Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2016/00130

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

         Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Өлийн 13-17 тоотод оршин суух Дархан овогтой Сумъяагийн Мядагмаагийн /РД:ЗД78100125/ нэхэмжлэлтэй, 

        Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Мойлтын 13-09 тоотод оршин суух Боржигон овогтой Магсарын Хандсүрэнд /РД:ЙР63081204/ холбогдох,

        Өмгөөллийн хөлс болох 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар  сарын 30-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч С.Мядагмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

      М.Хандсүрэн нь 2015.10.07-ны өдөр өмгөөлөгч С.Мядагмаа надтай гэрээ байгуулан хэрэг бүртгэлтийн шатнаас өмгөөлөгчөөр сонгон авч өмгөөллийн хөлсийг 190 000 төгрөгөөр тохирч 2015.10.09-ний дотор төлнө гэсэн боловч одоог болтол уг хөлсөө өгөхгүй, уулзах буюу утсаар ярихаар өгнөө, боломж болохгүй байна гэсээр өдийг хүрсэн бөгөөд одоо утсаа авахгүй байгаа тул М.Хандсүрэнгээс өмгөөллийн хөлс 190 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...нэхэмжлэгч С.Мядагмаа миний бие хариуцагч М.Хандсүрэнгийн тайлбартай танилцаж төлөх хугацааг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмааар шийдвэрлэж өгнө үү  гэжээ

       Хариуцагч М.Хандсүрэн  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

       Хандсүрэн миний бие Мядагмаагийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 190 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие одоо 190 000 төгрөгийг бүгдийг төлөх мөнгө байхгүй тул 2016 оны 07 дугаар сарын 10-нд 100 000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 90 000 төгрөгийг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.Мядагмаа нь хариуцагч М.Хандсүрэнд холбогдуулан өмгөөллийн хөлс болох 190 000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Мядагмаагийн   нэхэмжилсэн 190 000 төгрөгийг хариуцагч М.Хандсүрэн нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

         Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нэхэмжлэгч С.Мядагмаагийн нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 190 000  төгрөгийг хариуцагч М.Хандсүрэн нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6 350 төгрөгөөс 3 175  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800995 тоот данснаас 3 175 төгрөг, хариуцагч М.Хандсүрэнгээс 3 175 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мядагмаад олгосугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                                                               

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА