Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 49

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч О.Сарангэрэл,

шүүгдэгч Ц, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....., Ц-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Лидагийн Цэнд-Аюуш нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 36и байранд байрлах “Сайхан” салонд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,48 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц мэдүүлэхдээ:

“...10 дугаар сарын 20-ны өдөр би ажил дээрээ байж байхад 15 цагийн үед нэг хүн орж ирээд шивээс хийлгэсэн. Шивээс хийлгэсэн мөнгөнийхөө оронд нэг зүйл өгье гэж хэлсэн. Би шивээсээ бүрэн хийж дуусаагүй, түр ажлаасаа гараад буцаад ороод ирэх үед нөгөө зүйлээ орхиод явсан байсан. Би орой нь гэртээ очоод фэйсбүүкээр бичлэгий нь үзээд хагассайнд хэрэглэж үзсэн. Би гуравдахь өдөр цагдаад баригдсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Цийн өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлаа хийж байтал 25 орчим насны үл таних залуу орж ирээд өөрөө шивээс хийлгэх талаар надад хэлсэн. Тэгээд уг залуу надад шавар гэх зүйл байгаа би чамд шавар гэх бодисноосоо өгье чи оронд нь надад шивээс хийгээд өгчих гэж нилээн гуйсан. Би тэрийг нь тоолгүй, үгүй гэдгээ хэлээд мөнгөөр нь хийх талаараа хэлсэн. Тэгээд уг залуу мөнгөөр хийлгэхээр болоод баруун мөрөн дээрээ аалз шивүүлсэн. Уг залуу өөрөө шивээснийхээ зургийг надад авчирч өгч хийлгэж 70.000 орчим төгрөг өгсөн. Би шивээсээ 2 цаг гаран хийгээд дуусгасан бөгөөд завсарлаад 00 орчихоод гарч тамхи татчихаад ороод иртэл нөгөө залуу яваад өгсөн байсан. Би уг залууг уг шивээсээ бага зэрэг байлгаж байгаад хувцсаа өмсөөд гарах байх гэж бодоод тайван орсон чинь гараад явсан байсан. Тэгээд анзаараад хартал ширээн дээр цагдаад хураалгасан жижиг сав үлдээсэн байсан бөгөөд онгойлгоод үзтэл баримлын шавар шиг дугуй хэлбэртэй зүйл байсан. Би тэрийг нь аваад араас нь гарч хайгаад олоогүй. Тэгээд нөгөө шавар мэт зүйлийг сонирхоод тэр өдрөө ажил дээрээ хэрэглэж үзсэн. Хэрэглэхдээ тугалган цаасан дээр тавиад доороос нь асаагуураар төөнүүлээд шавар ууршихаар нь утааг нь сорж хэрэглэсэн. Би ингэж хэрэглэх аргыг тэр ахаас сурсан. Интернэтээс хайж үзэхэд бас байдаг юм билээ. Тэр ах шивээс хийлгэхийн өмнө болон шивээс хийлгэж байх үедээ уг шавар гэх бодисны талаар нилээн надтай ярилцсан.

Тэр оройноо нэг удаа хэрэглээд нөгөө хайрцагтай шавар гэх зүйлээ ажил дээрээ орхиод гэрлүүгээ явсан. Гэртээ очиж амраад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ажил дээрээ очиж ажлаа хийж 2 хоносон. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өглөө нөгөө шавар гэх зүйлийг дээрх аргаар бас ажил дээрээ хэрэглэж үзсэн. Уг зүйлийг хэрэглэсний дараа нойр хүрч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээд л цагдаа нарт баригдсан. Гэрт байсан хуйлсан мөнгө, тугалган цаасыг би ажил дээрээсээ цүнхлээд аваад очсон байсан. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шавар гэх бодис хэрэглээд хэрэглэсэн мөнгөлөг цаас, хуйлсан мөнгөө цүнхэндээ хийгээд аваад харьсан. Би урьд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө шоконд орсон байсан тул тийм мэдүүлэг өгсөн. Би одоо бол бүгдийг яг үнэн зөвөөр ярьж байна...” гэх мэдүүлэг /хх-н 158-161/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... тоот:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн ... дээж нь тэнцэнэ. “2018.10.24 Лида Цэнд-Аюуш УХ98042119” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

Илэрсэн Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна гэх дүгнэлт /хх-н 118/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот:

1.2. Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “№24 гэж дугаарласан зууван дугуй хэлбэртэй 3 ширхэг бор өнгийн шавар мэт зүйл, №52 гэж дугаарласан АМ1410627 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, АU338800 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт, №51 гэж дугаарласан ZN0569722 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, №81 гэж дугаарласан Сиddle гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн босоо дугуй хэлбэртэй сав, №82 гэж дугаарласан зууван хэлбэртэй, хуванцар тагтай, цагаан өнгийн хуванцар сав, №83 гэж дугаарласан АG5271985 серийн дугаартай 10 төгрөгийн дэвсгэрт, №84 гэж дугаарласан тогоо хэлбэртэй, шаргал өнгийн металл гаанс мэт зүйл, №85 гэж дугаарласан 8x8 хэмжээтэй 2 ширхэг тугалган цаас, №86 гэж дугаарласан АК5805844 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 8x8 хэмжээтэй нэг тал нь хөө мэт зүйлээр бохирлогдсон, нөгөө тал нь олон тооны цэгчилж шатсан тугалган цаас, №87 гэж дугаарласан 1,5 см диаметр жижиг, цагаан өнгийн хуванцар тагтай сав” зэрэг зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.

Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

“№51 гэж дугаарласан 8x8 хэмжээтэй цэгчилж шатсан тугалган цаас мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлийн цэвэр жин нь 0,4562 гр байсан шинжилгээнд 0,0209 гр-г зарцуулж, 0,4353 гр-г буцаав гэх дүгнэлт /хх-н 123-124/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 8 тоот:

1. Ц нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Одоогоор Ц нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Ц нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018.10.22-2018.10.24-ний өдрүүдэд хэрэг хариуцах чадвартай байсан байна.

5. Ц нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Ц нь одоогоор сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Цт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Ц нь одоогоор мансууруулах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэх дүгнэлт /хх-н 133-134/,

 

           - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-25/,

           - Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 37-40/,

           - Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 92-98/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 167, 192/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 168/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 36и байранд байрлах “Сайхан” салонд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,48 грамм “шавар” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Цийн “...шавар мэт зүйлийг сонирхоод тэр өдрөө ажил дээрээ хэрэглэж үзсэн. Хэрэглэхдээ тугалган цаасан дээр тавиад доороос нь асаагуураар төөнүүлээд шавар ууршихаар нь утааг нь сорж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ... тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Химийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ... тоот дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Цийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхийн эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Цт 01 /нэг/ жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цт 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Цт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №24 гэж дугаартай зууван хэлбэртэй дугуй хэлбэртэй 3 ширхэг бор өнгийн шавар мэт зүйл 0,4353 грамм,

- №52 гэж дугаартай АМ1410627 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт, АU0338800 серийн дугаартай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт,

- №51 гэж дугаартай ZN0569722 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт, 8*8 см хэмжээтэй цэгчилж шатсан тугалсан цаас,

- №81 гэж дугаартай Cuddle гэсэн бичигтэй цагаан өнгийн босоо дугуй хэлбэртэй сав,

- №82 гэж дугаартай зууван хэлбэртэй, хуванцар тагтай, цагаан өнгийн хуванцар сав,

- №83 гэж дугаартай AG5271985 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт,

- №84 гэж дугаартай 8*8 см хэмжээтэй 2 ширхэг тугалган цаас,

- №86 гэж дугаартай AK5805844 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, 8*8 см хэмжээтэй нэг тал нь хөө мэт зүйлээр бохирлогдсон, нөгөө тал нь олон тооны цэгчилж шатсан тугалган цаас,

- №87 гэж дугаартай 1,5 см диаметртай жижиг, цагаан өнгийн хуванцар тагтай сэв зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

7. Шүүгдэгч Цт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ