Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0131/И |
Дугаар | 176 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 176
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Б.Энхмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мэргэн-Арцат ХХК-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Мэргэн-Арцат ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Энхмаагаас 2,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Энхмаа миний бие нь 2009 оны 05-ны өдөр “Мэргэн арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргалтай 1 дүгээр багт баригдах багш нарын орон сууцны барилгыг барих хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Уг эзэмшлийн 400м2 талбайг 8 багшид харилцан тохиролцсоны үндсэн дээр өрөө квадрат метрийг тодорхойлж гэрээнд тусгасан. 1м2-ыг 150 доллар тухайн үеийн ханш 1400 төгрөг буюу 210000 төгрөгөөр газрын эзэд авахаар тохирсон. Энэ гэрээний дагуу надад 55м2 байрыг өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу орон сууцны барилгын ажлыг 2009 оны 10 сарын 30-нд дуусгаж ашиглалтанд оруулна гэв. Үүнээс хойш ямар ч үйл ажиллагаа явагдаагүй. 2010 оны 05 сараас ажиллаж эхэлсэн боловч хөрөнгө мөнгөгүй учраас барилгын ажил зогссон. Цаашид үргэлжүүлэхийн тулд 2010 оны 07 сараас эхлэн бид орон сууцны барилга захиалгын гэрээ хийж урьдчилгаа 30%-г өгсөн. 2011 оны 08 сарын 20-ны өдрөөс гэнэт гарч ирэн багш нарт гэрээний дагуу мөнгө өгөхийг шаардаж мэдэгдэл өгсөн. Дахин зээлэнд хамрагдаж миний бие Капитал банкны 2012006060 тоот дансанд 3 сая төгрөг тушаасан. 2012.06.08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахаар 6 багшийн хамт материал бүрдүүлж Сайншанд руу явуулсан. Үүнээс хойш 06 сарын 15-наас миний бие 2012.09.29-нд төрөөд 11 сард ажилдаа ороход жирэмсэний амралттай байсан 2 багшийн гэрчилгээ ирээгүй байсан. Хэсэг хугацааны дараа Ж.Бямбажаргалтай уулзахад “мөнгөө өгөөд ав” гэж хэлсэн. 2013 оны 05 сард Дорноговь аймгийн үл хөдлөх хөрөнгийн газарт хандахад 137 байрны 1, 5 тоотуудыг шалгуулахад “Мэргэн арцат” ХХК-ний нэр дээр гарсан байсан. Тэр үед Ж.Бямбажаргал Замын-Үүдэд байсан учир эрж хайж олоод учраа олж асуудлыг газар дээр нь шийдэж өг гэхэд шууд зугтсан. Хамгийн сүүлд 2015.11.03-нд Ж.Бямбажаргалтай уулзаж үлдэгдэл мөнгө нотариат дээр өгч, гэрчилгээ шилжүүлэхээр хэлцэл хийсэн боловч 2015.11.06-ны өдөр ордер өгнө гээд ирсэнгүй. Утсаар ярьхаар би таныг хэзээ ч хохироохгүй ордер чинь надад байна банкинд тавиагүй гэх юм. Тиймээс хэлцлийн хугацаа дуусч 2 сар болж байгаа учир “Мэргэн арцат” компаниас шилжүүлэн өөрийн нэр дээр жинхэнэ эзэн болохыг тогтоолгохыг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Мэргэн-Арцат ХХК-ний шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Энхмаа нь худалдан авсан байрны үнэ 1,200,000 төгрөг, НӨАТатвар 840,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул байрны гэрчилгээг нэр дээр шилжүүлэх нэхэмжлэлийг шийдвэрлүүлэх шатанд уг асуудлыг хамтран шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Б.Энхмаагаас төлөгдөөгүй байгаа нийт 2,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Энхмаа нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Мэргэн Арцат ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэл болох 2,040,000 төгрөгийг 2016 оны 06 сарын 17-ны өдөр Мэргэн Арцат ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайхад бэлнээр хүлээлгэн өгсөн болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Энхмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие “Мэргэн Арцат” ХХК-д холбогдуулан 137 байрны 1 тоот 2 өрөө байрыг өөрийн нэр дээр болгохоор нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч 137 байрны 1 тоот ордерийг 2016 оны 06 сарын 24 дотор шилжүүлэн өгнө гэж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Мэргэн Арцат ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх миний бие сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангуулж авсан тул нэхэмжлэгч Б.Энхмаад нэхэмжлэлийн дагуу Замын-Үүд сум 1 дүгээр баг 8-р хэсэг 137-р байрны 1 тоот 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2016 оны 06 сарын 24-ны дотор шилжүүлж өгөхөөр тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Энхмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мэргэн-Арцат ХХК-нд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Мэргэн-Арцат ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Энхмаагаас 2,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Энхмаа нь хариуцагч Мэргэн Арцат ХХК-тай 2010 оны 07 сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг 8-р хэсэг 137-р байрны 1 тоот 2 өрөө байрыг худалдан авахаар орон сууц захиалгын гэрээ байгуулан уг орон сууцыг худалдан авсан байх ба хариуцагч Мэргэн Арцат ХХК- нь уг өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Энхмаад шилжүүлэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Энхмаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч талд худалдах, худалдан авах гэрээний үүргээс 2,040,000 төгрөгийг гүйцэтгээгүй байсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Энхмаа нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэг 2,040,000 төгрөгийг төлж барагдуулан, хариуцагч Мэргэн Арцат ХХК нь нэхэмжлэгч Б.Энхмаад Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 8-р хэсэг, 137-р байрны 1 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2016 оны 06 сарын 24-ны дотор шилжүүлж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байна.
Иймд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчид эвлэрсэнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Энхмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мэргэн-Арцат ХХК-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч Мэргэн Арцат ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, 8-р хэсэг, 137-р байрны 1 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2016 оны 06 сарын 24-ны дотор нэхэмжлэгч Б.Энхмаад шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Мэргэн Арцат ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Энхмаагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,040,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэгч Б.Энхмаа нь төлж барагдуулан, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150,000 төгрөгийн 50 хувь буюу 75,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 75,000 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 75,000 төгрөгийг хариуцагч Мэргэн Арцат ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Мэргэн Арцад ХХК-ний сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 47,950 төгрөгийн 50 хувь буюу 23,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 23,975 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 67,475 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж, харуицагчид олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД