Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1276

 

“ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03554 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХХХ-т холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 66 002 328 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

 

Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХХХХ” ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын 60 айлын 12 давхар орон сууц барих ажлыг хийж гүйцэтгэхээр ХХХХХ-тай 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгыг хугацаанд нь барьж хүлээлгэн өгсөн. Гэрээний анхны дүн 1 450 000 000 төгрөг байсан боловч хоёр тал 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж төсөвт өртгийн хэмжээг 1 949 488 707 төгрөг болгосныг захиалагч тал санал гаргаснаар  1 741 565 84 төгрөг байхаар тохиролцсон. ХХХХХ нь санхүүжилт хийсэн боловч барилгын ажлыг гүйцэтгэх хугацаанд барилгын материалын үнийн өсөлт, ханшийн зөрүү зэргээс шалтгаалж анх гэрээгээр тохиролцсон төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөг, барилгын заслын ажлын мөнгөний дутуу 10 549 180 төгрөг, нийт 40 549 180 төгрөгийг манай компанид төлөх ёстой. Мөн “ХХХХ” ХХК нь манай компаниас лифтны үнэ, суурилуулалтын хөлс нэхэмжилж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “ХХХХ” ХХК-иас дээрх мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул тус орон сууцанд суурилуулсан цахилгаан шатны үнэ, суурилуулалтын хөлс зэрэгт нийт 25 973 390 төгрөгийг нэхэмжилж байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээгээр тохиролцсон төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөг гэж нэхэмжилсэн боловч хоёр талын тооцоо нийлсэн актад төсөвт өртгөөс 11 084 838 төгрөг дутуу, түүнчлэн Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар барилгын ажлыг гүйцэтгэх явцад дулаан, цахилгаан, усны төлбөрийг захиалагч өөрсдөө хариуцдаг тул цахилгаан, ус, дулааны төлбөр 18 394 920 төгрөг нь төсөвт өртөгт суусан байх ёстой. Гэрээгээр тохиролцсон төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөгт дээрх ус, дулаан, цахилгааны төлбөр 18 394 920 төгрөг орж байгаа. Төсөвт өртөг нь бага байгаа учраас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилчид нэмэлтээр 100 000 000 төгрөг төлөхөөр болсон ба үүнээс 89 450 820 төгрөгийг манай дансанд шилжүүлж, 10  549 180 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн актаас харагдаж байх ба дээрх тооцоон дээр маргахгүй байгаа. Уг тооцоог “ХХХХ” ХХК-иас инженер ХХХХХ, орчуулагч ХХХХ, захиалагч талаас ХХХХ тус тус хийж баталгаажуулсан. Лифтний тооцооны хувьд 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн баримтад 72 000 000 төгрөг гэж гарсан. Лифтийг 36 781 818 төгрөгөөр гэж анх төсөвлөсөн, гэтэл лифтний мөнгө хүрэлцэхгүй байсан тул оршин суугч нар мөнгө нэмж, 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар 72 000 доллар болсныг захиалагч тал 72 000 000 төгрөг гэж ойлгосноос үнийн зөрүү гарсан тул 25 973 390 төгрөгийг ХХХХХ төлөх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХХХ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилчдын 60 айлын орон сууц бариулах тухай 08 тоот барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг “ХХХХ” ХХК-тай байгуулж, улмаар 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан. ХХХХХ Орон сууцны санхүүжилтын корпорацитай байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “40000 орон сууц хөтөлбөрт хамрагдах тухай гэрээ”-ний дагуу дээрх орон сууцанд орох албан хаагчдаас болон Төрийн банкны орон сууцны урт хугацааны зээл, Орон сууцны санхүүжилтын корпорацийн санхүүжилтээр гэрээний үнэ болох 1 741 056 584 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Нэмэлт гэрээгээр төсөвт өртгийг 1 949 960 000 төгрөг болгож нэмэгдүүлсэн боловч захиалагч талаас санал гаргаснаар 1 741 560 584 төгрөг болгохыг гүйцэтгэгч тал зөвшөөрсөн. Мөн “ХХХХ” ХХК-ийн санхүүжилт бүрэн хийгдсэн ч барилгын ажлыг хугацаанд нь дуусгалгүй мөнгөгүй болсон шалтгаанаар улсын комисст хүлээлгэн өгөлгүй удаж байсан тул албан хаагчид нэмэлт хөрөнгө гарган 100 000 000 гаруй төгрөгөөр санхүүжүүлж байж дутуу барилгыг гүйцээлгэж ашиглалтад оруулсан. Хоёр талын тооцоо нийлсэн актад маргах зүйл байхгүй боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөгийг дээрх нэмэлт санхүүжилтээр санхүүжүүлсэн, барилгын ажлыг гүйцэтгэх явцад гарсан дулаан, цахилгаан, усны төлбөрийг манайх холбогдох газарт төлсөн, мөн барилгын заслын ажлын мөнгөний дутуу 10 549 180 төгрөг, “ХХХХ” ХХК-тай гэрээгээр байгуулсан төсөвт өртөгт лифтны үнэ болон лифт угсралтын үнэ багтсан тул лифтны үнэ нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “ХХХХ” ХХК-тай гэрээ байгуулаад төсвөө шилжүүлэхдээ Орон сууцны санхүүжилтын корпорацитай давхар гэрээ байгуулж тус корпорациас 1 200 000 000 төгрөгөөр, манайх урьдчилгаа болгож 380 567 564 төгрөгөөр санхүүжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу ажилчдаас урьдчилгаа гаргуулж, “ХХХХ” ХХК-д шилжүүлсэн. Гүйцэтгэлийн хэмжээгээр Орон сууцны санхүүжилтын корпорациас 660 040 254 төгрөг хийгдсэн. Гэрээгээр тохиролцсоноор “ХХХХ” ХХК өөрсдөө гаргаж, Орон сууцны санхүүжилтын корпорациас үлдэгдэл 600 000 000 төгрөгийг гаргаж өгөх ёстой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 160 489 200 төгрөг нэмэгдэж хийх ёстой байтал “ХХХХ” ХХК гүйцэтгэлээ гаргаж өгөхгүй удсанаас болж, Орон сууцны санхүүжилтын корпорацийн санхүүжилт зогссон. Нэгэнт Орон сууцны санхүүжилтын корпораци болон манайхаас санхүүжүүлчихсэн болохоор оршин суугчид “ХХХХ” ХХК-ийн 1 729 393 635 төгрөгийг иргэд өөрсдөө болон Орон сууцны санхүүжилтын корпорацийн дансанд нь хийсэн байдаг. Нэхэмжлэгч компани мөнгөгүй гэдэг шалтгаанаар барилгаа барихгүй байсан тул байрандаа хурдан оръё гэдэг үүднээс нэмэлт санхүүжилт хийж нийт 1 818 881 818 төгрөг өгсөн. Тэгэхээр гэрээгээр тохиролцсон болон нэмэлт гэрээ хийж мөнгөө төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 21 634 018 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44 368 310 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 520 төгрөгөөс 426 679 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ХХХХХ-аас 266 120 төгрөг, улсын төсвийн данснаас илүү төлсөн 160 559 төгрөгийг тус тус гаргуулж, “ХХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дансаар зарим мөнгө нь орсон гэж тайлбар өгөөгүй. Манай газраас санхүүжилт хийгдсэн бүх мөнгө “ХХХХ” ХХК-ийн дансанд байр захиалагч иргэдийн нэрээр өөрсдөө болон гэрч ХХХХын данснаас захиалагчдын нэрээр шилжиж орсон байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... зарим мөнгө нь Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын дансаар ... “ХХХХ” ХХК-ийн дансанд шилжүүлж байсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна ...” гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Нэмэлтээр санхүүжүүлсэн 100 000 000 төгрөг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын оролцоо байхгүй бөгөөд “ХХХХ” ХХК нь мөнгөгүй болсон гэсэн шалтгаанаар барилгыг гүйцээж барихгүй, ашиглалтад оруулахгүй удсан тул зөвхөн байр захиалагч иргэдийн байрандаа хурдан орох гэсэн хүсэл, зорилго, санал санаачилгаар өгсөн санхүүжилт юм. “ХХХХ” ХХК барилгын гүйцэтгэл гаргаж өгөхгүй удсанаас Орон сууцны санхүүжилтын корпорациас санхүүжүүлэх боломжгүй болсон. Нэгэнт төсөвт өртөг болон нэмэлт санхүүжилтын аль алиныг барилга захиалагч иргэдээс мөнгө гаргаж санхүүжүүлж байсан тул нэмэлт санхүүжилт, төсөвт өртөг хоёр тус тусдаа биш нэг эх үүсвэрээс санхүүжиж байгаа нийт санхүүжилт болно. “ХХХХ” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 220 тоот Хадгаламж банкинд өгсөн албан бичиг нь гэрч ХХХХаас гаргаж өгсөн нотлох баримт бөгөөд илэрч гарсан хугацаа нь тооцоо нийлсэн актаас хойш байдаг. Тухайн албан бичгийн талаар тооцоо нийлснээс хойш мэдсэн гэсэн үг юм. Тиймээс тооцоо нийлсэн актад энэ мөнгөн дүн нь тооцогдож хасагдаагүй байдаг. “ХХХХ” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчид албан бичгийн талаар үгүйсгэж маргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас хасагдах нь үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч ХХХХХ-т холбогдуулан гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 66 002 328 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 1 741 056 584 төгрөгийг төлж, ажлыг түргэвчлүүлэх зорилгоор албан хаагчид нь нэмэлт 100 000 000 төгрөг гарган нийт 1 818 881 818 төгрөг төлсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

 

Талууд 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтнуудын 60 айлын 12 давхар орон сууцыг 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барьж дуусган хүлээлгэж өгөх, хариуцагч ХХХХХ нь ажлын хөлсөнд 1 м.кв талбайг 353 658 төгрөгөөр тооцож нийт 1 450 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх.6-7/ Улмаар 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр талууд дээрх гэрээтэй холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулж, барилгыг 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгөх, ажлын хөлсийг 1 м.кв талбайг 428 013 төгрөгөөр тооцож нийт 1 754 857 202 төгрөг байхаар тохиролцсоноор талуудын хоорондын ажил гүйцэтгэх гэрээний агуулгад өөрчлөлт орсноор /хх.11/ ажил гүйцэтгэгч Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар төсөв зохиож, 345.2 дахь хэсэгт зааснаар төсвийн хэмжээг нэмснийг захиалагч тал хүлээн зөвшөөрч нэмэлт гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогджээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний үнэд өөрчлөлт оруулсан дээрх хэлцлийн талаар болон гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй, харин уг гэрээний дагуу төлөх ёстой ажлын хөлс бүрэн төлөгдсөн эсэх үйл баримтын хувьд маргаантай байна.

 

Хэргийн 32 дахь талд авагдсан “ХХХХ” ХХК-д хаягласан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02-07/259 дүгээр албан бичигт “... барилгын төсөвт өртөг 1 741 056 584 төгрөгөөс 11 662 949 төгрөг, нэмэлт санхүүжилт болох 100 000 000 төгрөгөөс 9 676 180 төгрөгийг төлөөгүй, нийт 21 339 129 төгрөгийн үлдэгдэл байгааг тогтоолоо ...” гэж дурдсан байх боловч хэргийн 139 дэх талд авагдсан 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн талууд хоорондын тооцоо нийлсэн баримтад зааснаар хариуцагч ХХХХХ нь 100 000 000 төгрөгийн нэмэлт санхүүжилтээс 10 549 180 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгааг талууд хүлээн зөвшөөрч эрх бүхий этгээдүүд гарын үсэг зуржээ. Талууд гэрээний үүргийн талаар тооцоо нийлж, энэхүү баримтыг үйлдсэн үйл баримтын талаар маргаангүй болно.

 

Иймд хариуцагч Нийслэлийн мэргэжийн хяналтын газар нь 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан нэмэлт гэрээний дагуу тохиролцсон ажлын төсөвт өртгөөс 11 662 949 төгрөг төлөөгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь уг төлбөрийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй  боловч нэхэмжлэлийн шаардлагаа “төсөвт өртөгт төлөөгүй 11 084 838 төгрөг ...” гэж тодорхойлсон тул уг шаардлагад заасан дүнгээр хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх журамд нийцнэ.

 

Харин 100 000 000 төгрөгийн нэмэлт санхүүжилтийн талаар талууд маргаангүй бөгөөд уг нэмэлт санхүүжилтээс 10 549 180 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь хэргийн баримтаар тогтоогдсон тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болно.

 

Талууд дээрх бичгийн гэрээнүүдээс хойш дахин ажлын төсөв нэмэгдсэн, энэ талаар нэхэмжлэгч нь хариуцагчид Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох төсөвт өртгөөс дутсан бодит өртгийн зөрүү 30 000 000 төгрөг, лифтны үнэ 25 973 390 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь талууд гэрээгээр төсөвт өртгийн хэмжээг харилцан тохиролцсон бөгөөд захиалагч талаас төлөх ёстой төсөвт өртгөөс 11 662 949 төгрөг, нэмэлт 100 000 000 төгрөгийн санхүүжилтээс 10 549 180 төгрөг тус тус төлөөгүй, лифтны үнэ 72 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэлгүй талаар тооцоо нийлсэн баримт хэрэгт авагдсан байна. /хх.139/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/03554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ХХХХХ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

                                                                      ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ