Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Ч.Уөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.У-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805058741234 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.У-, 1961 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ганцаараа, ...,

Шүүгдэгч Ч.Унь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 66а байрны 22 тоотод бэр Б.Хтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Уийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Учир нь хохирогч Х миний хэлээгүй зүйлийг хэлсэн гэж мэдүүлсэн байсан. Би “эцэг эхээ авсанд хийсэн” гэж огт хэлээгүй. Миний хэлээгүй зүйлийг хэлсэн гэж мэдүүлсэн байгаад Хд гомдож байна. Үүнийг би өчигдөр л мэдсэн. Урьд өмнө нь хавтаст хэрэгтээ танилцахад энэ талаар харж байгаагүй. Миний хүүхэд хүнд өвчтэй тул би хүүхдээсээ огт холдолгүй сахиж байна. Иймд хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

Хохирогч Б.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...би нөхөртөө эм уулгачихаад том өрөөнд ортол “чи муу хэн бэ, эцэг, эхээ авсанд хийсэн эмчилгээ хийлгэж чадаагүй, арчаагүй сохор гичий” гээд янз бүрээр хэлээд чимээгүй бай гэж орилж хашхирч байгаад миний үснээс зулгаагаад жижиг өрөө рүү ороод нэг гараараа үснээс зулгааж хуйхаар чинь салгаад өгье гээд нөгөө гараараа зулгаагаад байсан. Би ямар ч хөдөлгөөн хийхгүй 5-10 минут болох үед үс тавихаар нь тагтан дээр гараад хадам руу ярихад очиж байна гэж хэлсэн. ...хадам аавын зүрх өвдөөд тайвшрах гээд гарсан байхад нь хадам ээж дахин миний үснээс зулгаасан. Би орилж хашхирч байгаад үсээ тавиулаад зугатаагаад нөхрийнхөө хажуугаар ороод хэвтсэн чинь нөхрийн хажуунаас үснээс зулгааж чирсэн. ...миний хувьд эмчилгээний зардалд зарцуулсан 128.000 төгрөгийг хадам ээж Уээс нэхэмжлэхгүй. ...гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8, 43/,

Гэрч О.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...хүүгийн гэрт хүн орилох шиг болохоор нь орсон чинь Х, У хоёр хоорондоо үснээсээ зулгаалцсан байхаар нь салгасан. Х “ээж архи уучихаад агсам тавиад байна” гэхээр нь хартал Уээс хоносон юм уу гэмээр архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Б.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...дүү Х 12 цагийн орчим миний утас руу яриад манай хадам ээж гэрт согтуу ирчихээд намайг зодоод байна гэж уйлсан. ...Х бүр их уйлаад эгчээ болохгүй байна, цагдаа ирэхгүй байна, та хүрээд ирээч гээд уйлаад байхаар нь такси бариад гэрт нь ортол хадам аав нь дэргэд нь зогссон хадам ээж У нь хашгирч орилсон уурласан байдалтай нөхөр нь цаана нь орон дээр хөдөлж чадахгүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-36/,

Шинжээчийн 13592 тоот дүгнэлтэд: “...Б.Хгийн биед тархи доргилт, зүүн зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 11/,

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-27, 53/, хохирлын баримтууд /хх-н 28-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Унь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 66а байрны 22 тоотод бэр Б.Хтэй өөрийн хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой маргааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Хгийн: “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ...би нөхөртөө эм уулгачихаад том өрөөнд ортол хадам ээж “чи муу хэн бэ, эцэг, эхээ авсанд хийсэн эмчилгээ хийлгэж чадаагүй, арчаагүй сохор гичий” гээд янз бүрээр хэлээд чимээгүй бай гэж орилж хашхирч байгаад миний үснээс зулгаагаад жижиг өрөө рүү ороод нэг гараараа үснээс зулгааж хуйхаар чинь салгаад өгье гээд нөгөө гараараа зулгаагаад байсан. Би ямар ч хөдөлгөөн хийхгүй 5-10 минут болох үед үс тавихаар нь тагтан дээр гараад хадам руу ярихад очиж байна гэж хэлсэн. ...хадам аавын зүрх өвдөөд тайвшрах гээд гарсан байхад нь хадам ээж дахин миний үснээс зулгаасан. Би орилж хашхирч байгаад үсээ тавиулаад зугатаагаад нөхрийнхөө хажуугаар ороод хэвтсэн чинь нөхрийн хажуунаас үснээс зулгааж чирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8, 43/, гэрч О.Хын: “...хүүгийн гэрт хүн орилох шиг болохоор нь орсон чинь Х, У хоёр хоорондоо үснээсээ зулгаалцсан байхаар нь салгасан. Х “ээж архи уучихаад агсам тавиад байна” гэхээр нь хартал Уээс хоносон юм уу гэмээр архи үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч Б.Дгийн: “...Х бүр их уйлаад эгчээ болохгүй байна, цагдаа ирэхгүй байна, та хүрээд ирээч гээд уйлаад байхаар нь ...такси бариад гэрт нь ортол хадам аав нь дэргэд нь зогссон хадам ээж У нь хашгирч орилсон уурласан байдалтай нөхөр нь цаана орон дээр хөдөлж чадахгүй хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-36/, шинжээчийн 13592 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Уийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Унь хохирогч Б.Хтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ч.Уийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.У-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ут хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР