Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Ж.Ундраххэрлэн,

шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч С.Сүхболд нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Д.Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... дугаарын регистртэй, Д.Ж-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Дуламсүрэнгийн Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой 22 цагийн үед Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаартай галт тэрэгний 21 дүгээр вагонд зорчин явсан иргэн Аын Iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Жд өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 21 дүгээр хагас унтлагын вагонд эхнэр Оийн хамт зорчин явж байсан. Би тухайн үед Дорноговь аймгийн Зам-Үүд суманд айлд барилгын ажил хийж байгаад ажил дуусахаар нь Улаанбаатар хотод гэртээ харихаар явж байсан. Замын-Үүд суманд байхдаа галт тэргэнд суухаасаа өмнө 3 найзтайгаа 0,5 л хэмжээтэй Хараа нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Дараа нь дахиад 0,33 л хэмжээтэй Ерөөл нэртэй архийг Баатарболд бид хоёр хувааж уугаад би галт тэргэнд суусан. Ингээд вагонд ороод эхнэр бид хоёр жаахан юм идэж байгаад хэвтсэн. Хэвтэж байгаад би унтахаасаа өмнө галт тэрэгний ариун цэврийн өрөө орсон. Тухайн үед манай эхнэр бие өвдөөд байна гэж хэлээд түрүүлээд унтсан. Би ариун цэврийн өрөө ороод буцаж гарч ирээд местэн дээрээ очоод унтаад өгсөн. Намайг унтаж байхад 2 цагдаа ирээд бос гэхээр нь би боссон бөгөөд надад нэг залуугийн царайг харуулаад энэ хүний гар утас алга болсон байна, энэ хүн таныг харсан байна гэж хэлээд миний авч явсан хувцас болон биед үзлэг хийгээд мөн манай эхнэрийн авч явсан цүнх болон хувцаст үзлэг хийсэн. Нэг цагдаа нь намайг аваад гарснаа надад та тэр хүний утсыг авсан юм бол энэ хавиар шийдчих хэрэг байна гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр цагдаад ах нь аваагүй гэж хэлсэн. Нөгөө цагдаа нь миний унтаж явсан гудсан доороос энэ байна гэж хэлээд хар өнгийн утас гаргаад ирсэн. Өнөөх цагдаа тэр утсыг гаргаж ирээд утсаа алдсан гэж байсан хүнд үзүүлээд энэ чиний утас мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. Манай эхнэрийг харж байхад тухайн гар утсыг гудсан доороос гараад ирсэн би тэр утсыг гудсан доороосоо гаргаж ирж байхад нь хараагүй местний гадаа зогсож байсан. Тэгсэн манай эхнэр намайг чи яагаад хүний утас хулгай хийсэн юм бэ гэж хэлээд загнаад байсан. Ингээд цагдаа нар галт тэрэг Сайншанд өртөөнд ирэх үед намайг вагоноос буулгаад өөрсдийн цагдаагийн купэйндээ авч ирсэн. Өөрсдийнхөө купэйнд ирээд намайг гавлаад Улаанбаатар хотод авч ирсэн. Миний биед үзлэг хийсэн цагдаагийн албан хаагч нар надад ямар нэгэн хууль сануулаагүй, нэрээ хэлээгүй бичиг баримтаа үзүүлээгүй, гараар бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулаад байсан. Надад тухайн цагдаа нэр тэр цаасан дээрээ бичсэн зүйлээ танилцуулаагүй гарын үсэг зуруулж аваагүй. Тэр цагдаа нар миний биед хүч хэрэглэж, хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Намайг гар утас авсан гэж заасан залуу болон гар утсаа алдсан гээд байгаа залууг би урьд өмнө харж байгаагүй танихгүй залуу байсан. Тэр хоёр миний эсрэг талын тасалгаанд зорчин явж байсан.

Би галт тэргэнд ороод эхнэртэйгээ хоол унд идээд байж байгаад ороо засчихаад ариун цэврийн өрөө орсон. Ингээд буцаж ирээд унтсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг сэрээсэн гэж санаж байна. Зарим зүйлээ сайн санахгүй байгаад байна...” гэх мэдүүлэг /хх-н 34-37, 58-61/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Аын өгсөн:

“...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орчуулагч хийхээр Бүгд найрамдах Хятад ард улсруу явсан юм. Ингээд ажлаа хийж дуусгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсад ирсэн. Ингээд гэртээ харихаар Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 21 дүгээр вагоны 36 дугаар местэнд зорчин явж байсан. Оройн 18 цаг 05 минутын үед галт тэрэг Замын-Үүд өртөөнөөс хөдөлсөн бөгөөд би галт тэргэнд ороод ачаагаа тавьчихаад 18 цаг 30 минутын үед унтсан. Унтахаасаа өмнө өөрийн гар утсаа зүүн талын өмдний халаасандаа хийгээд унтсан. Миний өмсөж явсан өмдний халаас нь нилээд том болохоор нь гайгүй байх гэж бодоод гар утсаа хийгээд унтсан. Ингээд явж байгаад 22 цагийн үед сэрээд харахад миний халаасан дотор байсан “I Рhоnе X” маркийн гар утас алга болсон байсан. Ингээд би тэр хавиараа хэсэг үзэж байгаад хажуу талынхаа местэнд зорчин явсан хүний утсаар залгахад миний утсыг дуудаад авахгүй байсан. Миний гар утас надад байхдаа утасных нь дуу нээлттэй байсан. Ингээд би болсон асуудлын талаар үйлчлэгч нарт мэдэгдээгүй шууд галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нарт очиж хэлсэн. Миний хажууд зорчин явсан залуу надад чиний гар утсыг нэг настай ах авсан би чамтай хамт явж байгаа юм байхдаа гэж бодоод юм хэлээгүй явуулсан гэж хэлсэн. Үүний дагуу өнөөх хүн дээр галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байсан 2 цагдааг дагуулаад очиход тэр хүн би гар утсыг чинь аваагүй гэж хэлсэн бөгөөд нэг цагдаа нь аваад местнээс гарсан бөгөөд нөгөө цагдаа үзлэг хийхэд миний гар утас тэр хүний унтаж байсан орны гудсан доороос нь гараад ирсэн. Ингээд тэр хүнээс гар утсыг маань хурааж авсан. Би тэр гар утсыг 2018 оны 08 дугаар сард 6000 юань буюу монгол мөнгөөр 2,280,000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц-ийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд ахлах ахлагч Батхүүгийн хамт үүрэг гүйцэтгэж явж байсан. Шөнө 22 цагийн орчин галт тэрэг Сайншанд өртөө орох гээд явж байхад тус галт тэрэгний 21 дүгээр вагонд зорчин явсан А “I Рhоnе X” маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн дуудлага өгсөн. Үүний дагуу утас алдсан гэх вагоны купэй рүү очиж шалгаж тухайн вагонд биечилсэн сурвалжлага хийж ажилласан. Ингээд 21 дүгээр вагонд зорчин явсан Жы унтаж явсан орны гудсыг сэгсэрч тухайн утас гудсан доороос нь гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 25/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Батхүүгийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд ахлах ахлагч Цээлхагвын хамт үүрэг гүйцэтгэж явж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд оройн 22 цагийн орчимд галт тэргэнд Сайншанд өртөө орох гээд явж байхад тус галт тэрэгний 21 дүгээр вагонд зорчин явсан А “I Рhоnе X” маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн дуудлага өгсөн. Ингээд хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Ц-а хохирогч болох Аын хамт түрүүлээд алдсан гэх вагон руу явсан. Тухайн үед би зөрчил гаргаж байсан хүнд арга хэмжээ авч байсан тул өнөөх хүний арга хэмжээг аваад гар утас алга болсон гэх 21 дүгээр галт тэргэнд очиход тус галт тэрэгний 27 дугаар местэнд Цээлхагва тухайн местэнд зорчин явсан Дуламсүрэнгийн Жтай юм ярьсан зогсож байсан.

Би очоод өнөөх хүнийг галт тэрэгний тамбор дээр гаргаж уулзаад гар утас алдсан залуу таныг сэжиглэж байгаа юм байна. Та гар утсыг нь авсан юм бол гаргаад өгчих гэж хэлэхэд өнөөх залуу би аваагүй гэж хэлсэн. Ингээд бид хоёр буцаад купэйрүүгээ ороод местнийхээ хажууд зогсож байхад хамт явсан цагдаа Цээлхагва Ж гэх хүний унтаж явсан орны гудасны доод талаас алдсан гэх утсыг гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 26/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Гантөмөрийн өгсөн:

“...2018 оны 12 дугаар сарын 05-нд суудлын 275-р гэлт тэрэгний 21-р вагоны 31-р местэнд зорчин явж байхад хажуугийн местний залуу унтаж байсан. Тэр залуугийн гар утсыг хажуугаар явж байсан үл таних 40 гаран насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг ах аваад явсан. Тухайн үед би хамт явж байсан хүн нь авч байгаа юм байхдаа гээд тэр хүнд хэлэлгүй орхисон. Унтаж байсан хажуугийн местний залуу сэрээд утсаа хайж эхэлсэн. Тэгэхэд нь би ойлгоод гар утсыг нь авсан хүнийг зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/, 

 

               - Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 10/,

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 13-14/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой 22 цагийн үед Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаартай галт тэрэгний 21 дүгээр вагонд зорчин явсан иргэн Аын Iphone X маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Жд “...Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 21 дүгээр хагас унтлагын вагонд эхнэр Оийн хамт зорчин явж байсан. ...Намайг унтаж байхад 2 цагдаа ирээд бос гэхээр нь би боссон бөгөөд надад нэг залуугийн царайг харуулаад энэ хүний гар утас алга болсон байна, энэ хүн таныг харсан байна гэж хэлээд миний авч явсан хувцас болон биед үзлэг хийгээд мөн манай эхнэрийн авч явсан цүнх болон хувцаст үзлэг хийсэн. Нэг цагдаа нь намайг аваад гарснаа надад та тэр хүний утсыг авсан юм бол энэ хавиар шийдчих хэрэг байна гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр цагдаад ах нь аваагүй гэж хэлсэн. Нөгөө цагдаа нь миний унтаж явсан гудсан доороос энэ байна гэж хэлээд хар өнгийн утас гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Аын “...Би 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр орчуулагч хийхээр Бүгд найрамдах Хятад ард улсруу явсан юм. Ингээд ажлаа хийж дуусгаад 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол улсад ирсэн. Ингээд гэртээ харихаар Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 21 дүгээр вагоны 36 дугаар местэнд зорчин явж байсан. ... Миний өмсөж явсан өмдний халаас нь нилээд том болохоор нь гайгүй байх гэж бодоод гар утсаа хийгээд унтсан. ...Миний хажууд зорчин явсан залуу надад чиний гар утсыг нэг настай ах авсан би чамтай хамт явж байгаа юм байхдаа гэж бодоод юм хэлээгүй явуулсан гэж хэлсэн. Үүний дагуу өнөөх хүн дээр галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байсан 2 цагдааг дагуулаад очиход тэр хүн би гар утсыг чинь аваагүй гэж хэлсэн бөгөөд нэг цагдаа нь аваад местнээс гарсан бөгөөд нөгөө цагдаа үзлэг хийхэд миний гар утас тэр хүний унтаж байсан орны гудсан доороос нь гараад ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц-ийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд ахлах ахлагч Батхүүгийн хамт үүрэг гүйцэтгэж явж байсан. Шөнө 22 цагийн орчин галт тэрэг Сайншанд өртөө орох гээд явж байхад тус галт тэрэгний 21 дүгээр вагонд зорчин явсан А “I Рhоnе X” маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн дуудлага өгсөн. Үүний дагуу утас алдсан гэх вагоны купэй рүү очиж шалгаж тухайн вагонд биечилсэн сурвалжлага хийж ажилласан. Ингээд 21 дүгээр вагонд зорчин явсан Жы унтаж явсан орны гудсыг сэгсэрч тухайн утас гудсан доороос нь гарч ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Т.Батхүүгийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн суудлын 275 дугаар галт тэргэнд ахлах ахлагч Цээлхагвын хамт үүрэг гүйцэтгэж явж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд оройн 22 цагийн орчимд галт тэргэнд Сайншанд өртөө орох гээд явж байхад тус галт тэрэгний 21 дүгээр вагонд зорчин явсан А “I Рhоnе X” маркийн гар утсаа хулгайд алдсан гэсэн дуудлага өгсөн. ...хамт явсан цагдаа Цээлхагва Ж гэх хүний унтаж явсан орны гудасны доод талаас алдсан гэх утсыг гаргаад ирсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Гантөмөрийн “...2018 оны 12 дугаар сарын 05-нд суудлын 275-р гэлт тэрэгний 21-р вагоны 31-р местэнд зорчин явж байхад хажуугийн местний залуу унтаж байсан. Тэр залуугийн гар утсыг хажуугаар явж айсан үл таних 40 гаран насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг ах аваад явсан. Тухайн үед би хамт явж байсан хүн нь авч байгаа юм байхдаа гээд тэр хүнд хэлэлгүй орхисон. Унтаж байсан хажуугийн местний залуу сэрээд утсаа хайж эхэлсэн. Тэгэхэд нь би ойлгоод гар утсыг нь авсан хүнийг зааж өгсөн...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Д.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Жыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгч Д.Ж нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.Жарагалсайханд 6 сар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Жд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ