Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01071

 

 

 

 

 

 

2023 05 26 210/МА2023/01071

 

 

Б.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00996 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Г

Хариуцагч: Э ХХК

Нэхэмжлэлийн шаардлага:

-Б.Г болон Э ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах;

- Э ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох;

- Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах;

- Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах;

- Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Э ХХК-д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Э ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцэл хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хэлцлийн төслийг танилцуулсан. Тэрээр энэ шалтгаанаа намайг өөрийнх нь бүрэн эрхэд халдсан, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болсон тайлангийн хурал дээр өөрийг нь зөвшөөрөөгүй байхад намайг тайлбар хийж, хурлын уур амьсгал үймүүлсэн, би цаашид чамтай ажиллах боломжгүй байна гэж тайлбарласан. Би түүнд би ажлаас гарах хүсэлгүй байна. Учир нь, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зөрчил гаргаагүй. Мөн 84 настай аавынхаа амьдарч байгаа байрны зээлд сар бүр зээл төлдөг, эхнэр маань ажилгүй, хүүхдүүд насанд хүрээгүй. Монгол Улсын хойд хөрш болон Украйн улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн, дайн болж байна, Ковид-19 вирусын нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй байгаа ийм үед ажлаас гарах хүсэлгүй байна гэж амаар илэрхийлсэн. Гэвч И.Ц нь миний энэ нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Тэрээр хэлцлийн төсөлтэй яг одоо танилцаад, өнөөдөр багтааж хариу өг гэж тулгасан. Уг шахалт, шаардлагын улмаас би уг хэлцэлд гарын үсэг зурсан.

1.2 Э ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц нь 2021 оны 11 дүгээр сараас хойш надад удаа дараа ажлын байрны дарамт үзүүлж ирсэн. Хэлцлийг байгуулах явцад намайг хууран мэхэлсэн. Надад гэрээний саналыг гэнэтийн байдлаар танилцуулж, сэтгэл санааны тогтворгүй байдалтай үед шийдвэр гаргуулах буюу хэлцэлд гарын үсэг зуруулах санаа зорилготой байсан. Би энэхүү хэлцлийн утга агуулга, зайлшгүй байгуулах хэрэгцээ шаардлага, зорилго, үр дагаврыг бүрэн ухамсарлан ойлгож чадаагүйн улмаас өөрийн хүсэл зоригийн эсрэг энэхүү хэлцэлд гарын үсэг зурсан.

Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хууль зөрчсөн хэлцэл. И.Ц нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай хэлцлийн саналыг бодож үзэх хангалттай хугацааг надад олгоогүй. Намайг эрүүл саруулаар бодож сэтгэж шийдвэр гаргахгүй байх нөхцөл байдалд оруулсан.

Манай гэр бүл миний цалингаас өөр орлогын эх үүсвэргүй. Энэхүү хэлцлийг хийснээр би ажлаас чөлөөлөгдөж, манай гэр бүл амьжиргааны эх үүсвэр үгүй болсон. Би ажлаас гарах үедээ Сэнчури апартмент ХХК-тай байгуулсан Орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ-ний дагуу сар бүр 2,300,870 төгрөгийн зээлийн төлбөр төлж байсан. Уг хэлцэл нь зөвхөн миний Э ХХК-тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох, намайг ажлаас чөлөөлөх зорилго, агуулгатай байсан. Иймд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж үзэж байна.

1.3 И.Ц д Э ХХК-ийг төлөөлөн ажилтантай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар хэлцэл хийх эрх олгогдоогүй. И.Ц ын хүсэл зориг Э ХХК-ийн өмнөөс илэрхийлэгдэж уг хэлцэл хийгдсэн. Э ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хэлцлийн үндсэн дээр дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамрахгүй.

Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдана. Миний бие 2022 оны 3 дугаар сард идэвхтэй ажил хайж байсан. Мөн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн бакалавр хөтөлбөр-ийн эчнээ ангид суралцаж байсан. Энэхүү нөхцөл байдлын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд харьяалах дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, мөн шүүхэд гомдлоо гаргаж чадаагүй

Иймд Б.Г болон хариуцагч Э ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд болон хүчин төгөлдөр бус гэж тооцож, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ажиллаагүй хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг олгуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Э ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1 Б.Гын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцлийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр түүнтэй харилцан тохиролцсоноор байгуулсан. Уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тухайн ажилтан нь хөндлөнгийн нөлөөгүйгээр буюу сайн дураар гарын үсэг зурснаа болон гарын үсгийн баталгааг нотариатаар гэрчлүүлсэн.

Э ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц шахаж, шаардсан зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцлийг ажилтан асан Б.Г болон ажил олгогч нар харилцан тохиролцоод Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасны дагуу байгуулсан. Түүнд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний цалинг тэтгэмж болгон олгосон.

 

Б.Г нь дээрх гэрээ хэлцлийг байгуулахдаа эрүүл саруул ухаантай байсан. Харилцан тохиролцоод байгуулсан тул бодож сэтгэх боломжтой байсан. Мөн хууран мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд ажилтан тохиролцоод дээрх гэрээ хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн.

 

2.2 Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийг зөрчсөн. Мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэлээ гаргаагүй. Мөн тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг буюу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн. Сургуульд суралцаж байгаа нь хугацаа хэтрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүх хэвийн ажиллаж, шуудангийн үйлчилгээ хүртэл нээлттэй, хүртээмжтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э ХХК-д холбогдох 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд буюу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Э ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Э ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б.Г ын шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Иргэний хуульд хэлцэл хүчин төгөлдөр бусд болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг төсөөтэй хэрэглэх боломжтой байсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн шалтгааныг дурдсан. Б.Г 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаас гарах үедээ дараагийн ажлаа олоогүй байсан. Хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтуудыг шүүх үнэлээгүй байна.

4.2 Шүүх иргэний хэрэг үүсгэснийг нэхэмжлэлд дурдсан хөөн хэлэлцэх хугацаа, түүнтэй холбоотой шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг шүүх хангах ёстой. Гэтэл шүүх иргэний хэрэг үүсгэсэн шийдвэрээ үгүйсгэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Хэрвээ шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн бол иргэний хэрэг үүсгэхээс татгалзаж, нэхэмжлэгчид хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлт гаргах талаар заавар өгөх ёстой байсан.

4.3 Нэхэмжлэгчийн хувьд маргалдагч талуудын хооронд хэлцэл байгуулагдсан эсэх, хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр эсэх талаар гомдол гаргаж маргаагүй байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Уг хэлцэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө болсон бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтуудыг бүрэн үнэлээгүй.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл-ийг нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан гэх үндэслэлийг нэхэмжлэл болон шүүх хуралдаан хэлсэн тайлбартаа тодорхой дурдсан.

Эрх зүйн ноцтой үр дагавар бий болгох, тухайлбал хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хэлцэл хийх гэж байгаа бол нэг тал нь нөгөө талдаа хангалттай бодож тунгаах, хариу өгөх боломжит хугацаа олгох ёстой. Энэ бол гэрээ хэлцэл хийх гэж байгаа талуудын хооронд тогтсон хэм хэмжээ байдаг. Гэтэл Э ХХК-ийн Гүйцэтгэх захирал И.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн өглөө хэлцлийн саналыг Б.Г ад танилцуулаад, өнөөдөр хариу өг гэж тулгасан. Энэ нь И.Ц анхнаасаа хэлцэл хийх, харилцан тохиролцох санаа зорилгогүй, харин нэхэмжлэгчийг зөвхөн ажлаас гаргах, хурдхан явуулах зорилготой байсан. Гүйцэтгэх захирал И.Ц нь гэрээний саналыг гэнэтийн байдлаар ажилтан Б.Г ад танилцуулсан.

4.4 Тэтгэмжийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн, ажлаас гарахдаа компанийн төлөөлөлтэй уулзсан, сэтгэгдлээ хэлсэн, энэ үед дарамт шахалтад орсон зүйл ажиглагдаагүй гэх нөхцөл байдлууд нь уг хэлцлийн дараа бий болсон үйл баримтууд бөгөөд хэлцэл хийхээс өмнө, хэлцэл хийх үед Э ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц аас дарамт шахалт үзүүлсэн эсэхийг нотлохгүй. Хариуцагчаас цалин хөлс авч ажилладаг ажилтнуудын өгсөн гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэх, шүүхийн шийдвэрт үндэслэж байгаа нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч Б.Г Монгол Улсын Их Сургуульд суралцдаг, ажил олгогчоос суралцах зөвшөөрөл олгосон, өөр ажилд орсон гэх үйл баримтууд нь энэхүү маргааны зүйлтэй холбоогүй.

4.5 Хэлцлийг хийх санал нь хариуцагч Э ХХК-ийн хүсэл зориг байсан уу, эсвэл тус компанийн гүйцэтгэх захирал И.Ц гэх хувь хүний хүсэл зориг байсан уу гэдгийг анхан шатны шүүх тогтоогоогүй, холбогдох нотлох баримтыг үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс Э ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч буюу өмчлөгч нь болох ****** Олон Улсын Байгууллагын Төлөөлөн Удирдах зөвлөлөөс И.Ц ын хийсэн уг хэлцлийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүгч захирамждаа зөвшөөрөл гэснийг бүрэн эрх олгосон итгэмжлэл гэж зөрүүтэй бичиж гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргуулахыг хүссэн нотлох баримтыг дурдаагүй. Хариуцагчаас гаргуулаагүй.

4.6 И.Ц нь 2021 оны 11 дүгээр сараас хойш Б.Г ад удаа дараагийн дарамт шахалт үзүүлсэн. Шүүх эдгээр дарамт шахалт үзүүлсэн талаарх нотлох баримтуудыг хангалттай үнэлж, тогтоогоогүй. Хэлцэл анхнаасаа нэг талын буюу Э ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц ын тулган шаардлага, удаа дараагийн дарамт шахалт доор хийгдсэн. Түүнчлэн уг хэлцлийг хийх явцад Э ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц ын зүгээс Б.Г ыг хууран мэхэлж хэлцэл хийсэн.

Шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцож болох нөхцөл байдал байсан эсэхийг тал бүрээс нь, бодитой үнэлж тогтоох байсан.

4.7 Даргалагч шүүгч нэхэмжлэгчид нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах хангалттай хугацаа, боломж олгоогүй, нэхэмжлэгчийн тайлбарыг бүрэн гүйцэд сонсолгүйгээр дундаас нь тайлбарыг тасалдуулж байсан. Үүний улмаас нэхэмжлэгч тайлбарын агуулга, үндэслэлээ бүрэн илэрхийлж чадаагүй. Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3, 6.4, 6.6 дэх хэсгийг зөрчсөн.

4.8 Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Э ХХК-аас холбогдох нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Э ХХК-д шуудангаар хүргүүлсэн боловч огт хариу ирүүлээгүй. Иймд хүсэлтэд дурдсан 10 ширхэг нотлох баримтыг шүүхийн журмаар албадан гаргуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг ханган шийдвэрлэж, захирамж гаргасан боловч хариуцагч Цалин урамшууллын журам"-аас бусад нотлох баримтыг огт гаргаж өгөөгүй.

Хариуцагч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаар албан бичгээр шүүгчийн захирамжид тайлбар хүргүүлэх тухай гэх албан бичгийг анхан шатны шүүхэд ирүүлсэн. Албан бичигт нэхэмжлэгч Б.Г ын буруугаас шаардсан нотлох баримтыг гаргах боломжгүй, эдгээр нотлох баримтууд байхгүй, устгасан гэж шүүх болон нэхэмжлэгчийг үл хүндэтгэсэн байдлаар хариу тайлбар ирүүлсэн байдаг.

Шүүх нотлох баримтыг албадан гаргуулах ёстой байтал хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг хүлээн авч, нотлох баримтыг бүрдүүлэхгүй орхиж байгаа нь үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.8 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хэтэрсэн. Б.Г 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаас гарсан атлаа мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Мөн нэхэмжлэгч нь Хүний эрхийн үндэсний комисст 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эрх зөрчигдсөн асуудлаар хандсан ба түүнд эрхээ зөрчигдсөн асуудлаар шүүхэд хандаж хугацаа сэргээлгэх боломжтой талаар мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.2 Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох хүсэл зоригийн илэрхийлэл, хэрэгцээ шаардлага нэхэмжлэгчид байсан. Б.Г нь ажлаас гарах хүсэл зоригоо ...би дэвшин ажиллаж дарга болох хүсэлтэй байна гэж илэрхийлэхэд захирал И.Ц ...манай компанид даргын орон тоо байхгүй... гэсэн хариу өгсөн. Мөн Б.Г нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байгаа тул харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

5.3 Ажил олгогч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу баримт үйлдэж ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь нийтээр хүлээн зөвшөөрсөн ямар зан суртахуунтай харшилж байгаа нь ойлгомжгүй. Ажилтан, ажил олгогчид харилцан зөвшилцөж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хэлцэл хийж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

5.4 Э ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Ц улсын бүртгэлд компанийн захирлаар бүртгэгдсэн тул тухайн компанийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлнө.

5.5 Шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагддаг бөгөөд хэрэгт хамааралгүй асуудлаар болон тайлбараа давтаж ярих зэргийг хуралдааны дэгээр зохицуулдаг. Иймд нэхэмжлэгчийн эрхийг шүүх хязгаарлаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан Б.Г болон Э ХХК-ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Э ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчаас Б.Г ыг ажлаас чөлөөлөх тухай Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2-р сарын 28-ны өдрийн Б/12 тоот тушаал гаргуулах, Х.А оос гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт гаргасан. /хх 126/ Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2023/00259 дүгээр захирамжаар дээрх хүсэлтийг ...нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай хамааралтай гэх үндэслэлээр хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргуулах, Х.А оос гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн. /хх 134, 150-152/

3.1 Улмаар шүүхээс шаардсан дээрх нотлох баримттай холбоотой хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаар албан бичгээр ...Б.Г ыг ажлаас чөлөөлөх тухай Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 279 тоот албан бичгээр өгсөн иргэн Б.Г ын өгсөн нэхэмжлэлд хариу тайлбарын хамт хүргүүлсэн гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. /хх 176/

3.2 Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 279 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргасан. Уг хариу тайлбарт шүүгчийн захирамжид заасан Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаалыг хавсарган шүүхэд ирүүлээгүй байна. /хх 33-121/

3.3 Түүнчлэн, анхан шатны шүүх Х.А оос гэрчийн мэдүүлэг аваагүй байна.

Иймд шүүгчийн захирамж биелэгдсэн гэж үзэхгүй.

4. Хэргийн 14 дүгээр талд Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Б/12 дугаар тушаал гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

4.1 Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож ...Б.Г ын хүсэлтээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлыг нь хүлээн авч, холбогдох тооцоог хийх талаар тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 дахь хэсгүүдийг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, хуульд заасан шаардлагыг хангаагүй баримт нь нотлох чадвараа алдах тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох учиргүй.

5. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу бүрдүүлээгүй. Давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлэх, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.6-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2023/00996 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН