Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 0191

 

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах “Скайтел”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 15 дугаар байрны 29 тоотод оршин суух 1983 онд Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, Харагчин овогт Гантулгын Гэрэлбаяр /РД: МЙ83112207/-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 138.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даарийжав, хариуцагч Г.Гэрэлбаяр, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.

 
   

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч “Скайтел”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Гэрэлбаяр нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 180.000 төгрөгний Х3 1 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөр 180.000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Г.Гэрэлбаяр нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 135.000 төгрөгийг төлөөгүй байна. Г.Гэрэлбаяраас гар утасны төлбөрийн үлдэгдэл 135.000 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 138.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч “Скайтел”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Г.Гэрэлбаяр нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 180000 төгрөгийн Х3 маркын 1 ширхэг гар утсыг зээлээр худалдан авч төлбөр 180000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа байгууллагын дансанд төлсөн төлбөрүүдийг хасаад үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн боловч хариуцагчийн ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын Тамгын газар нь ажилчдын цалин дээрээс гар утасны төлбөрийг суутган аваад бөөнд нь манай байгууллагын дансанд шилжүүлдэг байсан төлбөрүүд нь хасагдаагүй байсан тул баримтаар батлагдсан 75000 төгрөгийг хасч үлдэгдэл болох 60000 төгрөгийг нотариатын зардал 3500 төгрөгийн хамт нийт 63500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

           Хариуцагч Г.Гэрэлбаяр шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх  хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие нь 2012 оны 04 дүгээр сард Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхдаа “Скайтел” ХХК-иас Х3 маркийн 180000 төгрөгийн үнэтэй утсыг 12 сарын хугацаатай худалдан авч сарын 15000 төгрөгөөр төлбөрийг хийж байсан. Миний бие бүх төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан байгаа. Утсаа сунгаагүй бол утасны эрх хаагддаг байсан. Надад урьд нь нэг ч удаа төлбөрийн үлдэгдэлтэй гэж мэдэгдэж байгаагүй атлаа одоо нэхэмжилж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

        Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Г.Гэрэлбаяраас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 138.500 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа багасган 63500 төгрөг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Зохигчдын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Г.Гэрэлбаяр нь 180000 төгрөгийн Х3 маркийн нэг ширхэг гар утсыг  12 сарын хугацаатай, сард 15000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдаж авсан байх ба уг утасны төлбөрт  120000 төгрөгийг төлж, үлдэгдэл 60000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

          Хариуцагч нь худалдан авсан утасны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан боловч төлбөрийн үлдэгдлийн баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, төлбөр төлсөн баримтууд, “Скайтел”ХХК-ийн  Худалдаа хөгжлийн банкны 49900871 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар  үгүйсгэгдэж байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 60000 төгрөг болон нотариатын зардал 3500 төгрөг, нийт 63500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

          Гэвч дээрхи төлбөрийг нэхэмжлэгч байгууллага шаардах эрхгүй болсон байна.

          Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх үүссэн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

          Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгч байгууллагын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гэрэлбаяраас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 63.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчСкайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4805 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР