Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Н, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

хохирогч Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн . дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .й, Н.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмон Билэг” нэртэй караоке дотор Тгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т мэдүүлэхдээ:

“...Тухайн үед би Н-гын биед хүрээгүй, согтуу орж ирээд эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Төлбөр тооцооноос болоод маргалдсан. Би эмэгтэй хүн рүү дайраагүй. Би хүзүүндээ 5 оёдол тавиулсан. Миний биеийн байдал сайжраагүй байгаа. Одоо эм уугаад явж байгаа. Би Н-гээс эмчилгээний зардалд 2.300.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна. Миний эрүүл мэндийн талаар асуусан зүйл байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Нн өгсөн:

“...16 цагийн үед хамт ажилладаг найзуудтайгаа хороололд уулзаад 3-лаа 2 шил 0,5 литрийн Болор архи хувааж уугаад 21 цагийн үед БГД-н 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрмон Билэг нэртэй пабад ирсэн. Эхнэр уг пабыг ажиллуулаад текэн дээр зогсож байсан. Гэтэл үйлчлүүлж байсан 30 орчим насны эрэгтэй уусан зүйлийнхээ тооцоог хийхгүй эхнэрийг хэл амаар доромжилсон зогсож байсан. Би очоод чи тооцоо хийлдээ гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлээд барилцаж аваад толгой руу 2 удаа цохисон. Ингэхээр нь би хажууд байсан Сэнгүр пивоны хоосон шилээр толгой руу 1 удаа цохисон. Эхнэр ирж салгасан, салгаад зогсож байтал цагдаа ирсэн, цагдаа намайг БГД-н цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч яваад эрүүлжүүлэхэд хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 20, 40-41/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Тгийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 04-ний оройн 21 цагийн үед БГД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрмон Билэг нэртэй караокед 4-лээ орж үйлчлүүлсэн. 1 номерын өрөөнд ороод 4-н шил Сэнгүр нэртэй пиво захиалсан, дараа нь нэмээд 4-н шил Сэнгүр авсан. 23 цагийн үед караокены цаг дуусаад гарсан. Тооцоо хийх гээд текэн дээр би А-ын хамт очсон очоод тооцоо хийх гэж байтал, Н- гэх хүн согтуу ирээд эд нар тооцоогоо хийсэн юм уу гэж асуусан би чамд ямар хамаатай юм тооцоо хийх гэж байна гэж хэлтэл, муу сайн лалрууд яахаараа уусан юмныхаа тооцоог хийдэггүй юм гэж амандаа хэлснээ толгой руу пивоны шилээр цохисон. Ингээд толгойноос цус гарч байтал цагдаа, түргэний машин хоёр ирсэн, цагдаа Н- гэх хүнийг аваад явсан, намайг түргэний машин гэмтлийн эмнэлэг рүү авч яваад толгойн дагзны харалдаа 5-н оёо тавиулсан, дараа нь найз А-ын гэрт очиж хоноод маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж өргөдөл өгсөн. Эмчилгээний зардал 1.500.000 төгрөг, 7 хоног ажилдаа яваагүй цалин 1.100.000 төгрөг гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот:

               1. Т-н биед дагзны хуйхны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

               2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

               3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 17/,

 

               - Хохирлын баримтууд /хх-н 60-61/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 23/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрмон Билэг” нэртэй караоке дотор Тгийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Нн “...Эрмон Билэг нэртэй пабад ирсэн. Эхнэр уг пабыг ажиллуулаад текэн дээр зогсож байсан. Гэтэл үйлчлүүлж байсан 30 орчим насны эрэгтэй уусан зүйлийнхээ тооцоог хийхгүй эхнэрийг хэл амаар доромжилсон зогсож байсан. Би очоод чи тооцоогоо хийлдээ гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм гэж хэлэн барилцаж аваад толгой руу 2 удаа цохисон. Ингэхээр нь би хажууд байсан Сэнгүр пивоны хоосон шилээр толгой руу нь 1 удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Тгийн “...би А-ын хамт очсон очоод тооцоо хийх гэж байтал, Н- гэх хүн согтуу ирээд эд нар тооцоогоо хийсэн юм уу гэж асуусан би чамд ямар хамаатай юм тооцоо хийх гэж байна гэж хэлтэл, муу сайн лалрууд яахаараа уусан юмныхаа тооцоог хийдэггүй юм гэж амандаа хэлснээ толгой руу пивоны шилээр цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон хохирлын нийт 555.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч Т нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Нд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эрдэнэбатад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Нгээс 555.000 төгрөг гаргуулж хохирогч Тд олгож, хохирогч Т нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ