Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 170

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч М.Борын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Лхамсүрэнд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 16.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сайншанд сум, 2-р баг, Энхтайваны 13-р гудамж 12-5 тоотод оршин суух Бичигт овгийн Мөнхөөгийн Бор /РД: ЕЙ60072904/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2014 оны 05 сарын 23-нд Лхамсүрэнд хашаа, байшингаа 42 сая төгрөгөөр худалдаж 24 сая төгрөгийг бэлэн авч, 2014 оны 07 сард 2 сая төгрөг авсан. Үлдсэн 16 сая төгрөгийг 2014 оны 09 сард төлөхөөр тохиролцсон. Одоо болтол мөнгөө төлөхгүй байгаа тул 16 сая төгрөгийг төлүүлж өгнө үү “ гэжээ.

Нэхэмжлэгч М.Бор шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Б.Лхамсүрэнгийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Миний нэхэмжилсэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 16.000.000 төгрөг нэхэмжилснээс 15.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 сарын 25-нд 600.000 төгрөг,  2016 оны 08 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 09 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 10 сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 07 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 09 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 10 сарын 20-нд 4.500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг, Хилийн гудамж 1-26 тоотод оршин суух Жалам овгийн Бунийн Лхамсүрэн /РД: КЮ64070738/  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие иргэн М.Бороос 1000 м2 газар бүхий 2 тал хашаа, канад хавтангаар хийсэн байшин 42.000.000 төгрөгөөр тохиролцож худалдаж авсан. Төрийн банкнаас 2014 оны 05 сард хашаа байшин худалдаж авах зээл авч 24.000.000 төгрөг өгсөн. ....М.Бортой 2015 оны намар уулзаад хүүхдүүд ч энд амьдарч гал түлж чадахгүй гээд өнгөрсөн онд эзгүй байсан. Би өөрөө ирж амьдрахаас өөрөө дэргэд нь ирж ажил төрлөө явуулъя тэгээд л таньд өгье гэж хэлэлцэж ярилцсан. Гэтэл огт яриагүй байж ажлаа ч эхлээгүй байхад өргөдөл өгсөнд гомдолтой байна. ..Бэлэн өгсөн 24.000.000 төгрөг дээр  2.000.000 төгрөг, 200.000 төгрөг 2 удаа өгсөн үүнийг мартсан юм болов уу. Үлдэгдэл 15.600.000 төгрөг байх ёстой. Дараах байдлаар төлөхөөр санал болгож байна. 2016 оны 07 сарын 25-нд 600.000 төгрөг,  2016 оны 08 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 09 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 10 сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 07 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 09 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 10 сарын 20-нд 4.500.000 төгрөгөөр тус тус төлье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч М.Бор нь хариуцагч Б.Лхамсүрэнгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 16.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.Бор нь хариуцагч Б.Лхамсүрэнд 2014 оны 05 сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн Замын-Үүд сумын 2-р баг Хилийн гудамжны 1-26 тоотод байрлах 960 м2 бүхий газартай 2 тал хашаа, дэлгүүрийн зориулалтай 8х12-н харьцаатай  байшин, уурын зуух, саун, 2 өрөө орон сууц зэргийг 42.000.000 төгрөгөөр худалдсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож, хариуцагч Б.Лхамсүрэн нэхэмжлэлийн шаардлагаас 15.600.000 төгрөгийг 2016 оны 07 сарын 25-нд 600.000 төгрөг, 2016 оны 08 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 09 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 10 сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2017 оны 06 сарын 30-нд 1.000.000 төгрөг, 2017 оны 07 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 08 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 09 сарын 30-нд 1.500.000 төгрөг, 2017 оны 10 сарын 20-нд 4.500.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар, нэхэмжлэгч М.Бор нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгөөс татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Борын нэхэмжлэлтэй, Б.Лхамсүрэнд холбогдох худалдан авах гэрээний үүргийн төлбөр 16.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Лхамсүрэн нь 15.600.000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч М.Бор 400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237.950 төгрөгийн 50 хувь болох 118.975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 118.975 төгрөгийг, хариуцагч Б.Лхамсүрэнгээс 15.600.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 117.975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Борд олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА