Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2017/00019

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш би Б сумын 4 дүгээр багийн оршин суугч Р.Т , тус аймгийн Г харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Б сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Р.Т намайг Б сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Р.Т нь 2017 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлуулж чадаагүй. Ажлын хариуцлага алдсанаас болж 2017 онд нэг ч иргэнд газар эзэмшүүлэх боломжгүй болгож иргэдийг хохироож байгаа. Шинэ программд нэвтэрч 2017 онд бүх сум шинэ тоног төхөөрөмжөөр хангагдахад мэргэжлийн чадваргүйгээс Б сум авч чадаагүй. Тэтгэвэрт гарах тэтгэмж авах эрх үүссэн. Иймээс 2017 оны 01 дүгээр сараас эхлэн ажлаас чөлөөлсөн боловч оронд нь ажиллах хүн бас л шаардлага хангахгүй байгаа учраас Р.Тийг түр үргэлжүүлэн ажиллуулж байгаа. Оронд нь ажилласан хүн цалин хөлс аваагүй. Р.Т нь 01 дүгээр сараас өнөө хүртэл цалин хөлс авч байгаа болно. Цаашид ч ажлаас халагдах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Т нь тус шүүхэд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Б сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргасан ба уг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг үндэслэн Б сумын газрын даамал Р.Тийг төрийн албанаас чөлөөлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас Р.Тийг үргэлжлүүлэн ажилллуулж байгаа, 01 дүгээр сараас эхлэн өнөөг хүртэл цалин хөлс авч байгаа гэж хариу тайлбар ирүүлсэн ба мөн дээрх Б/27 дугаар Р.Тийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар хүчингүй болгосоноор хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч биелүүлсэн байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ньхуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Б сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Р.Тий нэхэмжлэлтэй, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ С.ЕРКЕШ