Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01186

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 14 210/МА2023/01186

 

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01034 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК

 

Хариуцагч: Б.Б , В.В

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 205,355,543 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, Т.Түвшинжаргал, хариуцагч нарын өмгөөлөгч А.Ариунтуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ББСБ ХХК нь Б.Б , В.В нартай 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16 дугаартай зээлийн гэрээг байгуулан, сарын 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 70,000,000 төгрөгийг зээлүүлсэн.

1.2 Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулж, *дүүрэг, * дугаар хороо, * гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 67.35 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, *дүүрэг, * дугаар хороо, **в дугаар байр, * тоот хаягт байрлах, 9.6 м.кв талбайтай авто зогсоолыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3 Хариуцагч нарын хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгасан бөгөөд гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Хариуцагч нар үндсэн зээлээс 566,501 төгрөг, зээлийн хүүд 10,008,069 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,092,298 төгрөг тус тус төлсөн. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 49,433,499 төгрөг, зээлийн хүүд 130,847,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,077,267 төгрөг, нийт 205,355,543 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй.

Иймд хариуцагч нараас 205,355,543 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Б.Б , В.В нар нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч бодитоор тухайн 70,000,000 төгрөгийг шилжүүлэн аваагүй. Учир нь, нэхэмжлэгчтэй 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч нар 2014 оны зээлийн гэрээний төлөлтөөс 19,913,965 төгрөгийн төлөлтийг төлж барагдуулсан ба нэхэмжлэгчийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 203 дугаар албан бичигт зааснаар үндсэн зээлийн төлбөрт 30,086,035 төгрөгийн төлөлт хийх ёстой байсан ба эхнэр Б.Б нь 2015 оноос дараалан 4 удаа төрж, ажил төрөл хийгээгүйн улмаас зээлийн гэрээний төлөлтөө удаашруулах, графикийн дагуу төлөлтөө хийгээгүй.

2.2 2014 оны зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сард дууссан ч зээлийн гэрээний төлөлтөө удаашруулж, төлөлт хийгээгүй байсанд маргахгүй. Нэхэмжлэгч компаниас хариуцагч нартай Л.Ч эгч гэх хүн нь харьцаж байсан тул итгэж, уулзахдаа авч ирсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байдаг. Бодитоор шилжүүлэн аваагүй 70,000,000 төгрөгт хуримтлагдсан хүүнд 142,512,369 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28,099,198 төгрөг төлөх боломжгүй бөгөөд дээрх 2016 оны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.3 Хариуцагч нар тухайн зээлээсээ тодорхой төлөлт хийсэн атлаа 50 сая төгрөгийн зээлэнд 142,512,369 төгрөгийг хуримтлагдсан хүү, 28,099,198 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг төлөх нь зээлдэгчид хэт хохиролтой, үндэслэлгүй шаардлага. Нэхэмжлэгч нь 2014 оны зээлийн гэрээг сунгасан гэж 6 жилийн хүүг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нийт 6 жилийн хугацаанд бодогдсон 100 сая төгрөгийн хүү хуульд заасан үндэслэлгүй буюу өөр гэрээний харилцааг зохицуулсан байх тул хүүг төлөх боломжгүй.

2014 оны зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд шаардаж байгаа бол 2016 оны барьцааны гэрээний дагуу барьцааны үүрэг хангуулахаар шаардлага гаргаж байгааг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Энэ хугацаа дууссан тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Б , В.В нараас 156,261,689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 49,093,854 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б , В.В нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, * дүүргийн * дугаар хороо, * гудамж ** байр, ** тоот хаягт байршилтай, 67,35 м.кв талбайтай, Б.Б ын өмчлөлийн 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, * дүүргийн * дугаар хороо, Этөч гудамж **в байр, 2 давхар, * тоот хаягт байршилтай, 9,6 м.кв талбайтай, авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,429,661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , В.В нараас 1,009,458 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талууд анх 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 107 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр А ББСБ ХХК нь 50,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар хариуцагч нарт зээлдүүлсэн. Гэрээний хугацаанд хариуцагч нарын зүгээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 11,666,868 төгрөг төлсөн. Улмаар хариуцагчид нь дээрх зээлийн гэрээний харилцааг үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлсэн тул талууд харилцан тохиролцож 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 107 дугаар зээлийн гэрээний хугацааг сунгах зорилгоор 16 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээний хугацааг мөн адил хариуцагч нарын хүсэл зоригийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус сунгасан.

Өөрөөр хэлбэл, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар зээлийн гэрээгээр нэг л гэрээний харилцаа үүссэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус байгуулсан гэрээнүүд нь анх байгуулсан зээлийн гэрээг сунгах зорилгоор хүүг үргэлжлүүлэн төлж явах талаар талууд харилцан тохиролцож байгуулсан.

4.2 Талууд 2014 оны 107 дугаартай гэрээний харилцааг үргэлжлүүлэх, 2014 оны гэрээний хугацааг сунгах хүсэл зоригийн гадаад илрэл нь хариуцагч нараас гаргасан гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтүүд болон 16, 16/А, 16/Б дугаар гэрээнүүд. Гэтэл анхан шатны шүүх талуудад 2014 оны гэрээний хугацааг сунгах хүсэл зориг байсан хэдий ч 16 дугаар гэрээгээр дээрх гэрээний хугацааг сунгасан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 49,093,854 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зээлийн тооцооллыг алдаж буруу бодсон. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд хариуцагч нараас зээлийн хүүд төлсөн 10,008,069 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүд төлсөн 1,092,298 төгрөгийг нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс хасч тооцсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хүүд 130,847,827 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 25,077,267 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хасч тооцсон зээлийн эргэн төлөлтийг хариуцагчийн хариуцах төлбөрөөс дахин хасч шийдвэрлэсэн нь буруу.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хариуцагч нараас 156,261,689 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагч нарын зүгээс шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т заасан 156,261,689 төгрөг гаргуулах шийдвэрээс 83,477,553 төгрөгт болон мөн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангахыг даалгахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

6.1. Анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай зээлийн гэрээг сунгахтай холбоотой хамтран үүрэг гүйцэтгэгч В.В ын гаргасан өргөдөл зэргээр анх байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа сунгах хүсэл зоригоо зээлдэгч нар илэрхийлсэн гэх байдлаар зөрүүтэй дүгнэлт хийсэн. Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 50,000,000 зээлийн гэрээг сунгах талаар бичгээр гэрээ байгуулагдаагүй байхад анхан шатны шүүх нь зээлийн гэрээний хугацаа сунгагдсан мэтээр дүгнэж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж байгаа нь үндэслэлгүй.

6.2. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан А ББСБ ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 203 дугаар албан бичгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй. Энэхүү албан бичигт нэр дурдагдаж буй С.Т нь хариуцагч В.В ын төрсөн эх бөгөөд нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Л.Ч тэй найз нөхдийн харилцаатай тул зээл авч байсан. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь С.Т д хандан түүний болон Б.Б , Б.Чинзул нарын зээл төлөлт, зээлийн үлдэгдлийн талаарх тооцооллыг нэгтгэн хүргэсэн. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А ББСБ ХХК-аас хариуцагч В.В болон түүний эх С.Т , түүний хамаарал бүхий этгээдүүд ч мөн зээл авч байсан гэдэг нь илэрхий болсон. Дээрх А ББСБ ХХК-ийн 203 дугаар албан тоотод Б.Б 2014/07/31-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээл авч, 2015 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар хуримтлагдсан хүү 7,094,428 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,418,886 төгрөг, мөн зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөр 30,086,035 төгрөгөөр дутуу байна гэж хариуцагч Б.Б , В.В нарын 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийн талаар маш тодорхой тооцооллыг гаргасан.

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь энэхүү 203 дугаар албан тоотыг зээлдэгч нарт хүргүүлсэн гэдгээ үгүйсгээгүй, татгалзсан баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч талаас 50,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг дансаар болон бэлнээр төлж байсан тул төлбөр төлсөн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах, зээлийн хорооны шийдвэр гаргуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч нэхэмжлэгч А ББСБ ХХК нь давуу талаа ашиглан өөрт буй баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан дансны хуулга гэх тооцооны баримтыг үндэслэн зээлийн төлбөр төлөлтийн дүнг тооцож гаргасан боловч нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 203 дугаар албан бичгээр гаргасан тооцооллыг үнэлээгүй нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Б нь 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2014 оны 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлөлтөөс 19,913,965 төгрөгийг зээлд төлсөн байхад шүүх үүнийг төлбөрөөс хасаж тооцсонгүй.

6.3. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч Б.Б нь 2014 оны 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлөлтөөс 30,086,035 төгрөгөөр дутуу байсан. Энэхүү зээлийн гэрээний шаардах эрх дуусгавар болоогүй гэж үзвэл гэрээний дагуу дээрх 30,086,035 төгрөгийн дүнгээс зээлийн төлбөрийн үлдэгдлийг тооцоход 72,784,137 төгрөг болж байх тул шүүх зээлийн төлбөрийг 83,477,553 төгрөгийг илүү тооцож хариуцагч нараас 156,261,689 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас 72,784,137 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой. Бодит байдал дээр талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч А ББСБ ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш анх зээлсэн 50,000,000 төгрөгөөс хүү, нэмэгдүүлсэн зэргийг нэмж шаардах эрхгүй болно. Түүнчлэн, шүүх зээлийн төлбөрийн тооцоолол хийхдээ хариуцагч Б.Б ын хэдэн жил дараалан хүүхэд төрүүлж, ажил хийх боломжгүй байсны улмаас зээл төлөх, төлбөр тооцоо нийлэх, зээл төлөлтийн талаар бодит мэдээлэлгүй байсан зэрэг хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй.

2020-2022 онуудад дэлхий дахинд тархсан ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед Монгол улс даяар тогтоосон хатуу хөл хорионы улмаас бүхий л үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан зээл, хүүний хөнгөлөлтийн талаар төрөөс зохих арга хэмжээ авч гамшгийн эсрэг арга хэмжээ хэрэгжүүлж байсан. Үүний дагуу банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүгийн хэмжээ 2 хувиас хэтрэхгүй байх талаар ч зохицуулагдаж байсан. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзаж шийдвэрлэсэнгүй.

6.4. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар барьцааны гэрээний 1-д талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг гэрээ байгуулагдсан болохыг тодорхойлсон. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргасан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах, үүргийн гүйцэтгэл хангуулахыг тухайн хэргийн оролцогч бус Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.5. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.Б , В.В нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 18 сарын хугацаатай 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээний хугацаа 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дууссан бөгөөд талууд энэхүү гэрээг сунгаагүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний шаардлага гаргах эрхгүй болно.

Иймд шийдвэрийн 156,261,689 төгрөг гэснийг өөрчилж 72,784,137 төгрөг байхаар, мөн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангахыг даалгахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

7.1. Талууд анх 2014 онд зээлийн гэрээ байгуулсан болох нь хэргийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогддог. Зээлдэгч нарын хүсэл зоригийн дагуу талууд харилцан тохиролцож тус гэрээг 2016, 2018, 2020 онуудад сунгаж, гэрээний үүргийг үргэлжлүүлсэн. Б.Б ын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтээр тодорхой байдаг. Хариуцагч нар 19,913,965 төгрөгийн төлөлт хийсэн гэдэг хэдий ч 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд үндсэн зээлээс 556,551 төгрөг, зээлийн хүүд 10,008,069 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,092,298 төгрөг нийт 11,666,868 төгрөгийг төлсөн.

Мөн А ББСБ ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 203 дугаар албан бичгийн агуулгыг хариуцагч нар буруугаар ойлгосны улмаас 19,913,965 төгрөг төлсөн гэж маргадаг. Тодруулбал, тус албан бичигт 19,913,965 төгрөгийг төлсөн гэх агуулга бус харин зээлийг хуваарийн дагуу төлсөн бол 19,913,965 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 30,086,035 төгрөг болохыг бичсэн. Хариуцагч нар 30,086,035 төгрөг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна. 2016 онд зээлийн гэрээг сунгаагүй гэх тайлбарыг хариуцагч нар гаргадаг. 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 50,000,000 төгрөгийн зээл авснаа хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг. Улмаар уг зээлийн хүүг үргэлжлүүлэн төлж хугацааг 24 сараар сунгах тухай хүсэлт удаа дараа гаргасныг үндэслэн тус зээлийн гэрээний хугацааг сунгах зорилгоор бусад гэрээг байгуулсан. Иймд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулан, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч В.В , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 49,433,499 төгрөг, зээлийн үндсэн хүү 130,847,827 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,077,267 төгрөг, нийт 205,355,543 төгрөг гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. А ББСБ ХХК болон В.В , Б.Б  нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 107 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч А ББСБ ХХК нь 50,000,000 төгрөгийг зээлдэгч В.В , Б.Б нарт нэг сарын 2.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон. /хх 78-79/

3.1 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр  барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.Б ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, *дүүрэг, * дугаар хороо, * гудамж ** дугаар байр, ** тоот хаягт байршилтай, 67,35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, *дүүрэг, * дугаар хороо, Этөч гудамж **в дугаар байр, * тоот хаягт байршилтай, 9,6 м.кв талбайтай, авто зогсоолыг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх 26,30, 56-57/

3.2. Улмаар зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болсны дараа буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр талууд 16 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаартай зээлийн гэрээний зүйл 50,000,000 төгрөгийн үүргийг 70,000,000 төгрөг болохыг баталсан. Уг гэрээний хугацааг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/А дугаар, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/Б дугаар гэрээгээр тус тус 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. /хх 15-16, 18-20/

3.3 Талууд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 23-25/

4. Анхан шатны шүүх 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаартай зээлийн гэрээний хугацааг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/А дугаар, 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16/Б дугаар гэрээний дагуу сунгагдсан гэж үзэхгүй, мөн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаар зээлийн гэрээний дагуу зээл 50,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт нийцсэн байна.

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.1 Хариуцагч нар 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 556,551 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,008,069 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,092,298 төгрөг, нийт 11,656,918 төгрөг төлсөн нь тогтоогдсон. /хх 92/ Хариуцагч нар үндсэн зээлийн үүрэгт 49,443,449 төгрөгийн үлдэгдэл үүргийг биелүүлээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5.2 Хариуцагч нар 19,913,965 төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.  Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээгээр тохирсон хугацаа, хэмжээ, нөхцлийн дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргийн зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах, ковид-19 цар тахлын улмаас хариуцагч нар зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Мөн хариуцагч Б.Б нь хэдэн жил дараалан хүүхэд төрүүлсний улмаас ажил хийх боломжгүй байсан нь зээл, зээлийн хүүг чөлөөлөх үндэслэлгүй болохгүй. Иймд хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй.

5.3 Харин анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг 98,273,798 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 19,654,760 төгрөг гэж тооцооллосон нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна. Тодруулбал, талуудын байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 79 сар 15 хоногийн хугацаанд хүүгийн хэмжээг гэрээгээр тохирсон сарын 2.8 хувиар тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 49,433,499 төгрөгт ногдох 1 сарын хүү 1,384,138 төгрөг болох бөгөөд хүүгийн нийт хэмжээг 110,038,971 /1,384,138 х 79 сар 15 хоног/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээг 110,038,971 төгрөгийн 20 хувиар тооцон 22,007,794 төгрөг гэж үзэхээр байна.

Иймд шийдвэрт хариуцагч нараас үндсэн зээл 49,433,499 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 110,038,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 22,007,794 төгрөг, нийт 181,480,2** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэж байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.

6. Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус барьцааны гэрээ байгуулсан. Барьцааны шаардах эрх хожим буюу 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул барьцааны зүйлийг чөлөөлөх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Талуудын байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээтэй холбоотой шаардлага 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүх зөв байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/01034 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 156,261,689 /нэг зуун тавин зургаан сая хоёр зуун жаран нэгэн мянга зургаан зуун наян ес/ гэснийг 181,490,214 гэж, 49,093,854 /дөчин есөн сая ерэн гурван мянга найман зуун тавин дөрвөн/ гэснийг 23,865,329 гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1,009,458 гэснийг 1,065,401 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ** 5,538 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 403,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН