Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2023/00023

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 225/МА2023/00023

 

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00535 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******ийн нэхэмжлэлтэй, Ж.Лхагвацэцэгт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Лхагвацэцэгийн гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, хүүхдүүдэд эцэг Д.*******ээс тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдэд болон өөрт ногдох хэсэг болох 75,249,577(далан таван сая хоёр зуун дөчин есөн мянга таван зуун далан долоо) төгрөгийн эд хөрөнгө (45,332,770 төгрөгийн үнэлгээ бүхий газар, хашаа байшин, үлдэх хэсгийг мөнгөөр) гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэгийн нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан гаргасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд ногдох хэсэг болох 17,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал, Д.Нарантуяа, хариуцагч Ж.Лхагвацэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*******,

 

******* бид нар 2012 оны 12 сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэр бүл болсон, бид 2 охинтой. Бага охин Ц.Цэцэнжаргал одоо 6 настай, том охин Ц.Цолмонгэрэл одоо 10 настай. Бид 9 жил хамт амьдарсан боловч эхнэр******* нь ааш авирын хувьд тэвчихийн аргагүй хүнд байдалд намайг байлгах болсон. Миний хувьд гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд олдсон ажил бүрийг гололгүй хийж, хүүхдүүдийнхээ болон гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж эцэг хүний үүргээ өөрийн хэмжээнд биелүүлэх гэж хичээж, хүүхдүүддээ эрүүл аюулгүй орчинд өсгөх гэж, сайн боловсролтой, сайн хүмүүжил төлөвшилтэй хүн болгож өсгөхийг хичээдэг. Би архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв бусын ааш араншин гэр бүлдээ гаргадаггүй. Гэтэл эхнэр маань надтай гэр бүл болсноос хойш хүүхдүүдээ харж гэрийн ажлаа амжуулдаг боловч тэрээр байнгын уур уцаартай, хэрүүл маргаан үүсгэж намайг гэр орондоо амгалан тайван байх боломжгүй болгож сүүлдээ би гэрээсээ дайжихад хүрсэн. Тэрээр сэтгэл зүйн хувьд гүн цочролтой, юм л бол би үхнэ, амиа хорлоно, хүүхдүүдээ дагуулаад ус руу орно, хөлдөж үхнэ гэх зэргээр хэлж орилж, хашгирч, намайг элдвээр харааж зүхэн доромжилдог.

...Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Насанд хүрээгүй охин Ц.Цолмонгэрэл, Ц.Цэцэнжаргал нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн хувьд маргаангүй гэжээ.

Хариуцагч Ж.Лхагвацэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Би 1998 онд 20 настай байхдаа хүү Ц.Баянбаатарыг төрүүлсэн ба хүү маань одоо 24 настай. Хүүгээ 13 настай байхад би *******тэй танилцаж, дотно холбоотой болоод улмаар 2011 онд гэр бүл болж нэг гэртээ орсон. Ингээд охин төрхөөс өмнө гэрлэлтээ батлуулж байсан. ******* намайг хүүтэй гэдгийг анх нийлэхдээ мэдэж байсан ба хүү маань *******ийг аав гэж дууддаг, мөн *******ээр овоглодог болсон.

Бид дундаасаа 2 охинтой ба охин Ц.Цолмонгэрэл 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, одоо 10 настай, бага охин Ц.Цэцэнжаргал 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, одоо 6 настай юм.

Нөхөр гэр бүл болсны эхний жилүүдэд гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг байснаа 2018 оноос хойш намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, гарт таарсан зүйлээрээ тухайлбал гутал, ширээ, сандал зэргээр зодож, намайг удаа дараа гэмтээж байсан. Миний гар утсыг авч шидэж эвдэж, гэртээ хүүхдүүдээ хараад гэр орны ажлаа хийгээд л байж байхад худлаа хэн нэгэнтэй хардаж сэрддэг. Намайг янхан, банзал, дархадын шээс гэх мэтээр хэлэх хэлэхгүйгээр хэлж доромжлохын зэрэгцээ миний эцэг, эх дүүг хүртэл хамруулан доромжилж ална гэж заналхийлдэг.

... Би энэ олон удаагийн нөхрийн зодолт, дарамт хүчирхийллийг цагдаа, хууль хяналтын байгууллагад тэр болгон хандаж байсангүй. Үр хүүхдээ бодоод хүүхдээ өнчрүүлчих вий, аав нь байвал хүүхдүүд маань сэтгэл тэнүүн байх, миний зовох яах вэ? гэж бодоод тэссэн нь буруу болжээ гэдгийг нөхрийн гаргасан нэхэмжлэлийг уншаад ойлгож байна.

Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ түүний асрамжид үлдээхгүй яагаад гэвэл Д.******* нь хүүхдүүдээ хүртэл айдас түгшүүрт байлгадаг, янз бүрээр хэлж доромжилдог, үүнийг би сөрөг нэхэмжлэл гаргахдаа баримтуудыг гаргах болно... гэжээ.

Хариуцагч Ж.Лхагвацэцэг шүүх гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Миний бие Ж.Лхагвацэцэг нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэгч Д.*******ийн гаргасан үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Д.*******ээс гэрлэлт цуцлуулах, охин Ц.Цолмонгэрэл, охин Ц.Цэцэнжаргал нарыг өөрийнхөө асрамжид авна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Лхагвацэцэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад:

1. Охин Ц.Цолмонгэрэл, Ц.Цэцэнжаргал нарыг өөрийн асрамжид авч, эцэг Д.*******ээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах,

2. 45,332,770 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах 860.8 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүхий, 112 м2 талбайтай хувийн өвлийн сууц, бүхий хашаа, байшин

3. 22,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 29-85 ХӨН улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл

4. 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Рехтон маркийн тээврийн хэрэгсэл (48-01 УНҮ дугаартай байгаад одоо Хөвсгөл дугаартай болгосон гэх ба уг Хөвсгөл дугаарыг би мэдэхгүй)

5. 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Газ-24 маркийн 18-17 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл,

Нийт 100,332,770 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нөхөр Д.*******д ногдох хэсэг болох 20,066,554 төгрөгийг хасч тооцон, эхнэр Ж.Лхагвацэцэг надад болон хүү Ц.Баянбаатар, охин Ц.Цолмонгэрэл, Ц.Цэцэнжаргал нарт ноогдох хэсэг болох 80,266,216 төгрөгийг нөхөр Д.*******ээс гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч, бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлд холбогдуулж гаргасан тайлбартаа: ...******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө хашаа, газрыг гэрлэгчдийн дундын эд хөрөнгө, бидний хамтын хөдөлмөрийн үр шимээр бүтээж бий болгосон хөрөнгө тул гэр бүлийн дундын эд хөрөнгө, уг хөрөнгөөс өөрт болон гэр бүлийн бусад гишүүд адил тэнцүү хувиарлаж авах, эзэмших шаардах эрхтэй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэтэл уг үл хөдлөх эд хөрөнгө, газар, хашаа зэрэг эд хөрөнгийг би 2003 онд эцэг эхийнхээ хамтын хүч хөдөлмөрөөр банкны зээлийн барьцаанд хураагдсан хөрөнгийг зээлээр худалдан авч, 2005 онд зээлээ төлж дуусгаад үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч бүртгүүлж эцэг эхийн хамт эзэмшиж амьдарч байсан хөрөнгө бөгөөд эцэг эхийнхээ хамт 2010 онд хашаа байшиндаа засвар үйлчилгээ хийж засаж сайжруулж авсан. Улмаар 2012 оны 1 сард би эхнэр*******тэй танилцаж,******* 2012 оны 2 сард жирэмсэн болж, 2012 оны 11 сарын 21-ний өдөр том охин төрсөн.******* нэгэнт жирэмсэн болсон учир би эцэг эхтэйгээ амьдардаг гэртээ эхнэрээ авчирч хамт амьдарч байгаад 2012 оны 10 сард аав, ээжтэйгээ амьдарч байсан байшиндаа хуримаа хийсэн. Аав, ээж хоёр маань хашаанд гэр барьж амьдрах болсон. 2018 он хүртэл аав, ээж хоёр маань хашаандаа хамт амьдарч байгаад салхи шороо гээд гэр арчилж амьдархад хүнд байсан учир миний төрсөн дүү өөрийн байшиндаа аав, ээж хоёрыг нүүлгэж буулгасан цагаас хойш эцэг эх маань дүүгийн хашаа байшинд амьдарч байна. Уг хашаа байшин бол******* бид хоёрын хамтын хөдөлмөрийн хөлс, орлогоор бий болоогүй. Гэр бүл болохоос олон жилийн өмнө би эцэг эхийнхээ хамтын хүч хөдөлмөрөөр хамтдаа хөдөлмөрлөж, бий болгосон хөрөнгө. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг шиг******* үндэслэлгүйгээр өөрөө хөдөлмөрлөж олоогүй, бий болгоогүй хөрөнгийг минийх гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Зил 131 маркийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын орлого, хөрөнгөөр худалдаж аваагүй гэдгийг******* сайн мэдэж байгаа. Манай дүү Д.Гэрэлтуяа найзтайгаа мөнгөө нийлүүлж худалдаж аваад мөнгө нэмж өөр хүнд худалдаж дундаас нь бага хэмжээний ашиг хүртсэн л харилцаа байсан болохоос манай гэр бүлийн хөрөнгө, мөнгөөр худалдаж аваад эзэмшээд байсан зүйл байхгүй. Манайд ийм их бэлэн мөнгөөр машин худалдаад авчих мөнгө байхгүй.

Рехтон маркийн машиныг бид 2021 оны 11 сард 7,000,000 сая төгрөгөөр худалдаж, 2,000,000 төгрөгийг*******ийн болон 2 хүүхдийнхээ 2021 оны өвөл хэрэглэх түлээ, нүүрс, идэш махаа бэлтгэж хэрэглэсэн. 5,000,000 төгрөгийг Бэлтэс Мөрөн ХХК-д өгөөд залилуулсаныг******* өөрөө мэдэж байгаа, өөрөө ч Бэлтэс мөрөнд мөнгөө хийхийг дэмжиж зөвшөөрч байсан атлаа уг машины мөнгийг намайг ганцаараа аваад идчихсэн юм шиг нэхэмжилж байгааг гайхаж байна.

Газ 24 маркийн машины хувьд уг машин 2006 онд миний нэр дээр бүртгэлтэй байсан, хуучны муу машин тухайн үед хашаанд байж байгаад миний санаж байгаагаар 2007 оны орчимд төмрийн хогонд өгөөд байхгүй болсон. Хэдийгээр тээврийн хэрэгслийн бичиг баримтыг улсын бүртгэлээс хасуулаагүй байгаа байдлаас болж одоо миний нэр дээр бүртгэлтэй байна гэж гарч ирээд байгаа. Одоо уг машин хаана байгааг би ч мэдэхгүй,******* уг машиныг өөрөө ч хараагүй, яг ямар өнгийн ямар машин болохыг огтоосоо мэдэхгүй байж, гүтгэж байгаа нь үндэслэлгүй юм. Байхгүй хөрөнгийг байгаа болгож нэхэмжлээд байгааг, өөрөө хөдөлмөрлөж бүтээгээгүй, бий болгоогүй байж аль 2003 оноос 2005 онд Хас банкны зээлийг төлөн байж би өөрийн болон эцэг эхтэйгээ бүтээж олж авсан хөрөнгийг******* би бүтээсэн миний хөдөлмөрийн хүчээр олж авсан хөрөнгө гэж нэхэмжилж байгаа нь миний гэр бүл болохоос өмнө залуу нас, цаг хугацаа эрүүл мэндээ зориулан байж бүтээсэн, бий болгосон хөрөнгө, эцэг эхийн минь хөдөлмөрийн хүч, хөрөнгийн оролцоог үгүйсгэж байгааг гайхаж байна. Би гэр бүлдээ хувиарт хөрөнгөтэй байх эрхтэй, би хувиарт хөрөнгөө өөрийн дураар эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй.

2018 онд эцэг эх маань уг үл хөдлөх эд хөрөнгийн өөрсдөдөө ногдох хэсгийг бэлэглэх болсон бодит шалтгаан нь эцэг эхийн хувьд, миний хувьд банкнаас зээл авах хэрэгцээ шаардлага үүссэн, мөн*******ийн хүү*******ын оюутны сургалтын төлбөрийг төлөх хэрэгцээ шаардлага үүсээд банкинд хандахаар эцэг эхийн хувьд өндөр настай, хамтран зээлдэгч байх боломжгүй би дангаараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж байж зээл авахад банк зээл олгох боломжтой гэсэн шалтгаанаар би эцэг эхээсээ гуйж байж бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авч зээл авч байсан.

2021 онд миний аав Дүгэржав нь зүрхний хүнд хэлбэрийн шигдээс өвчлөлийн улмаас яаралтай мэс заслын өндөр төлбөртэй хагалгаанд орох шаардлага гарсан. Мөн ээж Батдэмбэрэлийн хувьд мөн даралт харвах өвчний улмаас биеийн байдал хүндэрч, элэгний хорт хавдартай гэж оношлогдож биеийн байдал хүндэрч Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд явах болж би эцэг эхээ эмчлүүлэх, мэс заслын хагалгаанд оруулах эмчилгээний төлбөрийг олохын тулд өөрийн хуваарьт өмчөө бусдад зарж борлуулж эмчилгээний төлбөрийг бүрдүүлж эмчлүүлсэн. Эцэг эх маань одоо ч хавдрын болон мэс заслын дараах өндөр үнэ төлбөртэй эмчилгээг хийлгэдэг, би хүүгийн хувьд эцэг эхийнхээ эмчилгээний төлбөрийг төлж эмчлүүлдэг. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2022 оны 8 сарын 29-ний өдөр шилжүүлж өгсөн.

Хүүхдүүдээ өөрийн асрамжид авахыг хүсэж байна.*******ийн хувьд тэрээр хүүхдүүдээ зөвөөр үлгэрлэж, сайн хүмүүжил төлөвшилтэй хүн болгож өсгөж чадахгүй, тэрээр сэтгэл зүйн чимээгүй хүчирхийлэгч хүн гэдгийг түүнтэй хамт амьдарч, түүний сэтгэл зүйн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан хүний хувьд би тайлбартаа л бичихээс өөрөөр нотлох боломжгүй байгаа юм. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл гэдэг хаалттай хаалганы цаана чимээгүй үйлдэгддэг, эр нөхрөө сэтгэл зүйн хувьд тэвчихийн аргагүй байдалд хүргэж, гэр орноос минь олон удаа хөөж, яв зайлаад өгөөч гэж гэртээ тайван амьдрах боломжгүй болтол нь зовоон тарчлааж байгаа эмэгтэйчүүдийн далд үйлддэг хүчирхийллийг өнөөдрийн нийгмийн дийлэнхи нь ойлгохгүй байна. Зөвхөн эрэгтэй хүн л хүчирхийлэл үйлддэг, эмэгтэй хүн хүчирхийлүүлдэг гэсэн нийгмийн тогтсон хэвшмэл ойлголтоос болж хохирч үлдэж байгаадаа харамсч байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчид холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд ногдох хэсэг 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны шатанд надад миний хүү болох бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Баянбаатар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргах эрх олгосон ба гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гуравдагч этгээдэд ногдох хэсэг 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00535 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Дунд хариад Дүгэржавын ******* П79082411), Шарнууд Жандалын******* (РХ77041608) нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин *******ийн******* (РЮ12312120),  2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, охин *******ийн******* (РЮ16250300) нарыг эх Ж.Лхагвацэцэгийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин *******ийн******* (РЮ12312120),  2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, охин *******ийн******* (РЮ16250300) нарт 11 нас хүртэл тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, хүүхэд тус бүрт эцэг Д.*******ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Ц.Цолмонгэрэл, охин Ц.Цэцэнжаргал нарыг өөрийн асрамжид үлдээх гэснийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 130.1, 130.3-т зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17 дугаар гудамжны 01 тоотод байрлалтай 45,332,770 (дөчин таван сая гурван зуун гучин хоёр мянга долоон зуун дал) төгрөгийн үнэлгээ бүхий 000395242 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 210702150 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 000449552 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 112м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Лхагвацэцэгийн өмчлөлд шилжүүлэн, давсан тул үнийн зөрүү болох 11,333,192.5 (арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга нэг зуун ерэн хоёр төгрөг тавин мөнгөтөгрөгийг хариуцагч Ж.Лхагвацэцэгээс гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагч Ж.Лхагвацэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 41,249,999.5 (дөчин нэгэн сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг тавин мөнгө) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэг нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд ногдох хэсэг болох 17,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг, хариуцагч Ж.Лхагвацэцэг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 (хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 155/ШЗ2022/02770 дугаар шүүгчийн захирамжаар авсан урьдчилсан арга хэмжээг дуусгавар болсонд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг эцэг Д.*******, эх Ж.Лхагвацэцэг нарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг хариуцагч Ж.Лхагвацэцэгт, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх болохыг нэхэмжлэгч Д.*******д тус тус мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэгээс хэрэгт хавсарган ирүүлсэн 000395242 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 000449552 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг хариуцагч Ж.Лхагвацэцэгт буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах гомдолдоо: ... Хүүхдийн эх*******ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна.*******ийн хувьд гэр бүлдээ чимээгүй сэтгэл зүйн хүчирхийлэлийг байнга үйлддэг, түүний сэтгэл зүйн хүчирхийлэл одоо ч үргэлжилсээр хүүхдүүдийн минь сэтгэл зүйн эрүүл мэндэд маш их хохирол учруулаад байгааг тэрээр огт ойлгохгүй хүчирхийлэлээ үйлдсээр байна.

...*******ийн хувьд надаас мөнгө л авч байвал хэрүүл хийхгүй, сэтгэл зүйн дарамт үзүүлэх нь намждаг, мөнгө нь дутагдаад ирэхээрээ шууд хүүхдүүдээрээ мөнгө нэхүүлж, өгөхгүй бол та миний аав биш, зайлаарай, блокоо хийгээд зайлаарай гэх зэрэг байдлаар хүүхдүүдэд үг зааж өгч, уйлуулж байгаад бичлэг хийж аав руу нь явуулдаг, хүүхдээ уйлуулж байгаад бичлэг хийхдээ хүүхдийн хажууд нь ээж нь инээгээд бичлэг хийгээд сууж хүчирхийлэл үйлддэг, аавтайгаа зүй бус харилцаа үүсгэхийг шахаж шаардаж байгаа*******ийг би хүүхдүүдийг минь зөв хүн болгож хүмүүжүүлж чадахгүй гэдгийг хамт амьдарч, түүний сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж байсан хүний хувьд би л хэлж тайлбарлаж, хүүхдүүдээ хамгаалахаас өөр арга байхгүй. Иймд би гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэн ч гэр бүл нь эрүүл хэвийн харилцаатай байсан бол гэр бүлээсээ салж, үр хүүхдээ өнчрүүлж, амьдын хагацал үзүүлэхийг хүсэхгүй. Гэрлэгчид гэр бүлдээ тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдгийн хувьд******* хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авахыг хүсч байгаа бол өөрийн гэсэн амьдрах гэр оронтой болчихоод, өөрийн гэсэн амьжиргааны эх үүсвэртэй байж хүүхүүдээ асрамжиндаа авахаар шаардах эрхтэй байх ёстой.

Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч бол заавал эрэгтэй хүн байдаг, байх ёстой гэсэн тогтсон хэвшмэл ойлголт арга барилаар мэргэжлийн байгууллага, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулага хандаж байгаад харамсч байна. Гэр бүлийн хүчирхийллийг чимээгүй байдлаар сэтгэл зүйд нь үг хэлээрээ айлган сүрдүүлж, нэр төрийг нь эцэг эхээ гэх хүүхдийн болон гэр бүлийн гишүүний эрхэмлэх хүндэтгэх чанрыг гутаан доромжлох байдлаар тэвчишгүй байдалд хүргэж байгаа эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн хүчирхийлэл хэрээс хэтэрч байгаагаас гэр бүл салж, үр хүүхэд өнчирч байгаад харамсч байна.

2. Анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 17-р гудамж 01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон, газрыг гэрлэгчдийн дундын эд хөрөнгөд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх... эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан. Гэр бүлийн тухай хуульд гэр бүлийн гишүүн гэр бүлдээ өөрийн гэсэн хуваарьт эд хөрөнгөтэй байх эрхтэй гэж заасан.

Иргэний хуульд мөн гэр бүлийн дундын хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгийг ойлгомжтой тодорхой ялгаж зааглаж хуульчилж өгсөн. Гэр бүлийн гишүүд өөрийн хуваарьт хөрөнгийг дундаа хамтран өмчлөхөөр гэр бүлийн дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй, энэ талаар үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үл хөдлөх хөрөнгө, газар нь ганц хүний өмч хөрөнгө гэж бүртгэгдэж, эзэмшиж ашиглаж байсан болохыг анхан шатны шүүх анхаарч нотлох баримтыг үнэлэхгүй дан ганц*******ийн тайлбарт үндэслэн гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг дундын хөрөнгө байна гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

...Иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг баталгаатай эдлэх эрх, гэрлэгчид гэр бүлдээ хуваарьт хөрөнгөтэй байх эрх, хуваарьт хөрөнгөө эзэмшигч өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрх хаана хэрэгжих ёстой вэ? Миний залуу нас, эцэг эхийн минь залуу насны хүч хөдөлмөрөөр гэр бүл болохоосоо өмнө олж авсан эд хөрөнгийн эрх, эцэг эхээсээ бэлэглэлийн гэрээгээр хүлээж авсан эзэмших, өмчлөх эрхийг Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан улсын бүртгэлд шүүх яагаад үнэлэлт дүгнэлт өгөхгүй байгаа юм бол. Миний гэр бүл болохоос өмнө бий болгосон, өөрийн хүч, хөдөлмөрийн оролцоо, залуу насаа зориулж, эцэг эхийнхээ хамт шударгаар олж авч эзэмшиж бий болгосон хөрөнгө хэн нэгэнтэй гэр бүл болж хамт амьдарснаар шууд гэрлэгчдийн дундын эд хөрөнгө болох ёстой гэж хуульчлаагүй.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00535 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг бүхэлд нь хянаж хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.Лхагвацэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч Ж.Лхагвацэцэг нь гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, хүүхдүүдэд эцэг Д.*******ээс тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүдэд болон өөрт ногдох хэсэг болох 75,249,577 /далан таван сая хоёр зуун дөчин есөн мянга таван зуун далан долоо/ төгрөгийн эд хөрөнгө /45,332,770 төгрөгийн үнэлгээ бүхий газар, хашаа байшин, үлдэх хэсгийг мөнгөөр/ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Баянбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэг нь нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд ногдох хэсэг болох 17,000,000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах талаар маргасан байна.

Анхан шатны шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Ж.Лхагвацэцэгийн асрамжид үлдээж, эцэг Д.*******ээр тэжээн тэтгүүлэх, нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас охин Ц.Цолмонгэрэл, охин Ц.Цэцэнжаргал нарыг өөрийн асрамжид үлдээх гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17 дугаар гудамжны 01 тоотод байрлалтай 45,332,770 /дөчин таван сая гурван зуун гучин хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийн үнэлгээ бүхий 000395242 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 210702150 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, түүний дээр байрлах 000449552 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 112 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Лхагвацэцэгийн өмчлөлд шилжүүлэн, давсан тул үнийн зөрүү болох 11, 333 192.5 /арван нэгэн сая гурван зуун гучин гурван мянга нэг зуун ерэн хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөгийг хариуцагч Ж.Лхагвацэцэгээс гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, хариуцагч Ж.Лхагвацэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 41,249,999.5 /дөчин нэгэн сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэг нь бие даасан шарадлага гаргасан гуравдагч этгээдэд ногдох хэсэг болох 17,000,000 /арван долоон сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.*******ийн давж заалдах гомдлын талаар:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.Лхагвацэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн гомдлын тухайд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлт цуцлуулах, охин Ц.Цолмонгэрэл, Ц.Цэцэнжаргал нарыг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг гаргаснаас хойш 1 жилийн хугацаанд гэрлэгчид эвлэрэн хэлэлцэх талаар санал санаачлага гаргаагүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ЗШ/739 дугаар шийтгэврээр ...холбогдогч Д.*******ийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан Хүүхдийн бие махбодид халдсан зөрчлийг үйлдсэнд тус тус тооцсон, гэрлэгчид тусдаа амьдрах болсноос хойш буюу 2022 оны 4 дүгээр сар, 2022 оны 6 дугаар саруудад хүүхдийн эрх зөрчигдсөн талаар мэдээлэл ирсний дагуу багийн хамтарсан баг, сургуулийн нийгмийн ажилтан нар ажиллаж нөхцөл байдлын болон хүүхдийн эрсдлийн үнэлгээг тус тус гаргасан, охин Ц.Цолмонгэрэл, охин Ц.Цэцэнжаргал нарын насны байдал, хариуцагчийн хүүхдүүдээ өөрөө асран хамгаалах хүсэл, эхийн хайр халамж, ээнэгшин дассан байдал, цаашид өөрийн биеэр асран хамгаалах бололцоотой байдал, хүүхдийн санал, Хөвсгөл аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүдийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр гаргасан Шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан 7 настай охин Ц.Цэцэнжаргал, 10 настай охин Ц.Цолмонгэрэл нарыг эх Ж.Лхагвацэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч Д.******* нь ... Ж.Лхагвацэцэгийн зүгээс миний хоёр охиныг болон намайг сэтгэл зүйн хүчирхийлэлд өртүүлж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байгаад гомдолтой гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

2. Анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг, 17 дугаар гудамжны 01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон, газрыг гэрлэгчид дундын эд хөрөнгөд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдлын тухайд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар хувааж болно гэж заасан.

Анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 17 дугаар гудамжны 01 тоотод байрлалтай 45,332,770 /дөчин таван сая гурван зуун гучин хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийн үнэлгээ бүхий 000395242 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 210702150 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 000449552 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 112 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******ийн хуваарьт хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Зохигч нарын маргаж байгаа 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 29-85 ХӨН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэл, 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 48-01 УНҮ улсын дугаартай Рехтон маркийн тээврийн хэрэгсэл, 20,000,000 /хорин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ГАЗ маркийн 18-17 ХӨА улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн адил үндэслэл бүхий байна.

Учир нь дээрх тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгч Д.******* худалдан авч эзэмшсэн болох нь хангалттай нотлогдохгүй, хариуцагч Ж.Лхагвацэцэг нь нэхэмжлэгч Д.*******ийг тухайн авто машиныг худалдан авсан, өөрийн нэр дээр эзэмшлийг шилжүүлсэн гэх талаар нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах хуулинд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн дээр 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 48-01 УНҮ улсын дугаартай Рехтон маркийн тээврийн хэрэгслийг хамт амьдарч байх хугацаандаа бусдад худалдаж, захиран зарцуулсан талаар зохигч тайлбарласан байх тул дундын эд хөрөнгө гэж үзэн нэхэмжлэгч Д.*******ээс гаргуулах боломжгүй байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лхагвацэцэг нь анхан шатны шүүх хуралдаанд шаардлагаасаа татгалзсан тул түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Д.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2023/00535 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******ийн төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                            Б.СОСОРБАРАМ

Н.БАЯРХҮҮ