Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00746

 

Д.Одонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00061 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 622 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Одонгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Одонгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бямбадорж, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2015/03418 дугаар захирамжаар 205 922 126 төгрөгийг гаргуулж “АБТС” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тасгийн дарга дэд хурандаа Ц.Бямбасүрэнгийн өгсөн хариуг эс зөвшөөрч байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхам нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байрны 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны зөрчиж үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлээгүй болно.Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байр, 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт болсон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Шүүх Д.Одонгоос 205 922 126 төгрөгийг гаргуулж “АБТС” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Одонд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 10/1 дүгээр байрны 4 тоот 170 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/140 дугаар тогтоолоор битүүмжилж, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 140/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авч үнийн санал үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас авахад өмчлөгч 4 өрөө орон сууцыг 580 000 000 төгрөг гэж, төлбөр авагч “АБТС” ББСБ нь 300 000 000 төгрөг гэж үнийн санал өгч үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд орон сууцыг 332 600 000 төгрөгөөр үнэлсэн.Энэхүү үнэлгээний мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Д.Одонд гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнээс 4 өрөө орон сууцыг 70 хувь болох 232 820 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр оруулах мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3/1498 дугаартай албан бичгийг Д.Одонд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар өдөр тутмын хэвлэл Өнөөдөр сонинд нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Үүний дараа зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар өдөр тутмын хэвлэл Үндэсний шуудан сонинд нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 3/19973 тоот албан бичгээр албадан дуудлага худалдааны комиссын хуралд хүрэлцэн ирэх мэдэгдлийг хүргүүлжээ. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2 дахь дуудлага худалдааны мэдэгдлийг Д.Одонд хүргүүлсэн. Дуудлага худалдааны тогтоол нь үнэлгээнээс шууд хамааралтай гардаг. Үнэлгээ нь хуульд заасны дагуу 70 хувь, 50 хувиар тогтоогдож гардаг. Тогтоол нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00061 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Д.Одонгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 622 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Одонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхам нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хэсэг Зайсангийн гудамж 10/1 байрны 04 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008706 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид хүргүүлээгүй болно.Иймд 2 дахь албадан дуудлага худалдааг явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гарсан зохигчдын хоорондох маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Одон нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж, Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 10\1-3 тоотод байрлах орон сууцыг албадан худалдах 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тайлбарлан, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Нэхэмжлэгч Д.Одон нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 102\ШШ2015\03418 дугаар захирамжаар 205 329 826 төгрөгийг “АБТС ББСБ” ХХК-д төлөх үүрэг хүлээсэн ба хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхээс олгосон гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3820 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1263 дугаар магадлалаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзэж, үнэлгээ хүчингүй болгуулах талаар шүүхэд гаргасан Д.Одонгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч орон сууцыг худалдан авах үнийн санал ирээгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-т зааснаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнийн санал мөн ирээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1\21 дүгээр тогтоол гаргаж, зарыг Өнөөдөр сонинд нийтэлж, уг тогтоолд заасан 2016 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа болох тухай мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Одонд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гардуулан өгч, тэмдэглэл үйлдсэн байна.  

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2017/00061 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 622 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН