Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 163

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг, Сэнж найрамдал 2 дугаар гудамж 7 дугаар байр 16 тоотод оршин суух, Амгаан овогт Бадамын Нармандах /ЕС56050119/-ийн нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Алтансүх нэхэмжлэгч Б.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие эхнэр Төмөрийн Энхтуяатай анх 1984 оноос танилцаж дотносон гэр бүл болж 1985 оны 11 дүгээр сарын 24-нд том охин Өнөржаргалыг төрүүлээд 1988 оны 01 дүгээр сарын 17-нд удаах охин Сувдмаа, 1990 оны 05 дугаар сарын 02-нд хүү Галсандорж, 1991 оны 06 дугаар сарын 01-нд охин Ундрахбаяр, 1999 оны 02 дугаар сарын 17-нд бага охин Шинэсарангийн хамтаар 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл эхнэртэйгээ 33 жил хамт амьдарсан. Эхнэр Энхтуяа маань 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Бага охин маань насанд хүрээгүй учраас тэжээгчээ алдсаны тэтгэмж 2014 оны 06 дугаар сарын 20-ноос 2016 оны 05 дугаар сар хүртэл авч байсан боловч гэрлэлтийн баталгаа байхгүй улмаас тэтгэмж нь зогссон. Анх хүүхдийн төрсний гэрчилгээ ааваараа овоглосон бол болно гэж байсан боловч заавал хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай болсон учраас дээрх бичсэн миний өргөдлийг харгалзан үзэж өөрийн эхнэр Т.Энхтуяа болон миний бие Б.Нармандахтай хамтын амьдралтай байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Нармандах нь Т.Энхтуяатай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Нармандах нь Т.Энхтуяатай 1985 оноос эхлэн хамтын амьдралыг зохиож тодорхой шалтгааны улмаас хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдарч, энэ хугацаандаа охин Н.Өнөржаргал, охин Н.Сувдмаа, хүү Н.Галсандорж, охин Н.Ундрахбаяр, охин Н.Шинэсаран нарыг төрүүлж өсгөсөн ба хамтдаа ажиллаж амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Н.Шинэсарангийн төрсний гэрчилгээний хуулбар, Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч Н.Сувдмаа, Ч.Алимаа нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, Төмөрийн Энхтуяаг нас барсаны бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Б.Нармандахыг Т.Энхтуяатай 1985 оноос 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Б.Нармандахыг Т.Энхтуяатай 1985 оноос 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ