Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ...д холбогдох эрүүгийн .. тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .й, ....

 

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны 9б байрны 93 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр ...тэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж улмаар хутгаар түүний зүүн талын өгзөг орчим хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Нн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн шинээр авсан орон сууц болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо Хилл сайд хотхоны 96 байрны 93 тоотод эхнэр ...ийн хамт байсан чинь хуурай дүү болох Б 1 шил архитай ирсэн. Эхнэр О, Б бид 3 хуваан уусан. Дахин 0,5 литрийн Хараа архийг нэмж авсан. Бид 3 нилээн согтсон бөгөөд Б гэртээ харихаар явсан. Харин би унтаж амарсан. 19 цагийн орчим миний толгойтой үснээс нэг хүн зулгаахаар нь харсан чинь эхнэр ... чи машинаа манай дүүд хямд зарах гэж байна миний үгэнд орсонгүй гэж уурласан. Үүнээс болж бид 2-ын дунд маргаан гарсан. Бид 2 ноцолдсон боловч би дийлэхгүй байсан. Учир нь миний баруун гар судасны бөглөрлөөс болон хөдлөхөө байсан. Энэ хооронд эхнэр ... намайг янхан банзал гэх мэтээр хардаад загнаад байсан. Би арай хийн газраас босон гал тогооны хэсэгт байсан ширээн дээрхи хутгыг авч айлгах гээд зүүн гартаа барьсан чинь эхнэр О зугтсан. Унтлагын өрөөнд орсон чинь эхнэр О ор хэсэгт тулаад зогссон чинь би бөгс хэсэг рүү нь хутгаар хатгачихсан. Тэгтэл О чи намайг хутгалчихлаа гэж хэлэн гүйгээд гарч явсан. Удалгүй цагдаа ирэн намайг барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 44-45/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч ...ийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би нөхөр Н болон хуурай дүү Б нартай нийлж гэртээ архи уусан. Тэгээд Б 17 цагийн орчим явсан бөгөөд нөхөр Н согтоод унтчихсан. Нөхөр Н унтахаасаа өмнө манай дүү Баяраад машинаа хямдхан 2,5 сая төгрөгөөр худалдана гэхээр нь би дургүйцэн чи ядахдаа 3 сая төгрөгөнд өгөх хэрэгтэй талаар хэлэхэд нөхөр Н 2,5 сая төгрөгөөр зарна болохгүй бол зүгээр өгсөн ч яахав гэж уурлаж байгаад унтсан юм. Тухайн үед миний уур хүрсэн болохоор нөхөр Нг унтаж байхад нь толгойтой үснээс нь зулгааж сэрээсэн. Тэгтэл Н уурлаад миний өөдөөс босоод ирэхээр нь ноцолдсон. Нн баруун гар нь муу ажилладаггүй болохоор намайг дийлэхгүй байсан. Н газраас босож ирээд чамайг ална гэж хэлэн гал тогооны хэсгээс ширээн дээр байсан хутгыг авч зүүн гартаа барихаар нь би зугатаагаад унтлагын өрөөндөө орсон чинь ор тулчихсан. Энэ үед миний хойноос нөхөр Н орж ирсэн нэг мэдсэн чинь зүүн талын өгзөг хэсэг халуу оргиод явчихаар нь би гэрээд гүйчихсэн. Тэгтэл миний өгзөг хэсгээс их цус гарсан. Шууд цахилгаан шатанд суусан чинь өөдөөс нэг охин гэрч ирээд эгчээ таны өгзөг хэсгээс цус гараад байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа нэр хүрч ирэн намайг Гэмтлийн эмнэлэг рүү дагуулан явсан. Энэ гэмт хэрэг надаас болж гарсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөр Нтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 19-20, 49/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Иы өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БГД-н 2-р хороо Хилл сайд хотхонд 96 байрны 2 орцонд 128 тоотод таньдаг айлд ирээд буцаад гарах гээд 14 давхраас лифтээр буух гээд лифт дуудахад дотроос нь 60 орчим насны эмэгтэй хүн нүцгэн бүсэлхийнээс доош хэсэг битүү цус болсон байдалтай буугаад ирсэн тул 102 утсаар цагдаа дуудаж 103 утсаар түргэн тусламж дуудсан. Тэгээд би 103-н эмч болон цагдаа ирэхээр нь буцаад нөгөө айлдаа орсон...” гэх мэдүүлэг /хх-н 4-5/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Нямдарийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би аав Нн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хилл сайд хотхон 96-93 тоот гэрт нь очиход ээж О, аав Н түүний хуурай дүү гэх ах 3-лаа архи ууж байсан. Би 17 цагийн орчим гэрээс нь гараад явсан. Тэгтэл 22 цагийн орчим аав Н залгаад аав нь ээжийг чинь хутгалчих шиг боллоо гэж хэлэхээр нь би санаа зовоод хаана байгаа талаар нь асуухад ээж чинь Гэмтлийн эмнэлэг явсан. Харин цагдаагийн байгууллага дээр байна гэж хэлсэн. Аав Н утасны цаанаас уйлаад байсан, харин согтуу байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

1. ...-н биед зүүн өгзөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 22/,

 

            - Хохирогчийн хүсэлт /хх-н 56/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Н нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны 9б байрны 93 тоот гэртээ эхнэр ...тэй маргалдаж улмаар хутгаар түүний зүүн талын өгзөг орчим хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Нн өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... 19 цагийн орчим миний толгойтой үснээс нэг хүн зулгаахаар нь харсан чинь эхнэр ... чи машинаа манай дүүд хямд зарах гэж байна миний үгэнд орсонгүй гэж уурласан. Үүнээс болж бид 2-ын дунд маргаан гарсан. Бид 2 ноцолдсон боловч би дийлэхгүй байсан. ...Би арай хийн газраас босон гал тогооны хэсэгт байсан ширээн дээрхи хутгыг авч айлгах гээд зүүн гартаа барьсан чинь эхнэр О зугтсан. Унтлагын өрөөнд орсон чинь эхнэр О ор хэсэгт тулаад зогссон чинь би бөгс хэсэг рүү нь хутгаар хатгачихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч ...ийн “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... миний уур хүрсэн болохоор нөхөр Нг унтаж байхад нь толгойтой үснээс нь зулгааж сэрээсэн. Тэгтэл Н уурлаад миний өөдөөс босоод ирэхээр нь ноцолдсон. ...Н газраас босож ирээд чамайг ална гэж хэлэн гал тогооны хэсгээс ширээн дээр байсан хутгыг авч зүүн гартаа барихаар нь би зугатаагаад унтлагын өрөөндөө орсон чинь ор тулчихсан. Энэ үед миний хойноос нөхөр Н орж ирсэн нэг мэдсэн чинь зүүн талын өгзөг хэсэг халуу оргиод явчихаар нь би гэрээд гүйчихсэн. Тэгтэл миний өгзөг хэсгээс их цус гарсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Иы “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...БГД-н 2-р хороо Хилл сайт хотхонд 96 байрны 2 орцонд 128 тоотод таньдаг айлд ирээд буцаад гарах гээд 14 давхраас лифтээр буух гээд лифт дуудахад дотроос нь 60 орчим насны эмэгтэй хүн нүцгэн бүсэлхийнээс доош хэсэг битүү цус болсон байдалтай буугаад ирсэн...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Н.Нямдарийн “...2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ... 22 цагийн орчим аав Н залгаад аав нь ээжийг чинь хутгалчих шиг боллоо гэж хэлэхээр нь би санаа зовоод хаана байгаа талаар нь асуухад ээж чинь Гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Нг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

            Хохирогч ... нь “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би нөхөр Нтэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг болон хүсэлт /хх-н 19-20, 49, 56/ гаргасан зэргийг харгалзан шүүгдэгч С.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Нд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос С.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Нгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ