Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч О.Б,

хохирогч Ж.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Б-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М, Ж.Н нарыг цохих, өшиглөх зэргээр тэдгээрийн эрүүл мэндэд нь тус тусад нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Н мэдүүлэхдээ.

“...Надад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байгаа. Би энэ хүнд зодуулах зүйл хийгээгүй. Би энэ хүнд олон удаа доромжлуулж байсан. Тухайн үед энэ хүн анхны тусламж үзүүлсэн зүйл байхгүй. Гэмт хэрэг гарснаас хойш холбоо бариагүй. Би одоо хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Бын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БГД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 тоот нийтийн байранд Нэргүй, Шинэбаяр, Өнөболд нартай байж байгаад 22 цагийн үед гэрээсээ гараад Өргөө кино театрын эсрэг талын пламинго нэртэй бааранд орж үйлчлүүлээд 00 цагийн үед гараад хорооллын шөлөндөө орсон. М рүү утсаар залгаад уулзая гэж хэлтэл замын эсрэг талын лов нэртэй бааранд найзтайгаа хамт явж байна гээд шөлөндөөд хүрээд ирсэн. Хамт явж байсан Н- гэх найзтайгаа яагаад нийлээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Н- өөдөөс орилсон. би Н-тэй хэрэлдсэн. Шөлөндөөгөөс гараад М-ийг аваад явах гэсэн чинь явахгүй байсан Н- өөдөөс майжих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Н-гийн хацар руу алгадсан чинь газар унасан. Унах үед нь мөн 2 удаа өшиглөсөн. Гэтэл М голоор орж ирээд толгойндоо цохиулсан. Манай найзууд араас шөлөндөөгөөс гараад ирсэн яасан юу болсон гэж асуусан, ингээд би найзуудтайгаа хамт гэртээ харьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 38, 65-66/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М-ий өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03 цагийн үед БГД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лов нэртэй бааранд найз Н-тэй хамт үйлчлүүлж байтал, урьд өмнө үерхэж байсан Б утсаар залгасан. Пламингод гэх бааранд байна явахаасаа өмнө уулзмаар байна гэж хэлсэн. Би Лов бааранаас 03 цагийн үед гараад замын эсрэг талын шөлөндөө хоолны газарт хоол идээд дуусаж байтал Б утсаар залгаад хаана байна гэж асуусан шөлөндөөд байна гэж хэлээд, нойл ортол Б араас орж ирсэн, чи яагаад Н-тэй нийлээд яваад байгаа юм бэ би битгий нийл гэж хэлээ биздээ гэж хэлсэн. Б уурлаад намайг түлхсэн би хаалга мөргөсөн, гэтэл энэ үед Н- орж ирсэн, би уйлаад зогсож байсан. Н- орж ирээд удалгүй нойлд Бтой маргалдсан. Б Н-г янхан минь гэж хэл амаар доромжилсон би нойлоос гараад гадагшаа гараад явсан. Апекс дэлгүүрийн ойролцоо явж байтал Б араас хүрээд ирсэн. Ирээд юм яриад зогсож байтал, Н- араас хүрээд ирсэн, ирээд мөн Бтой хэрэлдсэн. Б намайг авч гэртээ харина гэсэн, Н- намайг таксинд суулгаж өгнө гэж маргалдаад байж байтал, Б Н-г хавсарч унагаад, өшиглөөд байсан. Би дундуур нь орж салгасан чинь намайг түлхээд толгой руу 1 удаа цохисон. Би 5-6 алхамын цаана байсан машины хажууд очсон чинь толгойноос цус гарсан байсан, уг машины жолооч намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөх гээд машиндаа суулгаад явсан, би манай найз энд байгаа гэж хэлсэн чинь эргэж ирээд Н-г аваад явсан. Б явсан байсан. Гэтэл хоёр эргүүлийн цагдаа ирсэн байсан, намайг Гэмтлийн эмнэлэг дээр очиж оёо тавиул гэж хэлсэн. Уг цагаан машины жолооч Н- бид хоёрыг гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өгсөн, би духны баруун хэсэгт 8-н оёо тавиулсан. Оёо тавиулж дуусаад БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Нын өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн үед БГД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лов нэртэй бааранд Мтэй уулзаж орж үйлчлүүлсэн. Хоёр, хоёр шил Сэнгүр пиво уусан. Лов баарнаас 02 цагийн үед гараад замын хойд талд байрлах шөлөндөө хоолны газарт орж хоол идсэн. Хоол идээд байж байхад М нойл ороод ирье гээд нойлын өрөө рүү явсан, гэтэл Б М-ийг хайсан орж ирсэн, М хаана байна гэж асуусан би нойл орсон байгаа гэж хэлсэн, Б шууд нойл руу орсон, 2-3 минутын дараа би М-ийг хайгаад нойл орсон чинь М нойлын үүдэнд уйлсан толгойгоо барьсан сууж байсан, Б М-ийн хажууд боссон зогсож байсан. Би очоод яагаад байгаа юм бэ юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь чамд хамаагүй янхан минь гэж өөдөөс хараасан, энэ хооронд М босоод гадагшаа гараад явсан, би араас нь гадаа гараад М-ийг таксинд суулгаж өгөх гээд зогсож байтал. Б араас ирээд шууд намайг хавсарч унагаад, нурууруу 2-3 удаа өшиглөсөн би босож ирээд маргалдаад байж байтал мөн дахиад намайг хавсарч газар унагаад, нуруу руу өшиглөсөн дахиад намайг цохих гэж байхад М дундуур орж толгой руугаа цохиулсан. Ингээд М-ийн толгойноос нилээн их хэмжээний цус гарсан. Үүний дараа шууд Б яваад өгсөн. Шөлөндөөгийн зүүн талд эргүүлийн хоёр цагдаа ирж байсан, би тэр хоёр цагдаа дээр очоод хүнд зодуулчихлаа гэж хэлсэн чинь гэмтэл ороод үзүүл гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг ороод М духандаа 8-н оёо тавиулсан. Би Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, физик эмчилгээ хийлгээрэй гэж хэлсэн. Гэмтэлд үзүүлж дуусаад БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ... тоот:

               1. Ж.Нд баруун мөрний суналт тогтоогдлоо.

               2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 30/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот:

               1. М-н биед духанд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

               5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 31/,

 

               - Хохирлын баримтууд /хх-н 24-25/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 40/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 42/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч М, Ж.Н нарыг цохих, өшиглөх зэргээр тэдгээрийн эрүүл мэндэд нь тус тусад нь хөнгөн хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Бын “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ...М рүү утсаар залгаад уулзая гэж хэлтэл замын эсрэг талын лов нэртэй бааранд найзтайгаа хамт явж байна гээд шөлөндөөд хүрээд ирсэн. Хамт явж байсан Н- гэх найзтайгаа яагаад нийлээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь Н- өөдөөс орилсон. Шөлөндөөгөөс гараад М-ийг аваад явах гэсэн чинь явахгүй байсан Н- өөдөөс майжих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би Н-гийн хацар луу алгадсан газар унасан. Унах үед нь мөн 2 удаа өшиглөсөн. Гэтэл М голоор орж ирээд толгойндоо цохиулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч М-ий “...2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03 цагийн үед ...Б Н-г хавсарч унагаад, өшиглөөд байсан. Би дундуур нь орж салгасан чинь намайг түлхээд толгой руу 1 удаа цохисон. Би 5-6 алхамын цаана байсан машины хажууд очсон чинь толгойноос цус гарсан байсан, уг машины жолооч намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөх гээд машиндаа суулгаад явсан, би манай найз энд байгаа гэж хэлсэн чинь эргэж ирээд Н-г аваад явсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Нын “...2018 оны 12 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн үед ...Хоол идээд байж байхад М нойл ороод ирье гээд нойлын өрөө рүү явсан, гэтэл Б М-ийг хайсан орж ирсэн, М хаана байна гэж асуусан би нойл орсон байгаа гэж хэлсэн, Б шууд нойл руу орсон, 2-3 минутын дараа би М-ийг хайгаад нойл орсон чинь М нойлын үүдэнд уйлсан толгойгоо барьсан сууж байсан, Б М-ийн хажууд боссон зогсож байсан. Би очоод яагаад байгаа юм бэ юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь чамд хамаагүй янхан минь гэж өөдөөс хараасан, энэ хооронд М босоод гадагшаа гараад явсан, би араас нь гадаа гараад М-ийг таксинд суулгаж өгөх гээд зогсож байтал Б араас ирээд шууд намайг хавсарч унагаад, нурууруу 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 22-ний өдрийн ... тоот дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот дүгнэлт, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Бын хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Шүүх хуралдаанд хохирогч Ж.Н нь “...Би одоо хохирол төлбөр нэхэмжлэхгүй...”гэх мэдүүлэг өгч байх тул хохирогч Ж.Нд төлөх төлбөргүй гэж үзэж шүүгдэгч О.Боос 216.240 төгрөгийг гаргуулж хохирогч Мд олгож, хохирогч М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.Бт 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээж гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Бт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Боос 216.240 төгрөг гаргуулж хохирогч Мд олгож, хохирогч М нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ