Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 127/2018/0014/З |
Дугаар | 221/МА2019/0267 |
Огноо | 2019-05-15 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2019/0267
2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2019/0267 | Улаанбаатар хот |
|
|
|
ХХААХҮЯдАДОБАЗ-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2019/0003 дугаар шийдвэртэй, ХХААХҮЯдАДОБАЗ-ны нэхэмжлэлтэй, Х аймгийн Д сумын ИТХ болон Д сумын З д-д тус тус холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд О.Б-ийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 127/ШШ2019/0003 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2, 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.4 дэх хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д сумын ИТХ -ын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 тоот тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалт илт хууль бус болохыг тогтоож, хамтран хариуцагч Д с-ын З д-ын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд О.Б давж заалдах гомдолдоо: “ ...О.Б нь хуулиар олгогдсон эрх үүргийн дагуу сумын ИТХ, ЗДТГ, Газрын албанд өргөдөл гаргаж, хуулийн дагуу ямар ч зөрчилгүй уг газрыг авсан болохоор би буруугүй. Тухайн үед тусгай хэрэгцээний газар гэгдэх Отрын бүсийн захиргаа газар зохион байгуулалт огт хийж байгаагүй орон нцтаг анхнаасаа иргэдэд газрыг олгогдсон жишигээр би газар авсан тиймээс би хохирох ёсгүй. Төрийн албадын уялдаа холбоогүй ажлын зохион байгуулалт байхгүйн улмаас иргэний миний үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Тусгай хэрэгцээний газар” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
ХХААХҮЯдАДОБАЗ-аас “Х аймгийн Д сумын ИТХ-ын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож, Д сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/120 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ ... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж ... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор тус тус зохицуулжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолын 3 дахь заалтаар ... Тусгай хэрэгцээний газарт авсан аймаг дундын отрын бэлчээрийг зохистой ашиглах хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулжээ.
Тус захиргааны чиг үүргийн хүрээнд аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журмыг дээрх Засгийн газрын тогтоолын 2 дугаар хавсралтаар баталж, уг журмын 14 дүгээр зүйлд “Захиргаа нь холбогдох аймгийн Засаг дарга болон хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад отрын бэлчээрийг нөхөн сэргээх сайжруулах, ..... засварлах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бий болгох... зэрэг асуудлыг зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэх”-ээр зохицуулжээ.
Уг зохицуулалтыг Отрын захиргаанд отрын бэлчээрийн газрыг ашиглах, хамгаалахтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар тусгайлан олгосон гэж үзэхгүй.
Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 127/ШЗ2018/0089 дүгээр захирамжаар ХХААХҮЯдАДОБАЗ-аас Х аймгийн Д сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр байна.
Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан атлаа уг захиргаанаас тус сумын Засаг даргын 2015 оны А/120 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дахин гаргасан байхад захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь буруу байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “... уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, ... хуулийн хүчин төгөлдөр ... шүүгчийн захирамж байгаа” гэсэн үндэслэлээр Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Харин Х аймгийн Д сумын ИТХ-д холбогдуулан мөн нэхэмжлэл гаргах эрхгүй, хуульд нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заагаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.
Захиргааны хэргийн шүүхийн зорилго бол нийтийн эрх ашгийг зохицуулсан хуулийг хэрэгжүүлэх зорилго бүхий захиргааны байгуууллагын үйл ажиллагаанаас нэг иргэний эрхийг зөрчигдөхөөс хамгаалах зорилготой бөгөөд харин хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий нэг захиргааны байгууллагын нийтийн эрх ашгийг зөрчиж нэг иргэнд давуу эрх олгосон илэрхий хууль зөрчсөн асуудлыг нөгөө захиргааны байгууллагын нэхэмжлэлээр шийдвэрлэх үүрэггүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Тавинесдүгээр зүйлийн 1-д зааснаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Монгол Улс нь нэгдсэн улс болохынхоо хувьд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох орон нутгийн Хурал, Засаг дарга нь хууль дээдлэх, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд нийтийн эрх ашгийг хамгаалж гаргасан Тусгай хэрэгцээний газар нутагт газар эзэмшүүлэхийг хориглосон хууль, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлээгүй, илэрхий хууль зөрчсөн гэх асуудлыг холбогдох яам нь Засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д “Засгийн газрын гишүүн доор дурдсан хүрээний бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт болон дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг эрхэлнэ: ...13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд: хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого”, 184 дугаар зүйлийн 184.4-д “... 3/ сайдын даалгаснаар Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргатай харилцах;”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 34, 35, 36 дугаар зүйлд тус тус зааснаар отрын бэлчээрийн газрыг ашиглах, хамгаалахтай холбоотой асуудал эрхэлсэн сайд нь орон нутгийн байгууллагуудтай харилцах эрхийг зохицуулсан байх бөгөөд захиргааны байгууллага хоорондын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд үүссэн маргааныг хуульд заагаагүй байхад захиргааны хэргийн шүүх хянах эрх зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.