Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01185

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 14 210/МА2023/01185

 

 

А.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/01389 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Б.Б

Үндсэн нэхэмжлэл: 72,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.А нь 50,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 22 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй Б.Б д зээлдүүлэх, зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа эргүүлэн төлөх, зээлээ төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр талууд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. А.А нь 50,000,000 төгрөгийг Б.Б д дансаар шилжүүлсэн.

1.2 Зээлийн гэрээний төлбөрөө төлөхгүй бол барьцааны зүйл болох ** дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ***** т гудамж, 00/Б дугаар байр, 00 тоот хаягт байрлах 58,8 м.кв талбайтай орон сууцыг зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцож, нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3 Гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дуусахад Б.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй, зээлийг шаардсан боловч өгөөгүй. Б.Б аас 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус шилжүүлснийг алдангид суутган тооцсон.

Иймд үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү, алданги 22,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нь уг зээлийг төслийн санхүүжилт хийх зорилгоор авсан боловч энэхүү санхүүжилт нь олдох боломжгүй болж төсөл хаагдсан. Иймд зээлийн хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй. Үндсэн зээлийг төлбөрийг зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б аас 72,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ат олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл улсын эрхийн бүртгэлийн Ү-* дугаартай ** дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол ***** т гудамж, 00/б байр 00 тоот хаягт байршилтай 58.8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, уг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 588,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 588,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ат олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэлгүйгээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

 

5.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Б д холбогдуулан үндсэн зээл 50,000,000 төгрөг, алданги 22,000,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч үндсэн зээл 50,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1783 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч А.А нь 50,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Б д 22 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Б.Б ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, ** дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол ***** , т гудамж 00/Б дугаар байр, 00 тоот хаягт байршилтай, 58,8 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх 4-8/

3.1 Зээлийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3.2 Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж заасан тул хариуцагчийн тайлбарыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс гэрээний хүүгийн хэмжээ 22 хоногийн 10 хувь гэсэн нь зээлдэгчийн ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэж уг хэмжээг 5 хувь болгон багасгав.

3.3 Талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй буюу гэрээний хугацаа дуусгавар болсон, хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан төлсөн талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч нь дээрх 8,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг хүүгийн төлбөрт, 3,000,000 төгрөгийг алдангид тус тус тооцсон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг хэрэглээгүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчээс шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх нь гэрээний үндсэн үүрэг бөгөөд мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлсөн 8,000,000 төгрөгийн 2,500,000 төгрөгийг хүүгийн төлбөрт тооцож, үлдэх 5,500,000 төгрөгийг үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс хасч, үндсэн зээлийн үлдэгдлийг 44,500,000 төгрөг гэж дүгнэв.

3.4 Зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 44,500,000 төгрөгийн алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн 22,250,000 төгрөг гэж үзэв.

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 44,500,000 төгрөг, алданги 22,250,000 төгрөг, нийт 66,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

5. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт өгөөгүй болно.

5.1 Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг тус тус баримталсан нь, түүнчлэн мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 хэсэгт заасан үндэслэлээр барьцаа хөрөнгийг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь тус тус оновчгүй болсон байх тул зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/01389 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б аас 66,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гэснийг ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэж,

3 дахь заалтын ...хураамжид 588,150 гэснийг хураамжид 491,700 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 517,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН