Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01054

 

2023.05.22 210/МА2023/01054

А.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/00972 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Н.С

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие өөрийн эзэмшлийн 00-00 ХХХ улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн ачааны автомашиныг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н.С нь 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 4,000,000 төгрөг төлсөн. Автомашиныг Н.С д шилжүүлэн өгсөн. Үлдэх 20,000,000 төгрөгийг 14 хоногийн дотор хариуцагч төлөхөөр болсон. Автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг үлдэгдэл 20,000,000 төгрөг төлсний дараа түүний нэр дээр шилжүүлэхээр тохирсон.

 

1.2 Н.С нь үлдэгдэл 20,000,000 төгрөг дээр 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 15 хоногийн хугацаатай хүүгүйгээр зээлдсэн мэт зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

1.3 Тухайн үед автомашины доголдол гэмтлийг Н.С , түүний нөхөр Б.Б нар мэдэж байсан. Хамт самарт явахдаа үүнийг мэдсэн, мэдсээр байж автомашиныг худалдан аваад сүүлд нь доголдолтой автомашин зарсан буцаана гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд үлдэх төлбөр 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Н.С нь 2021 оны 11 дүгээр сард А.А тай харилцан тохиролцож, түүний өмчлөлийн 00-00 ХХХ улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн ачааны автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Тухайн үед А.А нь уг автомашиныг эвдрэл гэмтэлгүй гэж хэлээд Н.С д худалдсан.

2.2 Урьдчилгаа 4,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэх 20,000,000 төгрөгийг автомашинаар самарт явж, олсон ашгаасаа төлөхөөр тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Тухайн автомашинаар самарт явсан боловч замдаа эвдэрсэн бөгөөд самарт явах гол зорилго автомашины эвдрэл, гэмтлээс шалтгаалан биелэх боломжгүй болсон. Тухайн үед Н.С гийн гэр бүлийн хүн самарт явсан хүмүүстэй хамтарч автомашины эвдрэл, гэмтлийг засаж буцаж ирсэн. Энэ талаар А.А д хэлж, автомашинаа буцааж ав гэхэд тэрээр буцаан аваагүй.

Иймд автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин автомашиныг буцаан өгөх хүсэлтэй байна. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргээ худалдагч тал болох А.А нь биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө буюу автомашиныг шилжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.

2.3 А.А болон Н.С нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.С гаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.С гаас улсын тэмдэгтийн хураамжид 278,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож, А.А аас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 278,000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Гэрээний зүйл болох автомашин нь биет байдлын доголтой байсан бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээнээс татгалзаж, ачааны автомашиныг буцаан өгөх талаар нэхэмжлэгчид удаа дараа хүсэлт гаргаж байсан.

4.2 Түүнчлэн, гэмтэлтэй буюу хэвийн ашиглах боломжгүй ачааны автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авсан. Хэрэв гэмтэлтэй автомашин гэж мэдсэн бол тийм өндөр үнээр авахгүй байсан.

4.3 Гэрч Б.Б нь гэрээний аль нэг тал биш бөгөөд нэхэмжлэгч А.А , хариуцагч Н.С нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоогүй этгээд. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрчийг хөтлөх байдлаар асуусан асуултад хариулсныг үнэн зөв, бодитой тайлбар гэж дүгнэхгүй.

4.4 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Анх нэхэмжлэгч А.А нь тухайн автомашиныг гэмтэл байхгүй, хэвийн ажиллагаатай гэж итгэл үнэмшил төрүүлэн хариуцагч Н.С д худалдсан. Тухайн үед Н.С нь А.А д уг ачааны автомашинаар самарт яваад, олсон ашгаасаа автомашины үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар маргадаггүй.

Хэрэв хариуцагч Н.С нь уг ачааны автомашиныг анх худалдан авахдаа эвдрэл, гэмтэлтэй гэдгийг мэдэж байсан бол уг машинаар самарт явж, олсон ашгаасаа үлдэгдэл төлбөрөө төлье гэх тохиролцоо хийхгүй байсан. Хариуцагчаас автомашиныг өөрийн эзэмшилдээ шилжүүлж, улмаар самарт явах үед машин эвдэрч самарт явах боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч маргадаггүй ба энэ талаар гэрч мэдүүлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүхэд зөрүүтэй тайлбар гаргадаг боловч шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангахад дан ганц тайлбар мэдүүлгээс гадна хэргийн нөхцөл байдлыг нь анхаарч үзэх шаардлагатай.

4.5 Талуудын хоорондын тохиролцооноос харахад хариуцагч нь уг автомашиныг эвдрэл гэмтэлтэй талаар мэдсэн байх боломжгүй нөхцөл байдал хэргийн үйл баримтаас харагдаж байхад шүүгч нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлийг бодитой гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Уг автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 4,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 20,000,000 төгрөгийг 14 хоногийн дараа өгөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

5.2 Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар тохирсон. Энэ гэрээний гол нөхцөл нь тээврийн хэрэгслийг 24,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирч, 4,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 20,000,000 төгрөгийг 14 хоногийн дараа өгөхөөр харилцан тохирсон үйл баримт. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нь эд хөрөнгийг шилжүүлсэн.

5.3 Гэрч Б.Баярсайхан нь ...тухайн автомашиныг худалдаж авахаар харилцан тохиролцсон. Тээврийн хэрэгслийг худалдаж аваад самарт явах замд эвдэрсэн гэж мэдүүлсэн. Автомашин доголдолтой гэдгийг Н.С мэдэж байсан. А.А тай самарт явсны дараа танай машин гайгүй юм байна, би худалдаж авъя гэсэн саналыг нэхэмжлэгчид гаргасан. Уг автомашиныг худалдаж авснаас хойш 3 хоногийн дараа эвдэрсэн гэж ярьдаг. Уг тээврийн хэрэгслийг хариуцагч худалдаж аваад ашигласан. Буцааж өгөх санал гаргаагүй. Автомашинд ямар сэлбэг авч, засварласан баримт хэрэгт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Н.С д холбогдуулан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, автомашин худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг зөвшөөрч, 20,000,000 төгрөг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч маргасан.

3. Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 00-00 ХХХ улсын дугаартай, ЗИЛ-131 маркийн автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Гэрээний дагуу худалдан авагч буюу хариуцагч нь автомашины үнэ 24,000,000 төгрөгийн 4,000,000 төгрөгийг худалдагч буюу нэхэмжлэгчид төлсөн. Нэхэмжлэгч нь автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч хүлээн авсан, үлдэх 20,000,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

4. Улмаар талууд үлдэх 20,000,000 төгрөгийг төлөхтэй холбоотой 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3636 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. /хх 6-7/

4.1 Зээлийн гэрээгээр зээлдэгч буюу хариуцагч нь автомашины үлдэх төлбөр 20,000,000 төгрөгийг хүүгүй, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байна.

5. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсоноор өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, талууд автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэх үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсноор мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь оновчгүй болжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нь автомашины үнээс үлдэх 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар уг төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлтэй.

6. Хариуцагч нь тухайн автомашиныг худалдан авах үедээ доголдлын буюу эвдрэл гэмтлийн талаар мэдээгүй, нэхэмжлэгчээс эвдрэл гэмтлийг нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч нь автомашины үнээс үлдэх 20,000,000 төгрөг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх гэрч Б.Б ы мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх...нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрчийг хөтлөх байдлаар асуусан асуултад хариулсныг үнэн зөв, бодитой тайлбар гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3636 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шийдвэрлээгүй байна.

8.1 Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор зээлийн гэрээг байгуулсан тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж тодорхойлсон. Хариуцагч уг шаардлагыг зөвшөөрсөн.

8.2 Хэрэгт авагдсан баримтаар дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна уг гэрээ нь нэхэмжлэгчийн 20,000,000 төгрөг шаардах эрхийг тодорхойлж байна. Түүнчлэн, хэдийгээр хариуцагч нь уг шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч энэ нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2023/00972 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.С гаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН