Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2017/00020

 

Баян-Ө аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С сумын 6 дугаар багийн оршин суугч Х.Зийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Ө аймгийн С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох,

С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар хэсгийн хуралдааны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хэсгийг болон А.Хийг Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүйболгож, С сумын 6-р багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх санал хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдааныг дахин хуралдуулахыг 6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.З, түүний өмгөөлөгчид С.Н , А.С , хариуцагч Х.Б , гуравдагч этгээд А.Х, түүний өмгөөлөгч Я.С , гэрч Х.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С сумын 6-р багийн иргэн тус багийн Засаг даргад нэр дэвшигч Х.З би багийн ИНХ-ын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол маань зөрчигдсөн гэж үзэж дараах үндэслэлүүдээр захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд: Тус сумын 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыгхэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр "Зост хэмээх газар, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ху-үй хэмээх газарт тус тус хэсэгчлэн зохион байгуулахаар иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс зарласны дагуу мөн оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зост-д зохион байгуулагдсан иргэдийн Нийтийн Хурлын 1 дүгээр хэсгийн хуралдаанд нийт 182 иргэн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх нууцаар санал хураах ажиллагаанд оролцсон ба түүнээс 100 иргэн Засаг даргад нэр дэвшигч Х.З миний төлөө 71 иргэн, нэр дэвшигч А.Хийн төлөө санал өгсөн бөгөөд 10 иргэний санал хүчингүйд тооцогдсон юм. Энэ нь 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ху-үй-д зохион байгуулагдсан 2-р хэсгийн хуралдаанд 69 иргэн оролцож санал өгсөн гэх албан бус мэдээлэл байгаа ба үүнээс хэдэн хувь нь нэр дэвшигч А.Х, хэдэн хувь нь миний төлөө санал өгсөн, ямар журмаар санал хураалт явуулсан, хурлын тэмдэглэл хөтөлсөн эсэх нь тодорхой бус байна.

Учир нь, тухайн өдөр зохион байгуулагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хэсгийн хуралдааныг тус сумын Засаг дарга /С.Х /, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга /С.Х / нар удирдаж санал хураалт зохион байгуулах комиссыг хүчингүй болгон шинээр комисс байгуулж, тухайн багийн харьяа бус иргэдийг санал хураалтад оролцуулан нэр дэвшигчдийн төлөө санал өгөх боломж олгосон зэрэг хууль бус ажиллагаа явуулсан

Тодруулбал, багийн иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдаанд оролцож санал өгсөн Ж М  /Ховд аймгийн 4-р Ж багийн иргэнI, Х Х  /Ховд аймгийн 2-р Мянгад багийн иргэн/, Х А /Ө сумын 2-р багийн иргэн/ Ц Б  /Ховд аймгийн Б сумын 5-р багийн иргэн/, Ө Ж /Ө сумын 1-р багийн иргэн/, Т М /С сумын 3-р багийн иргэн/ А Г /С сумын 3-р багийн иргэн/ нар нь тухайн багийн харьяа бус иргэд болох нь улсын бүртгэлийн газрын лавлагаагаар нотлогддог.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцожболох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно, гэснийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т заасан багийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд нь хамаарах асуудлыг сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрсдөө шийдвэрлэсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймээс 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдаан хууль бусаар явагдсан нь дээрх баримтуудаар нотлогдож байгаа тул тухайн хэсгийн хуралдааныг хүчингүйд тооцох, хуралдаанд оролцож, нэр дэвшигчдийн төлөө санал өгсөн 69 иргэний саналыг хүчингүй болгох хуулийн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-т Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэж заасан байх бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын 1 дүгээр хэсгийн хуралдаанд 80 өрхөөс 182 иргэн оролцон хуулийн шаардлагыг хангасан учраас 1-р хэсгийн хуралдааныг хүчинтэйд тооцож, тухайн хэсгийн хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 100 хүний санал авсан Х.З миний нэрийг багийн Засаг дарга-д томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтан /сумын Засаг дарга/-д уламжлахыг 6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тайлбартаа:

Иргэн Х.Зийн нэхэмжлэлтэй С сумын 6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.А би зохигчдын тайлбар, нэхэмжлэл, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцаж, уг хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих хууль, хууль тогтоомжийн бусад актуудыг судлан үзээд нэхэмжлэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр түүнээс итгэмжлэлээр олгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.4-д заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг С сумын иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар хэсгийн хуралдааны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хэсгийг хүчингүйд тооцуулах, А.Хийг Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гэж,

Нэхэмжлэлийн 2-р шаардлагыг С сумын 6-р багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх санал хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдааныг дахин хуралдуулж хуулийн дагуу зохион байгуулахыг 6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргуулах тухай гэж тус тус өөрчлөв.

Тус сумын 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд хэсэгчлэн зохион байгуулахаар зарласны дагуу тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг тогтоосон газар, хугацаанд зохион байгуулж нууц санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 1-р хэсгийн Хурлын хуралдааныг зохих журмын дагуу явуулж дүнгээ гаргасан боловч 2-р хэсгийн Хурлын хуралдаанд тус сумын Засаг дарга С.Х багийн харьяа бус иргэдийг санал хураах ажиллагаанд оруулж, санал өгүүлсний улмаас хууль дээдлэх, шударга ёсыг сахих зарчим алдагдсан, иргэд, нэр дэвшигчийн сонгох, сонгогдох эрх ашиг зөрчигдсөн талаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдаж, 02-р хэсгийн Хурлын хуралдаан, санал хураалтын дүнг бүхэлдээ хүчингүй болгуулах, 1-р хэсгийн санал хураалтын дүнг үндэслэн өөрийн нэрийг багийн Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжлахыг 6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргуулахыг хүсжээ.

Хэдийгээр 2-р хэсгийн Хурлын хуралдаан хууль бусаар явагдсан, үүний улмаас бусдын эрх ашиг хөндөгдсөн боловч иргэн Х.З нь зөвхөн багийн Засаг даргад нэр дэвшсэн. Улмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргыг сонгох хуралдаан, санал хураалтын дүнгийн талаар маргаагүй тул Хурлын хуралдаан, санал хураалтын дүнг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагагүй бөгөөд нэгэнт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулахаар шийдвэрлэж нийтэд зарласан учраас 1-р хэсгийн хуралдааны санал хураалтын дүнгээр багийн Засаг даргыг сонгох боломжгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар өөрчилсөн болно.

6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд сумын Засаг дарга тухайн багийн харьяа бус иргэдийг оруулсан нь хууль бус болох талаар:

С сумын 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдааны үеэр тус сумын Засаг дарга С.Х нь албан тушаалын бүрэн эрхийг давуу байдал болгон ашиглаж "Даян-гийн заставд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн албан хаагч болон бусад албан тушаалтнуудыг санал хураах ажиллагаанд оруулна гэж бусадтай маргаж байгаа нь дүрс, дууны бичлэг, эдгээр хүмүүс санал хураах ажиллагаанд оролцож, санал өгсөн нь Хурлын хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдож байна.

Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т...баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн багхорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох.., гэснийг зөрчсөн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т заасан багийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг сумын Засаг дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж өөрөө шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Өөрөөр хэпбэл, багийн Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох,

Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх зэрэг хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг зөвхөн тухайн багийн иргэд олонхийн буюу 50-иас дээш хувийн саналаар хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд зөвхөн тухайн багийн иргэн гэдэг нь Монгол улсын иргэний иргэний үнэмлэх-т бичигдсэн хаягаар тодорхойлогдоно.

Иймээс 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдаанд өөр аймаг, сум, багийн иргэд оролцож санал өгсөн болох нь хууль ёсны нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул тухайн хэсгийн Хурлын хуралдааны холбогдох хэсгийг хүчингүйд тооцох, санал хураалтын дүн, нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай бөгөөд саналын дүн хүчингүй болсон хэмжээгээр Засаг даргыг томилуулахаар дахин санал хураалт явуулах хуульд нийцэх юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Х.З шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж тайлбарлахдаа:

Анх 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн хурал маргаангүй явагдаж өнгөрсөн. Дараа нь Даянд явагдсан. Энэ үед сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид 2 машинаар нүүж очиж ажилласан. Улмаар Даянд очиж өглөө нь хурал хийхэд анх тохиролцсон 6 хүн орох байсан. С.Х 31 хүн оролцуулна, комисс дахин сонгоно гэснээс болж маргаан гарсан. С.Х заставаас тогтоол гаргуулж авчирсан байсан. Өмнөх тогтоолын талаар С.Хаас асуухад тэр талаар мэдэхгүй гэж хариулсан. Иргэд өчигдрийн комиссын бүрэлдэхүүнтэй хурал явуулж өгөөч гэж хэлсэн боловч үл ойшоон, өөрсдөө комисс байгуулж, хурал явуулсан. Уг хуралд миний талын ойр дотны хүнийг оролцуулалгүй, хууль бус явагдсан.

Мөн уг сонгуульд Баян-Ө аймгийн харьяат биш хүн оролцсон. Иймд шүүх шударга ёсыг тогтооно гэж бодож нэхэмжлэл гаргасан. Тамга авч зугтсан гэх асуудал болоогүй. Өчигдрийн бичлэгээс харагдаж байсан. Комиссын дарга Х.Боранбай энэ талаар хэлсэн. Хуралдаан хууль бус болсон гэж үзээд 23 хүн хуралдаанд оролцоогүй. Би С.Х болон сумын хэсгийн төлөөлөгч А.М нарт хүсэлт гаргасан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Сумын захиргаа тухайн газар нүүж очиж ажиллах ёсгүй байсан байна. Тус сумын 3 дугаар багийн иргэн К М, түүний эхнэр А Г гэдэг хүн хуралдаанд оролцсон. Баян-Ө аймгийн харьяат биш заставын 5 иргэдийг хуралдаанд оролцуулсан тул хууль бус гэж үзэж байна. С.Х сонгуулийг өөрөө явуулсан. Түүнд тухайн сонгууль явуулах, оролцох эрх байхгүй юм байна. С.Х дэгийг өөрөө тогтоосон. Тэрээр шөнө дунд очиж ард иргэдийг цуглуулж ухуулга явуулсан ба өглөө нь маргаан үүсгэхэд иргэд дургүйцсэн. Улмаар 23 хүн сонгуульд оролцохгүй гээд тухайн сонгуульд оролцоогүй.

С.Хт олон хүн энэ сонгуулийг дахин явуулж өг гэх хүсэлт гаргасан ч тоогоогүй. С.Хыг албан тушаалаа урвуулан ашигласан гэж бодож байна. Би та нараас шударгаар шийдвэрлэж өгөх байх гэж итгэж нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б нь С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн анхдугаар хуралдаанаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргаар сонгогдон ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 04- ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар дахин сонгогдсон болно.

Энэ нь С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдох юм.

Хууль тогтоомжид заасны дагуу тус сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцэх тухай хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зост-д, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ху-үй-д хэсэгчлэн зохион байгуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хэлэлцэн тогтоол гарган орон нутгийн олон нийтийн радиогоор зарласан билээ.

Үүний дагуу тус багийн 1-р хэсгийн хуралдаан товлосон газар, хугацаанд зохион байгуулагдаж, уг хуралдаанд нийт 182 иргэн оролцож багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад санал өгч дүнгээ гаргасан бөгөөд тухайн хэсгийн хуралдаан хуулийн хүрээнд зохион байгуулагдсан гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Түүний маргааш буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2-р хэсгийн хуралдаан 6-р багийн төв болох Ху-үй-д зохион байгуулагдсан ба уг хуралдааныг бүхэлдээ сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар удирдан явуулж, хуульд заасан иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийг тухайн багийн иргэдэд олгоогүй бөгөөд багийн төвд байрлах хилийн цэргийн заставт үүрэг гүйцэтгэж байгаа багийн харьяа бус иргэдийг хэсгийн хуралдаан, санал хураах ажиллагаанд оролцуулан хурлын хуралдааныг хууль бусаар явуулсны улмаас санал өгөхөөр ирсэн 20-иод иргэн санал хураалтад оролцоогүй бухимдаж явсан болно. Миний бие өөрөө дээрх шалтгаанаар санал хураалт явуулах, дүн гаргах ажиллагаанд оролцоогүй ба уг хуралдаанд 69 иргэн оролцож нэр дэвшигчдийн төлөө санал өгсөн талаар зарим иргэдээс сонссон юм.

Энэ талаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой дурдаж, холбогдох баримтуудыг хавсаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хариуцагчийн хувьд бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн талаар, мөн хуулийн 23 дугаар зүйлд бүх шатны хурлын хуралдааны үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар тус тус зохицуулжээ. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 23.10 дахь заалтад Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно, 23.11-т Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно, 23.12 дахь хэсэгт Баг хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 17.1.1, Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, 17.1.2 баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах гэж тус тус зааснаас үзэхэд тухайн багийн хурлын хуралдааныг зохион байгуулах асуудал иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд хамаарах нь тодорхой бөгөөд хурлын хуралдаанаас үүссэн маргаан бүхий ажиллагаа, гарсан аливаа эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг тухайн хурал өөрөө хариуцах хуулийн зохицуулалттай байна.

Иймээс тухайн өдрийн Засаг даргад нэр дэвших асуудлын талаар гарсан маргаанд холбогдуулан тус багийн ИНХ-ыг захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар татсан нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд хариуцагчийн эрх, үүргийн талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн 21.1.1-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй байна.

С сумын 6-р багийн 2-р хэсгийн хуралдаан нэгэнт хууль бусаар явагдсан нь холбогдох байгууллагын тодорхойлолт /Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/-аар тогтоогдсон, үүний улмаас нэр дэвшигч, сонгогч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна.

Иймд нэхэмжпэгчийн Х.Зийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал хэлэлцсэн 2 дугаар хэсгийн хуралдааныг хүчингүйд тооцуулах, тухайн хуралдаанд оролцож, нэр дэвшигчдийн төлөө санал өгсөн 69 иргэний саналыг хүчингүй болгуулах тухай, 2017 эны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Засаг даргад нэр дэвшүүлэх, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох асуудал хэлэлцсэн 1-р хэсгийн хуралдааныг хүчинтэйд тооцож, тухайн хэсгийн хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн санал авсан Х.З миний нэрийг багийн Засаг дарга-д томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтан /сумын Засаг дарга/-д уламжлахыг 6-р багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргуулах гэсэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2 газар сонгууль явуулахаар болж тогтоол гаргасан. Уг нь нэг л газар сонгууль явуулах байсан ч Хурлын Тэргүүлэгч болон Засаг дарга С.Хтай зөвшилцөн Даян хол газар учир иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд 2 газар сонгууль явуулахаар болсон. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал болсон ба уг хурлаар комиссын гишүүдийг сонгосон. Уг хуралд 182 хүн оролцсон ба ямар нэгэн асуудал гараагүй, хэвийн явагдсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Даянд хурлаа эхэлж, өчигдрийн сонгосон комиссоор явуулна, байхгүй хүний оронд өөр хүн оруулна гэхэд комиссыг дахиж байгуулна гэсэн. С.Х 30 хүнийг оруулна, тухайн орон нутагт 90 хоногоос дээш амьдарсан хүнийг оруулна гэсэн санал гаргасан. Өөрсдөө комисс байгуулаад сонгууль явуулсан. Тухайн үед иргэд дургүйцэж, 23 хүн хуралд ороогүй. Үүнийг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд А.Хээс шүүхэд гаргасан тайлбартаа:

С сумын 6 дугаар багийн Засаг даргаар нэр дэвшсэн Анис овогтой Х би багийн Засаг даргаар өрсөлдсөн Хурметбек овогтой Зийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.12-т: Баг хорооны хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно гэж заасны дагуу 6 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг 1 дүгээр сарын 4-ний өдөр Зост-д, 1 дүгээр сарын 5-ны өдөр Ху-үй-н төвд /хуралдуулахаар зарлаж радиогоор 12 дугаар сарын 28-ны өдөр зар өгсөн тул Хагийн чиглэлд өвөлжиж байгаа иргэд Зост-д, Даянгийн чиглэлд өвөлжиж байгаа иргэд Ху-үй-н төвд ирж иргэдийн Нийтийн Хуралд оролцон санал өгсөн.

2. С сумын иргэдийн Нийтийн Хурлын дарга, Багийн Засаг дарга нарыг сонгох ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 24-нээс эхэлж 2017 оны 01 дүгээр сарын10-ны хооронд дуусахаар зарлагдсан билээ. Үүнтэй холбоотой иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг сумаас 12 дугаар сарын 24-нээс 01 дүгээр сарын 10-ны хооронд түр зогсоосон байхад нэр дэвшигч Хурметбек овогтой З нь санал хураалт явагдахаас 1 хоногийн өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 6 дугаар багт огт очиж үзээгүй Ө сумын 2 дугаар багт оршин суудаг төрсөн ах, дүү, хамаатан, садан 9 хүнийг 6 дугаар багт шилжүүлэн ирсэн байна. Үүнд:

Х Т - Х.Зийн төрсөн эгч

М Т - Х.Зийн хүргэн ах

О Б - Х.Зийн төрсөн худ, Х.Зийн хүргэн ах М.Т бэр эгч

М А - Х.Зийн хүргэн ах М.Т төрсөн ах нь

Х Б - Х.Зийн төрсөн ах

М Л - Х.Зийн бэр эгч, Х.Б эхнэр

Ш Б - ИНХ-ын даргаар нэр дэвшигч Б.Б бэр

М С - ИНХ-ын даргаар нэр дэвшигч Б.Б дүү

М Ф - ИНХ-ын даргаар нэр дэвшигч Б.Б дүү

Дээрх хүмүүс нь бүгд Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Б , Х.З нарын хамаатан садан хүмүүс бөгөөд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон байхад иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигч Б.Б нь С сумын улсын бүртгэгч төрсөн хадам дүү нь Б гуйвалдаж санал хураалт явагдахаас 1 хоногийн өмнө шилжүүлж ирсэн тул тэд зөвхөн тэдний төлөө санал өгсөн нь тодорхой. Шилжин ирэгсдийн дотроос Зийн төрсөн хүргэн ах нь Мектепийн Тилеуберди нь өнгөрсөн 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулиар Ө сумын 12 дугаар багт Ардчилсан намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэрээ дэвшүүлж байсан. Тэд бүгд байнга Өд амьдардаг мөртлөө Х.Зийн будлиантуулж шилжүүлж ирсэн хүмүүс. Үүнийг шүүх газар дээр нь шалган тогтоож болно.

Эдгээр шилжин ирсэн иргэд нь эхлээд тухайн багийн Засаг даргад ирж өрхийн бүртгэлд бүртгүүлсний дараа багийн Засаг даргын тодорхойлолтоор Улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байтал тэд 6 дугаар багийн өрхийн бүртгэлд бүртгүүлэлгүй, багийн Засаг даргад танилцуулаагүй шууд шилжин ирж, Х.Зийн төлөө санал өгөхийн зэрэгцээ хүргэн ах нь М Т нь тооллогын комиссын гишүүн, төрсөн ах Х.Б хуралдаан даргалагчаар сонгоно гэж хашгиран хүч түрэмгийлэн сонгогдсон.

Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтыг илт зөрчиж байна. Хаг-ийн чиглэл дэх айл өрхүүдийн ихэнх нь нэр дэвшигч Х.Зийн төрөл садан, хөрш айлууд байсан тул эхний өдөр Х.З нь хэдэн санал илүү авсан нь үнэн. Манайх одоо Ху-үй-н төвд өвөлжиж байгаа ба тэнд байгаа ихэнх айлууд намайг дэмждэг нь үнэн. Үүнийг анзаарсан хуралдаан даргалагч Х.Боранбай нь 01 дүгээр сарын 05-ны өдөр Ху-үй-н төвд зориуд үймээн үүсгэж, тамга аваад зугтсан.

Нэхэмжпэгч нь өөр багийн иргэдийг Ху-үй-н төвд болсон хуралдаанд оролцуулна гээд нэр бүхий 7 хүний нэрийг дурдаж тэдгээрийг сумын Засаг дарга С.Х, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Хуаныш нар оролцуулсан мэтээр худал ойлголт өгчээ. Даяннуурын застав нь 1933 оноос эхэлж одоо хүртэл одоогийн 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ба тэнд жил бүр шинээр ирдэг цэргүүдээс бусад нь 2-оос дээш жил тэнд амьдарч, багийн иргэдтэй хамт эх орныхоо хилийг хамгаалж яваа Монгол Улсын иргэд. Тэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдлэх ёстой хүмүүс, 1992 оноос хойш болсон бүх сонгуулиудаар тэд оролцож ирсэн ба 6 дугаар багийн өрхийн бүртгэлд бүртгэлтэй иргэд. Даяннуурын заставаас 6 дугаар багийн өрхийн бүртгэлд 18 өрх бүртгэлтэй байгаа ба тэдгээрийг санал хураалтад оруулах эсэх асуудлаар хуралдаанд оролцсон иргэдээс асуухад 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар иргэд 100% тэдгээрийг оруулах нь зүйтэй гэж, 01 дүгээр сарын 05-ны өдөр Ху-үй-н төвийн иргэд мөн орох нь зүйтэй гэж өөрсдөө шийдвэрлэсэн нь хурлын протоколд тодорхой бичигдсэн байна. Үүнийг 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаан даргалсан нэр дэвшигч Х.Зийн төрсөн ах Х.Боранбай хурлын протокол дээр тэмдэглүүлэн комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байсан.

Ингэж Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т зааснаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд оролцсон Даяннуурын заставын нэр бүхий 5 иргэн 01 дүгээр сарын 05-ны өдөр Ху-үй-н төвд санал өгсөн байна. Гэвч тэд ямар ч нам бус, санал хураалтын ажиллагаа хуулийн дагуу нууцаар явагдсан тул заавал миний төлөө эсвэл түүний төлөө санал өгсөн гэж таамаглах эрх хэнд ч байхгүй. Т.М эхнэр нь А.Г нар нь 6 дугаар багийн төвд байнга оршин суугаад 6 жил болж байна. 6 дугаар багийн өрхийн бүртгэлд бүртгэлтэй иргэд бөгөөд 6 дугаар багийн төв дэх Бага сургуулийн захирлаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Иймд дээрх 7 хүнийг хэнд санал өгсөнийг нь таамаглах эрх байхгүй.

Учир нь, тэд надад ямар ч төрөл садангийн холбоогүй бөгөөд нам бус иргэд. Харин ч Т.МийгАрдчилсан нам засаг барьж байхад захирлаар томилсон. 01 дүгээр сарын 05-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны үргэлжлэл нь мөн өдрийн 10 цагт эхэлж, хуралдаан даргалагчаар нэр дэвшигч Х овогтой Зийн төрсөн ах Хурметбекийн Б , нарийн бичгийн даргаар И С нар хэвээрээ явуулахаар болсон. Гэтэл хуралдаан даргалагч Х.Б , иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшигч Багайн Б нар нь хэрэв энэ Заставын хүмүүс орвол бид хуралдаан явуулахгүй гээд иргэдийн Нийтийн Хурлын тамгыг аваад гараад явсан.

Цугларсан 75 иргэн 1 цаг тэднийг хүлээж учир байдлаа хэлсэн боловч тэд хурлаа явуулаагүй тул иргэд өөрсдөө "Иргэдийн Нийтийн Хурлын үргэлжлүүлье-гэсэн санал гаргаснаар хуралдаан даргалагчаар Х Б , нарийн бичгийн даргаар И.С сонгож хуралдааныг журмын дагуу явуулсан. Тооллогын комиссыг байгуулан ажиллуулсан. Бүх процесс нь бичлэгтэй бөгөөд комиссын хурлын протоколд бичигдсэн байгаа тул шүүх хуралдаанд бичлэгийг үзүүлэх болно. Харин тухайн багт байнга оршин сууж буй заставын 5 хүнийг оруулбал бид хурал явуулахгүй гэж зөрүүд маргаан дэгдээж, хүмүүсийг хэл амаар доромжилж, дайрч, сүүлдээ тамгаа аваад зугтаасан нэр дэвшигч Б.Б мэдэн будилж хариуцагчаар оруулж байгаа нь, түүнчлэн нэр дэвшигч Х.Зийн төрсөн ах нь Х.Б нь хурал удирдаж сүүлдээ заль хэрэглэж албан тушаалаа ашиглаж иргэдийн Нийтийн Хурлын тамгыг аваад гарч яваад иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд халдаж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй асуудал юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж төрсөн дүү нь Х.З нэр дэвшиж байхад төрсөн ах нь Х.Б хурал удирдаж сүүлдээ үймээн үүсгэж тал засаж, сүүлдээ хамт явж, хамт зугтаж байсан иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б хариуцагчаар оруулж байгаа нь хууль бус үйлдэл юм. 01 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдийн хурлынбүх процессын талаар хурлын протоколд тодорхой байгаа. 01 дүгээр сарын 04-ний өдөр тэд ардчилсан намын гишүүн, 2 дугаар багийн иргэн Сүхэрийн Хананыг хүртэл тооллогын комисст оруулан будлиантуулсан байна. Сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар 01 дүгээр сарын 04-ний өдөр, мөн 01 дүгээр сарын 05-ны өдөр тус тус хуралдаанд оролцсон бөгөөд тэд цаг үеийн мэдээлэл өгсөн болохоос хөндлөнгөөс оролцоогүй. Дотоод журам, Хурлын дэгт сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар иргэдийн Нийтийн Хуралд оролцож болох талаар иргэд өөрсдөө баталсан. Хэлэлцэх асуудал ч тусган баталсан байгаа.

Засаг даргад нэр дэвшсэн тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурж тамга дараад баталгаажуулах ёстой боловч иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон Б. Б нь Х.Б  цуг зугтаж явсан тул уг тогтоолд нарийн бичгийн дарга гарын үсэг зурсан. Комисс тэмдэглэл хөтөлсөн байсан. Үүнийг зөвхөн би биш сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Х Засаг дарга С.Х. хуралдан даргалагч Х.Б , нарийн бичгийн дарга С , тооллогын комиссын бүх гүшүүд, хуралдаанд оролцсон Ху-үй-н төвийн нийт иргэд нотолж байна.

6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр сарын 04, 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн эх хувь нь иргэдийн Нийтийн Хурлын дэргэд байгаа гэж худал мэдүүлсэн байна. Тэр нь хуралдааны нарийн бичгийн дарга И.С байсныг 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаан өндөрлөж байхад бүх иргэд, комиссын гишүүдийн өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Х хүлээлгэж өгсөн байсан. Үүнд 01 дүгээр сарын 04, 05-ны өдрийн бүх комиссын гишүүд гарын үсэг зурсан байсан. Үүнийг нягталж шалгахыг хүсье.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 6 дугаар багийн иргэдийн Нийтийн хуралд оролцсон иргэдийн олонхийн буюу 54%-ийн саналыг авсан миний сонгогдох эрх, иргэдийн сонгох эрхийг хязгаарлан хааж, 01 дүгээр сарын 5-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Түүнчлэн өмнөх өдрийн хурлын ирц хангалттай болсон гэж Ху-үй багийн төв дэх иргэдийн сонгох эрхийг хязгаарлах үндэсгүй. Учир нь, тэд радиод өгсөн зарлалын дагуу 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааныг хүсэн хүлээж тэнд оролцож Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэсвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан сонгох эрхээ эдэлсэн хүмүүс. Харин 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааныг зориудаар орхиж, нэг намын журмын нөхөр нь Х.Зийн ах нь Б цуг тамгаа аваад зугтсан иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон X Б хариуцагчаар татаж байгааг буруу гэж үзэж байна. Тэд зориуд мэдэн будилж хамт зугтаад сүүлдээ нэг нь нэхэмжилж, нөгөөдөх нь хариуцагч болоод жүжиг тоглож ард түмнийг уландаа гишгэж байгаа нь илт хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлаас үзэхэд 6 дугаар багийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааныг хүчингүй болгож, 69 хүний сонгох эрхийг, иргэн хүн миний сонгогдох эрхийг маань хаах, хууль бусаар булааж авах хуулийн үндэслэл байхгүй. 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хуулийн хүрээнд явагдсан гэжээ.

Гуравдагч этгээд А.Х шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Зост-д сонгууль явагдсан. Энэхүү сонгуулийн үеэр ардчилсан намын бүх лидер, депутат, сумаас гарсан бүх депутат тэнд очсон. 4-5 машинтай очиж ухуулга, сурталчилгаа явуулсан. Тухайн өдрийн сонгуулийн комисс байгуулах хурлын дарга Х.Б томилж, тус сумын 2 дугаар багийн иргэн С Хананыг гишүүнээр оролцуулж, үйл ажиллагаа явуулсан. 01 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн үед Даянгийн ард иргэд цугларч сонгууль явуулах талаар хурал цуглаан болсон. Хурлыг тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б нээж үг хэлж, сумын Засаг дарга С.Х цаг үеийн талаар мэдээлэл хийсэн. Өөр ямар нэгэн маргаан гараагүй. 1 дүгээр сарын 04-ны өдрийн комиссоос сумын төвд үлдсэн зарим хүмүүсийн оронд өөр хүн томилох шийдвэр гаргасан.

Х.Б , Б.Б нар гаднаас хүн авахгүй, заставын 6 хүнийг оруулахгүй гэж хэл ам гаргасан. Ажиглагчаар н.Ш оролцуулсан. Хурал эхлэхээс өмнө Х.Б н.Шынболатыг дагуулж гарч яваад тамга тэмдэг, бусад баримт бичгийг өгөөгүй. Ард иргэд тэднийг 1 цаг 30 минут хүлээгээд өвлийн хүйтэнд даарснаа илэрхийлж, хуулийн дагуу хурал явуулахыг шаардсан. Үүний дагуу Б.Бахытбек, Х.Б нарт хуралд суух шаардлагыг хэд хэдэн удаа тавьсан боловч, тэд орж ирээгүй. Иймд дундаасаа дахин комисс байгуулан сонгууль явуулж 01 дүгээр сарын 05-ны өдрийн сонгуулийг 12 цаг 30 минутад эхлүүлсэн. 01 дүгээр сарын 03-ны өдөр Х.З нь аймгийн төвөөс хэд хэдэн хүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлж сонгуульд оролцуулсан. 01 дүгээр сарын 04-ны өдөр явагдсан сонгуулийн үеэр бидний талаар ямар нэгэн маргаан гараагүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгийг тухайн сумын Засаг дарга зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дэгийг тухайн багийн нийт ард иргэд тогтоож, журмыг баталж өгсөн. Тухайн журмаар иргэдийн Нийтийн Хурлын даргалагчаар томилсон хүнийг тухайн сумын Засаг дарга зөрчиж, эрхэд нь халдаж, эрхээ мэдлээ хэтрүүлэн ашиглаж, дэгийг зөрчсөнөөс болж тухайн ард түмний сонголт хууль бус болсон. Сонгуулийг үгүйсгэсэн асуудал байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын сонгуулийг 2 газар хэсэгчлэн хувааж, зохион байгуулахаар өмнө нь баталсан. Энэ талаар хэн нэгэн маргаагүй. Үүнийг бид хүлээн зөвшөөрч байна. Тухайн багийн нийт ард иргэдийн баталж өгсөн дэг журмын дагуу хурал явагдаагүй талаар багийн Засаг даргад нэр дэвшигч Х.З нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг дурдах нь зүйтэй. Гуравдагч этгээд хүсэлт гаргаад оролцож байгаа учраас шүүх хуралдаанаар шийдвэрлэгдэж байна. Сонгууль хууль бус болоогүй, хууль зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Тухайн сумын Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд оролцох эрхийг нь тодорхойлж өгсөн.

Жишээлбэл: Тухайн сумын Засаг дарга цаг үеийн талаар мэдээлэл хийх, хуралдааныг нээж өгөх эрхийн асуудлыг хуулиар олгосон. Түүнээс тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын дэг, журам тогтоох, хуралдааны даргалагчийг сольж томилох, хэнийг хуралдаанд оролцуулах, оролцуулахгүй байхыг шийдэх, хуралд таслагчаар оролцох эрхгүй мөртлөө тухайн сумын Засаг дарга С.Х гэдэг хүн хуралд биечлэн оролцож, тухайн багийн оршин суугч биш иргэдийн хуралд заавал оролцуулна гэж даргалагчтай маргалдсан асуудал тогтоогдож байгаа. Үүнийг хуулиар хориглосон. Багийн иргэдийн Нийтийн Хурал бол нутгийн өөрөө удирдах байгууллагын анхны нэгж. Нутгийн удирдах байгууллага төрийн захиргааны байгууллагын хооронд хязгаар гэж байх ёстой. Багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд сумын Засаг дарга оролцоод, удирдаж, журам дэгийг өөрчлөх, Х.Боранбайг татгалзан, 30 хүнийг сонгуульд оролцуулахгүй бол өөр даргалагчийг томилно, хуралдаанаас гар гэж хөөж явуулсан асуудал гэрчийн мэдүүлэг болон тухайн хуралдааны даргалагч Х.Б шүүхэд өгсөн мэдүүлгээр давхар тогтоогдож байна.

2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг худал бичсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар тогтоогдож байна. Х.Боранбай хурлыг хаяж гарсан, дүү нь болох нь Х.З ялагдсаны дараа тухайн хурлыг зөвшөөрөхгүй тамгыг авч зугтсан мэтээр хуралдааны тэмдэглэлд бичсэн явдал хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Өчигдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө уг хэрэгт авагдсан видео бичлэгт үзлэг хийсэн. Уг бичлэгт хуралдаан даргалагч Х.Б гэдэг хүн тамга авч зугтсан гэдэг асуудал байхгүй гэдэг нь тогтоогдсон. Х.Б гадаа байсан шалтгаанаа тухайн үед тайлбарлаж байсан ба өнөөдрийн шүүх хуралдаан дээр тайлбараа хэлж байна. тэрээр Би тамга авч зугтаагүй, тамга надад байсан, хурлыг орхиж гарсан шалтгаан маань намайг хөөж гаргасан, ингэх болсон шалтгаан нь 31 хүнийг заавал оруулах ёстой гэснээс болсон гэж хэлсэн.

Хууль ёсны зарчим гэж байдаг учир хуульд заасан зарчмын дагуу бүх зүйл хийгдэх ёстой. Хуулийг зөрчиж явагдсан хурал учир уг хуралдаан хүчингүй болох ёстой. Багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд тухайн сумын Засаг дарга ирж оролцоод, тухайн багийн нийт ард иргэдийн тогтоосон журам дэгийг зөрчиж, дураараа өөрчлөх гэж байсан учир 23 хүн эсэргүүцэж, хурлыг орхиж гарсан. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээдийн эсэргүүцээгүй байдлаас харагдаж байна. Тухайн үед 23 хүн байсан гэдгийг гуравдагч этгээд, хариуцагч зөвшөөрсөн. 23 хүн сумын Засаг даргын хууль бус үйлдлийг эсэргүүцээд хуралдаанд оролцолгүй яваад өгсөн асуудал бий. Тухайн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн асуудал байна. Хуралдааны дэгийг тухайн нутаг дэвсгэрийн ард түмний саналаар тогтоосон. Багийн иргэдийн Нийтийн Хурлын 01 дүгээр сарын 04-ны өдрийн хуралдаанаар дэгийг тогтоосон. Уг хуралд тухайн багийн иргэдийн 70 хувь нь оролцож байсан учир тухайн хуралдааны дэг хүчин төгөлдөр юм.

Учир нь, хуралдаанд оролцогчдын дийлэнх олонх хувь нь хуралдааны дэгийг тогтоох ёстой байсан. Хуралдааны даргалагчийг иргэд томилж өгсөн. Иргэдийн хүсэл зоригийн дагуу томилогдсон дарга тухайн хуралдааныг даргалах ёстой байсан. Ард иргэдийн сонгосон даргалагчгүйгээр болсон хурал хүчин төгөлдөр болох ёсгүй. Учир нь, иргэдийн тогтоосон дэг журмыг дагуу хурал явагдаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн хуралдаанд оролцсон ард иргэдийн сонгосон даргалагчаар хурлыг даргалуулаагүй тул тэдний эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасан.

Хуралд тухайн баг хорооны иргэн орох ёстой. Энэ бол тухайн нутаг дэвсгэр дээр улсын торгон хилийг манаж буй цэрэг бүр оролцоно гэсэн ойлголт биш. Хуулинд тусгаагүй учир заставын албан хаагч, цэргүүдийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Цэргүүдийн сонгох, сонгогдох эрх нь зөрчигдөж байгаа гэж тухайн үед үзээгүй. Хуралдааны даргалагч хэнийг оролцуулах, оролцуулахгүй гэдгийг шийдвэрлэдэг. Тухайн нутаг дэвсгэрт оршин суудаггүй 7 хүнийг оруулсан. Мөн 2 хүнийг сонгууль болж байхад нь шилжүүлж авчираад хуралдаанд оролцуулсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, улсын бүртгэлийн шилжилтийн баримтаар тогтоогдож байгаа. Энэ үед шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсан. Шилжилт хөдөлгөөн хориглосон байсан үед 2 хүнийг шилжүүлэн авч хуралдаанд оролцуулсан нь хууль, журам, эрх бүхий албан тушаалтны захиргааны актыг зөрчиж байна. Иймд хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хуралдаан ард иргэдийн сонгосон дэг журмаар явагдаагүй тул нийт ард иргэдийн сонголт байгаагүй. 29 нь хүн буюу дийлэнх олонхийн саналаар ялалт байгуулж байсан Х.Зийн эрх ашиг сонирхол 69 хүний сонголтоор зөрчигдлөө. 69 хүний оролцсон сонгууль хуульд нийцээгүй. Даргалагчгүй сонгууль болсон. Учир нь, хуралдаан даргалагч нь гадаа байсан нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч миний бие нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар түүний өмгөөлөгчөөр оролцож байна. С.Н өмгөөлөгчийн хэлсэнтэй санал нэг байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр багийн Засаг даргын сонгууль хуульд нийцсэн эсэх талаар ярилцаж байна. Энэ нь улс төрийн сонгууль биш учир Ардчилсан нам, Ардын нам гэдэг нэр томъёо хэрэглэх шаардлагагүй гэж бодож байна. Үүнийг цаашид анхаарах хэрэгтэй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөнгэж заасан. Засаг дарга захиргааны байгууллага мөн юм.

Өөрөөр хэлбэл, тус шүүхийн маргаан мөн гэж үзэж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэйгэж заасан. Нэхэмжлэгчийн дээрх эрх нь зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэгт нотлох баримтууд авагдсан. Талууд мэтгэлцсэн. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Даян багт болсон сонгуультай холбоотой асуудал яригдаж байна. Сонгууль явуулах журам нь хуульд нийцсэн байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх;, мөн хуулийн 17.1.2 дэх хэсэгт баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах гэж заасан.

Нийтийн хурал нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд тухайн нутаг дэвсгэр дээр оршин сууж буй иргэд багийн Засаг даргыг нууцаар санал өгч сонгохоор заасан. Гэтэл тухайн сонгуулийн өдөр сумын Засаг дарга болон бусад төлөөллийн хүмүүс орж ирээд сонгуульд оролцсон. Хууль бус, хууль ёсны оролцсон гэдгийг шүүх үнэлэх байх. Өглөө 11 цагийн үед орж ирээд өмнө нь гарсан тогтоол шийдвэрийг өөрчлөх санал гаргаж, тухайн сонгуулийн үймүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Сонгууль явуулах журам зөрчигдсөн учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо. С сумын Засаг дарга С.Х хууль зөрчсөн гэж үзвэлтомилсон эрх бүхий субъект, нэр дэвшүүлсэн хуралд хандах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар С.Х ямар нэгэн хууль зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна. Иймд хэрэгт ач холбогдолгүй зүйл ярихгүй байхыг хүсэж байна. С.Х Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар орон нутаг дахь төрийн төлөөлөгч юм. Тэрээр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, цаг үеийн талаар мэдээлэл хийх, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, төрийн чухал ажилд оролцох эрхтэй.

Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, хэтрүүлсэн байвал Ерөнхий сайдад хандах эрхтэй. Хуульд тухайн баг хорооны иргэд сонгуульд орох талаар заасан. Х Т Х.Зийн төрсөн эх, М Т Х.Зийн хүргэн ах, О Б Х.Зийн худ, М А Х.Зийн хүргэн ах, Х Б Х.Зийн төрсөн ах, М Л , Ш Б , М С , М П нар санал хураалтад оролцсон. Хүн ах дүүгээ дэмждэг нь хууль. Хүн ах дүүгээ дэмжиж байна. Ямар нэгэн асуудал 2 талтай. Дээрх иргэд Баян-Ө аймгийн Ө сумд амьдардаг. Бид энэ талаар маргалдах байсан. Хуульд тухайн багийн иргэн гэж заасан.

Хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.12 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулж болно гэж заасны дагуу 2 газар хуралдаан зохион байгуулахаар тогтоол гаргасан. 01 дүгээр сарын 04-нд Зост-д, 01 дүгээр сарын 05-ны өдөр Ху-үй гэдэг газар хурал явуулснаа хүлээн зөвшөөрч байна. Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах тухай хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх тохиолдолд аймгийн төвөөс бусад сумын багийн хуралд багийн нийт өрхийн 50-аас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэжээ. 4 өрх тутмаас нэг гэж заасан. Энэ бол багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хүсэлтийг шийдвэрлэх хурал. Сонгууль гэж ярьж болохгүй. Ямар сонгогдох эрх яриад байна вэ. Хуулинд хүсэлтийг хэлэлцэх гэж заасан. Багийн Засаг даргад нэр дэвшмээр байна гэж хүсэлт гаргадаг.

Сонгох асуудал иргэдийн Нийтийн Хурлын дарга дээр яригддаг. Хурлын ирц бүрэн, хүчинтэй байна. 23 иргэн гэж ярьж болохгүй. Тухайн 23 иргэнийг гэрчээр асуулгах хэрэгтэй. 23 иргэн та нарыг дэмжиж байсан уу, 23 иргэн санал өгсөн бол Х.З ялах байсан уу, 23 иргэн өөрсдөө холбогдох байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй байна. 2-3 хоног шүүх хуралдаан явуулсан ч 23 хүнийг асуулгах хэрэгтэй. Бид 23 иргэний асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. 23 хүний аль нэгнээс нь С.Х хуралд оруулаагүй талаар асуудал гаргаагүй. Сонгууль өдрийн цагаар чөлөөтэй явагдаж, цагаа сунгасан. Тухайн өдрийн сонгууль хуулийн дагуу явагдсан тул хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Баг, хорооны бүрэн эрх ярьж байна. Энэ нь иргэдийн өөрөө удирдах ёсны доод шатны байгууллага ба журмаар өөрөө тодорхойлдог.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх гэж заасан. Хурлыг удирдаж байсан Х.Б маргааны улмаас хурлыг орхиж гарсан. Би түүнийг зугтсан гэж хэлэхгүй. Тухайн үед Б.Б нэр дэвшиж байсан. 1-2 цаг хүлээсэн. Хуралдааны даргалагчаар н.Бахыт гэдэг хүнийг дахин сонгосон ба хууль зөрчсөн асуудал гэж үзэхгүй байна. 182 хүний өгсөн санал хүчинтэй, Ху-үй гэдэг газар өгсөн иргэдийн санал хүчингүй гэж ярьж болохгүй. 69 хүн ч гэсэн хүн. Тэнд өвлийн хүйтэнд амьдарч байгаа С сумын 6-р дугаар багийн иргэд. 1 удаа хурал явуулах байсан гэж ярьж байвал анхнаасаа 1 газар явуулахаар тогтоол гаргуулахгүй яасан юм бэ. Хүнийг ингэж хэлж болохгүй. Тухайн 69 хүн, тэр дундаа Монгол улсын торгон хилийг хамгаалж байгаа хүмүүс Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаанд орсон. Бид Монгол улсад амьдарч байна. Хүнлэг ёс байх ёстой. Хилийн заставт дандаа монгол хүн ажиллаж байна. Бид хэний нутагт амьдарч байгаа билээ. Тал талаас нь харгалзан үзнэ үү.

Үе үеийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн сонгууль дээрх иргэд оролцож байсан. Усыг нь уувал, ёсыг дага гэдэг. 6 хүн оролцсон ба санал хураалтанд нөлөөлөхгүй. Хуралдаан хуулийн дагуу явагдаад манай үйлчлүүлэгч илүү саналаар гарсан. 28 хүний илүү саналаар ялж, хурлын дарга тогтоол гаргаж баталсан. Х.Х 128 хүний санал авсан ба сүүлд 2 хүний санал нэмэгдсэн, Х.З 109 санал авсан. Хурлын даргалагч Х.Б хуралдааны тогтоолыг танилцуулж, Засаг даргад уламжилсны үндсэн дээр гуравдагч этгээд албан үүргээ гүйцэтгэж байна. Ид мал төллөлт явагдаж байна, их ажлын ард төрийн ажил явагдаж байгаа. Тухайн Хурлаар дарга, Тэргүүлэгчдийг сонгосон. Мөн Засаг даргад нэр дэвшүүлж хурал хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.З нь С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар хэсгийн хуралдааны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хэсгийг болон А.Хийг Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, С сумын 6-р багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх санал хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдааныг дахин хуралдуулахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С сумын Засаг дарга С.Х, болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Х нар нь багийн Засаг даргыг болон багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураах үйл ажиллагаанд хууль бусаар оролцон, санал хураалт зохион байгуулах комиссыг хүчингүй болгон шинээр комисс байгуулж, тухайн багийн харьяа бус иргэдийг санал хураалтад оролцуулан нэр дэвшигчдийн төлөө санал өгөх боломж олгосон, үүнээс болж тухайн багийн 23 иргэн санал хураалтад оролцож чадаагүй, үүгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2-т заасныг тус тус зөрчсөн ... гэж тайлбарлан маргажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан, хариуцагчийн зөвшөөрөл нь энэхүү хэргийн гуравдагч этгээд А.Хийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийнБагийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай 4 дүгээр тогтоолоор[1]анхдугаар хуралдааныг хэсэгчлэн зохион байгуулахаар, мөн уг хуралдаанаар Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг тус тус хэлэлцүүлэхээр тогтоосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 23 дугаар зүйлийн 23.4, 23.12-т заасантай нийцсэн.

Тэргүүлэгчдээс баталсан тогтоолын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Зост-д зохион байгуулагдсан 6 дугаар багийн эхний хуралдаанаар хэлэлцэгдсэн багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх санал хураалтад тухайн багийн иргэдээс нийт 182 иргэн оролцсон нь, нэр дэвшигч Х.Зийн төлөө 100 санал, нэр дэвшигч А.Хийн төлөө 71 санал өгсөн нь, 11 саналын хуудас хүчингүй болсон нь, дараагийн өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ху-үй-д зохион байгуулагдсан багийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтад нийт 69 иргэн оролцож, Х.Зийн төлөө 9 санал, А.Хийн төлөө 57 санал өгсөн нь, 3 саналын хуудас хүчингүй болсон нь тус тус хуралдааны тэмдэглэлээр[2] тогтоогдсон ба хэргийн оролцогчид эхний өдрийн Зост хэсэгт явагдсан хуралдааны талаар маргаагүй байна.

Харин шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ху-үй-д явагдсан багийн Засаг даргын томилуулахаар нэр дэвшүүлэх хуралдааны үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн болно.

Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д ... багийн иргэдийн Нийтийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага...гэж, 17 дугаар зүйлийн 17.1.2-д ... багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн сумын Засаг даргад уламжлах бүрэн эрхтэй..., 23 дугаар зүйлийн 23.14-д ...хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоож батлана... гэж тус тус хуульчилжээ.

Хуралдааны үлгэрчилсэн дэг ёсоор[3] хуралдаан даргалагчаар Х.Боранбайг, нарийн бичгийн даргаар И.С нарыг сонгосон, хуралдаан даргалагч дотоод журмыг танилцуулах үед Даянгийн Заставын 31 иргэнийг хуралдаанд оролцуулах тухай санал гарч, сумын Засаг дарга С.Х энэ талаар гэж байр сууриа илэрхийлснээсболж маргаан үүссэн, улмаар хуралдаан даргалагч Х.Боранбай нь тухайн хуралдааныг даргалаагүй, иймд Хурал нь хуралдааны дэгийн дагуу дахин хуралдаж даргалагчаар Х.Бахытыг сонгожээ.

Мөн урьд өдрийн хуралдааны тооллогын комисст ажилласан тооллогын комиссын дарга Т.Х , гишүүд С.Х , Б.Ө нар нь тухайн хуралдаанд ирээгүйн улмаас шинээр тооллогын комисс байгуулсан, мөн санал өгөхөөр ирсэн 23 иргэн өөрсдөө сайн дурын үндсэн дээр санал өгөөгүй зэрэг нь хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан тухайн өдрийн бичлэг[4], хуралдааны тэмдэглэл, гэрч С.Хуанышийн мэдүүлэг[5], хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ийнхүү багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь даргалагчийг болон тооллогын комиссыг шинээр томилсон нь, мөн 23 иргэн өөрсдөө санал өгөөгүй явдал нь холбогдох хуулийг зөрчөөгүй, даргалагчийн болон тоолллогын комиссын зүгээс хууль зөрчиж саналын дүнд сөргөөр нөлөөлсөн асуудал тогтоогдоогүй, 23 иргэн оролцоогүй боловч хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д заасан ирц бүрдсэн тул дээрх үндэслэлээр тухайн хэсгийн бусад иргэдийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан ...Төрийн байгууллагад сонгох... эрхийн дагуу өгсөн саналыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дах хэсэгт ...Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно... гэж заажээ.

2 дугаар хэсэгт явагдсан санал хураалтад оролцсон нийт 69 иргэний 7 иргэн нь тухайн багийн харьяа бус болох нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр албан бичгийн хавсралтаар[6] батлагдаж байгаа, эдгээр нэр бүхий 7 иргэн нь хуулийн дээрх заалтыг зөрчиж уг санал хураалтад оролцсон гэж дүгнэлээ.

Гэхдээ эдгээр 7 иргэний санал нь тухайн багийн иргэдээс багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн саналын эцсийн үр дүнд нөлөөлөхгүй, тодруулбал, санал өгсөн нийт 251 иргэний /182+69=251/, хүчинтэй саналын хуудас 235, үүнээс А.Хийн төлөө 129 санал, Х.Зийн төлөө 106 санал өгсөн нь саналын хуудсанд шүүхээс хийсэн үзлэгээр[7] батлагдсан, дээрх 7 саналыг хэнд өгсөн нь тодорхойгүй боловч А.Хт өгсөн гэж үзсэн нөхцөлд түүний санал 122 болох ба нийт хүчинтэй 228 саналын /235-7=228/ 50-иас дээш хувийн санал гэж үзэхээр байна.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д ... Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно... гэж заасан, А.Хийн нэрийг дэвшүүлсэн 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоол[8] нь дээрх хуулийн заалтад нийцсэн тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Х.Зийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас гаргасан Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 05 дугаар тогтоол нь багийн иргэдийн Нийтийн хуралдаанаас хэлэлцэгдсэн хууль ёсны шийдвэр мөн, уг шийдвэрт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга гарын үсэг зурж, ёсчилон баталгаажуулах үүрэгтэйг хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан, Хурлын дарга бөгөөд энэ хэргийн хариуцагч Б.Бахытбек нь уг тогтоолд гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй явдал нь уг тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Зээс С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.11, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Зээс С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан С сумын 6 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2 дугаар хэсгийн хуралдааны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцсэн хэсгийг болонА.Хийг Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн 6-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, С сумын 6-р багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх санал хэлэлцэх иргэдийн Нийтийн Хурлын 2-р хэсгийн хуралдааныг дахин хуралдуулахыг багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 126 дугаар хуудас

[2] Хэргийн 36-44 дүгээр хуудас

[3] Хэргийн 80-82 дугаар хуудас

[4] Хэргийн 139-140 дүгээр хуудас

[5] Хэргийн 73 дугаар хуудас

[6] Хэргийн 6-7 дугаар хуудас

[7] Хэргийн 122-123 дугаар хуудас

[8] Хэргийн 50 дугаар хуудас