Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 32

 

 

Н.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар магадлалтай, Н.Бт холбогдох 2040000000046 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Н.Б нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний баривчлагдаж, цагдан хоригдсон 95 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн байна.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэйн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Бийн цагдан хоригдсон 80 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анхан болон давж шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүгдэгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд “...Манай гэрт орж ирэхдээ Э ах, О хоёр согтуу байсан ба Э ах намайг “Чаддаг юм бол чи намайг алаадах, алж чадахгүй бол би чамайг ална” гэж хэлсэн. Мөн би халхын шорон Мөнгөнморьтод том явсан шүү гэх зэрэг үгээр доромжлоод байсан. О нь дэмий юм яриад бай гэж хэлээд... Үлдээсэн архинаас Э уусан бололтой талаасаа доогуур болчихсон байсан юм. Хүргэн Э баруун орон дээрээс босч ирээд хүргэн наашаа суу гээд ойртож суухад үлдсэн архинаас нэг нэг татаад Э баруун орон дээр суусан. Би зурагтныхаа удирдлагыг аваад суваг солих гэхэд удирдлагын зай унасан байхаар доошоо тонгойгоод сууж байтал Э ах гэрийн урд талаас зуухны зүүн талаар гар хөрөө бариад ална чамайг гээд над руу дайрсан. Тэгээд барьж явсан гар хөрөөгөөрөө толгойны зүүн тал хүзүү хэсэг рүү цохьсон. Тэгээд миний уур хүрээд босоод ирсэн, яаж уурласнаа мэдэхгүй, нэг мэдэхэд манай эхнэр О орон дээр намайг татаад сууж байсан... Эхнэр О юу болсон бэ гэж асуухад Э ах чамайг хөрөөгөөр алах гээд байсан гэж хэлсэн” гэж /1хх 98-99/,

гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд “...Э ах бид хоёр Б ахынд очсон. Э нь Бийг янз бүрээр доромжлоод байсан. Уухаараа агсам тавиад байдаг болохоор үлдээсэн...” гэж /2хх 199-200/,

гэрч П.О мөрдөн байцаалтын шатанд “...Тэгтэл 2020 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 03 цаг өнгөрч байхад Э ах, Б хоёр гэрийн үүдний хэсэгт ноцолдож байх чимээгээр нь сэрсэн. Э ах, Б хоёр гартаа гэрт байсан гар хөрөөг барьчихсан, Бийн хүзүүнд тулгаад зогсож байсан. Хөрөөний иртэй хэсгийг хүзүү рүү харуулаад тулгасан байсан. Тэгэхээр нь би Э ахыг та одоо болиоч ээ, хүн алах гээд байгаа юмуу гэж хэлэхэд Э ах Бийг “Гөлөг минь ална чамайг” гэж хэлсэн...” гэж /1хх 68-69/ тус тус мэдүүлдэг.

Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд амь хохирогчийн зүгээс шүүгдэгчийг хүч хэрэглэн дарамтлах, түүнийг доромжлох хууль бус үйлдлүүд гаргаж байсан байна. Шүүгдэгч амь хохирогч хоёр өмнө нь хувийн таарамжгүй харилцаатай байгаагүй нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримт буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б /1хх-26/, гэрч П.О /1хх 68/ нарын мэдүүлгээр тогтоогдсон. Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэвэл амь хохирогч нь анх 09 цагийн үед Н.Бийнд ирэхдээ түүнийг ална гэж ирсэн бөгөөд Н.Оыг хүргэж өгөөд шөнө 03 цагийн үед ирэхэд мөн адил ална гээд хүлээж байсан нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талийгаачийн хууль бус үйлдлийг эсэргүүцэх явцад Н.Бийн зүүн шанаа хэсэг, доод эрүүний зүүн хэсэг, зүүн чихний ар хажуу хэсэг, толгойн зүүн чамархайн ар дээд хэсгүүдийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Талийгаач гар хөрөө авч Н.Бийн амь насанд халдахаар дайрч улмаар бие эрхтэнд халдсан үйлдэл нь Н.Бийн хувьд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах байдалд хүргэсэн. Н.Бт хохирогчийг амь насыг санаатайгаар хохироох ямар ч санаа зорилго байгаагүй. Хувийн байдал маш сайн бөгөөд эхнэр О асран хамгаалдаг. Амь хохирогч Э нь Бийн гэрт орж ирсэн цагаасаа эхлэн түүнийг өдөөн хатгаж доромжилж эхэлсэн. Оыг хүргэж өгөөд ирэхэд нь амь хохирогч түүний хүзүү хэсэгт гар хөрөө тулган цохиж зодох явцад шүүгдэгч цочирдож айсан, мөн айлган сүрдүүлсэн, доромжилсонд уурлан гомдож, харилцан ноцолдон, тэмцэлдэх зуураа орны ард байсан буугаар түүнийг зохих явцад хохирогчийн амь нас хохирсон гэж хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч болон гэрч О нар тогтвортой мэдүүлдэг. Хэргийн үйл баримтыг шууд гэрчлэн мэдүүлсэн шүүгдэгч болон гэрч О нарын мэдүүлэг, түүнд дурдагдсан зүйлс, мэдээллийг зайлшгүй харгалзан үзэх ёстой бөгөөд эдгээрийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжилж, үнэлж дүгнэх шаардлагатай гэж үзэж байна.

Дээрх баримтаас харахад бусдын амь нас хохирсон энэхүү хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой байх бөгөөд уг үйлдэл өмнө нь давтагдаж байсан тул шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгүүдийг үнэн бодитой гэж дүгнэх үндэслэлийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл Н.Бийн амь насанд аюултай нөхцөл байдал шууд бий болсон ба уг нөхцөл байдлаас үүдэлтэй Н.Бийн сэтгэл зүйн дарамт бугшмал байдлаар хуримтлагдсаар, хэрэг гарах тухайн өдрийн хохирогчийн үйлдлээр өдөөгдөн тэсэрч, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж улмаар хохирогчийн хууль бус үйлдлийг эсэргүүцэж, хохирогчийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэл хийх сэдэл, шалтгааныг бүрдүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоож дүгнэлгүйгээр, согтуурсан үедээ гэр бүлдээ агсан тавьж, үргэлжлүүлэн бусдын эрх чөлөөнд халдаж буй үйлдэл болон уг өдөөн турхиралтын эсрэг шүүгдэгчийн хийж буй үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийлгүйгээр, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, хүнийг алсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд учир дутагдалтай болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд гомдолд дурьдсан асуудалд дүгнэлт өгч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго зэргийг тогтоож хэргийг шийдвэрлэх байтал “хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна” гэсэн нь хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн гэж үзэхээр байна.

Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар довтлох нь ёс суртахууны төдийгүй Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хууль бус үйлдэл бөгөөд 2015 оны Эрүүгийн хуульд халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт тусгагдаагүй ч П.Эы гар хөрөө бариад Н.Бийн хүзүүнд нь тулган ална гэж дайрч байгаа үйлдлийг эсэргүүцэж буюу хариу довтолгоон хийж хамгаалан зогсоохоос өөрөөр зайлуулах ямар ч боломжгүй байсныг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

Хэргийн үйл баримтыг мэдэх цорын ганц гэрч П.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Э ах гартаа гэрт байсан гар хөрөөг барьчихсан, Н.Бийн хүзүүнд тулгаад зогсож байсан. Хөрөөний иртэй хэсгийг хүзүү рүү харуулаад тулгасан байсан. Тэгэхээр нь би П.Э ахыг та одоо болиоч ээ, хүн алах гээд байгаа юмуу гэж хэлэхэд П.Э ах Н.Бийг “Гөлөг минь ална чамайг” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр Н.Б нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг үйлдэл хийсэн байдаг бөгөөд шүүхүүд анхаарч үзсэнгүй.

Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Амь хохирогч П.Э нь шүүгдэгч Н.Бийн эхнэр П.О төрсөн ах бөгөөд хохирогч П.Э, Н.Б нар хамт архи ууж согтуурсан үедээ хоорондоо маргалдан зодолдсон талаар энэ хэргийн ганц гэрч П.О “2020 оны 04 дүгээр сарын 28-ны шөнийн 03 цагийн үед ах П.Э, нөхөр Н.Б нар гэрийн үүдний хэсэгт ноцолдож байх чимээнээр сэрсэн...ах П.Э гартаа гар хөрөө барьчихсан нөхөр Н.Бийн хүзүүнд тулгаад зогсож байсан... П.Э ах Н.Бийг түлхээд миний хэвтэж байсан орон дээр давхралдаж унасан. Тэгтэл Н.Б орны ардаас буу аваад орон дээрээс П.Э ахыг түлхэн гэрийн хаалганы наана унагааж буугаараа цохиж зодсон...би Н.Бийг болиоч гэж хорьсон боловч дийлээгүй...” гэж мэдүүлсэн.

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Н.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон. Шүүгдэгч Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хохирогчийн буруутай үйлдэл, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан түүнд хуульд зааснаас хөнгөн ял шийтгэл оногдуулсныг хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Бт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-ны шөнө 03 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг “Рашаант булаг” гэх газар оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Эыг ТОЗ-8 загварын буугаар цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэв.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 15.500.000 төгрөг, 1.100.000 төгрөг, 1.250.360 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдал болон түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн, эсхүл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Өмгөөлөгч Ө.Учрал нь шүүгдэгч Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” хэрэглэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, харин өмгөөлөгч М.Билгүтэй нь Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчлэх тухай гомдлын дагуу гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны орой амь хохирогч П.Э нь Н.Оын хамт өөрийн хүргэн дүү болох шүүгдэгч Н.Бийн гэрт ирж хамт архи уусан ба 23 цагийн үед Н.Б нь Н.Оыг гэрт нь хүргэж өгөхөөр явж, түүнтэй архи хувааж уусан, улмаар шөнийн 03 цагийн үед гэртээ буцаж ирээд амь хохирогч П.Этай маргалдан харилцан ноцолдох үедээ түүнийг түлхэж унаган, ТОЗ-8 загварын буугаар цээж, толгой хэсэг рүү нь удаа дараа цохиж, баруун нүдний ухархайн гадна, дээд хана, суурийн урд хонхор дайрч чулуулаг яс хүрсэн нийлмэл хугарал, дух, зулай, дагзны дэлбэнгийн хатуу хальсны доорх тархмал цус харвалт, …зүүн 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийн цус, хий хуралдалт … бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч П.Э гавал тархины гэмтлээс шалтгаалсан амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримт гэрч П.О, Н.О, шүүгдэгч Н.Б нарын харилцан зөрүүгүй мэдүүлгүүд,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1032 дугаартай дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 загварын буу зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.       

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч Н.Э согтуугаар шүүгдэгч Н.Бтой маргаж, гар хөрөө хэрэглэн “ална” хэмээн заналхийлсэн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хэдий ч түүний согтууруулах ундаа их хэмжээтэй хэрэглэсэн үедээ гаргасан дээрх танхайн шинжтэй үйлдлийг гарцаагүй биелэгдэх шинжтэй буюу хүнийг санаатай алах гэсэн хүсэл зоригийн дагуу хийгдсэн гэж үзэх, түүнчлэн амь хохирогч П.Эы зүгээс шүүгдэгч Н.Бт урьд нь өс хонзон санаж, хүч хэрэглэн заналхийлж, дарамталж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл амь хохирогчийн дээрх үйлдлийг бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус, тулгарсан довтолгоонтой адилтган үзэж, улмаар шүүгдэгч Н.Бийн    ТОЗ-8 загварын буугаар хохирогч П.Эыг газар унасан байхад нь олон удаа цохиж алсан хэргийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн амь хохирогч Н.Эы зүгээс шүүгдэгч Н.Бийг хүндээр тохуурхан доромжилж, эсхүл хүч хэрэглэн эрхшээлдээ оруулж, тэсвэрлэшгүй дарамт шахалтыг үзүүлсний улмаас түүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг санаатай алсан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг шүүхийн тогтоосноос өөрөөр өөрчлөн дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал нар нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан нь Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” зарчимтай зөрчилдөж буй хэдий ч анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зохих буруутай үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгч Н.Б нь өмгөөлөгч Г.Ганбадрахын хамт шүүх хуралдаанд оролцохдоо өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас доогуур ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Билгүтэй, Ө.Учрал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                                   

 

                                                ДАРГАЛАГЧ                                                      Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН                                                                                   

                                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН