Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 171

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч БОСА Импекс ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч М.Цэвэлсүрэнд холбогдох гэрээний үүргийн төлбөр 15.549.966 төгрөг, алданги 7.718.493 төгрөг нийт 23.268.459 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж, Орхоны 1-д байрлах БОСА Импекс ХХК /УБД: 9011017011, РД: 2774097/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн М.Цэвэлсүрэн нь тус компанитай 2015 оны 09 сарын 24-ний өдөр 03/23 тоот Гэрээт борлуулагч гэрээ, 2015 оны 09 сарын 23-ны өдрийн 03/23 тоот Барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулан ажиллаж байсан юм. Уг гэрээний үүргийг хангахаар иргэн М.Цэвэлсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй /РД:ЕЙ70081122/ Дорноговь аймгийн Замын-Үүд 1-р баг, 6-р хэсэг, 147-р байрны 504 тоот хаягт байрлах 43,9 мкв талбай бүхий орон сууц /Ү-0714003128/, /гэрчилгээний  дугаар 000379358/-ыг барьцаанд тавьсан билээ. М.Цэвэлсүрэн нь гэрээгээр хүлээсэн үүргүүдийг мөрдөж ажиллаагүйн улмаас 2015 оны 10 сарын 31-ний байдлаар 46.998.366 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан ба тэрээр гэрээний дагуу авсан барааны үнийг хугацаандаа төлөөгүй бөгөөд уг өрийг хүлээн зөвшөөрч, барагдуулахаар тохиролцсон юм. Уг тохиролцоонд М.Цэвэлсүрэн нь дээрх өрийг 2015 оны 12 саын 30-ны дотор бүрэн төлөхөө тохиролцож өргөдөл бичиж өгснийг бид хүлээн авч олон удаа боломж олгосон. Гэвч 2016 оны 04 сарын 14-ний байдлаар үндсэн төлбөр 15.549.966 төгрөг, гэрээт борлуулагчийн гэрээний 4,3 дугаар заалтын дагуу алданги 7.718.493 төгрөг, нийт 23.268.459 төгрөгийн өртэй байна.....Иймээс энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч нийт 23.268.459 төгрөгийг иргэн М.Цэвэлсүрэнгээр төлүүлж, компанид учруулсан хохирлыг нь бүрэн барагдуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье  “ гэжээ.

Нэхэмжлэгч байгууллага 2016 оны 06 сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь иргэн М.Цэвэлсүрэнтэй холбогдох хэргийн нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 14-ний өдөр танай байгууллагад гаргасан. М.Цэвэлсүрэн нь 2016 оны 06 сарын 15-ны байдлаар манай компанид үндсэн төлбөр болох 15.049.966 төгрөгийг манай компанид шилжүүлэн төлбөрийг бүрэн барагдуулсан тул алданги болох 7.718.493 төгрөгөөс татгалзаж байгаа болно. Иймд иргэн Цэвэлсүрэнтэй хийсэн эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 6-р хэсэг, 7-1 тоотод оршин суух Баян овгийн Маамын Цэвэлсүрэн /РД: ЕЙ70081122/ 2016 оны 05 сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие БОСА Импекс ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 03/23 тоот гэрээт борлуулагчийн гэрээг байгуулж ажилласаар ирсэн. Гэрээний дагуу 70-аад сая төгрөгний барааг худалдан борлуулж одоо үлдэгдэл болох 15.549.966 төгрөгний барааны үнийн төлбөр хийгдээгүй нь үнэн. Уг бараануудыг Замын-Үүдийнхээ харилцагч Бөөний төвүүдэд тараасан боловч 50 хувийнх нь төлбөрийг авч чадаагүй байгаа болно. Барааны 20 хувь нь хугацаа дууссан шалтгаанаар борлуулагдаагүй байна. Энэ нь алдангийн мөнгийг хүлээн зөвшөөрөхөд хүнд байна. Иймд үндсэн мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 7 сая гаруй төгрөгийг төлөх боломжгүй байна. Гэвч гэрээний дагуу хугацаа хэтрүүлсэн нь миний буруутай үйл ажиллагаа мөн тул хариуцлага ухамсарлаж байна. Иймд цаашид Замын-Үүдээр дамжин өнгөрч буй зорчигчдын урсгал маш бага хүмүүсийн худалдан  авах чадвар сул байгаатай холбогдуулан төлбөрийг тухайн өдрийн орлогоос хамаарч өдөрт 200.000-500.000 төгрөгний хооронд төлж байхаар боломжоо тусгаж байна. Ингээд 06 сарын 15-нд төлбөрийг алдангигүйгээр үндсэн мөнгийг 100 хувь барагдуулж дуусгана гэж захирал Ц.Одсүрэн, борлуулат хариуцсан мэргэжилтэн С.Шүрээ нартай ярилцаж тохиролцсон байгаа болно. Хэрэв төлбөрийг хугацаанд барагдуулаагүй тохиолдолд шүүх хурлыг зохион байгуулж төлбөрийг хуулийн дагуу гаргуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч БОСА Импекс ХХК нь хариуцагч М.Цэвэлсүрэнгээс гэрээний  үүргийн төлбөр 15.549.966  төгрөг, алданги 7.718.493 төгрөг нийт 23.268.459 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч М.Цэвэлсүрэн нь  БОСА Импекс ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 03/23 дугаар Гэрээт борлуулагчийн гэрээ байгуулан хамтран ажиллаж байсан, борлуулагч нь гэрээнд заасан үүргээ биелээгүйн улмаас үндсэн төлбөр 15.549.966 төгрөг, алданги 7.718.493 төгрөг нийт 23.268.459 төгрөгийн хохирлыг БОСА Импекс ХХК-нд учруулсан болох нь зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд харилцан тохиролцож, хариуцагч М.Цэвэлсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөр 15.549.966 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулсан, нэхэмжлэгч БОСА Импекс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7.718.493 төгрөгөөс татгалзсан тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч БОСА Импекс ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч М.Цэвэлсүрэнд холбогдох гэрээний үүргийн төлбөр 15.549.966  төгрөг, алданги 7.718.493 төгрөг нийт 23.268.459 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 7.718.493 төгрөгөөс татгалзаж, хариуцагч М.Цэвэлсүрэн нь 15.549.966 төгрөгийг төлж барагдуулснаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч БОСА Импекс ХХК  7.718.493 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274.292 төгрөгийн 50 хувь болох 137.146 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 137.146 төгрөгийг, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 8 төгрөгийг, хариуцагч М.Цэвэлсүрэнгээс 15.549.966 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 117.850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БОСА Импекс ХХК-нд олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА