Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01090

 

 

 

 

 

 

2023 05 31 210/МА2023/01090

 

 

А.А ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/01072 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: *****

Нэхэмжлэлийн шаардлага: тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Золтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 1986 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс шүүгчээр ажиллаж эхэлсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 96 дугаар зарлигаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн. *****ийн даргын 2022 оны 126 дугаар тушаалаар надад нэг удаагийн 97,200,000 төгрөгийн тэтгэмж олгосон.

1.2 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож, нэг удаагийн тэтгэмж олгоно.

Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын нэмэгдлээс бүрдэнэ. Гэтэл ***** нь зөвхөн шүүгчийн албан тушаалын буюу төрийн тусгай албан хаагчийн цалингийн сүлжээ цалингаар тооцоод, ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцоогүй нь буруу.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ. Мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаарх журмыг батална. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3-т ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшуулал орно, 2.1.1-д сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хуваана гэж заасан.

1.3 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 53 дугаар зүйлд зааснаар шүүгч нар нийгмийн амьдрал, аливаа үйл ажиллагаанд хязгаартай ажиллаж байсан, өндөр насны тэтгэвэрт гарсны дараа өмгөөллийн үйл ажиллагаа хийх эрхгүй, түүнчлэн бусад хуулиудад төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 насаар тогтоосон байхад мөн хуулиар шүүгчээр ажиллах насны дээд хязгаарыг 60 насаар тогтоох зэргээр олон зүйлээр эрхээ хязгаарлуулсан.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар миний бие сарын дундаж цалингийн хэмжээгээрээ 36 сарын нэг удаагийн тэтгэмжид 155,243,823 төгрөг авах байсан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т зааснаар ***** нь шүүгчийн орон тоо бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсний хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд уламжлах бүрэн эрхтэй бөгөөд Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 дүгээр тогтоолын шүүгчид нэмэгдэл олгох журамд шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан нэмэгдэл олгохоор баталсан байна.

Иймд сарын дундаж цалингийн хэмжээ болох 4,455,000 төгрөгөөр тооцож, 36 сарын тэтгэмжийн 160,380,000 төгрөгөөс *****өөс хүлээн авсан 97,200,000 төгрөгийг хасаж, зөрүү 63,180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 А.А өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарт хүрсэн тул ***** 2022 оны 92 дугаар тогтоолоор түүнийг албан тушаалаас чөлөөлүүлэхээр санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч 2022 оны 96 дугаар зарлигаар шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт зааснаар шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгох бөгөөд ***** хуулийн уг заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид тэтгэмжийг олгосон.

2.2 Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан сарын дундаж цалин гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин.

Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа. Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

2.3 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 04 дүгээр тогтоолоор УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тус тус баталсан.

Тэтгэмж, тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгоно. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн албан тушаалын цалингаас тооцдог.

2.4 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн авч байсан сарын дундаж цалин нь УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-т заасныг баримтлан хариуцагч *****өөс тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.А улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *****өөс 473,850 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар тогтоосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ...сарын дундаж цалин.. гэдэг нь шүүгчийн албан тушаалын цалин юм. Нэмэгдэл болон тэтгэмжийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу олгодог. Тодруулбал, нэмэгдлийг сар бүр, харин тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд нэг удаа олгож байгаа.

Нэмэгдлийг шүүгчид сар бүр олгодог бөгөөд нэмэгдлийн хэмжээг албан тушаалын цалингаас тооцно. Албан тушаалын цалин нь сар бүр олгогддог нэмэгдлийн хамт цалин хөлс гэсэн ойлголтыг бүрдүүлнэ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан.

Албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлийг Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Шүүгчид нэмэгдэл олгох журам-р баталсан бөгөөд уг тогтоолд дурдсанаар шүүгчид дараах нэмэгдлийг олгохоор хуульчилсан. Үүнд, УИХ-ын 2021 оны 04 дүгээр тогтоолын 2 дугаар заалтаар докторын зэргийн нэмэгдэл, шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 1 дүгээр хавсралт/, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл /УИХ-ын 04 тогтоолын 2 дугаар хавсралт/-ийг тус тус баталсан.

4.2 Тэтгэмжийг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шүүгчид нэг удаа олгох талаар хуульд заасан бөгөөд энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмж юм. Тэтгэмжийг нэмэгдлийн нэгэн адил мөн л албан тушаалын цалингаас тооцдог.

Нэхэмжлэгч нь шаардлагадаа дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийн ... авч байсан сарын дундаж цалин.. нь Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон Ерөнхий шүүгч, шүүгчийн албан тушаалын цалин юм. Иймд 36 сарын тэтгэмжийг албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс тооцох үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан ...сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасныг *****өөс хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолоор тогтоосон албан тушаалын цалингийн хэмжээнээс тооцож олгож байгаа нь хууль зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

 

5.1 Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч *****д холбогдуулан нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хуульд авч байсан сарын дундаж цалингаас нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан байтал хариуцагч үндсэн цалингаас тооцож, эрх зүйн байдлыг дордуулсан... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэг удаагийн тэтгэмжийг үндсэн цалингаас тооцсон нь зөв, нэмэгдлээс тооцох үндэслэлгүй... гэсэн агуулгаар үгүйсгэн маргажээ.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаар зарлигаар А.А ыг хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн. /хх 5/ Улмаар *****ийн даргын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсантай холбоотой А.А д нэг удаагийн буцалтгүй тусламж 97,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгосон. /хх 6-7/

4. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга нь ***** буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг үндэслэн маргасан байна. Хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой тэтгэмжийн зөрүү гаргуулах боловч маргааны зүйл нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон субьектив эрх зөрчигдсөн эсэх болсон байна.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор зохигчдын хооронд үүссэн маргаан, давж заалдах гомдлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2023/01072 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.А ы нэхэмжлэлтэй нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг гаргуулах тухай *****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН