Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

улсын яллагч: Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч: Б.Э, М.М, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э, М.Мнарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805053970279 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Э, ..... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..... тоот регистртэй,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..., ..... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 102 дугаар байрны орцноос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар оршин суух гэртээ хадгалсан, яллагдагч М.Матй бүлэглэн Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис өөрийн биедээ болон яллагдагч М.Мгийн цүнхэнд хадгалсан,

Шүүгдэгч М.М нь яллагдагч Б.Этой бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Нийслэлийн 43 дугаар сургуулийн арын үерийн далан дээр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 7 цаг 30 минутад хичээлдээ явах гээд гэрээсээ гарсан. Шатаар доошоо буутал 3 давхрын цонхны тавцан дээр цэнхэр ууттай юм байсан. Очоод хартал усны савтай болон цагаан ууттай өвс мэт зүйл байсан. Түүнээс цэнхэр ууттайг нь хаяад, цагаан ууттайг нь гэртээ оруулж тавьчихаад хичээлдээ явсан. Өдөр завсарлагаанаар найз Мтай таараад ийм зүйл олсон тухайгаа хэлээд орой уулзахаар болсон. Орой хичээлээ тарж гэртээ ирээд цайгаа уучихаад Мтай утсаар ярьтал М, Сийн хамт “PC” тоглоомын газар тоглож байна гэсэн “хоёулаа фитнесдээ явъя” гэж хэлээд гэрээсээ өвс мэт зүйлээ аваад гарсан. Би гэрээсээ гарч явахдаа Стай таарсан. С бид хоёр хамт үерийн далан дээр М, С хоёртой уулзахад С “ажил руугаа явлаа, намайг дөхүүлээд өгөөч” гэсэн. Сыг 77 сургуулийн хажууд хүргэж өгөөд буцах замдаа Сийг дэлгүүр оруулсан. Үерийн далан дээр буцаж очоод би тамхины цаасан дотор өвснөөсөө хийсэн байсан түүнийгээ татсан. Халаасан дотор байсан өвсөө Мгийн цүнх рүү хийсэн. Өглөөний харсан усны савтай зүйлээ хийх гэж оролдоод болохгүй байсан тул хаясан. Энэ үед 2 цагдаа ирсэн...” гэв.

Шүүгдэгч М.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн үед хичээлдээ явсан. Өдөр нь Этой таарах үед нэг юм хэлэх шиг болсон. Би шалгалттай байсан тул сайн ойлголгүй орой уулзъя гээд явсан. Хичээлээ тараад оройн 19 цагийн үед  “PC” тоглоомын газар Стэй таарсан. Бид хоёр хамт тоглож байтал Э залгаад “фитнесдээ явъя, уулзъя гээд” үерийн далан дээр уулзсан. Э, Стай хамт ирсэн. Бид Сыг ажил руу нь дөхүүлж өгсөн. Э халаасандаа байсан зүйлийг гаргаад цүнх рүүгээ хийчих гэсэн. Би тэр зүйлийг нь юу болохыг мэдэлгүйгээр цүнхэндээ хийсэн. Дараа нь тамхи шиг зүйл өгөөд татаж үзэх үү гэсэн. Тэр зүйлийг нь 2 удаа сороход “муухай амттай” байсан тул шууд хаясан. Э усны савтай зүйлийг “болохгүй юм шиг байна” гээд хаясан. Энэ үед цагдаа ирсэн...” гэв.

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 09-ний орой 21 цагаас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04 цагийн хороонд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах үерийн далан дээр хорооны цагдаа Чулуунбаатарын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх үед үерийн далан дээр сэжиг бүхий 20-25 орчим насны 3 эрэгтэй хүн далан дээр байсан бетон дээр сууж байхаар нь шалгах гээд очиход 1 эрэгтэй нь зугтаасан. Үлдсэн 2 эрэгтэйг шалгахад нэг залуугийнх нь үүрч явсан хар өнгийн цүнхэнд гялгар ууттай өвс мэт зүйл байсан. Сууж байсан газарт нь мөнгөлөг өнгийн цаастай зүйл, хуванцар савтай шингэн байсан. Хуванцар сав нь цоорсон хуйлсан цаас хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэрчээр М.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...надад ийм байна гээд халааснаасаа гялгар ууттай өвс ургамал шиг зүйл гаргаж ирсэн. Надад өгөөд чи цүнхтэй явж байгаа юм байна, цүнхэндээ хийчих гэхээр нь би юм бодохгүй аваад хийсэн. Халааснаасаа тамхины цаасанд ороосон тамхи шиг зүйл гаргаж ирсэн. Сонирхож татаж үзэх үү, энэ нөгөө өвс байна гэхээр нь би сонирхоод ганц хоёр удаа сорсон. Тэгтэл гашуун оргиод байхаар нь больчихсон. С надаас өөрөө аваад сорж үзээд больчихсон. ...Э хуванцар саваар бонго хийнэ гээд доод бөөрөнд нь цоолоод болохгүй болохоор нь хойшоо шидээд хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/,

Насанд хүрээгүй гэрч Б.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Этэй 10 дугаар хорооллын үерийн далан дээр уулзсан. Тэр үед Э үл таних /Сумъяа/ гэх залуутай хамт ирсэн. Бид нар тамхи татаж зогсож байгаад Э өнөөдөр ийм зүйл олсон, үүнийг тамхин дотор хийчихлээ гээд 2 ширхэг тамхи гаргаж ирсэн. Мөнхөөд 1 ширхгийг нь өгөөд Мөнхөө сорж байгаад надад өгсөн. Э болохоор нөгөө тамхиа өөрөө татаж дуусгасан. Тэр Этэй ирсэн Сумъяа гэх залуу ирчихээд ажилтай гээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Шинжээчийн 10632 тоот дүгнэлтэд: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, №2 дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйл, хэлбэрт оруулсан тугалган цаас, №1 гэж дугаарласан гялгар ууттай шингэн зүйл, хуйлсан 50-н төгрөгийн мөнгөн тэмдэгт /АU0206076-серийн дугаартай/, цоорхой бүхий хуванцар сав тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агуулга илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 52/,

Шинжээчийн 10631 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Б.С” гэсэн хаягтай шээс, “М.М” гэсэн хаягтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 57/,

Яллагдагчаар Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 07 цаг 30 минутын үед хичээлдээ явах гээд гэрээсээ гарсан. Манай гэр 5 давхарт байдаг учраас шатаар доош бууж байтал 3 давхрын цонхны давцан дээр цэнхэр өнгийн гялгар ууттай цэвэр усны сав, хуйлсан 50 төгрөг, тугалган цаас, цагаан уутан дотор хийсэн өвс зэрэг зүйлс байсныг аваад цэнхэр ууттай усны сав, хуйлсан мөнгө, тугалган цаас зэргийг хаяад дотор нь байсан цагаан гялгар ууттай өвсийг гэр рүүгээ аваад орсон. Тэгээд өдөр хичээл дээр Мтай таарч тийм зүйл олсон талаараа хэлсэн. Тэгтэл “за за юу ч гэсэн орой яръя” гэсэн. Би өдөр 16-17 цагийн үед хичээл тараад гэртээ хариад байж байтал 19-20 цагийн үед М залгаад нөгөөдхөө аваад гараад ир гэсэн. Би гутлын тавиураас аваад гэрээсээ гарч байгаад Сумъяатай таарсан. Тэгээд Мтай уулзах гэж байна гэтэл би ажил руугаа явж байна, замаар хамт уулзчихаад ажил руугаа явлаа гээд хамт явсан. Тэгээд Мтай үерийн далангын тэнд уулзсан, М Стэй хамт байж байсан. Сумъяа, Мтай мэнд мэдчихээд ажил руугаа явлаа жоохон дөхүүлээд өг гэхээр нь 77 дугаар сургуулийн тэр хавь руу хүргэж дөхүүлж өгчихөөд буцаад далан дээрээ ирсэн. Тэгээд буцахдаа С дэлгүүр орж цэвэр ус, тамхи, шоколад аваад бид 3 далан дээр очиж тамхинд ороож хэрэглэсэн. Уг нь усны сав, тугалган цаас зэргээр хэрэглэх гэсэн боловч болохгүй болохоор нь хаяад тамхинд ороож татсан. Тэгээд тэндээ байж байтал эргүүл хийж байсан цагдаа таараад саатуулан шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 82-84/,

Яллагдагчаар М.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э над руу яриад уулзах уу гэсэн. Тэгэхээр нь би тоглож дуусаж байсан болохоор уулзъя гэж бодоод уулзахаар болсон. Тэр үед С надтай хамт “РС” тоглоом тоглож байсан болохоор хамт явахаар болоод хамт явсан. Тэгээд Э бид нар 10 дугаар хорооллын үерийн далан дээр уулзсан. Э байрны гадаа таарлаа гээд Сумъяатай хамт ирсэн. Тэгээд удалгүй Сумъяа ажилтай явлаа гээд бид нар 77 дугаар сургуулийн орчимд дөхүүлж өгөөд буцаад нөгөө далан дээрээ очсон. Тэгээд буцаад явж байхад С тамхи авъя мөнгө байхгүй гэтэл Э бид хоёрт мөнгө байсан учраас мөнгө өгсөн. Э чи бас цэвэр ус, шоколад аваад ирээрэй гээд захиж оруулсан. Сайханаа дэлгүүр ороод гарч ирээд бид далан дээр иртэл Э буюу Э халааснаасаа гялгар ууттай өвс гэх зүйлийг гаргаж ирээд энийг цүнхэлчих авч явахад зай эзлээд байна гээд надад өгсөн. Тэгэхээр нь би юм бодолгүй цүнхэндээ хийчихсэн. Тэгтэл Э халааснаасаа 2 ширхэг тамхи гаргаж ирээд өөрөө нэгийг нь аваад надад нэгийг нь өгсөн. Би тухайн үед асуутал би олсон юм аа тамхинд хийж үзсэн юм гээд өөрөө эхэлж асаагаад сорсон. Тэгэхээр нь би асаагаад ганц хоёр сороод болъё муухай амттай юм байна гээд хаячихсан. Тэгээд цэвэр усны саванд хийж үзнэ гээд хуйлсан мөнгө шоколадны тугалган цаас хийгээд болохгүй болохоор нь салгаад тэндээ хаячихсан. Тэгээд явах гэж байж байтал эргүүлийн цагдаа ирж шалгаад бид нарыг хэлтэс рүүгээ авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 88-90/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8/, Хүний бие эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 9-16/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 17-20/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 24/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 25-27/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 28/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 91-96, 103-129, 142-159/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Нийслэлийн прокуророос шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Хэрэгт цугларсан баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Мгийн үйлдэлд гэмт хэргийн шинж буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис гэдгийг мэдэж өөрийн цүнхэндээ хадгалах санаа зорилго тогтоогдохгүй байна.

Мөн уг бодисыг өөрийн цүнхэндээ хадгалах талаар идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу шүүгдэгч Б.Эын “цүнхтэй явж байгаа юм байна, цүнхэндээ хийчих” гэж хэлсний дагуу цүнхний амыг нээж өгч уг ууттай зүйлийг нь цүнхэндээ хийлгэсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Уг үйл баримт болж өнгөрсний дараа цагдаагийн алба хаагч ирж шалгасан бөгөөд М.Мгийн цүнхнээс ууттай өвс гэх бодис илэрсэн хэдий ч түүнийг уг гэмт хэргийг хүсэж, идэвхтэй үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон болно. 

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Б.Эыг шүүгдэгч М.Мөнханрантай бүлэглэж өвс гэх бодисыг өөрийн биедээ болон М.Мгийн цүнхэнд хадгалсан гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч М.Мг Б.Этой бүлэглэн “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.Мгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Б.Эыг М.Мтай бүлэглэсэн гэх үйлдлийг нь мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 07 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 102 дугаар байрны орцноос Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар оршин суух гэртээ хадгалсан, мөн өдрийн орой 20 цагийн орчим Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 115 грамм “өвс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис өөрийн биедээ болон яллагдагч М.Мгийн цүнхэнд хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Бын: “...Үүрэг гүйцэтгэх үед үерийн далан дээр сэжиг бүхий 20-25 орчим насны 3 эрэгтэй хүн далан дээр байсан бетон дээр сууж байхаар нь шалгах гээд очиход 1 эрэгтэй нь зугтаасан. Үлдсэн 2 эрэгтэйг шалгахад нэг залуугийнх нь үүрч явсан хар өнгийн цүнхэнд гялгар ууттай өвс мэт зүйл байсан. Сууж байсан газарт нь мөнгөлөг өнгийн цаастай зүйл, хуванцар савтай шингэн байсан. Хуванцар сав нь цоорсон хуйлсан цаас хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, гэрчээр М.Мгийн: “...надад ийм байна гээд халааснаасаа гялгар ууттай өвс ургамал шиг зүйл гаргаж ирсэн. Надад өгөөд чи цүнхтэй явж байгаа юм байна, цүнхэндээ хийчих гэхээр нь би юм бодохгүй аваад хийсэн. Халааснаасаа тамхины цаасанд ороосон тамхи шиг зүйл гаргаж ирсэн. ...Э хуванцар саваар бонго хийнэ гээд доод бөөрөнд нь цоолоод болохгүй болохоор нь хойшоо шидээд хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 32-33/, насанд хүрээгүй гэрч Б.Сийн: “...Э өнөөдөр ийм зүйл олсон, үүнийг тамхин дотор хийчихлээ гээд 2 ширхэг тамхи гаргаж ирсэн. Мөнхөөд 1 ширхгийг нь өгөөд Мөнхөө сорж байгаад надад өгсөн. Э болохоор нөгөө тамхиа өөрөө татаж дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/, шинжээчийн 10632, 10631 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутны хамт 4.0884 грамм, 2.2229 грамм цэвэр жинтэй Канабис гэх сэтгэцэд нөлөөт бодис болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч Б.Эыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад төлөх бодит хохиролгүй тул шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Эт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Эт ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.  

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №1 дугаартай усны хуванцар сав, шингэн гэх хаягтай гялгар уутанд хийгдсэн ус мэт зүйл, №2 дугаартай тугалган цаас гэх хаягтай тогоо хэлбэрт оруулж базсан мэт мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, гялгар уутанд хийгдсэн гялгар уутны хамт 4.0884 грамм, 2.2229 грамм цэвэр жинтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлын гаралтай Каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодис мэт зүйл, №3 дугаартай гялгар уутанд савласан өвсөрхөг ургамал гэх хаягтай дотроо цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 114.7 грамм тус бүрийг устгахаар шийдвэрлэв.

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Модныхон овогт Мөнхсайханы Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

   2. Шүүгдэгч Б.Эын үйлдлээс шүүгдэгч М.Мтай бүлэглэсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Эыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №1 дугаартай усны хуванцар сав, шингэн гэх хаягтай гялгар уутанд хийгдсэн ус мэт зүйл, №2 дугаартай тугалган цаас гэх хаягтай тогоо хэлбэрт оруулж базсан мэт мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, гялгар уутанд хийгдсэн гялгар уутны хамт 4.0884 грамм, 2.2229 грамм цэвэр жинтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлын гаралтай Каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодис мэт зүйл, №3 дугаартай гялгар уутанд савласан өвсөрхөг ургамал гэх хаягтай дотроо цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 114.7 грамм тус бүрийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт цагдан хорих, М.Мд нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР