Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч: Д.Аөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805024851008 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.А-, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Оросын Холбооны Улсын Эрхүү хотод төрсөн, халх, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Ань 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар сургуулийн спорт зааланд иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Д.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.А уурлаад фудболк төлж өг гээд над руу дайрч байх үед Б салгасан чинь байж бай ярилцаадхъя гэж над руу хүрч ирээд баруун гараараа нэг удаа цохиход уруул сэтэрч цус гарсан. Би шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан дүгнэлттэй уншиж танилцсан. ...Миний биед учирсан гэмтлийг Д.А гэх залуу учруулсан. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, гэрээрээ эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 300.000 төгрөг гарсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7, 38, 94/,

Гэрч Н.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах 113 дугаар сургууль дээр 10 жилийн найз болох Б, М, Э, ажлын Б, Н, Д.А нарын хамт заал авч сагс тоглосон. Сагс тоглоод дуусах үед Эыг өмөөрч Д.А салгах гээд фудболкноос нь татаад урсан. Д.А уурлаад Быг фудболк төлж өг гэхэд Б, Д.Аийг булан руу шахаад заамдсан. Би очоод нөгөө хоёрыг салгасан. Д.А, Бы уруул руу цохьсон. Уруулнаас нь цус гараад цагдаа дуудсан. Өөр зодоон болоогүй. Б Д.Аийг цохиогүй, заамдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 99/,

Шинжээчийн 5036 тоот дүгнэлтэд: “...Б.Бы биед дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Яллагдагчаар Д.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны орой Баянгол дүүргийн 113 дугаар сургууль дээр заал авсан. ...өндөр нуруутай залуу намайг 2 удаа унагаасан. Тэгээд бохир тоглоод байсан. Би тэгэхээр нь унаж босож ирээд “чи одоо яаж тоглоод байгаа юм бэ” гэж хэлэхэд Б хажуунаас багалзуурдаад над руу дайраад хананд шахаад хүзүү ураад боосон.Над руу дайрах гээд байснаа гэнэт зогссон тэгэхэд уруулнаас нь цус гарсан байсан. Би өөрт сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг төлж барагдуулна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг /хх-н 43, 96/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 18-23, 45, 54-93/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.Ань 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар сургуулийн спорт зааланд сагсан бөмбөг тоглож байхдаа хоорондоо маргалдаж Б.Быг нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Бы: “...Д.А уурлаад фудболк төлж өг гээд над руу дайрч байх үед Б салгасан чинь байж бай ярилцаадхъя гэж над руу хүрч ирээд баруун гараараа нэг удаа цохиход уруул сэтэрч цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч Н.Бы: “...Д.А уурлаад Быг фудболк төлж өг гэхэд Б, Д.Аийг булан руу шахаад заамдсан. Би очоод нөгөө хоёрыг салгасан. Д.А, Бы уруул руу цохьсон. Уруулнаас нь цус гараад цагдаа дуудсан. Өөр зодоон болоогүй. Б Д.Аийг цохиогүй, заамдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 99/, шинжээчийн 5036 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ань 113 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Б.Бтай маргалдаж түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бы биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь хохирогчид хохирлын 100.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн баримтаа шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Д.Ань тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Д.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ань цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийин баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОТГОНБАЯР