Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 19

 

 

 

                                  

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч М, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

хохирогч Ө нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . ....

 

Шүүгдэгч М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35б байрны орчим иргэн Өгийн эзэмшлийн Канон 50д маркийн зургийн аппаратыг Уоор дамжуулан түр хэрэглээд өгье гэж хэлүүлэн зохиомол байдал зориудаар бий болгон, хуурч аван 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө мэдүүлэхдээ:

“...Би өргөдөл өгөөгүй У өргөдөл өгсөн байсан. Намайг цагдаагаас дуудаад очсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Мий өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын эхээр гэж санаж байна. Яг хэдний өдөр гэдгийг тодорхой санахгүй байна. Би тэр өдөр Фэйсбүүкээр өөрийн таньдаг найз Утой холбогдоод чатаар камер байна уу гэж асуусан чинь У манай нэг найзад камер байдаг. Чи юунд ашиглах гэж байгаа юм гэж надаас асуухаар нь би тухайн үед юу гэж хэлхээ мэдэхгүй байж байгаад “эмээгийн насны ойн баяр болох гэж байгаа юм. 4 хоног надад камераа түрээсээр өгөөч гэж хэлсэн. Тэгээд түрээсийн мөнгөн дүнгээ ярилцаж байгаад 50.000 төгрөгөөр тохиролцсон юм. Тэгээд тухайн өдрийн маргааш нь У надтай чатаар холбогдоод камераа тавьчихсан байгаа 350.000 төгрөгөөр ломбарднаас авах юм байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би 2-лаа багшийн дээд дээр уулзаад ломбарднаас авах талаар ярилцаад тэр өдрийн 18 цагийн үед багшийн дээдийн МУБИС-ийн урд Утой уулзаад 350.000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд У миний өгсөн 350.000 төгрөгийг аваад АТМ-ээс нөгөө камер авах гэж байгаа хүний дансруу явуулсан. Тэгээд мөнгө явуулснаас хойш 2 цагийн дараа нөгөө хүн нь У руу утсаар яриад гэрээс ирээд камераа авчих гэж хэлсэн. Тэгээд Учрал бид хоёр модны 2 луу нөгөө залуугийн гэрлүү нь очоод Никон 50Д гэсэн цүнхтэй камер гаргаж ирээд надад өгсөн. Тэгээд би тэр камерыг ломбарданд тавих гэж нилээн явсан. Тэгэхэд тэр камерыг ломбардууд 100.000 төгрөгөөр авна гээд үнэ хүрэхгүй байсан. Харин тэгж явж байгаад 25 дугаар эмийн сангийн ойролцоо байх Эрдэс гээд ломбарданд 250.000 төгрөгөөр авна гэхээр нь 250.000 төгрөгөнд тухайн камерыг тавиад 200.000 төгрөгөөр нь 100 доллар аваад Утой уулзаад ПИСИ тоглоомын газар ороод орой нь нөгөө 200 долларынхоо 100 доллараар тоглоод 280 доллар болгосон бөгөөд маргааш өглөө нь нөгөө 100 доллараа алдсан. Тэгээд Уын камерыг Ломбарднаас авч чадахгүй алдсан.

Би Уоос камер авсан шалтгаан нь интернетээр Рулет нэртэй тоглоом тоглодог байсан. Уг тоглоомын зорилго нь өөрийнхөө хөрөнгийг хөгжүүлэх нэг бол алдах зорилготой тоглоом байдаг юм. Тэгээд тэр тоглоомыг тоглохдоо гол нь доллараар тоглодог юм. Тэгээд надад тухайн үед мөнгө байхгүй байсан учраас Уоос камерыг нь аваад ломбарданд тавиад мөнгө олоод тухайн тоглоомыг тоглоод мөнгө олоод эргүүлээд камерыг нь аваад өгөх гэж байсан юм. Тэгээд Уод эмээгийн насны ойн баяр болох гэж байгаа юм гэж хэлээд камерыг авсан...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Өий өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний таньдаг хуурай дүү У над дээр ирээд намайг аппаратаа өгч байгаач хэрэглэчихээд өгье гэхээр нь миний аппарат надад байхгүй. Би ломбарданд 350.000 төгрөгөнд тавьчихсан байгаа аваад ашиглаад буцаагаад өгөөрэй гэсэн чинь зөвшөөрөөд маргааш өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр надруу 350.000 төгрөг шилжүүлэхээр нь би өөрийнхөө аппаратаа ломбарднаас аваад гэртээ байж байхад тухайн өдрийн орой нь гэж санаж байна. У ирэхэд нь манай гэрт орж ирээд миний Саnоn 50D маркийн гэрэл зургийн аппарат цүнх, дуран, цэнэглэгчтэй нь өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш Уоос аппаратаа авах гэхээр надад огт өгөхгүй байсан. Тэгэхээр нь би сураглаад асуухад У нь миний аппаратыг найздаа өгөөд авч чадахгүй байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн...” гэх мэдүүлэг  /хх-н 17-18/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Уын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 16-нд манай найз М нь эмээгийн насны ой болох гэж байна хямдхан түрээслэх камер байна уу гэхээр нь би ах Өнөртүвшингээс асуутал ломбарданд Nikon 50D камер байгаа тэрийг авч ашиглачихаад буцаагаад өгчих гэсэн. Тэгэхээр нь би Мд чамаас би түрээсийн мөнгө аваад яахав чи авч ашиглачихаад буцаагаад өгчих камер нь ломбарданд байгаа юм байна гээд хэлсэн чинь М найзынхаа утсыг ломбарданд тавиад 350.000 төгрөгөөр Баянзүрх зах дотор байх ломбарднаас камерыг авсан хэрэглэж дуусчихаад камераа буцааж өгөөд 350.000 төгрөгөө авахаар болсон. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Мэс камераа авъя гэтэл М ах зургийг нь хуулж авах гээд аваад явчихсан маргааш өгье гэсэн. Маргаашнаас нь худал шалтаг тоочон сүүлдээ утсаа авахаа больсон. Фэйсбүүкээр бичихээр хамаатны хүүхэд нь нууцаар авч яваад ломбарданд тавьчихсан байна гээд байсан...” гэх мэдүүлэг  /хх-н 19-20/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Энхцэцэгийн өгсөн:

“...Би өөрийн хүү Уод ямар нэгэн зургийн аппарат авч өгч байгаагүй бөгөөд гэртээ ямар нэгэн тийм камер авчраагүй гэхдээ надад цэрэгт явахаасаа өмнө би өөрийн таньдаг хүнээсээ Nikon 50D маркийн камерыг аваад өөрийн найз болох Мд дүүгийнхээ төрсөн өдөрт хэрэглэчихээд буцаагаад өгөөрэй гэж хэлээд өгсөн тэгтэл тэр хүн нь камерыг нь өгөлгүй эргэж холбоо барилгүй, утасныхаа дугаарыг солиод амьдарч байсан байрнаасаа нүүчихсэн байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

- Дамно ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 34-35/,

 

            Шүүгдэгч Мий хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 56/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс хийсэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35б байрны орчим иргэн Өгийн эзэмшлийн Канон 50д маркийн зургийн аппаратыг Уоор дамжуулан түр хэрэглээд өгье гэж хэлүүлэн зохиомол байдал зориудаар бий болгон, хуурч аван 780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Мий “...Би Уоос камер авсан шалтгаан нь интернетээр Рулет нэртэй тоглоом тоглодог байсан. Уг тоглоомын зорилго нь өөрийнхөө хөрөнгийг хөгжүүлэх нэг бол алдах зорилготой тоглоом байдаг юм. Тэгээд тэр тоглоомыг тоглохдоо гол доллараар тоглодог юм. Тэгээд надад тухайн үед мөнгө байхгүй байсан учраас Уоос камерыг нь аваад ломбарданд тавиад мөнгө олоод тухайн тоглоомыг тоглоод мөнгө олоод эргүүлээд камерыг нь аваад өгөх гэж байсан юм. Тэгээд Уод эмээгийн насны ойн баяр болох гэж байгаа юм гэж хэлээд камерыг авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Өий “...2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр миний таньдаг хуурай дүү У над дээр ирээд намайг аппаратаа өгч байгаач хэрэглэчихээд өгье гэхээр нь миний аппарат надад байхгүй. Би ломбарданд 350.000 төгрөгөнд тавьчихсан байгаа аваад ашиглаад буцаагаад өгөөрэй гэсэн чинь зөвшөөрөөд маргааш өдөр буюу 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр надруу 350.000 төгрөг шилжүүлэхээр нь би өөрийнхөө аппаратаа ломбарднаас аваад гэртээ байж байхад тухайн өдрийн орой нь гэж санаж байна. У ирэхэд нь манай гэрт орж ирээд миний Саnоn 50D маркийн гэрэл зургийн аппарат цүнх, дуран, цэнэглэгчтэй нь өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш Уоос аппаратаа авах гэхээр надад огт өгөхгүй байсан. Тэгэхээр нь би сураглаад асуухад У нь миний аппаратыг найздаа өгөөд авч чадахгүй байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Уын “...2018 оны 3 дугаар сарын 16-нд манай найз М нь эмээгийн насны ой болох гэж байна хямдхан түрээслэх камер байна уу гэхээр нь би ах Өнөртүвшингээс асуутал ломбарданд Nikon 50D камер байгаа тэрийг авч ашиглачихаад буцаагаад өгчих гэсэн. Тэгэхээр нь би Мд чамаас би түрээсийн мөнгө аваад яахав чи авч ашиглачихаад буцаагаад өгчих камер нь ломбарданд байгаа юм байна гээд хэлсэн чинь М найзынхаа утсыг ломбарданд тавиад 350.000 төгрөгөөр Баянзүрх зах дотор байх ломбарднаас камерыг авсан хэрэглэж дуусчихаад камераа буцааж өгөөд 350.000 төгрөгөө авахаар болсон. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Мэс камераа авъя гэтэл М ах зургийг нь хуулж авах гээд аваад явчихсан маргааш өгье гэсэн. Маргаашнаас нь худал шалтаг тоочон сүүлдээ утсаа авахаа больсон. Фэйсбүүкээр бичихээр хамаатны хүүхэд нь нууцаар авч яваад ломбарданд тавьчихсан байна гээд байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч М.Энхцэцэгийн “...Би өөрийн хүү Уод ямар нэгэн зургийн аппарат авч өгч байгаагүй бөгөөд гэртээ ямар нэгэн тийм камер авчраагүй гэхдээ надад цэрэгт явахаасаа өмнө би өөрийн таньдаг хүнээсээ Nikon 50D маркийн камерыг аваад өөрийн найз болох Мд дүүгийнхээ төрсөн өдөрт хэрэглэчихээд буцаагаад өгөөрэй гэж хэлээд өгсөн тэгтэл тэр хүн нь камерыг нь өгөлгүй эргэж холбоо барилгүй, утасныхаа дугаарыг солиод амьдарч байсан байрнаасаа нүүчихсэн байсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Мийг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүх хуралдаанд хохирогч “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирол бүрэн барагдсан..” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасан бөгөөд төлөх төлбөргүй, оюутан эрхэлсэн тодорхой ажилгүй тогтмол орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

                  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Үржээд овогт Амарзаяагийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Мд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.М