Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2016/00092

 

Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Аминчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.М хүсэлттэй,

Ажиллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.М шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 8 жилийн дунд сургууль төгсөж, 1982 онд илгээлтийн эзэн болж Шинэ-Эхлэлт нэгдлийн Жаргалан баригадад бог мал авч ажиллаж байгаад 1985 онд Л.Батнасантай гэр бүл болж Шинэ эхлэлт нэгдэл татан буутал адуучин байсан. 1982-1995 он хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Мягмарын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч Д.М хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Д.Мягмарын ажилд орсон, гарсан тушаал байхгүй боловч 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс Л.Б гэр бүл болж Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлтнэгдэлд нөхрийн хамт адуу маллаж байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан баярын бичиг, урилга, аваргын диплом зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх нөхөр Л.Б ажилласан жилийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 134/ШШ2016/00078 тоот шийдвэрээр 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоосон байна. Үүнийг үндэслэн нэг суурьт ажиллаж байсан эхнэр нөхрийг хамт ажиллаж байсан гэж тооцох нь зүйтэй байна.

Харин Д.М 8 дугаар ангиа төгсөж илгээлтийн эзэн болж эцэг эхийн хамт мал маллаж байсан болон 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл ажиллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нотлох баримтаа бүрдүүлсэн үедээ шүүхэд дахин хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.

Иймд хүсэлтийн зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.М 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар Д.М улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Д.М нотлох баримтаа бүрдүүлж 1982-1985 он хүртэл, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторГовьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АМИНЧИМЭГ