Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс караокены орчим иргэн Г.Гтай маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр шүд цөгц хэсгээр хөндлөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г мэдүүлэхдээ:

“...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 жилийн ангийн хүүхдүүдтэй уулзаад хамт караокед ороод манай нөхөр ирлээ гэхээр нь гарсан. Ангийн охин бид хоёр хамт явна гээд машинд суухад цүнхээ мартсан байна гээд буусан. Дараа нь харсан чинь ангийн охин үсдэлцээд зодолдож байсан. Би салгах гэж очоод цохиулсан. Одоо надад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс караокед найзууд болох Э, Э, Нарантуул, А, Э, Э нарын хамт үйлчлүүлж байгаад 23-00 цагийн орчим гарсан чинь хэсэг залуус манай найз Этай маргалдсны улмаас Э нэг залуутай харилцан заамдалцсан. Тэр 2-ыг салгах явцад нэг эмэгтэй манай эхнэр Нарантуулын толгойтой үснээс үсдэхээр нь би салгах явцдаа Г гэх эмэгтэйгийн нүүрэн тус газар луу эхнэрээ өмөөрсний улмаас нэг удаа цохисон. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гын эмчилгээнд гарсан зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Гын өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сарын 09-ний оройн 23 цагийн үед би 10 жилийн ангийн уулзалтанд орчихоод Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лакс караокеноос ангийнхаа нийт 13-14 хүүхдийн хамт гарч ирсэн. Энэ үед манай нөхөр С намайг авахаар ирчихсэн байсан. Би ангийн найзууд болох Ц, Д 2-ын хамт нөхрийнхөө машинд суусан. Энэ үед караокены гадна манай ангийн Хүнийбаатар, Э, Т нар хэсэг залуустай маргалдаж байсан. Тэгтэл Ц би ангийн багшийн машинд цүнхээ мартсан байна аваад ирье гэж хэлэн машинаас буухаар нь нөхөр С бид 2 даган машинаас буусан. Тэгтэл манай ангийн хөвгүүдтэй маргалдаад байсан залуустай хамт явсан махлагдуу эмэгтэй маш чанга орилж ирэн Цтай маргалдаж байснаа үснээс зулгаан доош нь тонгойлгосон. Энэ үед С намайг машиндаа суулгасан. Гадаа Ц үсдүүлчихсэн хашгираад байхаар нь би машинаас буугаад очин салгах гэсэн чинь Э гэх залуу миний эхнэрийг бүлэглэн зодлоо гэж хэлэн миний нүүрэн тус газар луу гараараа нэг удаа цохисон. Би цохилтоос болон газар бөгсөөрөө унасан бөгөөд ухаан балартсан. Нэг мэдсэн чинь цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн амнаас цус гарчихсан үүдэн дээд шүд унаж уруулын дотор тал язарсан байсан. Намайг Э нэг удаа л гараараа цохисон. Цохиулснаас болж миний үүдэн дээд шүд унасан. Шүдэнд нөхөж салгах мөн бүрээс хийх эмчилгээ явагдана. Тэр эмчилгээ 1,3 сая төгрөг болно. Урьдчилгаа 300.000 төгрөгийг төлөн эхний эмчилгээг хийлгэсэн. Мөн эм тариа, толгойн зураг нийт 205.000 төгрөг нийт 500.000 гаруй мянган төгрөг зарцуулаад байна. Цаашид шүдэндээ эмчилгээ хийлгэхэд 1 сая төгрөгийн зардал хэрэгтэй байгаа. Гомдолтой байна, эмчилгээний зардал болон өмгөөлөгчид төлсөн зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Сий өгсөн:

“...2018 оны 11 дүгээр сард өдрийг санахгүй байна манай эхнэр Г 10 жилийнхээ ангийн хүүхдүүдтэй уулзана гээд явсан. Оройн 23-00 цагийн орчим эхнэр Г ирээд ав Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Лакс нэртэй караокед байна гэж хэлсэн. Би эхнэр Гыг авахаар очсон Лакс караокений гадна эхнэр Г гарч ирж байсан бөгөөд үүд хэсэгт хэдэн залуучууд маргалдан зодолдсон. Би эхнэр Гыг ангийн эмэгтэйн хамт машиндаа суулгасан. Тэгтэл ангийн охин болох Ц багшийн машинд цүнхээ мартсан гэж хэлээд машинаас буусан. Хэсэг хугацааны дараа Ц нэг эмэгтэйд үсдүүлчихсэн хашгирч байсан. Тэгтэл эхнэр Г машинаасаа буугаад очоод салгах гээд байсан. Энэ үед нэг залуу манай эхнэрийг бүлэглэн зодлоо гэж хашгирч байснаа Гын нүүрэн тус газар луу нэг удаа цохьчихсон. Би эхнэр Гыг өмөөрөн залууг заамдан авсан чинь хамт явсан залуус нь салгахаар би цагдаагийн байгууллага дуудаж бариулсан. Цагдаагийн байгууллага дээр ирсний дараа эхнэр Гыг цохисон залууг Э гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот:

               1. Г биед тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, дээд үүдэнд баруун 1-р шүд цөгц хэсгээр хөндлөн хугарал тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. 1 шүд хугарсан нь цаашид өнгийн хөдөлмөрийн чадварт 5% тогтмол нөлөөлнө гэх дүгнэлт /хх-н 17/,

 

               - Хохирлын баримтууд /хх-н 36-39/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24, 26/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 27/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний шөнө ... иргэн Г.Гтай маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын дотор салстад шарх, дээд үүдэн баруун 1 дүгээр шүд цөгц хэсгээр хөндлөн хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Эын “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ... манай найз Этай маргалдсны улмаас Э нэг залуутай харилцан заамдалцсан. Тэр 2-ыг салгах явцад нэг эмэгтэй манай эхнэр Нарантуулын толгойтой үснээс үсдэхээр нь би салгах явцдаа Г гэх эмэгтэйгийн нүүрэн тус газар луу эхнэрээ өмөөрсний улмаас нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Гын “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний орой ...Э гэх залуу миний эхнэрийг бүлэглэн зодлоо гэж хэлэн миний нүүрэн тус газар луу гараараа нэг удаа цохисон. ... Цохиулснаас болж миний үүдэн дээд шүд унасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Сий “...2018 оны 11 дүгээр сард ...эхнэр Г машинаасаа буугаад очоод салгах гээд байсан. Энэ үед нэг залуу манай эхнэрийг бүлэглэн зодлоо гэж хашгирч байснаа Гын нүүрэн тус газар луу нэг удаа цохьчихсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн зүгээс нийт 410.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх ба 51-р талд хохирогч “...2.005.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан...” тухай хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Б.Эыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Г.Г нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Эад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Г нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ