Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч Д.АмарЖ,

хохирогч Б-ын өмгөөлөгч С.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т-т холбогдох эрүүгийн .тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. Т-.

 

Шүүгдэгч Мын Т нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Дурсамж Ретро” баарны гадна Б-ыг намайг болон миний найзыг зодлоо гэх шалтгаанаар унаж явж байсан ... УНТ улсын дугаартай “Lexus 470” автомашинаар нийтийн эзэмшлийн явган хүний талбай дээр мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Тын өгсөн:

“...Би 2018 оны 6 дугаар сарын 04-ний орой гэртээ амарч байтал Б над руу утсаар яриад “хамт гарч хүрээлэн орж сагс тоглох уу” гэхээр нь би “за”  гээд гэрээс гарч Бтэй уулзаад сагс тоглосон. Тэгээд тэнд тоглож байхдаа би А-ыг хүрээд ирээч гэж хэлээд удалгүй А- ирсэн, сагс тоглож байгаад хартал Ж бас ирчихсэн. Ингээд бид 4 нийлээд Хүрээлэнгээс явж манай гэр рүү очиж гэрийн гаднаас ... УНТ улсын дугаартай Лексус 470 машинаа авч унаад хороолол руу явж Номин их дэлгүүрийн хажуу талын зогсоолд машинаа тавьж байгаад 0,75 литртэй архи авч машин дотор хувааж уусан. Ингэж байтал нилээд орой болсон байсан шөнийн 00 цаг болж байхад Дурсамж ретро баарны доод давхарт байрлах караокед орсон. Тэнд бид 4 нэг цаг аваад дуулж ууж суусан бөгөөд Ж тэнд нэг их удалгүй яваад Б, А- бид 3 үлдсэн. Ингээд цаг дуусахаас өмнө би гадагш гараад тамхи татчихаад ороод иртэл текний хажууд хэдэн залуус Бтэй маргалдаад байх шиг байхаар нь би тэд нар дээр очтол зодоон эхэлсэн. Тэгээд би зугатах санаатай машины түлхүүрээ А-д өгөөд машин аваад хүрээд ирээ гэсэн. Удалгүй А- машин аваад хүрээд ирэхээр нь тэндээс Бтэй хамт гарч машиндаа сууж тэд нараас зугатсан. Зугатаад явж байтал Б “би тэнд гар утсаа унагаасан юм шиг байна, буцаад явъя” гэхээр нь машинтайгаа буцаж эргээд Хөх хулганы орон тоглоомын газрын харалдаа зогсож А-аас жолоогоо шилжүүлэн аваад урагш яваад Жүр үрийн харалдаа зогсоход Б машинаас бууж нөгөө залуусын үлдсэн газар очиж утсаа хайхад нөгөө ах нар Б рүү дайрч эхэлсэн. Тэгэхээр нь машинтайгаа буцаж эргээд очтол тэр залуус машин руу дайрч эхлэхээр нь би тэр үед айж балмагдсандаа зугатах санаатай ухасхийхэд нэг залууг дайрчихсан байсан. Тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал миний машины хойно газар нэг залуу хэвтэж байсан. Тэнд байсан хүмүүс цагдаа болон түргэн дуудаж цагдаа нар намайг тус хэлтэс дээр авч ирсэн. Би өөрийнхөө үйлдэлд маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-128, 204-207/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б-ын өгсөн:

“...Би 2018 оны 6 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим ажил дээрээс гараад гэртээ ирж машинаа тавьчихаад Х, Т хоёр машинтай гэрт ирэхээр нь бид 3 уулзаад Хын гэрийн гадаа очоод Х Орос яваад ирсэн гээд нэг шил архи задлаад тэрнээс нь бид нар Хын машинд хуваан уусан. Тэгээд Хын гэрийн гаднаас такси барьж яваад 10-р хороололд байрлах Бий бааранд очтол тусгай зөвшөөрөлгүй гээд ажиллахгүй байсан. Тэгээд байж байтал Б гэдэг найз маань бид 3-г ажил нь тарсан гээд 10-р хорооллоос машинтай ирж аваад би тэр машины урд талд нь суугаад утсаар яриад явж байсан. Тэгээд бас нэг караокед сууж байснаа бүдэг санаж байна, тэр караокед байхад Б ирж байсныг бүдэг санаад байна, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтчихсэн, манай гэрийнхэн намайг уг эмнэлэгт ухаангүй 3, 4 хоночихлоо гэж байсан.

Миний баруун хөлний шилбэний тулгуур яс 3 хугарсан, савхан яс нэг хугарсан, давсаг цоорсон, шээсний сүв тасарсан, тархинд ар дагзанд цус хурсан, баруун хөлний сарвууны судсыг шилбэний мэдрэлийн судастай залган оёсон, баруун хөлний шилбэний хагалгааны шархыг эдгэрэхээр ясны эмчилгээг эхлүүлнэ гээд гэрээр асаргаа сувилгаа хийлгэж байгаа. Би уг хэрэг гарсан талаар надад манай найз ярихдаа Т гэдэг хүүхэд машинаар мөргөн улмаар дайрч уг гэмтлийг учруулсан гэж хэлсэн. Эмчилгээнд гарсан 10 гаруй сая төгрөгийг хүлээн авсан мөн цаашид эмчилгээ хийлгэх 20 сая төгрөгийг бэлнээр авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 20-23, 211-212/,   

 

Мөрдөн байцаалтад гэрч Өы өгсөн:

“...Би 2018 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 00 цаг өнгөрч байхад А, Х, Б, Т гэсэн найз нартайгаа хороололд уулзаад Номингийн хойд талд байрлах караокед орж 2 шил архи хуваан ууж нэг цаг дуулцгаасан. Тэгээд захиалсан цаг дуусаад тэр караокегоос гарах гэж байтал уг караокены коридорт хоёр залуу нэг охинтой таарсан. Хамгийн урд талд манай найз Х явж байсан бөгөөд нөгөө хоёр залуугийн нэгэнтэй хоорондоо тулсан юм шиг байна лээ. Тэгээд дүү нар яагаад байна аа гэхэд нөгөө хоёр залуугийн намхан биетэй цэнхэр цамцтай залуу нь “ах нар байхаараа яадаг юм бэ” гээд Х тэр хоёр зууралдаад авахаар нь би Бтай хамт очоод болиулах гэтэл нөгөө цэнхэр цамцтай залуу нь миний нүүр рүү цохисон. Ингээд би тухайн үед хэсэг хугацаанд шоконд орсон байсан бөгөөд гадаа гартал манай найз нар нөгөө хоёр залуутай больцгооё гээд маргалдаад зогсож байсан. Бид нар такси бариад явах гэтэл уг цэнхэр цамцтай банди таксины өмнө зогсчихоод “алалцъя, зодолдъё” гээд байсан. Тэгээд байж байтал цаанаас нэг охин Лексус 470 маркийн машинтай бид нар дээр ирээд нөгөө хоёр залууг суулгаад уг газраас хөдөлсөн. Тэгээд уг машин цаана очиж буцаж эргээд зогссон. Гэтэл тэр машинаас цэнхэр цамцтай залуу буугаад зам хөндлөн гарч бид нар дээр ирснээ зогссон байсан таксины хамар дээгүүр үсэрч гарч ирээд Б найзыг өшиглөсөн. Энэ үед нөгөө машин дотор үлдсэн эмэгтэй хамт байсан эрэгтэйтэйгээ жолоогоо солиод тэр залуу жолоо бариад бид нарыг чиглэн ирээд найз Аыг мөргөхөд А газар унасан, унасан хойно дээгүүр нь хаазлаад гараад явсан. Тэгээд машинаа эргүүлээд зогссон. Тэгтэл бүгд шоконд орж нөгөө залууг “чи хүн алчихлаа ахын дүү” гээд бүгд шахам орилоход нөгөө залуу “би хүн алчихлаа шүү дээ, түргэн дуудаачээ” гээд буугаад ирсэн. Тэгээд нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн, түүнээс хойш түргэн тусламж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 26-28/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бийн өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр би Т, А-, Ж бид 4 караоке руу орж нэг цаг дуулцгаасан. Тэр караокед ороод удаагүй байхад Ж харилаа гээд явсан. А-, Т бид 3 нэг цаг дуулаад гарах болоход А- кассан дээр очиж тооцоо хийхээр үлдсэн. Т бид хоёр 00 орж Т тамхи татахаар түрүүлээд 00-с гарсан. Би араас нь гарахад А-ыг буржгар үстэй нэг ах тэвэрчихсэн зогсож байхаар нь би болиоч, наад охин чинь найз залуутай гэж хэлсэн. Энэ үед үүдэнд зогсож байсан Т дөхөж ирээд нөгөө ахтай маргалдсан. Тэгтэл тэр буржгар ах бид хоёрыг нааш ир дээ гээд өөрсдийн авсан байсан караоке өрөө рүүгээ дуудсан. Гэтэл цаанаас нь тэр ахтай хамт явсан ах нар гараад ирсэн. Тэгээд Т бид хоёрыг бацаанууд минь ална шүү энэ тэр гээд байсан бөгөөд нэг мэдэхэд зодоон эхэлсэн байсан. Зодолдож байгаад нэг мэдэхэд бид нар тэр баарнаас гараад гадаа гарчихсан байсан бөгөөд Т А-ыг машин аваад ир гэж хэлж байгаа хоолой нь сонсогдсон. Төд удалгүй А- машиныг аваад ирэхээр нь Т бид хоёр тэр машинд суугаад зугатсан. Тэгээд бид 3 хойшоо Бичилийн зам руу машинтайгаа очиж зогсоод Т А-ыг жолоогоо надад өг гэсэн. Энэ хооронд би халаасаа уудалтал миний гар утас алга болсон байсан бөгөөд машин дотор унагаасан юм болов уу гээд хайтал байхгүй бас нөгөө хоёроос асуутал мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би зодолдож байсан газраас унагаасан байх гэж бодоод Тт “эргээд нөгөө газраа очъё, миний гар утас байхгүй байна” гэхэд Т машинаа бариад зодолдож байсан газраа очсон. Тэгээд би машинаас буугаад очтол нөгөө ах нар муу бацаан минь хүрээд ир, ална гэж хашгирч байсан. Тэгэхээр нь тэр ах нарт гар утсаа олох гэсэн юм гэхэд тэр ах нар тоогоогүй, нэг мэдэхэд дахин зодоон болсон. Тэгтэл нэг том юм хажуугаар ороод ирэхээр нь хартал Т машинтай тэр зодоон болж байсан талбайд ороод ирчихсэн байсан. Энэ үед хажуунаас нэг гар орж ирээд намайг цохитол би ухаан алдаад унасан. Нэг мэдэхэд би түргэний машин дотор шалан дээр хэвтэж байсан бөгөөд миний хажууд машинд дайруулсан гэсэн ах хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 29-31/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бын өгсөн:

“...Караокены хаалга ертөнцийн зүгээр урагшаа харсан байсан бөгөөд А караокены хаалганы урд хэсэгт туслах замаас караокений авто машины зогсоол руу ордог хэсэгт зам руу харсан байдалтай зогсож байсан. Тухайн үед Х манаачийн байрны хажууд хойшоо харсан, харин би Аын баруун талд Өргөө чиглэл рүү харсан, Өлзий караокений үүд хэсэгт, харин Т Хын хажууд зогсож байсан тэгтэл нэг Лексус 470 маркийн машинаас маргалдаж байсан жижиг биетэй залуу нь бууж ирээд одоо та нартай жинхэнэ алалцана гээд бууж ирсэн. Тэгээд бид нар юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь тухайн Лексус 470 маркийн машинтай Т /хэрэг гарсны дараа нэрийг нь мэдсэн/ ирээд өөдөөс нь хараад зогсож байсан Аыг мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 35-36, 221/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Хын өгсөн:

“...Бид нар караокеноос гараад гэртээ харих гээд зогсож байсан. Караокены хаалга ертөнцийн зүгээр урагшаа харсан байсан бөгөөд А караокений хаалганы урд хэсэгт туслах замаас караокений авто машины зогсоол руу ордог хэсэгт зам руу харсан байдалтай зогсож байсан. Тухайн үед Б Аын баруун талд өргөө чиглэл рүү харсан, Өлзий караокений үүд хэсэгт, харин Т зүүн тийш харсан зогсож байсан. Би Аын яг хажууд нь зогсож байсан. Тэгтэл зам хөндлөн гараад Лексус 470 маркийн машинаас маргалдаж байсан жижиг биетэй залуу нь бууж ирээд одоо та нартай жинхэнэ алалцана гээд дайрсан. Тэр залуу Өлзийсайханыг цохиод газар унагачихаар нь бид нар юу болж байна гээд очсон чинь гэнэт эсрэг урсгалаас Лексус 470 маркийн машинтай Т /хэрэг гарсны дараа нэрийг мэдсэн/ ирээд өөдөөс нь хараад зогсож байсан Аыг мөргөсөн. А шууд машины доогуур орж дайрагдсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 37-38, 217/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч С.А-ын өгсөн:

“...Т машин барьж нөгөө караокены харалдаа Жүр үрийн орчим очоод зогстол Б машинаас буугаад нөгөө ах нар дээр яваад очтол тэр ах нар Бтэй цохилцоод бөөнөөрөө Б рүү дайраад эхэлсэн. Тэгэхээр нь Т бид хоёр тэд нарыг салгах гээд машинтай явж очтол Т дөхөж очоод хаазаа нэмээд хаазалчихсан чинь нөгөө хүмүүс бутраад нэг хүнийг нь мөргөчих шиг болсон. Тэгэнгүүт би айгаад нүдээ тас аньсан. Тэгээд нүдээ нээтэл Т машинтайгаа эргээд нөгөө хүмүүс рүү хараад зогсчихсон. Юу болчихвоо гэхээр нь би чи хүн дайрчихлаа шүү дээ гэхэд би уг нь салгах гэсэн шүү дээ, дайрчихаж байгаа юм уу гээд маш их цочирдсон. Тэгээд Т машинаас буухад нөгөө мөргүүлж дайруулсан ах газар байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Гийн өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 25-ны шөнө би зохион байгуулагчаар ажиллаж байсан бөгөөд манай караокены 1 өрөөнд 4, 5 залуучууд бас нэг өрөөнд 2 залуу, 2 эмэгтэй үйлчлүүлсэн. Тэр дунд байсан мяраалаг цагаан хүүхэн коридорт нөгөө өрөөний залуутай маяглаад нөгөө хамт явсан залуугаа явъя гэхэд явахгүй байсан. Олуулаа явж байсан залуусын нэг залуутай яриад зогсоод байсан. Энэ үед хамт явж байсан жинстэй залуу нь нөгөө хүүхнээ явъя гэхэд явахгүй, өрөөний үлдэгдэл пивийг хамж уугаад байсан гэсэн. Тэгээд тэр эмэгтэйгээс болж хоорондоо маргалдсан. Тэгэж байтал гадаа гаргаад тэр залуучууд зодолдох гэж байснаа тарчихлаа гэж манай зөөгч хэлсэн. Тэгээд удалгүй гадаа шуугилдаад орилолдоод явчихаар нь би гадаа гарч хартал шивээстэй залуу газар унасан, нөгөө жинстэй залуу машинаас орилоод уйлаад гарч ирсэн. Нөгөө хамт явсан хүүхэн нь машин дотроо хараад суугаад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 46-47,

 

Мөрдөн байцаалтад гэрч Чын өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 04-05 шилжих шөнө гэртээ амарч байсан чинь миний гар утас болон нөхөр Мын утсанд дугаарыг нь санахгүй байна нэг ижил дугаараас дуудлага ирсэн байсан. Нөхөр М утсаа авсан чинь хүү Т ааваа би хүн дайрчихлаа гэж хэлээд утсаа салгасан. Бид 2 сандраад эргүүлэн залгасан боловч утсаа авахгүй байхаар нь цагдаа эмнэлгийн газар луу залгасан ямар нэгэн мэдээлэл авагдаагүй байсан. Тэгтэл 05 цаг өнгөрч байхад Тын найз Баттүвшигийн аав, ээж нь манай гэрт ирээд Т, Б 2 хэрэгт холбогдсон юм шиг байна гэж хэлэн манай нөхөр Мыг аваад явсан. Би гэртээ хүүхдээ хараад үлдсэн. Удалгүй нөхөр М ямар нэгэн мэдээлэл байхгүй байна гэж ирснээ Гэмтлийн эмнэлэг орно гэж хэлээд гарсан. Гэмтлийн эмнэлгээс Тыг хүн гэмтээсэн талаар мэдээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн хүү Т уйлаад би хүн алчихлаа гээд хашгираад байсан. Тын өмсөж явсан хувцас энгэр хэсгээрээ цус болсон байсан би юу болсон талаар асуусан боловч би хүн алчихлаа гээд уйлаад байснаас өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 213-214/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн .... тоот: 

1. Б-ын биед тархи доргилт, дух ясны урд хэсгээс арагш зулай, зүүн титэм заадас хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн дух, зүүн чамархайн тархины эдийн няцрал, баруун чамархайн хатуу хальсан доорхи цусан хураа, тархины суурь, баруун, зүүн силвийн ховил, шулуун синус, таславч хооронд хавирганы далд хугарал, баруун шилбэний шаант тахилзуур ясны доод 1/3-н ил хугарал, зүүн хацрын төвгөр, зүүн чамархай, хамрын нуруу, дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, баруун мөрний зулгаралт, баруун мөр, бугалганы цус хуралт, баруун шилбэний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1-р хх-н 49/,

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 5-13/,

- Хохирлын баримтууд /1-р хх-н 83-114/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 188, 225/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 224/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 226/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Т нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Дурсамж Ретро” баарны гадна Б-ыг өөрийг нь болон миний найзыг зодлоо гэх шалтгаанаар унаж явж байсан ... УНТ улсын дугаартай “Lexus 470” автомашинаар нийтийн эзэмшлийн явган хүний талбай дээр мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Тын “...Б машинаас бууж нөгөө залуусын үлдсэн газар очиж утсаа хайхад нөгөө ах нар Б рүү дайрч эхэлсэн. Тэгэхээр нь машинтайгаа буцаж эргээд очтол тэр залуус машин руу дайрч эхлэхээр нь би тэр үед айж балмагдсандаа зугатах санаатай ухасхийхэд нэг залууг дайрчихсан байсан. Тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал миний машины хойно газар нэг залуу хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б-ын “...Би 2018 оны 6 дугаар сарын 04-ний орой ...караокед байхад Б ирж байсныг бүдэг санаад байна, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтчихсэн, манай гэрийнхэн намайг уг эмнэлэгт ухаангүй 3, 4 хоночихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Өы “...Би 2018 оны 6 дугаар сарын 05-ны шөнө 00 цаг өнгөрч байхад А, Х, Б, Т гэсэн найз нартайгаа хороололд уулзаад Номингийн хойд талд байрлах караокед орж 2 шил архи хуваан ууж нэг цаг дуулцгаасан. ...тэр машинаас цэнхэр цамцтай залуу буугаад зам хөндлөн гарч бид нар дээр ирснээ зогссон байсан таксины хамар дээгүүр үсэрч гарч ирээд Б найзыг өшиглөсөн. Энэ үед нөгөө машин дотор үлдсэн эмэгтэй хамт байсан эрэгтэйтэйгээ жолоогоо солиод тэр залуу жолоо бариад бид нарыг чиглэн ирээд найз Аыг мөргөхөд А газар унасан, унасан хойно дээгүүр нь хаазлаад гараад явсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бийн “...2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ...нэг мэдэхэд дахин зодоон болсон. Тэгтэл нэг том юм хажуугаар ороод ирэхээр нь хартал Т машинтай тэр зодоон болж байсан талбайд ороод ирчихсэн байсан. Энэ үед хажуунаас нэг гар орж ирээд намайг цохитол би ухаан алдаад унасан. Нэг мэдэхэд би түргэний машин дотор шалан дээр хэвтэж байсан бөгөөд миний хажууд машинд дайруулсан гэсэн ах хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бын “...лексус 470 маркийн машинтай Т /хэрэг гарсны дараа нэрийг нь мэдсэн/ ирээд өөдөөс нь хараад зогсож байсан Аыг мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Хын “...Лексус 470 маркийн машинаас маргалдаж байсан жижиг биетэй залуу нь бууж ирээд одоо та нартай жинхэнэ алалцана гээд дайрсан. Тэр залуу Өлзийсайханыг цохиод газар унагачихаар нь бид нар юу болж байна гээд очсон чинь гэнэт эсрэг урсгалаас Лексус 470 маркийн машинтай Т /хэрэг гарсны дараа нэрийг мэдсэн/ ирээд өөдөөс нь хараад зогсож байсан Аыг мөргөсөн. А шууд машины доогуур орж дайрагдсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.А-ын “...Т машинтайгаа эргээд нөгөө хүмүүс рүү хараад зогсчихсон. Юу болчихвоо гэхээр нь би чи хүн дайрчихлаа шүү дээ гэхэд би уг нь салгах гэсэн шүү дээ, дайрчихаж байгаа юм уу гээд маш их цочирдсон. Тэгээд Т машинаас буухад нөгөө мөргүүлж дайруулсан ах газар байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Гийн “...удалгүй гадаа шуугилдаад орилоод явчихаар нь би гадаа гарч хартал шивээстэй залуу газар унасан, нөгөө жинстэй залуу машинаас орилоод уйлаад гарч ирсэн. Нөгөө хамт явсан хүүхэн нь машин дотроо хараад суугаад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Чын “...2018 оны 6 дугаар сарын 04-05 шилжих шөнө ...Нөхөр М утсаа авсан чинь хүү Т ааваа би хүн дайрчихлаа гэж хэлээд утсаа салгасан. ...Гэмтлийн эмнэлгээс Тыг хүн гэмтээсэн талаар мэдээд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирсэн хүү Т уйлаад би хүн алчихлаа гээд хашгираад байсан. Тын өмсөж явсан хувцас энгэр хэсгээрээ цус болсон байсан би юу болсон талаар асуусан боловч би хүн алчихлаа гээд уйлаад байснаас өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн .... тоот дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч эмчилгээнд гарсан 10 гаруй сая төгрөгийг хүлээн авсан мөн цаашид эмчилгээ хийлгэх 20 сая төгрөгийг бэлнээр авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 20-23, 211-212/ өгсөн байх тул шүүгдэгч Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Тт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Тт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тыг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Тын торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б- гэмт хэргийн улмаас учирсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ