Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 64

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Ц.Гансүлд (томилолтоор), шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04636 1471 дугаартай хэргийг 2018 оны 12 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.А, Монгол Улсын иргэн, .... өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл гурав, эх, дүүгийн хамт, ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ..., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 16 дугаар гудамжны 83 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн хүү (5 нас 5 сар 5 хоногтой) А-ын Э-ыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “дүүгээ уйлууллаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь хоёр удаа алгадаж, зодон бие махбодод нь “...баруун шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Б.А нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 16 дугаар гудамжны 83 тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн хүү (5 нас 5 сар 5 хоногтой) А.Э-ыг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “дүүгээ уйлууллаа” гэсэн шалтгаанаар нүүр лүү нь хоёр удаа алгадаж, бие махбодод нь “...баруун шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт... бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А-ын шүүх хуралдаанд өгсөн: “...2011 оноос хойш хамт амьдарч байгаа, одоо ч хамт амьдарч байгаа, Э-ыг дүүгээ уйлууллаа гэдэг шалтгаанаар гараараа хацар руу нь 2 удаа алгадсан цохисон. Тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Болсон зүйлийг мэдэж байсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа маш их ойлгож байна....” гэсэн мэдүүлэг;

2. Насанд хүрээгүй хохирогч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ хоёр дүү болон ээжийнхээ хамт байж байхад манай аав болох А нь орой гэрт архи уучихсан согтуу орж ирсэн бөгөөд орж ирээд ээжтэй маргалдаад хоорондоо зодолдсон юм. Тэгээд аав, ээжтэй маргалдаж байхад би  дүү Энхсайхантай  тоглож байтал Энхсайхан намайг маажчихаар нь би буцаагаад зөөлөн цохитол Энхсайхан уйлчихсан юм. Тэгтэл манай аав  А намайг дүүгээ уйлууллаа гээд шууд миний хацар луу чанга 4 удаа алгадаад миний хацар улайсан юм. Би тэгээд үйлдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);

3. Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16-83 тоот гэртээ гурван хүүхдийнхээ хамтаар байж байтал манай салсан нөхөр А нь гаднаас архи уучихсан байдалтай согтуу орж ирэхээр нь би уурлаад чи архи ууж ирээд байхдаа яадаг юм бэ, гэж хэлээд гэрээс хөөж зайл гэж хэлэхэд А  надтай “чи намайг гэрээс хөөгөөд  байхдаа яадаг юм бэ, би хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирлээ гэж хэлээд тэгээд над руу уурлаж хэл амаар доромжлоод миний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл манай том хүүхэд Э  дүү болох Энхсайханыг уйлуулчихсан чинь А, Э руу “чи дүүгээ зодоод уйлуулаад байхдаа яадаг юм бэ гэж хэлээд Э-ын нүүр лүү гараараа  хоёр удаа цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас),

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11889 дугаартай “...А.Э-ын бие махбодод баруун шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 44 дүгээр хуудас);

4. Шүүгдэгч Б.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 101 дүгээр хуудас);

5. Гэмт хэргийн талаарх дуудлагын мөрөөр очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 89-90 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 84-88 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгэр сарын 30-ны орой ажлынхаа газрын хүний найрт очоод гэрт байхдаа 2-3 шил архи уусан. Би тэгээд тухайн найраас гараад хүүхдүүдтэйгээ уулзах гэж Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 16-83 тоотод явж очсон юм. Отгончимэг бид хоёр бие биесээ хэл амаар доромжлоод миний нуруу шалны модоор хоёр удаа цохихоор нь би Отгончимэгийн нүүр лүү нэг удаа алгадсан. Тэгээд хэрүүл маргаан болоод байж байхад манай том хүү Э дүү болох Энхсайханыг зодоод уйлуулчихаар нь би уурлаад Э руу чи яагаад дандаа дүүгээ уйлуулж байдаг юм бэ, гэж хэлээд баруун хацар луу нь хоёр удаа алгадсан. Би Э-ыг зодож хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 97-98 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч А.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А, насанд хүрээгүй хохирогч А.Э нар эцэг, хүүхдийн харилцаатай бөгөөд гэр бүлийн гишүүд мөн байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан байдаг тул шүүгдэгч Ч.Мөнх-Эрдэнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр насанд хүрээгүй хохирогч А.Э-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч Б.А нь шүүх хуралдааны үед хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч А.Э нь шүүгдэгчийн төрсөн хүү бөгөөд түүний эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршиг болох эмчилгээний зардлыг шүүгдэгч хариуцсан байх тул шүүгдэгч Б.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй буюу гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хөрөнгө, цалин орлого, хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас 5 настай хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан байхын зэрэгцээ уг гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бөгөөд төрсөн эцэг нь бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан цаашид хохирогч хүүхдийн нөхцөл байдлын үнэлгээг тодорхойлж эрхийг нь хамгаалах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх байдлаар төрөөс хүүхдийн өмнө хүлээсэн үүргийг бодитойгоор хэрэгжүүлэх зорилгоор тус дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст харьяалах асуудлын хүрээнд тодорхой үүрэг хүлээлгэлээ.   

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар эрсдэл бүхий нөхцөл байгаа буюу гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд болох таван настай Б.Э-д хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА