Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 54

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМН3ӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бэд холбогдох эрүүгийн _____дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____, Б.

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 29 дүгээр байрны 05 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Бийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчим би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 29-05 тоотод байрлах гэртээ эхнэр Танжарых, хүү А /8 настай/, дүү Ж нарын хамт байж байгаад би эхнэрийн өгсөн “Е” баримтуудыг өөрийн гар утсаар уншуулж байсан чинь бэлгэвч худалдан авсан баримт гарч ирэхээр нь би эхнэр дээр очоод асуусан чинь эхнэр...өөдөөс би тайлан тавих албагүй.. гэхээр нь би уурлаад эхнэр Танжарыхын нүүрлүү 4-5 удаа гараараа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 30-31/ ,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Т-ын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 23 цагийн орчим би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 29-05 тоотод байрлах гэртээ нөхөр Б, хүү А /8 настай/ нөхрийн дүү Ж нарын хамт байж байгаад би ажил дээрээс авчирсан Е баримтуудыг нөхөр Б өөрийнхөө гар утсаар баримтуудыг уншуулаад сууж байсан би унтлагын өрөөнд байж байсан чинь нөхөр Б энэ юу вэ гээд нэг баримт авчраад надад харуулсан. Тэгээд би тэр баримтыг нь харсан чинь Гэрэлтсэмбэрүү гэх эмийн сангийн Траст товруутой 2 ширхэг гэсэн бэлгэвчний баримт байхаар нь би наад баримт чинь манай эмийн сангийн баримт гэсэн чинь Б надад уурлаад чи юу солиороод байгаа юм гээд миний нүүрлүү хоёр удаа алгадаад авсан ба би орноосоо босоод өөрөөсөө холдуулсан чинь миний нүүрлүү 3-4 гараараа цохиод зодсон. Тэр үед нөхрийн дүү Ж ирээд болиулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад зодуулсан талаараа өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 8-9/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. Т-ын биед тархи доргилт, духны зүүн хажуу хэсэг, шанаа, эрүү зүүн нүдний салст, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 11/,

 

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 23-24/,

- Хохирогчийн хүсэлт /хх-н 38/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 17/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Т-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Бийн “...эхнэр...өөдөөс би тайлан тавих албагүй.. гэхээр нь би уурлаад эхнэр Танжарыхын нүүрлүү 4-5 удаа гараараа алгадсан...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Т-ын “...Б надад уурлаад чи юу солиороод байгаа юм гээд миний нүүрлүү хоёр удаа алгадаад авсан ба би орноосоо босоод өөрөөсөө холдуулсан чинь миний нүүрлүү 3-4 удаа гараараа цохиод зодсон. Тэр үед нөхрийн дүү Ж ирээд болиулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад зодуулсан талаараа өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ... тоот  дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч “...надад учруулсан хохирлыг бүрэн барагдуулж ямар нэгэн гомдол санал нэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Бэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Бэд 550.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Бийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

                                                                                                                

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ