Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 31

 

 

     

   

      

 

 

 

 

 

                                   

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч А, түүний өмгөөлөгч Т.Даваажав,

хохирогч Н,

гэрч Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ад холбогдох эрүүгийн _____тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____А.

 

Шүүгдэгч А нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар байрны орчим иргэн Нын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А мэдүүлэхдээ:

“...Тэр өдөр явж байгаад хохирогчид хохирол учруулсан нь үнэн миний буруу би хүний эд зүйлийг дээрэмдээгүй би гар утас аваагүй...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н мэдүүлэхдээ:

“...2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед аркаар ороод хүүхдийн талбай дээр явж байхад хүн цохих шиг болоод зууралдсан. Тухайн үед манай эхнэр салгаад орц руу ороод эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би орц руу ороод гар утас байхгүй болохоор зууралдаж байсан газар очих үед гар утас байсан. Тухайн үед миний санаанд дээрэмдэж байна гэсэн бодол санаанд орсон. Тухайн өдөр миний утас халааснаас унасан юм уу, яасан юм энэ талаар сайн мэдэхгүй байна. Намайг дээрэмдэх гэсэн гэж бодохгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А-ий өгсөн:  

“...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Богд ар хорооллын орчимд найз Тэмүүжингийн хамт шорлог идээд архи уугаад сууж байгаад гэр гэртээ харих гээд 23-н цагийн орчимд салаад явсан. Манай гэр Баруун 4 н зам Голомт хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд байдаг Богд ар хорооллын орчмоос алхаад харих гэсэн бөгөөд би тухайн үедээ гайгүй согтолттой ухаан санаатай байсан боловч алхаад явж байгаад гэнэт ухаан балартаад болсон үйл явдлыг тодорхой санахгүй байна. Гэнэт ухаан ороход би эрүүлжүүлэх байранд ирчихсэн эрүүлжүүлэхэд орсон байсан. Би зодоон хийсэн эсэх талаараа санахгүй байгаа. Миний биед гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх-н 30, 41-42/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Нын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад 23-н цагийн орчим гэртээ харих гээд Баянгол дүүргийн 1-р хороо 13-р байрны орчимд эхнэрээ гэрээс нь дуудаад авахуулаад хамт гэрт орох гээд эхнэр урд гараад би гар утсаа гаргаж ирээд оролдоод явж байсан. Энэ үед миний ард хүн явж байх шиг хөлийн чимээ сонсогдсон. Би тухайн чимээг тоогоо ч үгүй утсаа оролдоод явж байхад миний ард явж байсан хүн намайг гүйцэж түрүүлж ирээд миний зүүн талын шанаа уруу цохисон. Би шууд тухайн хүнтэй зууралдсан бөгөөд эхнэр гүйж ирээд тэр залууг түлхээд надаас холдуулсан. Намайг тухайн залуутай зууралдаж байх үед миний халаасанд миний гар утас байсан бөгөөд тэр залуугаас салаад би эхнэртэйгээ хамт зугатаагаад 13-р байрны орц уруу ороход миний халаасанд гар утас байхгүй байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдсэн. Тэгтэл тухайн залуу орцны хаалгыг хүчтэй нүдэж байгаад яваад өгсөн. Тэгээд удалгүй 3-4 минутын дараа цагдаа нар ирж надтай уулзсан. Тэгэхэд тэр залуу аркны цаана цагаан майктайгаа явж байсан бөгөөд цагдаа нар ногоон хантаазтайгаа явж байхыг нь хараад тэр залуу шууд зам гараад зугтаасан. Тэгээд цагдаа нар түүний араас хөөж богд ар хорооллын хойд талын нарийн гудамжинд оруулаад бариад авсан. Тэгээд нэг цагдаа нь надтай хамт миний гар утсыг хайсан бөгөөд тухайн залуугийн зогсож байгаад цагдаа хараад зугтаасан газрын модны ёроолд нь миний гар утас байсан. Тэгээд би өөрийн гар утсыг бүрэн бүтэн авсан бөгөөд эвдрэл гэмтэл байгаагүй. Харин цагдаа нар тухайн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11, 37/,

Мөрдөн байцаалтад гэрч Ц-ийн өгсөн:

“...Би тухайн өдөр би 18-01 цагийн хооронд явган эргүүлийн үүргийг Баянгол дүүргийн 1-р хороо 13-р байрны орчимд гүйцэтгэж байсан. 23 цагийн орчимд тайшир 10 буюу жижүүрээс 13-р байрны орчимд үл таних хүнд зодуулж байна гэж дуудлага өгсөн. Тухайн дуудлагьн дагуу очиж шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Өөрийн биеэ авч явах чадвартай эрэгтэй хүн 13-р байрны саадан дотор зогсож байсан бөгөөд тэр залуу бид хоёрыг хараад шууд аркаар гараад зугатаасан. Тэгээд би хамтрагчийн хамт тухайн залуугийн араас хөөсөн бөгөөд Богд ар хорооллын ард талын Монгол хуушуур хоолны газрын хойд талын нарийн гудамж руу орох гэж байхад нь хөөгөөд барьж авсан. Тэгээд хохирогч буюу дуудлага өгсөн хүн араас ирээд наад хүн чинь намайг эхнэртэйгээ хамт явж байхад шууд зодоод гар утас авчихсан гэж хэлсэн бөгөөд холбогдогчийн биед гар утас байгаа эсэхийг шалгахад гар утас гарч ирээгүй. Тэгээд хохирогчийг дагуулж 13-р байр уруу эргэж очиж гар утсыг нь хайхад холбогдогчийн зогсож байгаад зугтаасан газарт модны ёроолд хохирогчийн гар утас залгахад дугарч байсан. Тэгээд холбогдогч этгээдийг эрүүлжүүлэх байранд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Уянгын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 23-00 цагийн орчимд манай нөхөр гаднаас согтуу ирж байгаа болохоор би тосох гээд гарсан юм. Би нөхөр Ныг байрныхаа аркны орчмоос очиж авсан юм. Тухайн үед Н бага зэргийн хэмжээний согтолттой байсан. Тэгээд би нөхрөө дагуулаад орцны үүдэнд ирэхэд нөхөр Н миний ард талд явж байсан юм. Тэгтэл гэнэтхэн ард талд тас гэх чимээ гарсан. Тэгтэл манай нөхөр Н үл таних хүнд цохиулаад зууралдсан байдалтай байсан бөгөөд тэр хүн нь манай нөхөр Ныг зодож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд очсон бөгөөд тэр залуу намайг өшиглөөд холдуулахаар нь би эргэж нөхрөө татаж аваад орц уруу орж хаалгаа хаасан. Тэр залуу нилээн согтсон байдалтай байсан бөгөөд өмссөн байсан хувцсаа тайлаад шидлээд орилоод байсан. Тэгтэл Н миний утас байхгүй байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаа 5 орчим минутын дараа ирсэн бөгөөд тэр залууг цагаан футболктой сандал дээр сууж байхад нь би зааж өгөхөд тэр залуу цагдаа нарыг хараад зугтаасан. Цагдаа нар тэр залуугийн араас нь хөөж очиж барьж авсан бөгөөд тэр залуугийн биеэс манай нөхрийн гар утас гарч ирээгүй. Харин манай нөхөр өөрөө зодуулж байсан газрынхаа орчмоос гар утсыг олсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14/, 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар тоот:

1. Н-н биед тархи доргилт, зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20/

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-н 7-8/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/  зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

                            

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А нь согтуурсан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар байрны орчим хохирогч Нын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Нын “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ... миний ард явж байсан хүн намайг гүйцэж түрүүлж ирээд миний зүүн талын шанаа уруу цохисон. ...тэр залуу аркны цаана цагаан майктайгаа явж байсан бөгөөд цагдаа нар ногоон хантаазтайгаа явж байхыг нь хараад тэр залуу шууд зам гараад зугтаасан. Тэгээд цагдаа нар түүний араас хөөж богд ар хорооллын хойд талын нарийн гудамжинд оруулаад бариад авсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Уянгын “...2018 оны 10 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ...би нөхрөө дагуулаад орцны үүдэнд ирэхэд нөхөр Н миний ард талд явж байсан юм. Тэгтэл гэнэтхэн ард талд тас гэх чимээ гарсан. Тэгтэл манай нөхөр Н үл таних хүнд цохиулаад зууралдсан байдалтай байсан бөгөөд тэр хүн нь манай нөхөр Ныг зодож байсан. ...Цагдаа нар тэр залуугийн араас нь хөөж очиж барьж авсан бөгөөд тэр залуугийн биеэс манай нөхрийн гар утас гарч ирээгүй. Харин манай нөхөр өөрөө зодуулж байсан газрынхаа орчмоос гар утсыг олсон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А-ийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч Ад Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд шүүгдэгч А нь хохирогч Нтай зодолдож байх явцад хохирогчийн гар утас нь унасан ба шүүгдэгч уг гар утсыг өөрийн эзэмшилд оруулж аваагүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирлын талаар

Хохирогч шүүх хуралдаанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ад 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох оногдуулах саналыг гаргасан. Шүүхээс шүүгдэгч нь гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан шүүгдэгч Ад 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Ад Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Түмэд овогт Цэрэндолгорын Анх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулах ба шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14  хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ