхөн яллагдагч Т.Серикболадаас хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд латин үсгээр бичсэнийг крилл үсгээр хөрвүүлэн бичээгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэж дүгнэж, хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлүүдийг харилцан адилгүй нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байна гэж үзэхээр байна.

Мөн прокурор шүүх хуралдаанд хохирогч Б.Энхзаяаг оролцуулах саналаа тавьсан ба дээрх латин үсгээр бичигдсэнийг тодруулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанаар хохирогч, яллагдагч нараас асууж тодруулах замаар шүүх хуралдааныг хийх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал биш юм.

Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Т.Серикболадад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн тогтоохын зэрэгцээ, зөвхөн улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянав.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Серикболадад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлээгүй гэж үзэж “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт байцаан шийтгэх ажиллагааг Монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна гэж заажээ. Гэтэл хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-60-64/ латин үсгээр бичсэнийг кирил үсгээр хөрвүүлэн бичиж баталгаажуулаагүй байна...” гэж дүгнэн, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн.”, 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна.” гэж тус тус тодорхойлон заасан нь эрх зүйн үндсэн сурвалж болно.

            Монгол хэлний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. дэх хэсэгт “... “төрийн албан ёсны хэл” гэж төрийн байгууллага, хуулийн этгээдийн аливаа үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөх орчин цагийн утга зохиолын монгол хэлийг.”, 4.1.4. дэх хэсэгт “... “монгол хэл, бичиг” гэж монгол хэл, кирил болон үндэсний бичгийг.” гэж заасан ба Монгол хэлний тухай хуулийн 6.1.3. дахь хэсэгт “...бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл”-ийг монгол хэлээр хөтлөн явуулахаар хуульчилжээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. дэх хэсэгт “...Байцаан шийтгэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна.” гэж хуулинд зааж өгсөн байна.

            Дээр дурдсан Монгол Улсын Үндсэн хууль, Монгол хэлний тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих зүйл заалтуудаас үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа нь төрийн албан ёсны монгол хэлээр явагдаж, төрийн албан хэргийг кирил бичгээр хөтлөн явуулж, баримтжуулна гэсэн ойлголт болно.

            Хавтаст хэрэгт авагдсан цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-24-33/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/60-64/ зэрэг баримтуудыг хохирогч, яллагдагч нар харилцан ойлголцож, уншиж чадаж байгаа боловч Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны тэмдэглэл нь монгол хэлээр явагдах тул дээрх латинаар бичигдсэн баримтуудыг кирил бичгээр бичиж ирүүлэх шаардлагатай гэж үзнэ.

            Түүнчлэн хэрэгт авагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-60-64/-ээс гадна цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-24-33/-д латинаар бичигдсэн баримтуудыг кирил бичгээр болгон ирүүлэх нь зүйтэй.

           Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Баярбилэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1. дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Баярбилэгийн бичсэн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжин Нийслэлийн прокурорын газарт очтол Т.Серикболадад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

       

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ГАНСҮХ

                                 ШҮҮГЧИД                                             Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ