Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 53

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Ө, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _____ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Ө-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын арын замд Hyundai sonata-7 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Мг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө мэдүүлэхдээ:

“...2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр эргэсэн. Надад тухайн үед хүн харагдаагүй. Би түргэн дуудаад хохирогчийг эмнэлэг рүү авч явсан. Хохирогчтой одоо холбоотой байгаа...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Өы өгсөн:

“...Би 2018 оны 11-р сарын 07-ны өдөр 12 цагийн үед буюу цайны цагаар танил хүнд албан бичиг өгөх гээд Төмөр замын эмнэлэг орохоор өөрийн 44-61 дугаартай автомашинаар яваад, бичгээ өгчихөөд буцаад Барс зах орохоор явж байгаад, ертөнцийн зүгээр хойноосоо зүүн эргэж байгаад санаандгүй явган хүний гарцаар ногоон гэрлээрээ гарч байсан хүнийг мөргөсөн, гэхдээ миний явах гэрэл бас асдаг юм билээ, би явган хүн гарч байхыг анзаарч хараагүй өөрөөр хэлбэл машины хажуу талын голын баганад тэр хүн халхалагдаад хараагүй юм, буруугаа хүлээж байгаа, хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 76-77/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Мгийн өгсөн:

“...Манай гэр вокзалын хойд талд байдаг юм, тухайн үед би гэрээсээ 12 цагийн үед гараад, тог цахилгааны мөнгийг банкинд төлөхөөр вокзалын хойд талын замын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явган хүн зөвшөөрсөн ногоон гэрлээр ганцаараа гарч байтал гэнэт л машин орж ирээд л мөргөсөн, би уул нь анх явган хүний гарц дээр ирэхэд явганы гэрэл улаан байхад нь ногоон гэрэл асахыг хүлээж байгаад зам гарч байтал машин ирээд мөргөсөн, би тэр замаар дандаа л гардаг, тэр замын хойноосоо зүүн эргэх машинууд явах үед миний гарч байсан явганы гэрэл дохио бас ногоон асдаг, би яг гарцаар гарч байхад төв замын машинууд гэрлэн дохион дээр зогсож байсан.

Ослын дараа жолооч эрэгтэй машинаасаа бууж ирээд 103 дуудаж өгөөд, 30- аад минутын дараа 103 машин ирээд намайг ГССҮТ-рүү авч явсан, гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд зүүн гар хугарсан байна гэсэн, гараа гипсдүүлсэн байгаа. Би гомдолтой байна, хохирлын баримтаа бүрдүүлж өгнө, би бол нарийн мэргэжлийн үндэстэн ястны хувцас зохион бүтээдэг, 2018 оны 11 дүгээр сарын 17-нд БНХАУ- Өвөр Монголын өөртөө засах орны зураачид ирэх юм, тэр хүмүүстэй хамтарч зургийн үзэсгэлэн гаргах ёстой, яг л гараараа бүх л зүйлийг бүтээдэг байтал ослоос болж 2 сар огт хөдөлгөж болохгүй гэж, гэмтлийн эмч хэлсэн, мөн гарнаас өөр бусад эрхтэний гэмтлүүдийг тодорхойлуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... тоот:

               1. Мгийн биед тархи доргилт, зүүн шуу, богтос ясны хугарал зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэх дүгнэлт /хх-н 55/,

 

                  “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221 тоот:

            1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд, хойд дугуйн ажлын тоормос, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зүүн, баруун гар талын их гэрлийн тусгал хол, ойр дээрээ хэвийн дуут дохио, эргэх дохионы гэрэл, гэрэлтүүлэг, шил арчигч, шил угаагч, хаалга, цонх, цоож, аюулгүйн бүс зэрэг нь стандартын шаардлагад нийцэж техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Уг авто тээврийн хэрэгслийн зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын толины дохионы гадна бүрхүүл шил хагарсан, урд салхины шилэн дээр бууруулагч хальс /тень/ наасан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

2. Уг авто тээврийн хэрэгслийн зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын толины дохионы гадна бүрхүүл шил хагарсан, урд салхины шилэн дээр бууруулагч хальс /тень/ наасан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

3. Уг авто тээврийн хэрэгслийн зүүн гар талын тоормосны гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын толины дохионы гадна бүрхүүл шил хагарсан эвдрэл гэмтэл нь автотээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн эвдрэл гэмтэл, урд салхины шилэн дээр бууруулагч хальс /тень/ наасан нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй.

4. Дээрхи эвдрэл гэмтлүүд нь уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй.

5. Тоормосны систем шингэн дамжуулгатай АВS системтэй.

          6. Урд, хойд дугуйн ажлын тоормос стандартад нийцэн хэвийн ажиллаж байна. Эвдэрч гэмтсэн зүйл илрээгүй болно гэх дүгнэлт /хх-н 63-64/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6-7/,

               - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-11/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 78/

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 85/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ө нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын арын замд Hyundai sonata-7 маркийн ... улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д заасан “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Мг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 

шүүгдэгч Өы “...Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн үед буюу цайны цагаар танил хүнд албан бичиг өгөх гээд Төмөр замын эмнэлэг орохоор өөрийн 44-61 дугаартай автомашинаар яваад, бичгээ өгчихөөд буцаад Барс зах орохоор явж байгаад, ертөнцийн зүгээр хойноосоо зүүн эргэж байгаад санаандгүй явган хүний гарцаар ногоон гэрлээрээ гарч байсан хүнийг мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Мгийн “...Манай гэр вокзалын хойд тайлд байдаг юм, тухайн үед би гэрээсээ 12 цагийн үед гараад, тог цахилгааны мөнгийг банкинд төлөхөөр вокзалын хойд талын замын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явган хүн зөвшөөрсөн ногоон гэрлээр ганцаараа гарч байтал гэнэт л машин орж ирээд л мөргөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Өыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргалаас гаргасан “...цаашид гомдол саналгүй...” гэх хохирогчийн хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Өыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Өд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Өд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Өд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди-г хэрэгт хадгалж шийдвэрлэлээ.

           

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

         

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Өы торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалж, жолоочийн 156982 дугаартай үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ