Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 94

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04215 1496 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Т.Г, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, .... цэцэрлэгийн багш ажилтай, ам бүл хоёр, эхийн хамт ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Т.Г нь иргэн Б.Т-ыг “Ач хүүг нь Нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургуульд оруулж өгнө” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүнээс 1,000,000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлэн авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Т.Г нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Нийслэлийн 23 дугаар бүрэн дунд сургуульд ач хүүг нь оруулж өгнө” хэмээн өөрт байхгүй боломжийг боломжтой мэтээр амлан, урьд нь амралтын газарт хамт амарч байсан танил болох Б.Т-оос Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байрны урд талын “Хаан” банкны бэлэн мөнгөний машинаас 5028090271 дугаартай дансаар 1,000,000 төгрөг шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн гэм буруугаа маш их ойлгож, гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Хохирогчид хохирол төлбөр болох 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэв.

2. Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр амралтад амарч байхад өөрийгөө Г гэх 40 гаран насны намхан бор эмэгтэйтэй танилцсан. Тэгээд тэр эмэгтэйд “23 дугаар сургуульд хүүхдээ оруулмаар байна” гэхэд “өө эгчээ би бүх баш нарыг нь танина, оруулаад өгье” гэхээр нь “хот орж байгаад уулзъя” гэсэн. ...2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Г-ийн 94098991 гэсэн дугаар луу залгаж асуухад “тэгье“ гээд маргааш нь 23 дугаар сургуулийн урд талбай дээр уулзахаар тохиролцсон. Тэгж уулзахдаа “би оруулж өгнө, та надад 1,000,000 төгрөг өгчих” гэсэн. Тэгээд би 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны урд байдаг бэлэн мөнгөний машинаас Г-ийн 5028090271 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-12 дугаар хуудас);

3. Шүүгдэгч Т.Г-ийн Хаан банкны 5028090271 дугаартай Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 56-59 дүгээр хуудас);

4. Шүүгдэгч Т.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 54 дүгээр хуудас);

5. Шүүгдэгч Т.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би амралтад амарч байх үед Тогтоохорол эгч “23 дугаар сургуульд хүүхдээ оруулмаар байна таньдаг хүн байна уу” гэж надаас асуухаар нь би “таньдаг хүн байгаа” гээд худал хэлсэн юм. Тэгээд дараа нь утсаар залгаад “23 дугаар сургуульд хүүхдээ оруулах гэсэн юм, чи асуусан уу, боломж байна уу” гэхээр нь “боломжтой 1,000,00 төгрөг өгчих” гэж хэлсэн. Уг 1,000,000 төгрөгийг өөрийн 5028090271 дугаартай дансаар авсан. Тэгээд би барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан гар утсаа авсан. Мөн жижиг сажиг өрөө төлөөд дууссан. Би 1,000,000 төгрөг аваад үрснийхээ дараа 23 дугаар сургууль дээр очиж, хүүхэд оруулах боломжтой талаар асуухад “боломжгүй” гэсэн. Би худал хэлж Тогтоохоролоос 1,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж зааснаар шүүгдэгч Т.Г нь хохирогч Б.Тогтоохоролоос шилжүүлэн авсан 1,000,000 төгрөг нь гэмт хэргийн хохирол болох бөгөөд энэхүү хохирол нь залилах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Т.Г-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдад эд хөрөнгийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг шилжүүлэн авсан” залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Т.Г нь өөрт байхгүй боломжийг байгаа мэтээр хохирогчид ойлгуулсан нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан шинжийг, урьд нь амралтын газарт хамт амарч байх үедээ танилцсан хүнийг залилсан байгаа нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан шинжийг тус тус хангасан гэж үзэх үндэслэлд хамаарна.

Шүүгдэгч Т.Г нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргийн үйл баримт, учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Т.Г-г “залилах” гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Г нь хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Т.Г нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Г нь анх удаа гэмт үйлдсэн хэдий ч залилах гэмт хэргийг шунахайн сэдлээр, тодорхой зорилготойгоор төлөвлөж үйлддэг онцлогтой тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д 1,100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй...” гэв.

 Шүүх шүүгдэгч Т.Г-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого, цалин хөлсөнд нийцүүлэн уг ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь зохистой бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж, ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигин овогт Товуучийн Г-г “залилах” гэмт хэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г-д оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Т.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА