Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 160

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Шадивлангийн 1-121 тоотод оршин суух, Ногоонтон овогт Чунагийн Гүрбазар /РД:ЧИ66122911/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг Амарын 1-9 тоотод оршин суух, “Батчулуунсүрэн” ХХК-ийн захирал Тайж овогт Батзанын Батмөнх /РД:ШЖ78041415/

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3 дугаар баг Амарын 1-9 тоотод оршин суух, “Батчулуунсүрэн” ХХК-ийн захирал Дахар овогт Отгонцэндийн Цэцэгсүрэнс/РД:ЧА79111601/ нарт холбогдох

Зээл, зээлийн хүү, алданги нийт 17 125000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Гүрбазар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чунаг овогтой Гүрбазар миний бие нь Замын-Үүд сумын 3 дугаар баг, Амарын 1-9 тоотод оршин суугч “ Батчулуунсүрэн” ХХК-ын захирал Батзанийн Батмөнх, эхнэр Отгонцэндийн Цэцэгсүрэн нарт 2014.11.02-нд 2015.05.02-ны хүртэл 6 сарын хугацаатай 5 000000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрвэл хоногт 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж зээлсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн тооцоо  хийгээгүй. Мөнгөө нэхэхээр Замын-Үүд Соёмбо цогцолбор, оршуулгын газар хашаа барих 2 тендэр авсан. Хийсэн ажлын мөнгөө аваад өгнө гэсээр жил 6 сарын нүүр үзлээ. Энэ хугацаанд мөнгөө авна гэж найдсаар хүнээс хүүтэй мөнгө зээлсэн, ломбарданд 5 ширхэг мөнгөн аяга тавьсан, эхнэрийн 2 бөгж, ээмэг, хүзүүний гинж, кулан зэргийг тавьж төлж чадахгүй байсаар алдсан. Мөн банкны зээл болон хүүг төлж чадахгүйд хүрсэн. Уг мөнгийг эргэлдүүлж төлдөг байсан. Өөр ажил хийдэггүй болно. Үндсэн зээл 5 000000 төгрөг, 6 сарын хүү 3 000000 төгрөг, алданги хоногт 5 000000*0,5%= 25 000 төгрөг*365 хоног = 9 125000 төгрөг. Нийт 17 125000 төгрөг болно. Үүнээс “Батчулуунсүрэн” ХХК өөрсдийн хийж байгаа блокноос 350 ширхэгийг 5000 төгрөгөөр бодож, 1 750000 төгрөг тооцон өгсөн боловч энэ нь шаардлага хангахгүй, өргөхөөр бутарч унаж байгаа тул тооцоонд оруулах боломжгүй. Иймд 17 125000 төгрөгийг “ Батчулуунсүрэн” ХХК-ийн захирал Батзаний Батмөнх, Отгонцэндийн Цэцэшсүрэн нараас яаралтай гаргуулж өгнө үү.  Энэ мөнгийг авч чадахгүй байгаагаас шалтгаалан ямар ч эргэлтийн мөнгөгүй болж, банкны өр, хүүгээ төлж чадахгүй  орон байраа алдахад хүрээд байна гэжээ.           

Нэхэмжлэгчийн Ч.Гүрбазар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Б.Батмөнх, О.Цэцэгүсүрэн нараас зээл, зээлийн хүү, алданги нийт 17 125000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нар нь 9 000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч нараас 9 000000 төгрөгийг авч эвлэрэхэд татгалзах зүйл алга. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө гэжээ.

Хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Гүрбазарын нэхэмжилсэн 17 125000 төгрөгнөөс 9 000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Ч.Гүрбазар нь хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, алданги 17 125000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ч.Гүрбазар нь нэхэмжлэлийн шаардлага болох 17 125000 төгрөгний 8 125000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 9 000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч ийнхүү нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.          

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Ч.Гүрбазарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Ч.Гүрбазар нь нэхэмжлэлийн шаардлага болох 17 125000 төгрөгний 8 125000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нар нь 9 000000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, 243 575 төгрөгийн 50 хувь 121 787 төгрөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Татварийн тасгийн 061400995 тоот данснаас буюу улсын орлогоос, хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нараас 9 000000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 158 950 төгрөгийн 50 хувь болох 79 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Гүрбазарт олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ