Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01187

 

2023 06 12 210/МА2023/01187

 

 

А.А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00990 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А.А

Хариуцагч: Б ТӨҮГ

Үндсэн нэхэмжлэл: урьд эрхэлж байсан ажил буюу ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,665,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 А.А ыг Б ийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дүгээр тушаалаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны Б ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 420 дугаар тогтоол, үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар тушаалыг үндэслэл болгон ажил олгогчийн санаачлаагаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталсан.

Гэтэл маргаан бүхий тушаалд аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас шалтгаалан хөдөлмөрийн гэрээг цуцалсан уу, эсхүл ажлын байр хасагдсан, орон тоо цөөрснөөс шалтгаалан хөдөлмөрийн гэрээг цуцалсан эсэх нь тодорхойгүй байна. Уг байгууллагад А.А ын ажил, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг өнөөдөр ч байгаа. Мөн А.А ын эрхэлж байсан авто үйлчилгээний хэлтсийн чиг үүрэг өөр ажлын байранд шилжсэн учир А.А ыг халах бус, тухайн ажлын байранд шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан.

Иймд Б ТӨҮГ нь татан буугдаагүй тул хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал нь хууль зөрчсөн гэж үзэхээр байх тул урьд эрхэлж байсан ажил буюу ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,665,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас маргаан бүхий 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалд 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг гаргасан байна. Уг тушаалыг 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 06306 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.Э нь гардаж авсан хойно залруулга гэж гаргасан байна. Иймд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар Залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны Б төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 420 дугаар тогтоолоор үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схемийг шинэчлэн баталсан ба А.А ын ажиллаж байсан нэгж /авто үйлчилгээний хэлтэс/-ийг татан буулгасан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 420 дугаар тогтоолтой холбогдуулан Б ТӨҮГ-ын захирлын 2022 оны 02 дугаар сарын А/45 дугаар тушаалаар ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Нэхэмжлэгч А.А нь авто үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг гүйцэтгэж байсан бөгөөд тус албан тушаал нь ТӨБЗГ-ын тогтоолоор хасагдсан. Харин үйлдвэрийн газрын захирлын тушаалаар авто үйлчилгээний чиг үүргийг ачаа тээврийн хэлтэс рүү 2 орон тоотойгоор шилжүүлсэн бөгөөд авто үйлчилгээ хариуцсан 2 мэргэжилтнийг чиг үүргийн дагуу шилжүүлэн томилсон.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дүгээр зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч А.А ын урьд эрхэлж ажил буюу ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,665,000/арван есөн сая зургаан зуун жаран таван мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.А ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болох дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нь шаардлагад нийцэхгүй, тааж уншигдсан, маргаан бүхий цаг хугацааг тодорхойлоход шийдвэрийн үндэслэл болсон тухайн нотлох баримт эргэлзээтэй. Мөн нэхэмжлэгчийн илэрхийлсэн он, сар, өдрийг тухайн үнэлсэн баримтаас тодорхой, илэрхий харагдаж байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Уг нотлох баримт нь шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдсэн болох нь 2022 оны 02 сарын 24-ний өдрийн мэдэгдэл гардуулах баримтын хуулбараар тогтоогдож байна гэх байдлаар үнэлэгдэж, дурдагдсан.

Гэтэл энэ тогтоогдсон гэх баримт нь мэдэгдэл гардуулах гэх үгийг шүүхээс тааж, шийдвэрийн үндэслэл болгосон. Мөн нэхэмжлэгч өөрийн танилцсан гэх цаг хугацааг 2022 оны 03 дугаар сарын 28-нд гэж тодорхой гарын үсгийн хэсэгт бичиж тэмдэглэсэн атал түүнийг илтэд зөрүүтэйгээр 2022 оны 02 дугаар сарын 24-нд гэж шүүх дүгнэсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна.

4.2 Мөн хариуцагчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалын үндэслэх хэсгийн ... А/46 дугаар тушаалыг гэснийг ...А/45 дугаар тушаалыг гэж залруулсан болох нь 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалын хуулбараар тогтоогдож байна гэж шүүхийн шийдвэрт дурдсан. Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн нотолсон нөхцөл байдал бөгөөд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаанд ажил олгогчийн хууль бус буюу үндэслэлгүй тушаал, шийдвэр гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй юм гэж шүүхэд хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр хандсан байдаг.

Гэтэл шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргахад 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсэж, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардан аваад маргаан бүхий тушаалд 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдөр өөрчлөлт оруулан үндэслэлийг өөрчилсөн бөгөөд энэ өөрчлөлт оруулсан тушаал нь одоог хүртэл нэхэмжлэгчид гардуулж танилцуулаагүй байдаг.

Энэ нь шүүхэд хандсан нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч мэдсэн даруй нэхэмжлэлийн үндэслэл болсон тушаалд өөрчлөлт оруулснаар нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашгийг сэргээн хамгаалах ёстой байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдолтой байна.

Мөн эдгээр үндэслэл байхын дээр үндсэн маргаан бүхий ажлын байрны чиг үүрэг нэгтгэгдсэн тухайд талууд маргадаггүй бөгөөд ажил албан тушаал өөрчлөгдөх, бүтэц өөрчлөлт орсон нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс анхаарч үзэх ёстой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

 

5.1 Ажил олгогчоос нэхэмжлэгчид танилцуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийн эх хувийг нотариатаар гэрчлүүлж, шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал мэдэгдэлд дурдсан 30 хоногийн хугацаа дуусах өдрийг гардаж авсан хугацаа гэж тайлбарладаг. Тухайн он, сар, өдрийн тэмдэглэгээг өөр хүн хийсэн тул А.А ын гарын үсгээс өөр балаар бичигдсэн. Нэхэмжлэгч уг мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гардаж авснаа мэдсээр байж хугацаа дууссан өдөр тэмдэглэснийг гардаж авсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Мөн тус мэдэгдлийн дээд хэсгийг унших боломжгүй гэдэг. Дээд хэсгийг А.А гардан авсан бөгөөд өөрөө гаргаж өгөхгүй байгаа юм.

5.2 Б ТӨҮГ нь А.А ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа бичиглэлийн алдаа гаргаж А/46 дугаар тушаалыг бичсэн. Тус тушаалд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны Б ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 420 дугаар тогтоолыг дурдсан. Б ТӨҮГ-ын эрх бүхий байгууллага нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бөгөөд тус газрын 420 дугаар тогтоолд Авто үйлчилгээний хэлтэс байхгүй гэдгийг тодорхой тусгасан. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалаар 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалын үндэслэл хэсгийн ...А/46 дугаар тушаалыг гэснийг ...А/45 дугаар тушаалыг гэж залруулсан. Энэ үед А.А ыг ажлаас чөлөөлсөн тушаал үр дагавар үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Хариуцагч байгууллага энэ алдааг мэдмэгцээ бичиглэлийн алдааг залруулсан болно.

А.А нь Б ТӨҮГ-ын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан ба тухайн нэгж байхгүй болсноор нэгжийн үйл ажиллагааг шууд байхгүй болгох боломжгүй тул тус нэгжид ажиллаж байсан хоёр мэргэжилтнийг ачаа тээврийн хэлтэст түр орон тоотойгоор ажиллуулж байгаа юм. Учир нь орон нутаг дахь авто үйлчилгээний байгууллагыг бүртгэх үйл ажиллагааг хоёр мэргэжилтэн гүйцэтгэж байна. Харин ачаа тээврийн хэлтэст авто үйлчилгээний хэлтсийн даргын орон тоог шилжүүлээгүй. Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг зөв дүгнэж, хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б ТӨҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил буюу ажлын байрны чиг үүрэг шилжсэн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар залруулга хийх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 19,665,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Б Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.3, 83 дугаар зүйлийн 83.3, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны Б ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 420 дугаар тогтоол, үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар тушаалыг үндэслэн Авто үйлчилгээний хэлтсийн дарга А.А тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ. /хх 5/

4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар тогтоолоор Б ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан. /хх 32/ Уг тогтоолоор Авто үйлчилгээний хэлтэсгүйгээр баталсан.

Улмаар Б ТӨҮГ-ын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын алба, хэлтсийн ажил мэргэжлийн жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар, Улаанбаатар хот дахь Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв, техникийн хяналтыг үзлэгийн төв, зорчигч тээврийн төвийн ажил мэргэжлийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 64-66/ Уг тушаалаар хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтцээс Авто үйлчилгээний хэлтэс гэх нэгж татан буугдсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны Б ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай 420 дугаар тогтоолын хүрээнд тус үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаал гарсан байна.

4.1 Түүнчлэн, Б ТӨҮГ-ын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалаар тус үйлдвэрийн газрын алба, төв, хэлтсийн ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн баталсан байна. /хх 92-97/

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

5.1 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар тогтоолын дагуу Б ТӨҮГ-ын Авто үйлчилгээний хэлтсийг татан буулгаж, мөн үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/45 дугаар тушаалаар ажилтан А.А ын ажиллаж байсан Авто үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байр бодитоор хасагдаж, мөн хэлтсийн мэргэжилтний 2 орон тоог Ачаа тээврийн хэлтэст шилжүүлсэн, харин хэлтсийн даргын ажлын байрны чиг үүрэг шилжээгүй байх тул ажил олгогчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.

6.1 Хэргийн 69 дүгээр талд авагдсан мэдэгдэл гардуулсан баримтад гардуулсан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэсний гардан авсан: Авто үйлчилгээний хэлтсийн дарга /А.А / хэсэгт нэхэмжлэгч гарын үсэг зурсан байгаагаас үзвэл түүнийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдлийг хүлээн авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, тухайн баримтад 2022.03.28-нд гэж бичсэн засвартай бичвэр нь хариуцагчаас нэхэмжлэгчид мөн өдөр мэдэгдлийг гардуулсан гэснийг нотолж чадахгүй байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Ажил олгогчийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/144 дугаар тушаалд тус үйлдвэрийн газрын захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/46 дугаар тушаалыг баримталсан. Уг 2022 оны А/46 дугаар тушаал нь тус үйлдвэрийн газрын орон нутаг дахь Автотээврийн төв, салбарын ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай /хх 66/ байх бөгөөд энэ нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамааралгүй байна. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үндэслэлийг мөн газрын захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар тушаалаар ...А/46 гэснийг ...А/45 гэж өөрчилсөн байна. /хх 70/

7.1 Дээрх 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/143 дугаар тушаал нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд нөлөөлөхгүй буюу эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тушаалыг иргэний хэрэг үүсгэсний дараа буюу 05 дугаар сарын 31-ний өдөр залруулна хийсэн нь үр дагавар үүсгэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

М.БАЯСГАЛАН