Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Д-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, “EFES” худалдааны төвийн урд замд Toyota prius маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан....” явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Дын өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн Т.Приус-41 маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон гэрээсээ гараад хүүгээ сургуулиас нь авах гээд БГД-н нутаг 10-р хорооллын нарийн туслах замаар удаан бөглөрөөд явж байтал машины ард түг хийх чимээ гарсан. Би зогсоод буугаад иртэл машины зүүн хойд талд настай эмэгтэй сууж байсан. Би яав юу болов гэтэл чи намайг шүргэчихлээ гэж хэлсэн. Би тэгэж хэлэхээр нь шууд 103, 102-т дуудлага өгсөн. 103 ирээд үзчихээд яваад өгсөн. Дараа нь цагдаа нар ирээд хэмжилт хийгээд явсан. Түүний дараа би хүнээ аваад гэмтэлд аваачиж үзүүлсэн.

Би тэр хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөөгүй, явган хүний гарцан дээгүүр явж өнгөрөх үед тэр эмээ миний машины зүүн хойд дугуйнд баруун хөлөө дайруулсан байсан. Би хохирлыг төлж хохирогч Б-ийг хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-н 54-55, 83-84/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б-ийн өгсөн:

“...2018 оны 10-р сарын 04-ний өдрийн 15:05 цагийн үед би 10-р хорооллын Эфэс худалдааны төвийн урд талын замынхаа хойд талаас урд тал руу зам хөндлөн гарч байтал баруун талаас зүүн тийш явж байсан машин намайг машиныхаа зүүн талаар шүргэснээс болж би газар унасан. Дараа нь би өөрийнхөө машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Би зам хөндлөн гарахаасаа өмнө машин харж байгаад гарсан. Намайг мөргөсөн машин явган хүний гарцны цаана зогсож байгаа харагдахаар нь зам руу ороод замын дунд явж байхад нөгөө машин гарч ирээд намайг шүргэсэн. Би явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Миний баруун хөлний шагайны хавиар яс хугарсан байгаа. Намайг мөргөсөн жолооч миний эмчилгээний зардлыг төлчихвөл надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 20-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот:

               1. Б-ийн биед баруун шагайн үений гадна, дотор хавчаар ясны далд хугарал, баруун шагайн үений мултрал, хугарал засах мэс заслын дараах байдал /2018.10.10/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

               5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 60/,

Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 810 тоот:

1. Тоёота-Приус маркийн 50.22 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16-р зүйлийн 16.1. /Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө./ гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Б-ь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээний байдал замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нь уг осол гарахад нөлөөлөөгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэх дүгнэлт /хх-н 63/,

 

“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 220 тоот:

1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, дугуйн хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо хэвийн байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн SТЕNHOJ T-71096 хайчин өргүүр дээр SТЕNНОJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв. Иймд уг автотээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.

2. Эвдрэл гэмтэл байхгүй.

З. Эвдрэл гэмтэл байхгүй.

         4. Осолд нөлөөлсөн гэх эвдрэл гэмтэл байхгүй.

         5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй.

         6. Урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллагаатай байна гэх дүгнэлт /хх-н 72-73/,

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-10/,

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 12-14/,

- Хохирогчийн хүсэлт /хх-н 26/,

- Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /40-49/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 94/

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 97/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 98/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д нь ... Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан....” явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Дын “...Би тэр хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөөгүй, явган хүний гарцан дээгүүр явж өнгөрөх үед тэр эмээ миний машины зүүн хойд дугуйнд баруун хөлөө дайруулсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б-ийн “...2018 оны 10-р сарын 04-ний өдрийн 15:05 цагийн үед би 10-р хорооллын Эфэс худалдааны төвийн урд талын замынхаа хойд талаас урд тал руу зам хөндлөн гарч байтал баруун талаас зүүн тийш явж байсан машин намайг машиныхаа зүүн талаар шүргэснээс болж би газар унасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 810 тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Дыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хохирогч Б-ь нь “...гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 22/, “...3.000.000 төгрөгийг бэлнээр авсан тул хожим ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй болно...” гэх хүсэлт /хх-н 26/ тус тус гаргасныг харгалзан шүүгдэгч Дыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан Дын 354732 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ