| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/1117/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 87
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Р.Энх-Оюун, шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч А.Бүдханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос И т овогт Ч.Х-ны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02015 0702 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
И т овогт Ч.Х, Монгол Улсын иргэн, Увс аймагт ...7-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “.....” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт .... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ..., урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.Х нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Клонкийн 1-2 тоотод Ч.Ж-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч И т овогт Ч.Х нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Клонкийн 1-2 тоотод “хулгайд сэрдлээ” гэсэн шалтгаанаар өндөр настан Ч.Ж-г зодож, түүний бие махбодод “...тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, суурийн дунд ба ар хонхор хамарсан хатуу хальсан доорх архаг цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Х-ы шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр өөрийн буруутай үйлдлээс болж өндөр настанд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Тиймээс гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ж.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Х аавыг зодож байхад хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай аав Жамбалрагчаа, дүү Бямбадорж нарын хэлсэн ярьсан зүйлийг буруу зөрүү ойлгосон асуудал байгаа, ...манай аав Х-д зодуулаад л гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгт ерөөсөө хөдөлгөөгүй хэвтрийн дэглэмд байлгасан, эмнэлгээс гарснаас хойш ямар нэг хүнд зодуулсан болон унаж бэртэх гэх мэт байдлаар тархи болон биедээ шинээр гэмтэл авсан асуудал ерөөсөө байхгүй. ...миний аав нас барахаасаа өмнө Х миний нутгийн хүүхэд байгаа юм, дээр нь олон хүүхэдтэй хүн гэж байсан, бид нар ч гэсэн аавынхаа хэлснээр ямар нэг гомдол санал байхгүй. Юу нэхэмжлэх вэ дээ, ажил явдлын үеэр Х-ны эхнэр нь 90,000 төгрөг оруулж ирж өгч байсан. ...би шүүх хуралд оролцмооргүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);
3. Хохирогч Ч.Жамбалрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2018 оны 02 сарын 20-ны өдөр гэртээ байж байтал гаднаас нэг нутгийн бага байхын таньж мэддэг Х нэг татчихаар нь чи архи уучхаад давтиргүй зан гаргадаг шүү, ноднин жил миний гарт байсан монет бөгж авчхаад өгөөгүй шүү, одоо өгвөл өгчхөөрэй гэсэн чинь Х битгий солиор гээд ширээний ард зэрэгцэн сууж байгаад миний эрүү рүү зүүн гараараа нэг удаа цохиж, орон дээр дарж хойш хэвтүүлж байгаад толгой руу гараараа олон удаа цохисон, тоог нь хэлж мэдэхгүй байна. Тэр үед миний амнаас цус гараад хиймэл шүд хугалчихсан, доод уруул зулгарчихсан. Тэгж байтал гаднаас миний төрсөн хүүхэд Бямбадорж орж ирээд салгасан. Х гэрээс гарч явсан, гэрийн төмөр бүргэд хаалга цоожлогдсон. Х буцаж гэрт орж ирэх гээд хаалга татаад цоожтой болохоор нь гэрийн амбаарт байсан модон жижиг сандлыг манай байшингийн вакум цонх руу шидэж хагалсан. Тэр модон сандал нь цонхон дээр тогтчихсон. Тухайн үед зургийг нь авсан. Тэр өдөр цонхоо 90,000 төгрөгөөр шиллүүлж, 10,000 төгрөг таксинд зарцуулсан. Гэмтлийн эмнэлэг дээр толгойн томографын шинжилгээгээр цус хуралттай, бага зэргийн цус харвалттай, хөдөлгөөнгүй хэвтэх ёстой, мэс засалд орно гээд эмнэлгийн хяналтад 15 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Энэ хугацаанд зардал мөнгө нэлээд гарсан. Нарийн тооцоог мэдэхгүй, миний хүүхэд Бямбажав тооцоог нь гаргаж мэдүүлэг өгнө...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-30 дугаар хуудас);
4. Гэрч С.Дашзэвэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 сарын 20-ны өдөр 12 цагийн орчим Баянхошууны тойргийн тэнд байдаг Увс нутгийн ах Х-ны гэрт очиж Х ахтай золгосон. Тэгтэл Х ах нэг шил архи гаргаад бид 3 хувааж ууцгаасан. ...би 15 цагийн орчим түрүүлээд гарсан, тэгээд гадаа гартал Хүрэлдорж хоёулаа энэ айл руу оръё гэхээр нь хажуу хамар хашааны нэг айл руу орсон. Тэгтэл тэнд 70-80 орчим насны Жамбалрагчаа гэх хөгшин ганцаараа байсан. ...тэгээд тэр настай хүнтэй золгосон. Тэгээд цай уугаад сууж байтал Х над руу залгаад, Жамбалрагчаа гэдэг айлд байна гэтэл Х ах гаднаас ороод ирсэн. ...Х, Ж гуайг манай ах залуу эхнэртэй гээд шоолоод байсан. Тэгтэл Ж ах инээгээд л тэр 2 тоглоод байх шиг байсан, тэгтэл Жамбалрагчаа гуай гэнэт уурлаад миний бөгж алга болсон чи авсан гээд Х руу дайраад байсан, тэгж байтал Жамбалрагчаа гуай гавьяат тамирчин Бадар-Ууган руу залгаад ирж байна уу гэж ярьж байснаа та нар гараад зам заагаад аваад ир гэхээр нь би Хүрэлдоржийн хамт гарсан. Гэтэл Ж, Х 2 үлдсэн. ...буцаад гэр нь ортол том өрөөний зассан ширээний ар талын орон дээр зэрэгцээд заамдалцаад суучихсан байхаар нь би Х-ыг салгаж автал Х, Ж руу дайраад та намайг бөгж авлаа гэж гүтгэсэн би хэзээ ч хүний юм авдаг хүн биш гээд байсан..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас);
5. Гэрч Н.Хүрэлдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Х, Ж гуайтай тоглоом, шоглоом хийгээд байсан, тэгснээ Жамбалрагчаа гуай утсаар яриад манай гэрийн Бадар-Ууган олохгүй байна тосоод ир гэхээр нь би Дашзэвэгийн хамт гарсан. Тэгтэл Дашзэвэг үлдсэн би хашааны гадна гарч яваад зам дээрээс Бадар-Ууган гэх залууг тосож авчраад Жамбалрагчаагийн гэрт ороход Х-ыг Дашзэвэг барьчихсан, Жамбалрагчаа ах бас өөдөөс дайрсан хэрүүл хийж, зодолдсон байдалтай зогсож байхаар нь би Х-ыг байшингаас гаргачхаад буцаж орж ирээд Жамбалрагчаа ахын амнаас гарсан цусыг арчаад байж байтал гэнэт цонхны шил хагарахаар нь хартал хаалганы хажуу талын цонхны шил хагараад модон сандал цонхонд зоогдсон байдалтай байсан. Гэгтэл Бадар-Ууган гэх залуу цагдаа дуудаарай гэж хэлчхээд гараад яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас);
6. Гэрч Ж.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр яг хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. ..би гэрээсээ гараад иртэл үүдэнд Х нэлээн согтуу байдалтай суучихсан, хажууд нь нутгийн хүмүүс Хүрэлдорж, бас нэг залуу байсан тэгэхээр нь би хажуугаар нь өнгөрөхөд аавын байшингийн хаалганы хажуу талын цонх хагарсан модон сандал зоолттой байхаар нь аавын гэр лүү ортол аав хоймрын орон дээрээ суучихсан уруулаас нь цус гарсан, уруул нь хавдсан байсан. Ааваас өөр хүн гэрт нь байгаагүй тэгтэл араас эхнэр Гэрэлмаа орж ирсэн. Тэгээд цонхоор харахад Хүрэлдорж, Дашзэвэг нар явсан байсан. Харин Х-ыг түүний эрэгтэй хүүхэд нь түшээд аваад явж байсан. Тэгээд би аавыг гайгүй юм шиг болохоор нь эмнэлэг дуудах гэснээ болиод шууд гэмтлийн эмнэлэг рүү дагуулж явсан, тэгтэл гэмтлийн эмнэлгийн эмч нар уруулын дотор талд нь оёдол тавьсан, тэгснээ эмч нар эрүүний зургийг нь аваад ир гэсэн, тэгтэл эмч нар зургийг нь үзээд тархины хойд хэсэгт цус хуралттай байна, яаралтай эмнэлэгт хэвтүүл гэсэн тэгээд аавыг хэвтүүлсэн юм. Манай аав эмнэлэгт 1 сар хэвтсэн янз бүрийн хагалгаанд ороогүй, харин тархины цус хуралтыг шимэгдүүлэх тариа хийж, эмчилсэн. Тэгээд эмнэлгээс гараад шууд гэртээ гарсан. Гэрээрээ байж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар хуудас);
7. Гэрч Д.Батхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр нутгийн 2 хүнтэй гэртээ архи уугаад хажуу айлын Жамбалрагчаа гуайн гэрт ороод Жамбалрагчаа гуайтай маргалдаад зодолдсон юм шиг байна лээ. Тэгээд манай хүү Чинзоригийг гэртээ байж байхад Дашзэвэг орж ирээд аавыгаа очиж ав гэхээр нь манай хүү аавыгаа очиж аваад гэртээ оруулаад байж байтал цагдаа ирээд Х-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас);
8. Гэрч Х.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 15-16 цагийн орчим би хичээлээ тараад гэртээ ирээд байж байтал гаднаас аавын нутгийн Дашзэвэг ирээд танай аав чинь хажуу айлд агсам тавиад байна. Би оруулах гэсэн боловч миний үгэнд орохгүй байна гэж хэлсэн. Би гараад Бямбадорж, Жамбалрагчаа гуайн хашаанд ортол аав үүдэнд хамаг хувцас нь шороо болсон байдалтай байсан. Бямбадорж ах, Гэрэлмаа эгч нар байсан Дашзэвэг, Хүрэлдорж хоёр явсан. Жамбалрагчаа гуйн цонхонд шаргал өнгийн модон сандал зоогдсон цонх нь хагарсан байсан. Тэгээд би аавыгаа аваад явсан. Аавыг гэртээ оруулаад байж байхад хоёр цагдаа ирээд аавыг аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас);
9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1234 дугаартай “...талийгаач Ч.Жамбалрагчаагийн биед учирсан тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, суурийн дунд ба ар хонхор хамарсан хатуу хальсан доорх архаг цусан хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн 8 дугаар хавирганы далд хугарал, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...талийгаач нь зүрхний титэм судасны хатуурал, нарийсал, зүрхний булчингийн сорвижилт, зүрхний булчингийн архаг цус хомсдох өвчний улмаас нас баржээ. Талийгаач Ч.Жамбалрагчаа нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бусдад зодуулсны улмаас биед нь учирсан дээрх гэмтэл нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан үхлийн шалтгаантай шалтгаант холбоогүй байна..." гэсэн дүгнэлт (2 дугаар хх-ийн 27-31 дүгээр хуудас);
10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 890 дугаартай “...ГССҮТ-ийн эмчийн талийгаач Ч.Жамбалрагчаад тавьсан онош, эмчилгээ нь зөв байна. Өвчтөнд гавлын дотоод даралт ихсээгүй, тархи дарагдал, хаван багатай, тархины голын бүрдэл хазайлтгүй байсан тул мэс засал эмчилгээ хийгдээгүй, эмийн эмчилгээ хийгдсэн байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хх-ийн 180-181 дүгээр хуудас);
11. Шүүгдэгч Ч.Х-ны яллагдагчаар өгсөн: “...Жамбалрагчаа ах уурлаад хөөрөг алга болчихлоо чи миний бөгжийг өмнө нь авч байсан гээд архи аягалж байсан зэс аягаараа миний толгой руу 2 удаа цохиод авсан.Тэгэхээр нь би ахын 2 гарыг нь урдаас нь барьж аваад орон дээр нь дарж унаад дээрээс нь нүүр лүү нь гараараа цохисон тэгтэл гаднаас Хүрэлдорж, Бадар-Ууган 2 орж ирээд намайг салгаад аваад гарсан. Би их согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа, ерөнхийдөө ийм юм болсон...”гэсэн мэдүүлэг (хх-ийн 89-90 дугаар хуудас);
12. Шүүгдэгч Ч.Х-ны иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 105 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 104 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн үндэслэл бүхий дүгнэлтээр хохирогч Ч.Жамбалрагчаагийн бие махбодод эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Х-ны үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.Х нь хэргийн үйл баримт, учирсан хохирлын хэр хэмжээ, хуулийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ч.Х-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Х-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Х нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...энэ шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Х-ны хууль зүйн эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзаж ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, арван сарын дотор төлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Х-ны иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ны баривчлагдсан хоёр хоногийг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гучин мянган төгрөгөөр тооцож торгох ялаас нь хасаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1.Их тугч овогт Чимидийн Х-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая гурван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ны баривчлагдсан хоёр хоногийг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гучин мянган төгрөгөөр тооцож торгох ялаас нь хассугай.
5.Шүүгдэгч Ч.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Х нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Х-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА