Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/0140

 

 

 

 

Г М п” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий

газарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

   Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, Танхимын тэргүүн:  Ч.Тунгалаг

       Шүүгчид:                                      М.Батсуурь

                                                            Д.Мөнхтуяа

                                      П.Соёл-Эрдэнэ

      Илтгэгч шүүгч:                              Х.Батсүрэн

      Нарийн бичгийн дарга:  Т.Даваажаргал

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэр,

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 515 дугаар магадлалтай,

     Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 276 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, түүний өмгөөлөгч П.И, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Э нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Нэхэмжлэлийн шаардлага:

      1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах;               

        Хэргийн нөхцөл байдал:         

       2. “Г М п” ХХК-ийн гүйцэтгэх захирал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн F S /Ш  овогтой Ф/ нь F v T /Ф т о Ф/ гэж овгоо өөрчилсөн, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гүйцэтгэх захирлын овог нэрд орсон өөрчлөлтийг журмын дагуу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргаж, мөн сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, тус компанийн гэрчилгээнд тэмдэглүүлж, компанийн гүйцэтгэх захирлын овог солигдсонтой холбоотой гэрчилгээг дахин олгосон. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтээр дээрх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд оруулсан өөрчлөлтийг хүчингүй болгуулах дүгнэлт гаржээ.

     3. Дээрх дүгнэлтийг “Г М п” ХХК-иас эс зөвшөөрч дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... гүйцэтгэх захирлын овог нэр өөрчлөгдсөн нь компанийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж буй асуудал биш, гүйцэтгэх захирлын овог нэр өөрчлөгдсөн асуудал нь улсын байцаагчийн дүгнэлтэд дурдснаар “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан” гэж үзэхгүй, овгийн өөрчлөлт оруулсан тэмдэглэлийг хүчингүй болгосноор компанид илт хохиролтой байдал үүсгэсэн, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй мэт ойлголтыг бий болгосон, мөн удирдах албан тушаалтан өөрчлөгдөөгүй байхад өөрчлөгдсөн мэт ойлголтыг төрүүлсэн, “Бк” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн шууд байцаагчийн дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн, уг компанийн гүйцэтгэх захирал болон бусад хувьцаа эзэмшигчдээс тайлбар авч, сонсох ажиллагаа хийгээгүй нь хууль зөрчсөн ...” гэж; 

     4. Хариуцагчаас ... 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тус компанийн гүйцэтгэх захирлын нэрийг өөрчилсөн бүртгэлийг мэдээллийн санд бүртгэхдээ уг компанийн нийт хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хурлын тэмдэглэлгүйгээр бүртгэсэн зөрчил илэрсэн, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт гэсэн үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгосон, тус өөрчлөлтийг бүртгэсний дараа уг компанийн хувьцаа эзэмшигч “Бк” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас бүртгэлийн газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн УБ-01/20 дугаар албан бичгээр ... гүйцэтгэх захирлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн F v T/Ф т о Ф/ -г бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гомдол гаргасан, уг гомдлын дагуу сонсох ажиллагаа хийхэд утас нь холбогдох боломжгүй /төлбөр төлөгдөөгүй/ байсан учир сонсох ажиллагаа хийж чадаагүй” гэж, гуравдагч этгээдээс “ ... 2015 оноос хойш хамтран ажиллаж, тус компанийн хувьцаа эзэмшигч болсон, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулдаггүй, тус Ф Ш-ийн эрх үүрэг дуусгавар болсон, хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаар асуудлаа шийдээд албан ёсоор шийдвэр гарсны дараа улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах ёстой, албан ёсны хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гараагүй байхад баримт бичигт өөрчлөлт оруулан бүртгүүлэх нь хууль бус ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

        Анхан шатны шүүхийн шийдвэр:         

       5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

        Давж заалдах шатны шүүхийн магадлал:

       6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 515 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г М п” ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

          Хяналтын журмаар гаргасан гомдол:

       7. Нэхэмжлэгч “Г М п” ХХК-ийн өмгөөлөгч П.И-с Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан;

     8. ... Энэхүү захиргааны хэргийн 8-18 дахь хуудсанд баримтаар авагдсан Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хамтарсан хөрөнгө оруулалттай “Г М п” компанийн дүрэмд хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр гадаад паспорт бүхий мэдээлэл байхгүй байх бөгөөд үүсгэн байгуулах үндсэн баримт бичигт зохих өөрчлөлтийг оруулах үр дагавар үүсгэхээргүй байгаа болно.

     9. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Г М п” ХХК-ийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хуулийн этгээд E G P Ch kg, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын хуулийн этгээд “G G”, Монгол Улсын хуулийн этгээд “Бк” ХХК нар үүсгэн байгуулсан. Гүйцэтгэх захирлын овог өөрчлөгдөхөд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарахгүй. Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын эрх хэмжээний асуудал биш. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилогдсон Ф Ш хэвээрээ байгаа болно. Гүйцэтгэх захирлын овог өөрчлөгдсөнөөр үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохгүй бөгөөд хувьцаа эзэмшигч өөрчлөгдөөгүй болно. Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-д заасан зохицуулалт хамаарахгүй. Давж заалдах шатны шүүх гүйцэтгэх захирлын овог өөрчлөгдсөнийг компанийн нэр өөрчилсөн гэж үзсэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн үндэслэлтэй илт зөрүүтэй байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан болно.

        10. Улсын хяналтын байцаагчийн 5646 дугаар дүгнэлтийн тухайд “Г М п” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэл Ф Ш 015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэх захирал овгийн өөрчлөлтөө бүртгүүлэн Флориан фон Тухер болгон бүртгүүлснээс хойш одоо гүйцэтгэх удирдлага Флориан Фон Тухер бүртгэл төлөв тийм гэсэн бүртгэлтэй байгаа бөгөөд хэдийгээр Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т “Иргэн нэрээ өөрчилсөн нь түүний өмнөх нэрээр олж авсан эрх, хүлээсэн үүргийг өөрчлөх буюу дуусгавар болгох үндэслэл болохгүй” гэсэн хуулийн зохицуулалт байх боловч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд Ф Ш төлөв үгүй гэсэн бүртгэлтэй байгаа.

    11. Энэ нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5646 дугаар дүгнэлтийг үндэслэл бүхий захиргааны акт болгон магадлалдаа тусгаснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг тодорхойгүй болгосон нөхцөл байдлыг үүсгэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

    12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Г М п” ХХК руу залгахад холбогдож чадаагүй тул сонсох ажиллагааг хийж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

     13. Улсын байцаагч нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “... зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж хуулийн тодорхой зохицуулалт байх бөгөөд үүний дагуу шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах арга хэмжээ авалгүй шууд бүртгэлийг хүчингүй болгох, сонсох ажиллагаа хийгээгүй нь улсын хяналтын байцаагчийн 5646 дугаартай дүгнэлт нь “Г М п” ХХК-ийн хувьцааны 36.77 хувийг эзэмшигч “Бк” ХХК-ийн талд хэт нэг талын эрх ашиг сонирхлыг хамгаалан захиргааны хууль бус акт гаргасан гэж үзэж байна.

    14. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн нарийвчилсан хуулийн заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байхад харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг ерөнхийд нь тайлбарлан зөрүүтэй хэрэглэсэн байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 515 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

      15. Хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

    16. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Г М п” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн F S /Шмиед овогтой Флориан/ бүртгэлтэй, тэрээр овгоо өөрчилж, F T v S /Ф Т Ф З/ овогтой болсон нь хэрэгт авагдсан ... М хотын анхан шатны Гэр бүлийн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэрээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл иргэний хувийн мэдээлэл болох овог нь өөрчлөгджээ.

   17. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна” гээд 7.1.3-т “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “Монгол Улсын ... хуулийн этгээд энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн мэдээллийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

       18. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д “үүсгэн байгуулах баримт бичиг”, 10.1.10-т заасан “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ... гадаадын иргэн бол паспортын хуулбар” нь хуулийн этгээдийн мэдээлэл буюу хувийн хэрэгт агуулагдах мэдээллийн нэг бүрдэл байхаар заажээ. Өөрөөр хэлбэл, үүсгэн байгуулах баримт бичгийн мэдээлэл нь хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, гадаад иргэний паспортын хуулбарын мэдээллээс тусдаа бүртгэгддэг гэж үзэхээр байна.

    19. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал F v T/Ф Ф Т/ нь шүүхийн шийдвэрээр овог өөрчлөгдсөн бодит байдлын талаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийн хамт хүсэлтээ гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14.2-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээс гадна хариуцагч бүртгэлийн байгууллагаас тус компанийн гүйцэтгэх захирал F S/Ф Ш/ нь F v T/Ф Ф Т/ овогтой болж өөрчлөгдсөн тухай мэдээллийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “үнэн зөв, бодитой, ... байх” зарчимд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

       20. Хуулийн этгээдийн “үүсгэн байгуулах баримт бичиг” гэж эрх бүхий этгээдээс гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээг ойлгохоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д тодорхой заасан, тус заалтын агуулгаас үзвэл, үүсгэн байгуулах баримт бичиг нь шинээр, эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах болон хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрээс гадна уг шийдвэртэй холбогдон гарах компанийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээ байх бөгөөд тухайн шийдвэр, дүрэм, гэрээнд аливаа хэлбэрээр нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан нөхцөл хэрэглэгдэхээр байна.

     21. Тухайн тохиолдолд, гүйцэтгэх захирлаар өөр этгээдийг томилоогүй бөгөөд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал, мөн хувьцаа эзэмшигч F S /Ф Ш/ нь F v T/Ф Ф Т/ овогтой болж өөрчлөгдснийг үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт гэж үзэхгүй тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэх хуулийн шаардлагагүй.

     22. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “ ... иргэний хувийн бүртгэл мэдээлэл өөрчлөх харилцаа нь энэхүү маргаанд хамааралгүй, ... үүсгэн байгуулах үндсэн баримт бичгийг өөрчилсөн бүртгэлийг хуулийн этгээдийн мэдээллийн санд хийлгэхэд үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр зэргийг хуульд тусгайлан заасан, ... уг шийдвэр баримтгүйгээр ... овог сольсон талаарх баримтыг үндэслэн хуулийн этгээдийн мэдээллийг өөрчлөн бүртгэсэн нь хууль бус, ... ” гэж дүгнэснийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын утга агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

      23. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт “ ... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 дэх хэсэг...” гэж уг хуульд байхгүй заалт баримтласан, нөгөөтэйгүүр тухайн маргаанд хэрэглэвэл зохих Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалтыг баримтлалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 515 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 433 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10 дахь хэсэгт заасныг” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 14 дүгээр зүйлийн 14.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10-д заасныг тус тус” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г М пХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Ч.ТУНГАЛАГ

            ШҮҮГЧИД                                                                             М.БАТСУУРЬ

                                                                                               Д.МӨНХТУЯА

                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                   Х.БАТСҮРЭН