Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 97

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... дугаарын регистртэй, О.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Өлзийсайханы О нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 2-10 тоот хашаанд байрлах нийтийн байрны 02 тоот дахь иргэн Тын түр оршин сууж байсан гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч орж эмээлийн 4 ширхэг мөнгөн бааврыг авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч О-ийн өгсөн:

“...2017 оны 08-р сараас эхнэр Энхбаатарын Згийн хамт Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 2-10 тоот хашаанд байдаг нийтийн байрны 02 тоот өрөөнд амьдарч эхэлсэн. 2018 оны 04-р сард манай нийтийн байрны 03 тоотод амьдардаг Тын гэрт, 06 тоотод амьдардаг байсан Оюунаа, 09 тоотод амьдардаг нэрийг нь мэдэхгүй өвгөн бид 4 нийлээд архи уусан. Бид 4 бага зэрэг согтож, халж эхэлсэн. Тухайн үед хөл нь гэмтэлтэй алхаж чадахгүй байсан. Т “хэдүүлээ нэгэнт архи хувааж уусан юм чинь дахиж архи ууя, надад ломбарданд тавих эдлэл байна, одоо барьцаанд тавиад, мөнгөөр дахиж архи ууя, харин эхнэрийг ирэхээс өмнө хэдүүлээ мөнгөө нийлүүлээд ломбарднаас авъя” гэж хэлсэн. Оюунаа, өвгөн бид нар зөвшөөрсөн. Тэгэхэд Т надаас “хувцасны шүүгээний доор байгаа хайрцагтай зүйлүүдийг гаргаад ир” гэж хэлсэн. Би тэр заасан хайрцгийг нь гаргаж ирэхэд Т тэр хайрцагнаас мөнгөөр бүрсэн хазаар, мөнгөн аяга 2 гаргаж ирээд “алийг нь барьцаанд тавих вэ” гэж хэлсэн. Тэгээд мөнгөн аягыг нь барьцаанд тавихаар болоод би тэр мөнгөн аягыг барьцаанд тавихаар авч гарсан. Би Өргөө кино театрын хойд талд, Энхбаярын замаар өгсөж байх замд байдаг “Сайн” ломбарданд мөнгөн аягыг 180.000 төгрөгийн үнэтэй, 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 40.000 төгрөгөөр 5 кг адууны мах, 4 шил, 0.5 гр савалгаатай “Хараа” нэртэй архи 36.000 төгрөгөөр, 2-3 хайрцаг тамхи, 3-4 ширхэг Түмний кола ундаа, 10 гаран мянган төгрөгт хиам, талх, огурцы зэрэг нийт 100.000 төгрөг эдгээр зүйлүүдийг аваад, 80.000 төгрөгт ломбарданд барьцаанд байсан эхнэрийн Самсунг Эс-4 маркийн гар утсыг чөлөөлж авсан. Энэ гар утас ломбарднаас авсан талаар Т ахад хэлсэн байсан. Ингээд бид 4 хамт архи ууж, хоол хийж, авсан зүйлүүдээ идсэн. Тэр өдрийн маргааш өглөө нь Т ах намайг дуудаад өрөөнд нь ороход өмнөх өдөр нь авсан архинаас 1 шил үлдсэн байсныг 09 тоотод амьдардаг өвгөнтэй уугаад дуусаж байсан. Т ах “мөнгөн хазаарыг нэмээд барьцаанд тавина, тэгээд нэг хүний хэд хэд болох уу, хоорондоо ярилцана” гэж хэлсэн. Би мөнгөн хазаарыг нь аваад нөгөө “Сайн” ломбарданд очоод 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. 30-аас 40 мянган төгрөгт ойр зуурын идэж уух зүйл аваад, үлдсэн 60-аас 70 мянган төгрөгт дан архи авсан. Т, Оюунаа, өвгөн бид 4 тэр өдөр бас хамт архи уусан. Тэр өдрийн үдээс хойш би хадмын гэрлүү явж хоносон. Маргааш нь өглөө нийтийн байран дээр ирээд Т ахыг дагуулж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа Т ах гэрийнхээ түлхүүрийг надад үлдээсэн юм. Учир нь би тэр нийтийн байрны жижүүрээр ажиллаж байсан болохоор надад гэрийн түлхүүрээ үлдээсэн. Тэгээд Т ахыг явсны дараа орой 17 цагийн үед гэрийнх нь түлхүүрээр гэрт нь ороод нөгөө хувцасны шүүгээн доор байсан хайрцагнаас 4 ширхэг эмээлийн мөнгөн бааврыг нь авсан. Тэр 4 ширхэг мөнгөн бааврыг Өргөө кино театрын ертөнцийн зүгээр зүүн талд “Өргөө зоог” гэх газар дотор байдаг “Сайн” ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 120.000 төгрөгийн, 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Тэр мөнгөнөөс 40.000 төгрөгийг хүүхэд рүүгээ явуулсан. Тухайн үед надтай хамт ажил хийж байсан 4 хүний автобусны картыг 10, 10 мянган төгрөгөөр сунгаад ойр зуурынх нь тамхи тарианд хэрэглээд үлдсэн мөнгийг нь дуусгасан. Би Т ахын 4 ширхэг мөнгөн бааврыг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 16-18, 41-42, 54/,

            Мөрдөн байцаалтад хохирогч Тын өгсөн:

            “...Би 2018 оны цагаан сарын дараагаас Баянгол дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 2-10 тоот хашаанд байдаг Нийтийн байрны 2 тоот өрөөг түрээслэн амьдрах болсон. 2018 оны 05-р сарын 25-ны өдөр нийтийн байранд амьдарч байгаа хүмүүс нийлж архи уусан. Тухайн үед би өөрийн мөнгөн, аяга, мөнгөн хазаар 2-ыг ломбарданд барьцаанд тавьж, мөнгөөр нь архи уухаар болсон. Харин мөнгийг нь бүгд дундаасаа нийлүүлж ломбарднаас авахаар тохирсон юм. Тэгээд нийтийн байрны жижүүр О өөрийнхөө нэрээр ломбарданд тавихаар авч явсан. О ирэх үедээ 2 шил 0.75 гр архи, хиам, талх зэрэг хүнсний зүйлүүд авч ирсэн. Тэгээд бүгд архиа хувааж уугаад, хүнсний зүйлээ мөн адил хувааж хэрэглэсэн. Тэгсэн хамт уусан хүмүүс маань мөнгөө гаргаж өгөхгүй удаад байсан. О “ломбарданд тавьсан зүйлүүдийг чинь авч өгнө” гэж хэлээд удаад байсан. Манай эхнэр 06-р сарын 02-ны өдөр ирээд гэрт байсан мөнгөн эдлэл байхгүй болохыг мэдсэн. Тэгсэн манай гэрт байсан эмээлийн мөнгөн даруулга байхгүй болсон байсан. Тэгээд Октябриас асуухад “би авчихсан, удахгүй буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэрнээс хойш О сураггүй алга болсон. Би 2018 оны 4-р сарын 30-ны өдөр От гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн юм тэр үед О манай гэрээс эмээлийн мөнгөн даруулгыг авсан байх. Өөрөөр хэзээ авсан болохыг мэдэхгүй байна. Би эмээлийн мөнгөн даруулгаа сайн үнэлж мэдэхгүй байна. Ойролцоогоор 800.000-1.000.000 төгрөг хүрэхээр мөнгөн даруулга байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 6-7, 44, 53/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Сүхбатын өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын баруун талд “Сапу” төвийн 1 давхарт “ЭсЭс” нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2018 оны 04-р сарын 30-ны оройн 21 цаг 45 минутын үед Өлзийсайханы О гэх хүн өөрийн бичиг баримттай ирж 4 ширхэг эмээлийн мөнгөн баавар барьцаанд тавьж 120.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн. Уг мөнгөн эдлэлүүдийг жинлэж үзэхэд 1 ширхэг нь 78 гр жинтэй байсан. Нийт 300 орчим гр жинтэй байсан. О барьцаанд тавьсан эд зүйлүүдээ авах хугацаа нь өнгөрөөд нийт 29 хоносон. Анх Ө.Октябарьтай барьцаат зээлийн гэрээнд хугацаа 10 хоног хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдах талаар дурьдсан байгаа. Би О-ийг нийт 29 хоног хүлээсэн байхад огт ирээгүй. Гэрээнд тусгагдсан О-ийн 88861488 дугаарын утсанд удаа дараа холбогдсон боловч утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан. Ингээд 2018 оны 05-р сарын 29-ний өдөр уг эмээлийн 4 ширхэг мөнгөн бааврыг нийт 160.000 төгрөгийн үнэтэй худалдсан. Тэгсэн 2018 оны 07-р сард О гэх хүн барьцаанд тавьсан эмээлийн 4 ширхэг мөнгөн бааврыг авахаар ирсэн. Би тэр үед нь манай ломбарднаас эмээлийн мөнгөн бааврыг нь худалдан авсан хүнтэй утсаар холбогдох гэсэн боловч утасны дугаар нь болохгүй байсан. Тэгээд От учир байдлыг тайлбарлаж хэлсэн. Удалгүй цагдаагийн байгууллагаас О-ийн барьцаанд тавьсан эмээлийн 4 ширхэг мөнгөн бааврын хулгайлагдсан байсан гэж хэлсэн. Би тэр мөнгөн бааврыг хулгайлагдсан эд зүйл гэж огт мэдээгүй. О тэр эмээлийн 4 ширхэг мөнгөн бааврыг өөрийнх нь гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 8/,

 

           - Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 13-14/,

           - Хохирогч Тын хүсэлт /хх-н 55/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 20/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 2-10 тоот хашаанд байрлах нийтийн байрны 02 тоот дахь иргэн Тын түр оршин сууж байсан гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч эмээлийн 4 ширхэг мөнгөн бааврыг авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О-ийн “...Т ахыг явсны дараа орой 17 цагийн үед гэрийнх нь түлхүүрээр гэрт нь ороод нөгөө хувцасны шүүгээн доор байсан хайрцгаас 4 ширхэг эмээлийн мөнгөн бааврыг нь авсан. Тэр 4 ширхэг мөнгөн бааврыг Өргөө кино театрын ертөнцийн зүгээр зүүн талд “Өргөө зоог” гэх газар дотор байдаг “Сайн” ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар 120.000 төгрөгийн, 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Тын “...Манай эхнэр 06-р сарын 02-ны өдөр ирээд гэрт байсан мөнгөн эдлэл байхгүй болохыг мэдсэн. Тэгсэн манай гэрт байсан эмээлийн мөнгөн даруулга байхгүй болсон байсан. Тэгээд Октябриас асуухад “би авчихсан, удахгүй буцаагаад өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

   гэрч Л.Сүхбатын “...Би Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын баруун талд “Сапу” төвийн 1 давхарт “ЭсЭс” нэртэй ломбард ажиллуулдаг юм. 2018 оны 04-р сарын 30-ны оройн 21 цаг 45 минутын үед Өлзийсайханы О гэх хүн өөрийн бичиг баримттай ирж 4 ширхэг эмээлийн мөнгөн баавар барьцаанд тавьж 120.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн...” гэх мэдүүлэг, Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч О-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 55 дугаар талд хохирогч Т нь “...хохирол болох 880.000 төгрөгийг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт гаргасныг харгалзан шүүгдэгч О-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-ийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ...рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар От оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч О-ийн эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О-ийн цагдан хоригдсон 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ