Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Б-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь 2018 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Охь” нэртэй зочид буудлын караокены гадна иргэн Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Бы өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 21 цагаас 22 цагийн үед хорооллын эцсийн “ Алтай “ караокед найз А, Зоригоо нарын хамт орсон. Тэнд ороод хоёр, хоёр пиво уусан. Тэгээд тамхи татахаар гадаа гарсан гадаа нэг ах байсан би тамхи татахаар гал асуухад “бацаан нар гал асуудаг болсон уу” гэж хэлсэн. Би зүгээр л гал асууж байна шүү дээ ах гэж хэлсэн. Намайг тэр ах духаараа мөргөсөн. Би та яаж байгаа юм гээд нэг удаа эрүү рүү нь цохисон. Тэр үед манай хоёр найз А, Зоригоо хоёр гарч ирсэн. Дундуур орж ирээд А салгасан тэгээд салаад би буцаад караокеноос гараад явсан манай хоёр найз гэр лүүгээ яваад өгсөн. Би гадуураа хувцсаа мартсан байсан тул эргээд караоке руу ороод өрөөнд нь ороод хэвтэж байхад цагдаа нар орж ирээд намайг авч яваад цагдаагийн хэлтэс рүү яваад эрүүлжүүлэхэд хоносон. Эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 34-35, 41-42/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э-ын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 00 цагийн үед “Охь” караокед найз Б-ийн хамт орсон. Тэнд ороод 1 шил 0,5 литрийн Соёрхол архи уугаад дуулсан. Би тооцоо хийх гээд текэн дээр очиход нэг залуу бармен охинтой хэрэлдээд байсан. Би тооцоогоо хийгээд буцаад ирж суусан. Тэр залуу нийтийн караокены өрөөний хажуу талын өрөөнд 2 найзтайгаа байсан. Би тамхи татахаар гарсан. Тэгэхэд нэг жаахан эрэгтэй хүүхэд ирээд цуг тамхи татсан. Би тэр хүүхдэд ах нь орлоо гэхэд тэр хүүхэд “намайг чи дүү гэлээ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Хойноос нь цуг явж байсан залуу нь гарч ирээд салгасан. Тэгээд дахиад цуг явж байсан залуу нь гарч ирээд миний нүүр лүү цохисон намайг унахад дахиад дээрээс хөлөөрөө дэвсээд зодоод байсан. Тэр залуу зугтаагаад явсан. Намайг цохисон залуу караокед буцаад орсон. Би цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгсөн. Эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 31-32, 39-40/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Аын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед хорооллын эцсийн караокед найз Б Батзориг нарын хамт байсан. Манай найз Б түрүүлээд гарсан би араас нь хэсэг хугацааны дараа байж байгаад гарч ирсэн чинь Б нэг хүнтэй муудалцаж байсан. Хоорондоо толгойгоо нийлүүлээд түлхэлцээд муудалцаж байсан. Очоод салгахад нүднийх нь доор улайсан байсан. Ба найз Бг аваад караоке руу буцаад орох гэхэд манай найз Б тэр залууг нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот:

               1. Э--н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

               5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 27/,

 

               - Хохирлын баримтууд /хх-н 45/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 15/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 16/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 26/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Охь” нэртэй зочид буудлын караокены гадна иргэн Э-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Бы “...тамхи татахаар гадаа гарсан гадаа нэг ах байсан би тамхи татахаар гал асуухад “бацаан нар гал асуудаг болсон уу” гэж хэлсэн. ...Намайг тэр ах духаараа мөргөсөн. Би та яаж байгаа юм гээд нэг удаа эрүү рүү нь цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э-ын “...нийтийн караокены өрөөний хажуу талын өрөөнд 2 найзтайгаа байсан. Би тамхи татахаар гарсан. Тэгэхэд нэг жаахан эрэгтэй хүүхэд ирээд цуг тамхи татсан. Би тэр хүүхдэд ах нь орлоо гэхэд тэр хүүхэд “намайг чи дүү гэлээ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Хойноос нь цуг явж байсан залуу нь гарч ирээд салгасан. Тэгээд дахиад цуг явж байсан залуу нь гарч ирээд миний нүүр лүү цохисон намайг унахад дахиад дээрээс хөлөөрөө дэвсээд зодоод байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Аын “...Б нэг хүнтэй муудалцаж байсан. Хоорондоо толгойгоо нийлүүлээд түлхэлцээд муудалцаж байсан. ...найз Бг аваад караоке руу буцаад орох гэхэд манай найз Б тэр залууг нэг удаа гараараа нүүр лүү нь цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хохирогч Э- “...Эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 31-32, 39-40/, “...Бд хохирол гомдолгүй...” гэх хүсэлт тус тус өгсөн зэргийг харгалзан шүүгдэгч Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Быг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бы торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ