Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 90

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б,

хохирогч Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ..... дугаарын регистртэй, Б-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь 2018 оны 9 дүгээр сарын 19-нд Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороололд байрлах 45-5 тоотод оршин суух иргэн Эгийн эзэмшлийн орон сууцны цонхыг хагалах, ... улсын дугаартай Тоёота Альпард маркийн автомашины урд, хойд салхины шилийг хагалах, баруун толийг хугалах, зүүн толины хавтасыг хагалах, зүүн урд, хойд, болон баруун урд хаалганы шилийг зурах зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 802.062 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 09 дүгээр сарын 19-ний орой Эгийн ах нь над руу залгаад хуурай ахтайгаа хамт архи уугаад согтчихлоо ирээд намайг авчих гэж ярьсан. Намайг очих үед тэр хоёр согтуу байсан. Хамт байсан ах нь авсан архиа ууж дуусгаад явъя гээд би хамт архинаас нь уусан. Бтай гэр лүү нь явах үед бид хоёр маргалдаад миний уур хүрээд гэр лүү нь араас нь яваад машины цонх хагалсан. Би өөрийн эд зүйлээ авах гээд машины цонх хагалсан байгаа. Би тухайн үед согтуу байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э мэдүүлэхдээ:

“...2018 оны 09 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цагийн үед гэрийн гадаа манай ах ирээд удаагүй байхад манай гэрийн цонх руу 2 удаа хатуу зүйл орж ирээд цонхыг хагалсан. Би гайхаад цонхоор харах үед гадаа цагдаа байхаар нь цагдаагаас асуухад цагдаа машины цонх хагалсан талаар хэлсэн. Тухайн үед энэ эмэгтэйг цагдаа нар аваад явсан. Энэ эмэгтэй хэрэг гарснаас хойш 5 удаа манай ахын гэрт ирээд манай ахыг доромжлох, айлгах, гэрийн гадаа ирж хашгирах зэрэг байдлаар ирээд явдаг. Шүүгдэгч надтай уулзсан зүйл байхгүй. Машин бол миний нэр дээр байдаг. Манай ах миний машиныг унадаг байсан. Надад хохирол төлбөрт 700.000 төгрөг өгсөн. Манай ах шүүгдэгчээс өгсөн мөнгийг аваад машины цонх янзлуулсан байгаа. Зарим цонхийг нь нөхөж шил хийлгээгүй байгаа. Би гомдолтой байна. Би машиныхаа хажуу талын цонхуудыг сольж янзлуулмаар байна. Би үнэлгээний тайлантай танилцсан байгаа. Нийт 805.000 төгрөгийн хохирол гарсан байсан. Вакум цонхыг 85.000 төгрөгөөр шиллүүлсэн байгаа. Энэ эмэгтэй манай ахын гэр бүлийг дарамтлаад байдаг. Манай ахыг болон эхнэрийг нь доромжлоод байдаг. Энэ эмэгтэй хохирол төлөх талаар ярьсан зүйл байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Бгийн өгсөн:

“...Би 2018 оны 09-р сарын 18-ны өдөр ажлаасаа 17 цаг 30 минутын үед тараад гэрлүүгээ явсан тэгээд гэртээ байж байсан чинь Б над руу 21 цагийн үед өөрийнхөө 95330082 гэсэн дугаараас залгаад 10-р хороололд Чоно гээд пабад хамт ажилладаг М ахтай ууж байна би бас согтуу байна 2-лаа М ахыг хүргэж өгье гэж хэлсэн тэгээд би унаанд суугаад 10-р хороололд Чоно пабын гадаа ирээд Б руу залгасан чинь Б гадаа утсаар яриад зогсож байсан тэгээд Б надад Мэндээ ах чи Батцэрэнгээс болж эхнэр хүүхэддээ анхаарлаа хандуулахгүй байна гээд согтуу янз бүрийн юм яриад байна шүү чамайг орохоор янз бүрийн юм яриад байж магадгүй чи битгий уурлаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь чи Мэндээ ахыг дагуулаад гараад ир шууд хүргээд өгье гэж хэлсэн чинь Б ууж байгаа архиа дуусгаадхъя гээд хамт дотогшоо орсон чинь Мэндээ ах нилээн согтуу байсан тэгээд хамт сууж байгаад удалгүй гараад Мэндээ ахыг 25-р эмийн сангийн тийшээ хүргэж өгсөн тэгээд Б бид 2 манай гэрт очоод хамт 2,5 литр пиво уусан тэгээд сууж байсан би тэгээд Мэндээ ахад ямар гэм хийсэн юм эхнээсээ чи бид 2-г мэдцэн байсан шүү дээ одоо ийм юм яриад байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь Б намайг дуугүй бай гээд байсан тэгээд надаас тамхи асуухаар нь надаа юун тамхи байдаг юм бэ гэж хэлсэн чинь орон дээр хэвтэх гэж байгаад босоод гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би араас нь залгасан чинь буцаж орж ирнээ гэж хэлсэн тэгээд удаад байхаар нь араас нь гарсан чинь байхгүй байсан тэгээд би уурандаа дэлгүүрээс лаазтай 2 пиво аваад гэртээ орж уусан мөн бид 2-н ууж байсан пивоноос жаахан үлдчихсэн байсан тэрийг бас уусан тэгээд би араас нь залгаад би араас чинь очно шүү гэж хэлсэн тэгсэн чинь тэгэхгүй юу чи гээд байсан тэгээд би гэрийх нь гадаа ирээд Б руу залгасан чинь утас нь дуудаж байгаад холбогдохгүй болчихсон байсан тэгэхээр нь би албаар унтраасан байна гэж бодсон тэгээд буцаад явж байсан чинь машин нь харагдахаар нь том чулуу авч байгаад эхлээд урд цонхыг нь хагалах гээд цохисон чинь хагараагүй тэгээд 2-3 удаа цохисон боловч хагараагүй, тэгээд хажуу талын цонхнуудыг нь цохисон чинь бас хагараагүй арын том цонхыг нь нэг удаа цохисон чинь хагарчихсан юм тэгээд машин дотор нь орж сууж байгаад жолооны үнэмлэх, хувцсаа аваад буусан тэгээд Бы утас руу залгаад хэлэх гэсэн чинь утас нь болохгүй байсан миний утас бас цэнэг дуусаад унтарсан тэгээд би байрных нь ард талд нь гараад гэрийнх нь цонхон дээр нь очоод чулуу шидсэн чинь цонх нь хагарсан тэгээд машин дээр нь ирсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30, 39-40/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Эгийн өгсөн:

“...Би 2018 оны 09-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө гэртээ бэр эгч Д.Амар, ах Бы 3 хүүхэд байсан бид нар унтаж байсан чинь шөнийн 00 цагийн үед ах Б согтуу надруу 95330082 дугаараас залгаад ах нь гэрийн гадаа ирчихлээ таксины мөнгө аваад гараад ирээч гэж хэлсэн тэгээд би мөнгө авч гараад ахыгаа оруулж ирсэн юм. Тэгээд удалгүй ах Б буцаад гадагшаа гарлаа гэсээр байгаад гарсан юм би араас нь гарсан чинь ах чи эргээд гэрлүүгээ ор ах нь машинаасаа мөнгө авах хэрэгтэй байна гээд байсан тэгээд би гэртээ оръё гэж хэлсээр байгаад дагуулаад гэрлүүгээ орсон. Тэгээд ах болон бид хэд унтаж байсан чинь 5-10 минутын дараа гэрийн жижиг өрөөний урагшаа харсан цонх руу эхлээд цонх дугарсан гаднаас ямар нэг юм шидсэн тэгээд дараа нь том чулуу шидээд цонх хагалсан тэгэхээр нь би цонхоор хараад хэн бэ гээд харсан чинь гадаа цагдаа зогсож байхаар нь сая манай цонхыг хүн хагалчихлаа гээд хэлсэн чинь гадаа байгаа цагаан өнгөтэй Альфард танай машин уу гэхээр нь тийм гэж хэлсэн чинь бас машины чинь цонхыг хагалчихсан байна гэж хэлсэн тэгээд би гараад очсон чинь Батцэрэн гээд манай ахтай явалддаг эмэгтэй согтуу байсан тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бы өгсөн:

“...Би Батцэрэн гэх эмэгтэйтэй 2-3 жилийн өмнө танилцсан. Өмнө нь мэддэг байсан юм. 2018 оны 9 дүгээр сарын өдрийг нь сайн санахгүй байна би Батцэрэнгийн гэрээс гараад гэртээ ирээд унтаж байсан. Миний араас Батцэрэн ирсэн юм байна лээ тэгээд надруу утсаар залгахаар нь би утсаа сонсоогүй. Тэгтэл зам дээр байсан манай дүү Эгийн нэр дээр байдаг Тоёота Альфард маркийн машины цонхыг хагалсан байсан. Мөн өөр гэрийн цонхыг жижигхэн хагалчихсан байсан. Би хагалсан талаар нь тухайн үедээ мэдээд гадаа гарахад цагдаа Батцэрэнг барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 44/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/

            -оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 16/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороололд байрлах 45-5 тоот иргэн Эгийн эзэмшлийн орон сууцны цонхыг хагалах, ... улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашины урд, хойд салхины шилийг хагалах, баруун толийг хугалах, зүүн толины хавтасыг хагалах, зүүн урд, хойд, болон баруун урд хаалганы шилийг зурах зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 802.062 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Бий “...Би ...Б руу залгасан чинь утас нь дуудаж байгаад холбогдохгүй болчихсон байсан тэгэхээр нь би албаар унтраасан байна гэж бодсон тэгээд буцаад явж байсан чинь машин нь харагдахаар нь том чулуу авч байгаад эхлээд урд цонхыг нь хагалах гээд цохисон чинь хагараагүй тэгээд 2-3 удаа цохисон боловч хагараагүй, тэгээд хажуу талын цонхнуудыг нь цохисон чинь бас хагаараагүй арын том цонхыг нь нэг удаа цохисон чинь хагарчихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Эгийн “...Би 2018 оны 09-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө ...унтаж байсан чинь ... гэрийн жижиг өрөөний урагшаа харсан цонх руу эхлээд цонх дуугарсан гаднаас ямар нэг юм шидсэн тэгээд дараа нь том чулуу шидээд цонх хагалсан тэгэхээр нь би цонхоор хараад хэн бэ гээд харсан чинь гадаа цагдаа зогсож байхаар нь сая манай цонхыг хүн хагалчихлаа гээд хэлсэн чинь гадаа байгаа цагаан өнгөтэй Альфард танай машин уу гэхээр нь  тийм гэж хэлсэн чинь бас машины чинь цонхыг хагалчихсан байна гэж хэлсэн тэгээд би гараад очсон чинь Батцэрэн гээд манай ахтай явалддаг эмэгтэй согтуу байсан тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Бы “...2018 оны 9 дүгээр сарын өдрийг нь сайн санахгүй байна би Батцэрэнгийн гэрээс гараад гэртээ ирээд унтаж байсан. Миний араас Батцэрэн ирсэн юм байна лээ тэгээд надруу утсаар залгахаар нь би утсаа сонсоогүй. Тэгтэл зам дээр байсан манай дүү Эгийн нэр дээр байдаг Тоёота Альфард маркийн машины цонхыг хагалсан байсан. Мөн гэрийн цонхыг жижигхэн хагалчихсан байсан. Би хагалсан талаар нь тухайн үедээ мэдээд гадаа гарахад цагдаа Батцэрэнг барьчихсан байсан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Шүүх хуралдаанд шүүгдэгч хохирол төлбөр төлсөн гэх 1 хуудас баримт гаргаж өгсөн тул шүүгдэгч Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Бд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал өөрөөр хэлбэл гэм хэргийн улмаас бусдын автомашин болон орон байрны цонхонд гэмтэл учруулсан, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Бд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бг 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ