Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг Захиргааны 14 дүгээр байрны 07 тоотод оршин суух Боржигон овогт Өвгөний Хүрэлхүү /СЩ59091716/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Замын-Үүд сум дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох

“Дахин үнэлгээ хийлгүүлэх”-ийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.Хүрэлхүү, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Энхтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндолгор,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Хүрэлхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн томилсон хөрөнгийн үнэлгээний компаний үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай үл хөдлөх хөрөнгө нь суурийн давхартайгаа 3 давхар зочид буудлын зориулалтай 2002 онд ашиглалтанд орсон. Уг байрны суурь СП-6 маркийн блокон 5 давхарын суурьтай. 59x12 маркийн хучилтын хавтан, 51-н тоосгон хана, барилга байгууламжийн нормитов стандартын дагуу чанарын өндөр түвшинд баригдаж газар хөдлөлт, гал түймрийн хамгаалттай. 2014 онд их засвар хийж буудлын бүх тавилга, цахилгаан монтажийг бүрэн сольж гадна дотор эмульс, дрожин дэвсгэр, пракетан шал, нүүрэн талыг металл хавтангаар өнгөлсөн. Үйлчилгээний хэсэгт үсчин, гоо сайхан ажиллах өрөөнүүд болон угаалгын өрөө, сэнсний өрөө зэргийг тохижуулсан. Өнөөдөр Замын-Үүдэд зах зээлийн үнэ  орон сууцны барилгын м2 –ын үнэ 1,300,000-1,500,000 төгрөг, талбайн түрээс 1,000,000-1,200,000 төгрөг байна. Тус барилга нь 1 багийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай зэрэг нь үнэлгээ тогтооход тооцож үзэх хэрэгтэй гэж үзэж байна. Тодорхой орлогыг яаж тооцсныг мэдэхгүй байна. Иймд үнэлгээг зөвшөөрөхгүй тул дахин үнэлгээ тогтоолгох, өөр үнэлгээний компаниар үнэлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан төлбөр төлөгч Ө.Хүрэлхүүгийн үл хөдлөх эд хөрөнгийг зохих үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд, нэхэмжлэлийн шаадлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Цэрэндолгор шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг бодит гэж үзэж байна. Капитрон банк нь үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа нь дараах шалтгаантай. Үүнд 2013 онд Ө.Хүрэлхүү нь тус банкны хөрөнгийн үнэлгээчин барьцаа хөрөнгийг 475,808,000 төгрөг гэж үнэлснийг хүлээн зөвшөөрч, Капитрон банктай 3016-13/110 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлдэгч өөрөө Долоон бурхан, Эрхэс буудлын нийт 1174,7 мкв талбайтай, подвольтойгоо 3 давхар барилгыг 450 мкв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 700,000,0000 төгрөгөөр банкинд санал тавьж байсан ба мөн зар өгч байсан. 1 мкв нь 596,049 төгрөгөөр. 2016 оны 06 сарын 14-ний өдөр иргэн Ө.Хүрэлхүүг банк дуудан уулзахад манай банкны хөрөнгийн үнэлгээчин үнэлсэн үнэлгээ болох 475,808,000 төгрөгөөр барилгаа бүхэлд нь зарах санал тавьж байсан. Ө.Хүрэлхүү нь тайлбартаа орон сууцны барилгын 1 мкв-ын үнэ 1,300,000-1,500,000 төгрөг, талбайн түрээс 1,000,000-1,200,000 төгрөг байна. Гэтэл орон нутгийн өнөөгийн байдалд үнийн судалгааг авч үзэхэд орон сууцны шинэ байр 1 мкв нь 1,200,000-1,300,000 төгрөг, хуучин байрны 1 мкв нь 850,000-1,200,000 төгрөг байна. Талбайн түрээсийн хувьд төлбөр төлөгч Ө.Хүрэлхүүгийн түрээслүүлдэг байрны үнэ 200,000-800,000 төгрөг байдаг. 2013 онд хийгдэж байсан гэрээнүүд нь зээлийн материалд хавсаргасан байгаа. 4х6 харьцаатай үсчин ажилладаг өрөөгөө одоо сарын 450,000 төгрөгөөр түрээслүүлдэг гэхээр 1 мкв-ын үнэ нь 18,750 төгрөг болж байна. Иймээс нэхэмжлэгч Ө.Хүрэлхүү нь барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө бүхэлд нь борлуулах үнэлгээгээ дээрх байдлаар бууруулж байгаа ба өөрөө ийм бага үнээр түрээслүүлсээр ирсэн хэрнээ гомдол гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний 985,000,000 төгрөг гэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бус өөр шалтгаантай байсан ба гомдол гаргах шаардлагагүй байсан. Мөн төлбөр төлөгч Ө.Хүрэлхүү нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д орлоготой гэдгээр гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл үйл ажиллагааны орлогоос нэг ч удаа төлөлт хийгээгүй. Харин үнэлгээний компани нь үйл ажиллагааны орлогыг оруулж үнэлсэн гэдгийг онцлон дурдаж байна. Төлбөр төлөгч Ө.Хүрэлхүүгийн нэхэмжлэлийн утга өөрийн бодит байдлаас эрс зөрүүтэй байгааг анхаарч үзнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ө.Хүрэлхүү нь Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан Ө.Хүрэлхүүгийн эзэмшлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг47-р байрны баруун талд байрлах 587,35 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай, подвольтой 3 давхар барилга, Замын-Үүд сумын 1-р багт байрлах Долоон бурхан хаягтай, 587,35 мкв талбайтай, подвольтой, нийт 3 давхарын барилгыг үнэлсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын  01-ний өдрийн 281  дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ө.Хүрэлхүү нь нэхэмжлэлийн шаардлага 300,211,859 төгрөгийг нэхэмжлэгч Капитрон банкинд төлөхөө хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ө.Хүрэлхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийж, Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг төлбөр төлөгчийн эзэмшлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 47-р байрны баруун талд байрлах 587,35 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай, подвольтой 3 давхар барилга, Замын-Үүд сумын 1-р багт байрлах Долоон бурхан хаягтай, 587,35 мкв талбайтай, подвольтой, нийт 3 давхарын барилгыг төлбөр төлөгч болон төлбөр авагчийн саналыг авсан ба санал зөрсөн учраас Хөрөнгийн үнэлгээний газрыг шинжээчээр томилж, 2015 оны 02 дугаар сарын 24-нийөдөр Хөрөнгийн үнэлгээний газар үнэлгээний тайлан гаргаж, уг барилгыг 985,000,000 төгрөгөөр үнэлсэн үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч нь уг хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй, үл хөдлөх эд хөрөнгө нь Замын-Үүд сумын “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай, суурийн давхартайгаа 3 давхар зочид буудлын зориулалтай 2002 онд ашиглалтанд орсон. Уг байрны суурь СП-6 маркийн блокон 5 давхарын суурьтай. 59x12 маркийн хучилтын хавтан, 51-н тоосгон хана, барилга байгууламжийн нормитов стандартын дагуу чанарын өндөр түвшинд баригдаж газар хөдлөлт, гал түймрийн хамгаалттай, 2014 онд их засвар хийж буудлын бүх тавилга, цахилгаан монтажийг бүрэн сольж гадна дотор эмульс, дрожин дэвсгэр, пракетан шал, нүүрэн талыг метал хавтангаар өнгөлсөн. Үйлчилгээний хэсэгт үсчин, гоо сайхан ажиллах өрөөнүүд болон угаалгын өрөө, сэнсний өрөө зэргийг тохижуулсан. Өнөөдөр Замын-Үүдэд зах зээлийн үнэ орон сууцны барилгын м2 –ын үнэ 1,300,000-1,500,000 төгрөг, талбайн түрээс 1,000,000-1,200,000 төгрөг байна. Зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж, хариуцагчийн төлөөлөгч хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан, Хөрөнгийн үнэлгээний газар өөрийнхөө эрх хэмжээнд үнэлгээ гаргасан тул зөвшөөрөхгүй гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд үнэлгээг бодит үнэ гэж тус тус маргажээ.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тогтоож, Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 198 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх ба хариуцагч тал үнэлгээг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төлбөр төлөгчид танилцуулж, төлбөр төлөгч Ө.Хүрэлхүү нь шүүхэд гомдлоо 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэсний дагуу хугацаандаа гаргасан байна.

Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Замын-Үүд дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэх боловч энэ үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1 дэх хэсэгт зааснаар Ө.Хүрэлхүүгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-0714000239 дугаарт бүртгэгдсэн Замын-Үүд сумын 1-р баг, 47-р байрны баруун талд байршилтай үйлчилгээний зориулалттай 587,35 мкв талбайтай барилгыг, мөн улсын бүртгэлийн Ү-0714000959 дугаарт бүртгэгдсэн Замын-Үүд сумын 1-р баг, Долоон бурхан байршилтай, үйлчилгээний зориулалттай, 587,35 мкв талбайтай барилгыг тус тус битүүмжилсэн эсэх нь тодорхойгүй,мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар "Битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно", 36.5 дах хэсэгт заасан "Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна" гэсэн заалтуудыг хэрхэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар явуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад тодорхойгүй байх ба шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчээс дээрх эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авсан эсэх, хураан авсан эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн эсэх зэрэг нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлийг ирүүлээгүйгээс дээрх байдал хэрхсэн болох нь тодорхойгүй болж байна.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэх ажиллагааг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5,  8, 9 дүгээр зүйлүүдэд  нийцүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

Дүгнэлтийг гаргахдаа “өртөгийн хандлагын, зах зээлийн харьцуулалтын, орлогын хандлагын” гэсэн аргуудыг хэрэглэсэн байх ба орлогын хандлагын аргыг хэрэглэхдээ “Долоон Бурхан, Эрхэс” үйлчилгээний төвүүдийн орлогын тооцоог бодит байдалтай нийцүүлэн гаргасан эсэх нь тодорхойгүй байна.

Хөрөнгийн үнэлгээнээс үзэхэд орлогыг тодорхойлох татварын баримт, санхүүгийн баримт түрээсийнгэрээ болон үйл ажиллагааны орлогыг тодорхойлох бусад баримт бичигт тулгуурласан эсэх нь тодорхойгүй, мэдээллийн эх сурвалжийг заагаагүй, өөрөөр хэлбэл өмчлөгч өөрөө мэдээлэл өгсөн, эсхүл өөр этгээдүүдээс мэдээлэл авсан, энэ нь үнэн бодитой мэдээлэл мөн эсэхийг шалгасан, түүнчлэн барилгын нэгж талбайн жишиг үнийг 1,3 итгэлцүүрээр тооцохдоо чухам яагаад энэхүү итгэлцүүрийг сонгон авч хэрэглэсэн зэрэг нь тодорхойгүй байна. Иймд үйлчилгээний төвийн орлогын тооцоог тодорхойлохдоо бодит байдалд нийцсэн мэдээлэл хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй байна.

Иймд төлбөр төлөгчийн өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 47-р байрны баруун талдбайрлах 587,35 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай, подвольтой 3 давхар барилга, Замын-Үүд сумын 1-р багт байрлах Долоон бурхан хаягтай, 587,35 мкв талбайтай, подвольтой, нийт 3 давхарын барилгуудын зах зээлийн үнийг тодорхойлсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний  үнэлсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт нь бодит үнийг тогтоож чадсан нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн хангаж, тухайн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.      

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.2 дах хэсгүүдэд зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 47-р байрны баруун талд байрлах 587,35 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай, подвольтой 3 давхар барилга, Замын-Үүд сумын 1-р багт байрлах Долоон бурхан хаягтай, 587,35 мкв талбайтай, подвольтой, нийт 3 давхарын барилгуудын зах зээлийн үнийг тодорхойлсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний үнэлсэн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож, уг үнэлгээг дахин хийлгэсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.НАРМАНДАХ